ХУТАГТ АЛТАНГЭРЭЛТ БУЮУ СУДРЫН АЙМГИЙН ДЭЭД ЭРХТ ХААН ХЭМЭЭХ ИХ ХӨЛГӨН СУДАР ОРШВОЙ
III бүлэг
Гурван лагшинг ялган үзүүлэхүй
хэмээх бүлгийн хэсгээс...
“Язгуурын хөвгүүн ээ! Ном хоёр гэж үгүй. Ном сурахад хоёр сэтгэл гэж үгүй. Хаана сурах хамаагүй. Хэн байх хамаагүй. Ном сурахад шалтгаан тэр хамаагүй. Ариун явдалт ариун бус тэр бас хамаагүй. Мунхаг мулгуу нэгэн, эс бөгөөс билгүүн их ухаантан энэ бас хамаагүй. Энэ мэт заларсан бурхадын сургаал номлолд ялгал гэж үгүй. Номын лагшингийн сайн үр дагавар нь санаанд багтамгүй их байдаг. Түүний утга учрыг мэдэх нь заларсан бурхадын мөн чанар билээ. Тийм учраас номын лагшин бол Бурхадын лагшин.
Номын лагшин бол заларсан бурхадын зүрхнээс ундран гардаг. Тэр дээдийн ном бол хэмжээлшгүй, хязгааргүй тоолшгүй ширгэшгүй их ач тустай билээ.
Тийм учраас түүнийг (номын лагшинг) шүт. Саадгүй сааршгүй их хүчийг агуулах болно. Номын лагшинд шүтсэн сэтгэл очир эрдэнэ мэт ариусгах болно. Номод шүт хүсэл бүхэн биежиж биелэх болно. Урьд хоёр лагшин энэ дор шүтэн үүссэн юм. Номын лагшин тэр өөрөө ном дор бүтсэн. Тийм учраас номын мөнх чанар үүрд орших болно.
Номын лагшин, тэр их самадид17 (бясалгалд) шүтсэн. Тийм учраас тэр амгалан. Номын лагшин тэр их билгүүнд (Сайн төгс чанарт, их оюун ухаанд) бүтсэн. Тийм учраас тэр ариун. Тийм учраас заларсан бурхад бээр их амгалан хийгээд их ариунд оршдог. Тэд бээр их самади (бясалгалд) дор шүтсэний тул баатарлаг хийгээд асрахуйг их нигүүслэл (аврал) хийгээд их авшгийг (эрх хүч) олсон билээ.
Заларсан бурхад бээр Их билгүүн (оюун ухаан) дор шүтсэн учраас дөрвөн аймшгийг үгүй хийгээд арван их хүч чадлыг олсон. Тэд үнэнхүү ухаарлыг олсон. Тэгээд тэд санаанд багтамгүй утга төгөлдөр их ном бүгдийг ухаарсан билээ. Номыг шүт. Их самадийн эрдэнэ мэт номыг шүт. Бурхад бүгдийн дээдийн дээд номын ач тус элдэв янз. Тэд бүгд хэмжээлшгүй их байдаг. Ширгэшгүй мөнх оршдог билээ”.
“Язгуурын хөвгүүн ээ! Номын лагшин тэр өөрөө бүхнээс илүү их хүчирхэг. Аливаа төрөлхтөн түүнийг төгс бүтээж үл чадна. Эцэс төгсгөлд нь хүрч үл чадна. Тэр зүүд мэт билээ. Тэр зөв төв мөрийг барин оршдог. Үлгэрлэвээс: Алтаар юу хийсэн ч, юуг ч эс хийсэн түүний мөн чанар нь үл алдагддаг. Тэр адил Номын лагшин нь харанхуйгаас хагацсан бурхад бодьсадва нарын оршихуйн орон адил билээ”
“Язгуурын хөвгүүн ээ! Нэгэн цагт язгуурын хөвгүүн болоод язгуурын охин түүнчлэн заларсан Ялж төгс нөгчсөн бурханд өргөл бэлэг сэлт барив. Тэгээд тэд ийн айлдсан ажээ.
“Ялж төгс нөгчсөн өө! Буян хийгээд нүглийг хэрхэн яаж ялгаж салгаж ойлгох вэ? Буяныг барьж ямар үйл үйлдвэл нэн ариун явдлыг олох вэ?” гэж асуув. Бурхан багш зарлиглав.
