II бүлэг

ТҮҮНЧЛЭН ЗАЛРАГСДЫН НАСАН СҮҮДРИЙН
ХЭМЖЭЭГ ҮЗҮҮЛЭХҮЙ

хэмээх бүлгийн хэсээс...

“Тасын цогцост ууланд
Их эрдэнэ үүнийг би бээр номлосон
Олон төрөлхтөнг зовлонгоос
Онцгойлон гэтэлгэхийн тулд номлосон
Үзэл буруу нэгэн, эс сүжиглэх нэгэн
Хэн боловч бүгдийг би зовлонгоос гэтэлгэх хэмээн номлосон билээ” хэмээн зарлиглав.

Тэр цагт олон мянган бярмангууд Ялж төгс нөгчсөний хоёр өлмийд сөгдөн мөргөв. Тэр цагт бошгыг үзүүлэгч багш бярман Каундиняа ийн айлтгав. “Ялж төгс нөгчсөн Бурхан Шагжамуни! Та амьтан бүхнийг энэрэн таалж, тэд тэнцүү бус ч тэнцүүд та үзэж төгөлдөр их нигүүлсэнгүйгээр тэднийг та эцэг эх мэт гийгүүлэн хайрласан билээ. Билгүүн болоод их билгүүний нарыг та бүгдэд ургуулан та болгоодог билээ. Хэрэв та амьд амьтан бүгдийг ийн болгоовоос надад дээд нэгийг болгоон соёрхоно уу?” хэмээв. 

Бурхан багш юуг ч эс зарлиглан суув.

Тэгээд бурханы нөхдийн дундаас Лигчави (Амьтан бүгд үзвээс баясахуй) бодьсадва эш үзүүлэгч Каундиняад хандаж ийн өгүүлэв.

“Их бярман та Ялж төгс нөгчсөн Бурхан багшаас юуг айлтган хүсэв? Би бээр танд дээдийг өргөх болноо хэмээн өгүүлэв.

Бярман өгүүлэв. “Орь залуу Лигчави! Би Ялж төгс нөгчсөн Бурханыг тахих тул надад Бурханы чандрын үнс хэрэгтэй байна. Би Юнгэрийн (Цагаан гич будаа) үр адил нэг ширхэг жижигхэн чандрыг тахихыг хүсэж байна. Юнгэрийн үр төдийхөн чандар. Аяа орь залуу Лигчави! Дээдийн судар Алтангэрэлт. Түүнийг мэдэхэд бэрх. Түүнийг оноход бэрх. Бас түүнийг дотор сэтгэлдээ багтааж хадгалахад бэрхтэй билээ. Тийм учраас Гучин гурван тэнгэрийн эзэн болох юнгарын үр төдий чандрыг эрдэнийн хайрцагт хийгээд хадгалж болно. Аяа орь залуу Лигчави та түүнчлэн заларснаас юнгарын үр төдий чандрыг болгоогоод эрдэнийн саванд хийж хадгал. Та амьтан бүхнийг Гучин гурван тэнгэрийн оронд төрөл олгуулахыг хүсэхгүй байна гэж үү? Аяа орь залуу Лигчави! Би бээр дээд тэр мэтийг айлтгасан билээ” хэмээн өгүүлэв. 

Тэгээд орь залуу Лигчави тэрбээр эшийг үзүүлэгч багш Каундиняад өгүүлэв.

Чандар үүрд мөнхөд орших болно
Ганга мөрний усанд цэцэг ургах
Хэрээ шувуу улаан өнгөтэй болох
Хөхөө дун адил цагаан болох тэр цагт
Юнгэрийн үр адил чандар орших болно.

Мунхаг нэгэн бээр өндөр язгуурт хүрэх гээд
Туулайн эврээр шат хийгээд
Сарыг залгих хүслээр түүгээр авирах тэр цагт
Чандар байх болно.

Илжиг хөөрхөн болж дуу бүжигт мэргэн болох
Шар шувуу хэрээ хоёр хээр талд уулзаад
Энхрийлэлдэн тэврэлдэх тэр цагт
Мөн адил чандар байх буй заа.

Нэгэн адил хэрээ болон шар шувуу
Сүмбэр уулыг хошуундаа зуугаад нисдэг болох тэр цагт
Чандар байх болно хэмээн өгүүлэв.
Эшийг үзүүлэгч багш бярман Каундиняа үүнийг сонсоод орь залуу Лигчава түүнд зориулан ийн өгүүлэв:

“Сайн болой! Сайн болой!” Бурхан таны эрдэм санаанд багташгүй, тэнцэл гэж үгүй. Тэр үргэлжид амирласан билээ. Энэ нь Бурханы мөн чанар болой. Ялж төгс нөгчсөн Бурхан багш бээр үл эвдрэх очир мэт мөнхөд бат орших учир юнгарын үр мэт чандар үгүй бөлгөө. Түүнд яс, цус үгүйн тул чандар гэж үгүй билээ. Бурхан багшийн бие тэр өөрөө ном, сэтгэл нь ном, мөн чанар нь бас ном. Ялж төгс нөгчсөний лагшин мөн тэр адил. Учир иймээс би дээдийг соёрхон айлдав хэмээн өгүүлэв.

Тэгээд гурван түм хоёр мянган тэнгэрийн хөвгүүд Бурхан багшийн нас сүүдрийн хэмжээг сонсоод машид баясан Бурханы ном мөнхөд билээ. Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн нас сүүдрийн хэмжээ нь хэмжээс үгүй тоолшгүй, түүнд хязгаар үгүй. Бурхан багш мөнх бусыг үзүүлэх бус олон амьтанд туслахын тулд, гаслангаас тэднийг аврахын тулд элдэв олон янзыг үзүүлдэг билээ хэмээн өгүүлэв. 

Тэгээд Ручира-кету бодьсадва Ялж төгс нөгчсөн Бурхан багшийн нас сүүдрийн хэмжээг сонсоод алга хавсран мөргөж түүнд айлдав. “Ялж төгс нөгчсөн өө! Ялж төгс нөгчсөн Бурхан тэр өөрөө мөнх бусыг үл үзүүлэх тул түүний чандрыг ертөнцөд үлдээж болно гэж үү”

Эрт эдүгээ цагийн Ялж төгс нөгчсөн нарын чандрыг энэ ертөнцөд үлдээх аваас, тэнгэр бас хүмүүн тэд бишрэхийн дээдээр бишрэх болно. Түүнийг тэнгэр болоод хүмүүс энэ ёсоор тахих аваас тэд бүгдээрээ тэнцэшгүй их буяныг олох билээ.

Үнэн бодь сэтгэлийг тэд ингэж үүсгэх бус уу?
Иймийн учир одоо энд чандар үгүй хэмээн номлож байгаагийн учир юусан билээ?
Ялж төгс нөгчсөн Бурхан багш та үүнийг болгоон соёрхож сайтар ялган номлоно уу?” хэмээн өгүүлэв.

Ялж төгс нөгчсөн Бурхан бээр Ручира-кету бодьсадва болон хуран цугласан нөхөд тэдгээрт зарлиглав.

“Ялж төгс нөгчсөн Бурхан багш чандраа ертөнцөд үлдээх болно. Энэ нь Бурханы номын ёсонд нийцсэн” хэмээн зарлиглав. “Бурхад, бодьсадва нар бол арван их гаслангаас ангижирсан байдаг. Тэр арван гаслан энэ мэт билээ.

Тэд муу үйлийн үр, атгаг сэтгэлийн гэм нүгэл мунхаглал, хорон муу сэтгэл (нисваанис)-ийн түймрийг болгоож огоорч тэвчсэн. Тиймийн учраас тэд зовлонгоос ангижирсан. Тэд Би-үгүй бие үгүй сэтгэл үгүй мөн чанарыг таньж мэдсэн. Тиймийн учраас тэд зовлонгоос ангижирсан. Тэд ийн бие болон сэтгэл бодлын оршихуйн орон зайг, нигүүсэх сэтгэл болоод энэрэл хайрын ая эгшиг бүрт нийцүүлэн номлосон.

Тэд Нирвааны мөн чанар хоёр үгүйг болгоон соёрхож номлолоос гажууд зүйлд үл итгэсэн. Номлолыг сонсох унших хийгээд түүний билэг чанарыг дээдлэн зохиосны тул тэд зовлонгоос ангижирсан.

Тэд шунал хийгээд атаа хорсол, уурын мунхаг хилэнцэт үйлийг сэрэмжлэн тэвчсэн. Тэд бээр ямагт хийгээд үргэлж үүрд мөнхөд ялгаа үгүйн учир утгыг ийн таньсан. Энэ мэтээр тэд зовлонгоос ангижирсан билээ.

Тийм учраас шунал, уур мунхаг амирлах болтугай. Хилэнц муу үйлийг нэн тэвчих болтугай. Амар амгалан буяныг санах болтугай” хэмээн зарлигласан. 

“Мөн түүнчлэн язгуурын хөвгүүд Бодьсадва нар дараах арван зүйлийг мэдсэн тэгээд тэвчсэн тул зовлонгоос тэд ангижирсан байдаг. Аливаа сэтгэлийн гэм (нисваанис) бүгдийн үндэс суурь нь хүсэл хийгээд шунах сэтгэл гэдгийг мэдэх болтугай” хэмээн зарлиглав.

“Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш бээр үнэн ба үнэмлэхүй үнэний хил хязгаарыг болгоосон. Түүнийг амирлуулсан. Үнэмлэхүй үнэн бус, үнэмлэхүй үгүй тийм зүйлс бүгдээрээ учир шалтгаанаас төрсөн. Харин Бурханы шавь Бодьсадва, Махасадва нар үнэмлэхүй билэг оюун ухааны үнэн мөн чанарыг эзэмшдэг тул тэдний бие болоод номлол үнэмлэхүй үнэн мөн чанарт оршдог. Үнэмлэхүй үнэнийг эс ойлгосон хэн боловч, тэрбээр ертөнцийн зовлонгийн гүн их намагт шигдэнэ. Энэ үнэмлэхүй үнэн. Үүнээс бусад нь бүгд худал” хэмээн Бурхан багш зарлиглав.

“Бодьсадва, Махасадва болоод заларсан бурхад тэд дараах арван зүйлийн ёсонд суралцаж ёсыг мэдсэн. Ёсыг дагасны учир тэд зовлонгоос ангижирсан.

Заларсан бурхад Бодьсадва, Махасадва нарын эцсийн хүсэл зорилго бол энэ ертөнцийн хамаг амьтанд туслахад оршдог. Өглөг болоод өглөгийн сайн үр, тэвчээр хийгээд тэвчээрийн үр, итгэл зүтгэл хийгээд хичээнгүйн ёсны зам мөрийг бүхэлд нь тэд ойлгож сурч эзэмшсэн байдаг. Тэд гарцаагүй ойлгон ухаарсан зүйлээ ертөнцийн хамаг амьтанд түгээдэг. Тэднийг хамаг олон амьтныг буруу муу зуршилд автан алдаж эндэхээс тэд хамгаалдаг юм. Тэд нэгэн үзүүрт сэтгэлийг барин орчлон ертөнцийн хамаг амьтны тусын тулд оршдог. Энэ учир тэд хамаг зовлонгоос ангижирсан.

Түүнчлэн заларсан бурхад Бодьсадва, Махасадва нар дияан хийгээд дияаны үр, билгүүн хийгээд билгүүний үрийг машид сайн сурч мэдсэн. Түүнийг буруу хэрэглэж үйлдэхийг огоорч тэвчсэн тул зовлонгоос ангижирсан.

Орчлонгийн олон амьтан бээр хүсэл шуналынхаа эрхээр олон олон буруу муу үйлд автдаг. Түүнийхээ өр төлөөсөнд элдэв олон зовлон гачаалыг амсаж эдэлдэг. Заларсан бурхад бол энэ мэтэд мөн чанар үгүйг болгоон тэвчсэний учир зовлонгоос ангижирсан юм.

Түүнчлэн заларсан бурхад бээр Би-гэх үзэл бодол хийгээд миний гэх мэдрэхүйг огоорч тасалсан. Тэд оршихуйн мөн чанарыг ухаарч гэгээрсэн тул зовлонгоос ангижирсан. Түүнчлэн заларсан бурхад бээр аливаа оршихуйн мөн чанар, тоо хэмжээний хоосон чанарыг мэдсэн. Түүний эрхшээлээс салж хагацсан тул тэд зовлонгоос ангижирсан. Заларсан бурхад бээр өгөөмөр чанар, ёс суртахуун, тэвчээр итгэл зүтгэл бясалгалыг эзэмшсэн тул тэд зовлонгоос ангижирсан юм”.

Язгуурын хөвгүүд ээ! “Бурхадад, Бодьсадва, Махасадва нарт арван боломж бүрдсэн байдаг. Тэр нь бурхадын явдал билээ. 

Заларсан бурхад бээр нигүүсэх сэтгэлд оршсон. Заларсан бурхад тэд тэвчээр төгс. Арга билиг төгс. Тэд асрал их, ач тус их. Ариун бодолтой, гэгээн их хүсэлтэй байдаг. Энэ нь заларсан бурхадын явдал билээ.

Заларсан Бурхад тэд орчлонд үл оршдог. Тэд нирваанд үл ордог. Ертөнцийн олон явдал хийгээд амирлангуй тайван байдал, тэсвэр тэвчээр, энэрэн нигүүсэх сэтгэлийн арга билигт тэд төгс суралцсан байдаг. Тэд амьтанд туслах үйлсэд үл уйсна. Тэд зовсон зүдэрсэн, буянтан нүгэлтэн, баян ядуу хэнийг боловч үл ялгана. Тэд ноёд түшмэд, хаан эзэн болоод доод язгуур төрөлхтөн хэнд боловч, тэдний үйлдсэн сайн муу үйлийн үрийг нь санагалзаж, дэнслэн тооцоод тохируулан тусыг хүргэнэ. Энэ нь Заларсан бурхадын явдал билээ.

Түүнчлэн Заларсан Бурхад бээр, тэд бусдад туслахыг дээдийн дээдэд болгоодог. Тэд байдал нөхцөлийг үл харгалзан, өөрсдийгөө бусдын төлөө бүрэн төгс зориулж чаддаг. Энэ нь заларсан бурхадын явдал билээ.

Түүнчлэн заларсан бурхад бээр сүжиг бишрэл хэмээх оюун ухааны ид шидийг төгс эзэмшсэн байдаг. Тэд урьд урьдын цагт хийсэн буяны ачаар хүний төрлийг олж төрсөн хэнийг боловч үл ялгана. Тэд сүжиг бишрэл үгүй мулгуу ухаант нэгний бие хэл сэтгэлээр үйлдэх нүглийг үл таална. Тэднийг тэд үл ойшоож үздэг. Тэднийг харсан ч хараагүй мэт, сонссон ч сонсоогүй адил өнгөрүүлэхийг хичээдэг. Тийм хүнд туслах ёстой гэж тэд үздэггүй билээ. Гэсэн хэдий ч заларсан бурхад бээр ертөнцийн амьтны зовлон гачаалыг ойлгодог. Тэдэнд үйлдсэн үйлийнх нь үр хэмжээнд тохируулан туслах ёстой гэж тэд үздэг.

Энэ нь заларсан бурхадын явдал билээ.

Заларсан бурхад хүсэл шуналд идэгдсэн, уур омогт автсан, харамч хомхой бардам зан, Би-гэнхрийлэх үзлийг дэвэргэж дээдлэгч үзэл бодол сэтгэлийг таалахгүй. Хэдий тийм ч тэд энэ мэт хор ихт, хар ихт омог ихт атгаг муу сэтгэлийн гэм нүглийг тэвчин өнгөрүүлж чаддаг. Цаашид сайн үйлд оролцох хэрэгт тэднийг хөтөлж хүргэхийг чармайдаг.

Энэ нь заларсан бурхадын явдал болой.

Түүнчлэн заларсан бурхад номлолын дээд ёсонд мөргөж номын ёсыг дээдлэн сахидаг. Ном номлолын ёсыг эрхэмлэн сүжиглэх нь, төгс их гэгээрэлд хүргэх унаа хөтөч мөн хэмээн тэд айлдсан. Тийм учраас заларсан бурхад сүжиг бишрэл ном хэмээх хоёр их ухааны иш шид, арга билгийг төгс сайн эзэмшсэн байдаг. Сэтгэл бодол зөвдөх аваас зам мөр зөвдөнө. Зам мөр зөвдөх аваас саад тотгор тэр өөрөө ховхорч унана хэмээн тэд номлодог. Номлолын ач тус, багшийн ач тус, бясалгал бишрэлийн ач тус. Тэр хэмжээгүй, түүнд хязгаар гэж үгүй. Түүнийг тоолшгүй их, тэр багташгүй их билээ хэмээн заларсан бурхад сургадаг. Энэ нь заларсан бурхадын явдал билээ”.

Ялж төгс нөгчсөн, түүнчлэн заларсан их багш Бурхан Будда бээр ийн зарлиглав. 

Тэрбээр цааш нь бас зарлиглав.

Язгуурын хөвгүүн ээ!

“Энэ нь бурхадын үнэмлэхүй үнэний явдалд энэ мэт хязгаар үгүйг үзүүлсэн. Энэ мэтчилэн бурхад зовлонгоос ангижирсан билээ. Учир бас иймээс энэ мэтчилэн сайн явдлыг мэдэж үйлдэгтүн” хэмээн Бурхан багш зарлиглав. Тэрбээр “Өөрийн биеийн чандрыг ертөнцөд үлдээнэ хэмээн зарлиглав. Энэ чандар нь нигүүлсэхүй их буяны ач тус хэмээн залбираарай хэмээн Бурхан багш зарлигласан. Бурхан багшийн чандрыг тахиж залж, хүндэл. Буян хишиг хэмжээлшгүй ихээр арвижна. Нас сүүдэр батжиж, бурхадтай учран золгох гэгээрсэн сэтгэлийн хүчийг олж танина. Орчлон ертөнцийн хүлээснээс ангижирч чадах дээд явдал мөн. Учир иймийн тулд шамдан мөргөж сүжиг бишрэл сэтгэл оюунаа хүчлэн үйлдээрэй. Амьтан бүхэн буян үйлд шамдан хичээж гэгээрлийг олох болтугай” хэмээн Бурхан багш зарлиглав.

Тэгээд Ручира-Кету бодьсадва, махасадва бээр алга хавсран Ялж төгс нөгчсөн Бурхан багшид мөргөв. Тэр ийн айлтгав. “Өнөөдөр Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багш таны зарлиг номлолыг бид олж сонсов. Тэгээд би бээр зовлонгийн шалтгаан хийгээд зовлонгоос хагацах учир утга ухааныг олж мэдлээ. Мөн түүнчлэн чандрыг орчлон ертөнцөд үлдээх нь амьтан болоод хүмүүнд хэрхэн их ач тусыг үзүүлэх ухааныг ойлгож танив. Энэ бүгдийг олж мэдсэн миний сэтгэл оюун баясан бишрэв” хэмээн айлтгав.

Тиймээ Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшийн нас сүүдрийг тоолшгүй. Түүнд хэмжээ үгүй. Тэр хязгаарлашгүй их байдаг. Ийнхүү амьтан бүгдэд тэнцэшгүй их, үнэнхүү гэгээрэх бодь сэтгэлийг үүсгэв.

Ручера-кету бодьсадва бээр Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшийн өлмийд хэдэнтээ сөгдөн мөргөв.

Хутагт Алтангэрэлт буюу судрын аймгийн
эрхэт дээд хаан их хөлгөн судраас.
”Түүнчлэн залрагсадын насан сүүдрийн хэмжээг
үзүүлэхүй” хэмээх хоёрдугаар бүлэг.



Орчин үеийн монгол хэлэнд хөрвүүлэн бичсэн
Батжаргалын БАТБАЯР