III бүлэг

Гурван лагшинг ялган үзүүлэхүй

хэмээх бүлгийн хэсгээс...

Тэгээд Акаша-гарба (Огторгуйн зүрхэн хурсан) бодьсадва суудлаасаа босов. Номын хувцсаа нэг мөрнөөсөө буулгаад, баруун хөлөө газарт өвдөглөн алгаа хавсран бөхийж Бурхан багшийн өлмийд мөргөв.

Тэгээд тэрбээр: “Ялж төгс нөгчсөн Бурхан багшаа! Бодьсадва, махасадва түүнчлэн заларсан бурхад тэд болвоос сэтгэл оюуны хүч чадал төгс гүнзгий байдаг. Энэ нь хэрхэн ямар аргаар бүтсэнийг болгоож хайрлана уу?” хэмээн айлтгав. 

Бурхан багш зарлиглав: “Язгуурын хөвгүүн ээ! Бодьсадва, махасадва заларсан бурхадад гурван бие лагшин заяасан. Энэ гурав нь:

1. Хувилгааны бие лагшин
2. Төгс жаргалангийн бие лагшин
3. Номын бие лагшин байдаг.

Бурхадад эдгээр гурван бие лагшин нь урьд урьдын үйлдсэн буяны сайн үйлээр бүтсэн.

НЭГ. ХУВИЛГААНЫ БИЕ ЛАГШИН

“Тэд хувилгаан бие лагшинг хэрхэн яаж бүтээдэг вэ? гэвэл. Заларсан бурхад бодьсадва нар тэд урьд урьдын төрөлдөө олон амьтдын төлөө олон ном айлдварыг бүтээсэн юм. Тэд багшийг шүтсэн. Бурхадыг шүтсэн. Тэд номыг шүтэж судалсан. Тийм учраас тэд билиг ухааны эцэст хүрсэн. Тийм учраас ном оюун ухаан, энэрэл хайр, эрдэм чадлын их авшгийг тэд олсон15 юм.

Тэд бодьсадва нар их авшгийнхаа хүчинд бусдын бодол санаа болон орчин нөхцөл байдал зэрэг элдэв олон явдлыг саадгүй болгоон мэдэх болсон. Тэд номын орон зай, цаг хугацааны болон бусад элдэв олон явдлыг зохицуулж хэрэглэх хүч чадлын лагшинг үзүүлсэн байдаг. Үүнийг хувилгаан лагшин гэдэг” хэмээн Бурхан багш номлов.

ХОЁР. ТӨГС ЖАРГАЛАНГИЙН БИЕ ЛАГШИН

“Язгуурын хөвгүүн ээ! Бодьсадва, махасадва нар төгс жаргалангийн бие лагшинг хэрхэн яаж бүтээдэг вэ? гэвэл. Тэд хоосон16 чанар болон үнэмлэхүйн үнэний үнэн учрыг таньж мэдсэн байдаг. Бурханы номын гуу сан барагдашгүй их бөгөөд тэр бол тэнцэшгүй үнэний чанадад хөтлөж хүргэх зам харгуй мөн. Тийм учраас Бурханы номлолд хэмжээс үгүй, түүнд хязгаар үгүй, тоо үгүй.

Тийм учраас заларсан бурхад бодьсадва, махасадва нар энэ мэт амьтны амьдрал гай түйтгэрийг үл тачаан, буян хийгээд өглөгийн ач тусыг санан, сүшиг бишрэлийн агуу ихийг дотор сэтгэлдээ наминчилж чанадад хүрэх үйлд эргэж үл буцахыг баттай гүйцээж үйлдсэн. Тэд хоосон чанар, үхэл ба мөнхрөл, үнэмлэхүйн ухааны мөн чанарыг мэдэж ойлгосон. Тиймээ. Энэ амьдралд хэн ч юу ч мөнх бус билээ. Үхэл бол гарцаагүй ирнэ. Дараа сард, дараа жил хэзээ ч үхэж магадгүй.

Тийм учраас буян номд шамд. Дотор сэтгэлээ ариусга. Хилэнц ихт хор их, хар ихт дотор нисваанис (муу сэтгэл)-ийг барьж дарж үйлд. Эхлээд өөрөө өөрөөсөө эхэл. Эс тэгвэл хэзээ ч үгүй. Амьтан бүхний тусын тулд баясуулан үйлд. Тэнцэшгүй их буян заяаг хураах болно. Энэ мэт төгсөшгүй их төгөлдөр. Төгс жаргалангийн лагшинг бүтээдэг” хэмээн Бурхан багш зарлиглав.