“Язгуурын хөвгүүн, язгуурын охин! Та нар дээдийн номыг сонсож судалсугай. Түүнийг Хутагт Алтангэрэлт сонсоод сэтгэл зүрхэндээ ёсчилон шингээж үлдээ. Хэрэв дээдийн номд үнэнхүү чармайн шамдан суралцаж чадах аваас. Шунал уур хилэн, нүгэл хилэнц бүгд алга болно. Дотор хар муу шулам нисваанисаас сална. Түүнчлэн энэ мэт Бурханы номыг бишрэн үйлдсэнээр нэн анхны ариун явдлыг олох болно. Энэ мэт анхны ариун санаа сэдэлдээ түшиглээд олон амьтны тусын тулд хэмээн бодож элдэв олон муу зүйлсийг тэсэн тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Нэн ариусах болно. Дараа нь номын лагшингийн энэ мэт арван шатлалыг гүйцээж үйлд. Түүний эцэст түүнчлэн заларсан бурхадын оршихуйд хүрэх болно”
“Язгуурын хөвгүүн ээ! Заларсан бурхадын оронд гурван муугийн сэдэл арилсан байдаг. Тэр гурав нь аль вэ? хэмээвээс: Сэтгэлийн гэм (нисваанис) ариуссан байдаг. Билиг оюун ухаан номын хүчинд ариуссан байдаг. Зовлон арилсан тул бэлгэ үзэгдэл (Сайн тэмдэг үзэгдэх) нэн ариуссан байдаг. Энэ нь үлгэрлэвээс: Нэн их булингартай усыг сайтар шүүн тунгааж цэвэрлэх аваас ус үгүй болохгүй. Усны мөн чанар алдагдахгүй. Харин усны туйлын мөн чанар нь тодрон гарч ирдэг. Энэ мэт аливаа юмсын байгаа тэр бодит мөн чанар бол устаж үгүй болдоггүй. Тийм учраас. Орчлонгийн зовлонд хүлэгдсэн сэтгэлийн гэм хорлолыг тэвч. Элдэв муу гэмээс хагацаж салж чадах болно. Тэр бурханы авралыг хүртдэг. Тэрбээр нэн ариусаж төгс жаргалангийн лагшинд хүрч чадна.
Аливаа амьтан бүхэн муу гэм, муу үйлдлээс хагацаж салж чадах ёстой. Тэгээд сэтгэл оюун санаагаа нэн ариусган дэлгэрүүлсний дараагаар, номын лагшингийн дараагийн арван шатлалыг гүйцээж үйлдэнэ.
Энэ мэт хүмүүний заяаг олсон хэн боловч номын лагшинг олж үнэнхүү гэгээрэлд хүрэх мөн чанартай байдаг.
“Язгуурын хөвгүүн ээ! Сэтгэлийн гэм (нисваанис)-ын зовлон гүйцэд арилгаваас төгс жаргалангийн лагшин үзэгдэх болно. Муу үйлийг бүү үйлд. Хувилгаан лагшин үзэгдэх болно. Билиг оюун ухаан номын хүчинд нэн ихээр суралц. Номын лагшин үзэгдэх болно.
Түүнчлэн заларсан бурхад энэ мэт номын хоосон чанарыг мэдэх тул. Тэд төрөх, хөгшрөх, өвдөх, үхэх үгүй учраас тэд өнө удаан амьдардаг.
Тэд нойр залхуугийн мунхагт үл автах бөгөөд өлсөж цангахгүй. Тийм учраас тэдний сэтгэл бодол нь ариун байдаг. Тэд самадид (бясалгалд) үргэлж мөнхөд оршино. Хэн нэгэн нялхас (мулгуу ухаант нэгэн) бээр заларсан бурханыг харахыг хүсэх аваас тэр түүнийг олж харж чадахгүй. Хэн нэгэн араатан мэт авиргүй нэгэн болоод аймшигт муу үйлтэнтэй тэд уулзах үгүй. Тэрбээр түүнийг харсан боловч хараагүй мэт сонссон ч сонсоогүй адил өнгөрөөхийг хичээдэг. Гэсэн ч түүний номлосон номлол нь бүгдэд хүрч тусалж чадна. Ном үүнийг сонсож мэдсэн хэн боловч түүнд хүрэх сайны ерөөл үр дагавар нь барагдахгүй их байдаг. Түүнчлэн заларсан бурхад бээр түүний болгоосон номлолыг сонссон үл сонссон. Таалсан үл таалсан эсэхийг үл эрхшээх болой.
Ялж төгс нөгчсөн бурхан, бүгдэд адилхан нэг нигүүлсэх сэтгэлээр ханддаг. Бүх амьтанд туслах бөгөөд аливаад амгалан төвшин сэтгэлийн үүднээс ханддаг. Хэн боловч Дээд Алтангэрэлт судрыг сонсох, унших, бүтээн судлах аваас тэр там болон адгуус, асур бирдийн оронд унахгүй. Доод язгуурт үл төрнө. Тэнгэр болоод хүний ертөнцөд тэр төрнө. Тийм учраас Бурханы ном болон энэ судрын номыг (Хутагт Алтангэрэлт) маш гүнзгий судалж суралц. Ялж төгс нөгчсөн Бурханд өргөл хүндэтгэлийг хичээн үйлд. Бурханы оронд төрөх болно.
Түүнчлэн заларсан бурхад, язгуурын хөвгүүд охид, тэд бид бүгдийг гэгээрэлд хүрэх тэнцэшгүй үнэн бодь сэтгэлээс эргэж үл буцахыг болгоох болно. Дээдийн ном хутагт Алтангэрэлт судрыг ганц нэгхэн удаа унших, сонсоход буян хураах болно. Дээд номд сүжиглэн залбир. Дээдийн номыг үл ойшоон үзэж муутган хэлж үл болно. Хутагт төрөлхтний тухай элдэв муу үгс хэлж үл болно. Номыг үйлдэхдээ: Буяны ёзоор үл төрөх аваас төрүүлж үйлд. Тэгж үйлдэх аваас буян тань арвижна. Ертөнцийн олон амьтанд тус хүргэх үүднээс ухаарч үйлд” хэмээн Бурхан багш зарлиглав. Тэгээд огторгуйн зүрхэн хэмээх бодьсадва болон хурмас тэнгэр, эсэр тэнгэр, дөрвөн махаранз тэнгэр нар суудлаасаа босов. Дээдийн хувцсаа мөрдөө тохон алгаа хавсран, машид бишрэн Ялж төгс нөгчсөн Бурхан Буддагийн өлмийд мөргөөд ийн айлтгав.
“Судрын аймгийн дээд эрхэт хаан Хутагт Алтангэрэлт судрыг номлосон тэр газар оронд, судрыг номлосон, сонссон, түгээсэн амьтан бүгдэд дөрвөн янзын эрдэм орших болно. Тэр нь: Тэр оронд эсэргүүцэх дайсан үгүй, өвчин үгүй, өлзий хутаг оршиж энх амгалан орших болно. Тэд номын хүчээр энх амар амгалан суух билээ. Хүн ард нь эвтэй найрсаг, тэмцэл үгүй таарамжтай болно. Башир муугаар амьдрахыг тэвчин, бие биесдээ хүндэтгэлтэй буянтай суух болно. Тэд дээдийн дээд номыг (Хутагт Алтангэрэлт) үйлдэх аваас өвчин олохгүй гэнэтийн үхэл үгүй болно. Тэд энэ бүгдийг үзэх болно.
Үлгэрлэн хэлбэл: Харанхуй шөнө тэнгэрт одод түгэхэд орчлонгийн юмс гэрэлтэн харагддаг лугаа адилхан билээ. Тэр мэт номын лагшинг шүтсэнээр хувилгааны лагшинд, төгс жаргалангийн лагшинд очдог. Энэ мэт эд бүгдийг чин их сүжиглэн шүтэж бясалгаж үйлдвээс номын лагшинд хүрэх болно.
Оюун ухаанаа нэн ариун байлга. Орчлонгийн элдэв явдлаас өөрийгөө зөвхөн бурханы гэрлийг харах хүртэл чөлөөлж чадах хэрэгтэй. Төгс жаргалангийн лагшинд очих болно. (Аз жаргалын хаалгыг татах болно). Нэн их ариуссанаар бодож бясалга. Самади (бясалгал) ариуссанаар хувилгааны лагшинг олох болно. Тэгээд Түүнчлэн заларсан бурхан бол миний их багш билээ хэмээн бодож санахын төдийд, өгүүлэх төдийд эдгээр гурван их лагшинг мэдэж таних болно.
Энэ мэт аливаа юмсын үнэмлэхүй үнэн утгыг ухаарч тань. Бурханы номын билиг чанарт хоёр үгүй. Үнэн сэтгэлт хутагт нарын буян номын үйлд хоёр үгүйг санаж хичээн мөргөж бай. Нүгэл хилэнц үтэр хөөгдөж, гай зовлонгоос салж хагацах болно.
Хэдий ихээр үнэн сэтгэлийг барин залбирах болно. Төдий их гай зовлонгоос нүглээс салах болно. Хэдий их нүглээс салж хагацна, төдий их нэн ариун дээдийг олох болно. Хэдий их номын үнэмлэхүй билгүүн оюунд итгэн судалж суралцана. Төдий их авшиг хотол чуулган (Сайн бүгдийн цогц) бүгдийг гүйцээж барих болно. Гай зовлон саад бэрхшээл бүгд огоорч (Төгс гүйцэд) арилах болно. Түйтгэр зовлонгоос салсан түүнийг үнэмлэхүй их хүчит хэмээнэ. Хутагтын болгоолт хэмээн үзэх болно.
Үнэмлэхүй үнэний номд тэр хүн Бурханыг харсан хэмээдэг. Зовлонгоос ангижирч хоосон чанарыг мэдсэн тул түүнийг бурхан болгоосон. Гэхдээ хутагт бодгал адил түүнийг үзэж болохгүй билээ. Тэр учир үл мэдэх эгэл төрөлхтөн адил. Яагаад гэвэл тэр сэтгэлийн гэмээс хагацан салж чадсан боловч, билиг оюун ухаан номын лагшинд нэн ихээр хүрч амжаагүй байдаг.
Үлгэрлэвээс: Туулайн чинээхэн тулмаар тэнгис далайг гаталж үл чадах билээ. Эгэл төрөлхтөн тэр номын арга ухаан түүнчлэн ямагтыг илтэд үл мэдэх билээ. Ялж төгс нөгчсөн Бурхан Будда аваас ялгал үгүйгээр их авшгийг олсон. Ялж төгс нөгчсөн бурхад тэд хэмжээлшгүй тоолшгүй олон галав ертөнцөд бие амь сэтгэлээ үл хайрлан хатуужлыг эдэлсэн. Тэд тэнцэшгүй их өгүүлэхийн өрнөөс хэтэрсэн. Аймшиг зовлон бүгдээс хагацан салж чадсан. Тэр лагшинг (Хутагт бодьгал) тэд олсон билээ.
Тийн үйлдэх аваас тэнгэр бурхадыг баясгаж чадна. Аврах асрах, нигүүлсэх сайн сэтгэлийн их хүч чадлыг олно. Ард иргэд нь хорлол үгүй, хөнөөх муу сэтгэл үгүй амьтан бүгдээрээ чухаг дээд гуравт аврал одуулан бодьсадвагийн явдлыг өөр өөртөө өдүүлж ерөөл талбин суух болно” хэмээн тэд айлтгав. “Ялж төгс нөгчсөн Бурхан багш аа! Бид ч гэсэн мөн адил болно. Хутагт Алтангэрэлт судрыг үргэлжид дэлгэрүүлж үйлдэх болно. Амьтан бүхэнд тусыг хүргэж үйлдэх болно” хэмээн тэд айлтгав.
Ялж төгс нөгчсөн Бурхан багш айлтгав. “Сайн болой, сайн болой. Язгуурын хөвгүүн ээ! Тэр мэт судрын аймгийн дээд эрхэт хаан эл судрыг ертөнцөд өнөд удаан тогтоож ертөнцийн хүн ардад тус болох хэмээн үйлд. Хичээгтүн. Аривжуулах хийгээд дэлгэрүүлэн үйлдэхэд хичээгтүн” хэмээн зарлиглав.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн дээд эрхэт хаан хэмээх их хөлгөн судраас “Гурван лагшинг ялгаж үзүүлэхүй” хэмээх гуравдугаар бүлэг болой.
Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн эрхэт дээд хаан их хөлгөн судраас.
“Гурван лагшинг ялган үзүүлэхүй хэмээх гуравдугаар бүлгийн хэсээс...
Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР