Сайн байна уу?
Миний хүү, миний охин
Хүү минь аав нь чамд нэг үлгэр хэлж өгье. “Агнистын гэгээ” гэдэг номноос би уншсан юм. 

... Нэг эр Бурхан Буддатай уулзжээ. Тэр эр Буддагийн зам мөрийг буруутгаж зүхэв. Хуруу гозолзуулан муулсан ажээ. Будда чимээгүй хүлцэв. Тэгээд түүний муушаал зогсоход Будда түүнээс ингэж асуулаа. “Найздаа та бэлэг өглөө. Авахгүй бол бэлэг таньд өөрт чинь үлдэнэ” Тийм үү? гэхэд. Тэр эр “Тийм” гэв. Будда хэлэв. 

“Та сая надад муу үгийн бэлэг өглөө. Даан ч би түүнийг хүлээж авсангүй. Муу үг, муу үйлийн үр дагавар нь хүлээж авахгүй бол өөрт нь эргээд очдог юм. Биеийг дагах сүүдэр адил. Авиаг давтах цуурай мэт өөрт нь буцаж очдог. Тийм учраас муу үг, муу үйлээс сэрэмжлэж яваарай” гэж тэр эрдБурхан багш захиж хэлсэн гэдэг билээ. 

Хүү минь энэ сургаалийн агуулга нь илүү их гүн билээ. Юу гэсэн үг вэ? гэвэл. Хэн нэг хүний муу үг хэллэг, хараал зүхлийг битгий хүлээж ав. Хэрвээ чи хүлээж авахгүй байвал тэр түүнд өөрт нь буцаад очдог гэсэн үг. Муу үг, муухай хараал битгий хэл. Сайн үйл, сайхан үгийг сонсож бай. Аливаа сайн муу, сайхан муухай юманд аль алинд нь хатуу ширүүн бүү ханд. Бодож хэл. Буруутгаж битгий ярь. Буулт хийхэд бэлэн бай гэсэн үг. Хүү минь дуугүй суу, доошоогоо газар хар гэсэн үг биш. Ядуу дорой харагд гэсэн үг бас биш. Хэзээ чи ярих, хэдүйд чимээгүй болохыгоо мэддэг бай. Хэлэх үгээ нам дуугаар зөв талаас нь бодож хэл. Зөв дуугарч, зөв үйлдэл хий гэсэн үг. Өөрөөр хэлбэл. Аливаа юманд зөөлөн уян хатан бай. Зөөлхөн уян хатан байна гэдэг амьдын шинж. Амьд юмс уян зөөлхөн байдаг. Үхсэн юмс хатуу хөшүүн, тэгээд тэр бас ширүүн хэврэг байдаг юм. Тийм учраас хатуу хөшүүн байна гэдэг үхэл мөхлийн шинж. Уян хатан зөөлөн байх бол амьд амьдралын шинж. Тийм учраас хүү минь, охин минь. Аливаа юманд хатуу ширүүн бүү ханд. Муу үг, муухай хараал бүү хэл. Оюун ухаан бодлоо цэвэрлэж цэгцэл. Нүгэл хэлэнцээс айж яв. Нүглийг нүглээр бүү хариул. Нүглийг нүглээр угаадаггүй билээ. 

Би ингэж бодож байна.
Чи юу гэж бодож байна?

Аав нь. 2003.07.10-нд
Тэрэлж