ГУРАВ. НОМЫН БИЕ ЛАГШИН

“Язгуурын хөвгүүн ээ! Бурхад Бодьсадва, махасадва нар номын лагшинг хэрхэн яаж бүтээдэг вэ? хэмээвээс: Тэд нисваанисаас салж төгсгөсөн байдаг. Тэд хоосон чанар болон үнэмлэхүй билиг оюун ухааны төгс их тэр хэмжээсэнд хүрсэн байдаг. Номын лагшин урьд хоёр лагшингаас ангид өөр байдаг. Тэр хоёр лагшингийн үндэс суурь нь болдог. Түүнд эндүүрэл гэж үгүй. Түүний ач тусыг хэмжиж жишиж чадахгүй. Түүнд хязгаар үгүй. Үүний хэмжээс хязгаарыг хэн ч мэдэж үл чадна.

Тийм учраас. Түүнчлэн заларсан бурхад бүгдээрээ энэ мэт үнэнхүү билгүүн номын лагшинд оршдог” хэмээн Бурхан багш зарлиглав.

“Язгуурын хөвгүүн ээ! Бурхад болвоос ном түүнийг эцэст нь хүрэн судалсан. Бусдад туслах арга ухааныг тэд номын хүч чадлаас олж болгоосон. Өөр бусад төрөлхтөн бүгдэд хэрхэн яаж туслах эрх арга хүч, ухааныг тэд тэндээс олсон юм. Тийм учраас бурхадын үйлс хэрэг зөнгөөрөө бүтдэг. Тийм учраас Бурхад бүгдийн ном хэмжээлшгүй хязгаарлашгүй элдэв олон их ач тусыг үзүүлдэг билээ. Тийм учраас номыг шүт. Бурхадыг шүт. Багшийг шүт. Буяныг шүт”.

“Язгуурын хөвгүүн ээ! Сэтгэл олон янз. Нисваанис (сэтгэлийн гэм) олон янз. Үйл үйлдэл олон янз. Үйлийн үр бас олон янз байдаг. Түүнчлэн номын чанар болон утга нь бас олон янзыг үзүүлдэг. Тийм учраас номын мөн чанар олон янз байдаг юм.Тийм учраас түүний аль нь дээдийг олж жишихэд бэрхтэй билээ”. 

“Язгуурын хөвгүүн ээ! Нар болоод сарны дүрс нь үгүй бол толинд ч усанд ч тэр үл тусах билээ. Энэ мэт ерөөл номын хүчээр буян заяат нэгэнд төгс жаргалан болон хувилгааны лагшин хоёр, хоёулаа хуралдан бий болдог боловч номын лагшингийн орон үгүй аваас үнэн мөн чанар гэж үгүй байдаг.

Хувилгааны лагшин, төгс жаргалангийн хийгээд номын лагшин эдгээр гуравт ч адилхан бас л мөн чанар гэж үгүй байдаг юм. Хоосон чанар болоод үнэмлэхүй үнэний мөн чанар утга учир гэвээс энэ мэт байдаг”.

“Язгуурын хөвгүүн ээ! Төгс жаргалангийн болон хувилгааны лагшинд мэргэшсэн аваас Цогцосын үлдэгдэл сэлттэй зовлонгоос ангижирсан хэмээн Ялж төгс нөгчсөн Бурхад зарлигласан. Харин номын лагшинд мэргэшсэнээр Цогцосын үлдэгдэл үгүй зовлонгоос ангижирсан хэмээн зарлигласан. Харин тэр мэт энэ гурван лагшинд гурвууланд нь оршсоноор Үл оршихын зовлонгоос ангижирсан хэмээн тэд номлосон. Хоёр лагшинг зовлонгоос ангижирсан хэмээн зарлиглаагүй. Энэ учир нь номын лагшингаас илүү их Бурхан үгүй гэсэн үг. Яагаад гэвэл тэр хоёр лагшин үнэмлэхүй бус түүнд төрөх, эвдрэхээс ангид мөнхөд орших нь үгүй бөгөөд энэ мэт цаашид үргэлжид давтагдана. Харин Номын лагшин аваас, түүнтэй адил бус байдаг юм.

Тиймийн тул тэр хоёр лагшинг зовлонгоос салсан хэмээн үл болгоодог. Түүнчлэн номын лагшин мөн адил тэр хоёр лагшин үгүй аваас, тэр зовлонгоос салсанд оршихгүй. Тэдгээр гурван лагшинг нэг дор шүтэж үл чадах аваас, бас зовлонгоос үл салсан хэмээн зарлигласан билээ”

“Язгуурын хөвгүүн ээ! Эгэл төрөлхтөн энэ мэт энэ билиг чанарт үл хамаардаг. Тийм учраас тэд дээрх гурван лагшингаас хол оршдог юм. Тэд доорх гурван билиг чанарт хүлэгддэг тэр гурав нь алив гэвээс. Энэ мэт байдаг. Нэрийтгэлийн билэг чанар (аливаа юмс үзэгдэлд нэр өгч түүндээ өөрөө итгэх). Бусдын эрхийн билиг чанар (юмс өөрөө дангаараа үүсдэг бус, нөхцөл болон шалтгааны улмаас үүсдэг учраас бусдын эрхэт хэмээдэг). Огоорч бүтэхийн билиг чанар (нөхцөл шалтгааны улмаас нэгэнт үүссэн). Энэ гурав билээ. Тийм учраас эгэл төрөлхтөн тэд үл мэдэх, үл хорих үл ариусган үйлдэхийг орхигдуулдаг. Үүний улмаас гурван лагшинд тэд үл оршдог. Харин Ялж төгс нөгчсөн бурхад бол энэ мэтээс салж хагацсан байдаг”

“Язгуурын хөвгүүн ээ! Мунхаг учраас учир мэдэхгүй эгэл нялхас (эгэл төрөлхтөн) тэд гурван тийн мэдлийг үл тэвчдэг. Тийм учраас тэд гурван лагшингаас хол оршдог. Тэр нь юу вэ? гэвэл:

Бодитойд орохын тийн мэдэл (утга шалтгааныг ухаж ойлгох), бүхний сууринд оршихын сэтгэл (суурь тийн мэдэл буюу оюун ухааны сүнс), суурийн тийн мэдэл (суурь тийн мэдэл сэтгэл). Энэ мэт гурав билээ. Бүх зүйлс сэтгэл бодлоос үүсвэртэй. Тиймийн тул сэтгэлийг ямагт ариун байлга. Хир буртгийг нь байнга арилгаж цэвэрлэж байх хэрэгтэй. Энэ нь тийн мэдлийг ариусгах болно. Орохын тийн мэдэл ариусваас хувилгаан лагшинг олно. Оршихын тийн мэдэл (cанаа сэтгэл) ариусваас төгс жаргалангийн лагшинд оршино. Суурийн тийн мэдэл ариуссанаас номын лагшинг олно”

“Язгуурын хөвгүүн ээ! Хувилгаан лагшин бол Бурхадын явдал. Төгс жаргалангийн лагшин бол Бурхадын таалалд багтдаг. Номын лагшин нь Бурхад бүгдийн аврал билээ”

“Язгуурын хөвгүүн ээ! Хувилгааны лагшин бол эгэл хүмүүст олон төрлийн ач тусыг үзүүлдэг. Харин төгс жаргалангийн лагшин бол бурханы шавь нар түүний бодол хүсэл зорилго оршихуй адил хэмээн үйлдсэн. Номын лагшин бол үнэмлэхүй лагшин. Тэр юунд ч үл оршино”

“Язгуурын хөвгүүн ээ! Тэр гурван лагшинг мөнх гэж номлосон. Тэгэхдээ бас мөнх бус гэж номлосон. Хувилгааны лагшин бол номын хүчээр ямарч нөхцөл байдалд аливаа аргад мэргэн тул мөнх байдаг. Харин тэр лагшин өөрөө ном хотол чуулганыг бий болгодоггүй тул мөнх бус байдаг. Төгс жаргалангийн лагшингийн үндэс нь үл тасарна. Яагаад гэвэл Бурханы номын хүч чадал сааршгүй. Түүнийг шүтэн бишрэх амьтан барагдашгүй. Тийм учраас тэр лагшин мөнх байдаг. Гэсэн хэдий чиг тэр бас ном хийгээд хотол чуулганыг бий болгохгүй. Тийм учраас тэр мөнх бус байдаг. Номын лагшин бүхий л зүйлийн үндэс суурь нь болдог тул тэр бол мөнх хэмээсэн билээ.

Язгуурын хөвгүүн ээ! Номын мөн чанараас илүү оршихуй гэж үгүй билээ.

“Энэ гурван лагшингийн ялгаа нь дөрвөн янз байдаг. Хувилгаан лагшин болоод төгс жаргалангийн лагшин бие биенийгээ орлон давхцах мөн үл орлож үл давхцах оршихуйн цаг үе аль аль нь байдаг. Амьтан бүхний буян нүгэл, хувь тавиланд нь тааруулаад тухайн орон зай, цаг нөхцөл байдлыг харгалзан үзээд, тэдгээрт хувь тааруулан бурхад тусалдаг. Энэ бол бурхадын хувилгаан лагшин.

Харин урьд урьд төрлийнхөө буян нүглийн үйлээр энэ насанд олсон лагшинг төгс жаргалангийн лагшин хэмээнэ. Энэ нь хувилгааны лагшин биш. Хувилгааны болоод төгс жаргалангийн лагшин аль аль нь зовлонгоос хагацсан байдаг. Номын лагшин аваас хувилгааны ч биш, төгс жаргалангийн ч биш лагшин байдаг билээ”

Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн эрхэт дээд хаан их хөлгөн судраас.

“Гурван лагшинг ялган үзүүлэхүй хэмээх гуравдугаар бүлгийн хэсээс...

Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР