Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй!

2007 онд би “Бид ингэхэд хэн юм бэ?” гэх нэгэн номоо уншигчдад толилуулсан. Номын өмнөтгөлд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны салбарын профессор М.Стивэн Фишийн өгүүллийн Монголын хэсгээс эшилсэн: “Төв ба Өвөр Азийн посткоммунист орнууд дотроос Монгол Улсын нэн шинэхэн улс төрийн туршлага, тухайлбал дарангуйллын засаглалыг тойрсон төдийгүй, ардчиллын зүгт бодитой ахин дэвшиж, дарангуйлал руу эргэж халтираагүй, энэ утгаараа ардчиллын үйлсэд олсон харьцангуй амжилт Монгол Улсад бий”. Энэ үгс бол Стивэн Фишийнх. Харин тэр өмнөтгөлд миний өргөсөн үгс дотор: “Ардчиллын ололтууд прогрессоор яваад ирснийг үгүйсгэх санаа надад ч,Стивэн Фишт ч байхгүй нь мэдээж. Гэтэл Монголын ард түмний олонх нь ардчиллын үр шимийг аж амьдрал дээрээ үзэхгүй, талаас нь илүү нь хувхайртлаа ядуураад, ядуурах тийшээ яваад байгаа нь юуных вэ? Эрх чөлөө нь аврал биш хараал болсон өнөөгийн Монголд нийтээрээ шахуу зүг чигээ алдаж, тамын тогоо руу явж байгаа юм биш байгаа гэсэн эмзэглэл ганц надад бус, сэтгэдэг боддог олон монгол хүний тархинд гүн сууж байна. Одоо яах вэ гэдэг асуулт олон хүний өдөр шөнийн бодол зүүд боллоо” гэх сургамж, харуусал цухалзана. Логикоор ганцхан асуулт л гарч ирнэ: “Ингэж ядуурах хэрэг байсан юм бол ардчиллын хэрэг байна уу?”. Логикоор ганцхан хариулт байна: “Баяжуулж, улсаа хүчирхэгжүүлж чадаж байвал ардчилалгүй байж бас болно”. 

Сингапурын улс төрч Ли Куан Юг дурсан бичихдээ би: “Зөвлөлтийн Брежнев дэлхийн энх тайвны төлөө цуцалтгүй тэмцсэн, АНУ-тай намжмал байдлыг дархалсан, цөмийн зэвсгийг хорогдуулан устгах лут лут гэрээ байгуулсан, коммунист хөдөлгөөнийг бэхжүүлсэн, марксизм-ленинизмийг хөгжүүлсэн зэрэг нь юу ч биш юм байна, бүр юу ч биш юм байна. Дэлхий ч үнэлдэггүй юм байна. Хүн төрөлхтний ой тойноос энэ үйлс чинь арилж алга болдог юм байна”, “Гадаадад, олон улсад бүү алдарш, бараг гадаад бодлого бүү явуул, ердөө л наад ард түмнээ л хөгжүүлж, босго, зовхийг нь өөд нь тат, монгол ойлголтоор бол ямагт босоо явуул!”,“Чи олон улсад найрамдал нөхөрлөлийн эсрэг байж болно. Зэвсэг хураахын эсрэг зогсож болно. Даян дэлхийд ардчилал хүний эрхийг дээдлэхийн эсрэг байж болно. Олон улсын терроризмыг өөгшүүлэгч байж болохгүй. Тэгээд л боллоо. Бусдаар ард түмэндээ юм хий, ард түмнээ дэлхийд алдаршуул, өөрийгөө бус, ард түмнээ, тэгвэл аяндаа дэлхий ба түүх Таны талд орчихдог юм байна. Үүнийг л Ли Куан Ю харуулчхаад явж одлоо хэмээн бид дүгнэж байна. Үүнийг бид орчин үеийн Монголын улс төрчдөд хандуулан чин сэтгэлээсээ бичиж байна” гэсэн байгаа.

Тэгэхлээр дээрхүүдийн логик хариултын жишээ болгож би Казахстаныг сурталчлах санаатай. Бодож бодож мандуулахаар шийдлээ. Тэгэхдээ хэнийг гээч нөгөө муу нэрт Назарбаевыг. Ли Куан Югийн шинэ дүрийг Төв Азид өөрөөрөө тодруулчихсан нөхөр. Дарангуйллаа гэх баримтыг эвлүүлж, монтажилж гаргаж ирэхээс бус, Казахстан нь өнөөгийн Хойд Солонгос шиг дарангуйлаагүй бол бидний нэр хоч өгөх маань ч яамай. Ардчилалтай байна, эрх чөлөөтэй байна гээд бид ядуураад, эдийн засаг нь зогсонги байвал дарангуйлаад баяжуулсан, хүчирхэгжүүлсэн Казахстанаас дор орсон хэрэг бус уу? Иймд Казахстаны жишээг судалцгаая хэмээн уриалчихъя.

2022 оны нэгдүгээр сар тус улсад хүндхэн туссан. Назарбаевын хаанчлалыг жинхэнэ ёсоор унагасан. Эрсдэлтэй амаргүй зорилтыг хэрэгжүүлсэн. Түүнийг Токаев удирдсан. Нийгэм-эдийн засагт нь хямралын шинж тэмдэг харагдсан, үндэсний мөнгө-тенге үнэгүйдэх хандлагатай, хамгийн гол аюул-исламист үзэл санаа нийгэмд бугшсан, Афганистан, Араб ертөнцөөс лалын экстремизмийн аюул нүүрлэж байсан тэр өдрүүд Казахстан руу дэлхийн хэвлэлүүдийг соронзодсон байх.

Гэхдээ би дарангуйлагч гэх Назарбаевыг олон зүйл дээр үнэлдэг. Миний бичдэг судалдаг сэдэв “Лалын экстремизм”. Астанад 2011 оны зун Бүх дэлхийн лалын эдийн засгийн VII форумд Н.Назарбаев үг хэлэхдээ “Лалын ертөнц шинэчлэгдэх шаардлагатай, XXI зууны эхний 10 жилд лалын сургаал хүнд сорилтыг туулж байгаа ч хөгжил дэвшилд лалын шашин саад хийх ёсгүй, харин ч түүний хөдөлгөгч хүч байх ёстой” хэмээн ярьсан юм. Энэ бол шашин руугаа хандсан программын чанартай үг байлаа. Энд хэлэгдсэн үг бол лалын ертөнц рүү хандсан нь мэдээж боловч өөрийнх нь оронд бугшиж үүрлэн, газар авч буй лалын шашны фундаментализм, экстремизмийн эсрэг чиглэсэн, тэдэнд сургамж, анхааруулга өгөх зорилго бүхий үгс байсан юм. Дараахан нь Назарбаев өөрөө санаачлан “Шашны экстремизмийн эсрэг хууль”-ийг парламентдаа өргөн барьж батлуулсан. Гэм нь Назарбаевын энэ уриа дуудлага, санаачилга эсрэгээр эргэж, 2011 оны намар, өвөл Казахстаны “Жүнд аль-Халифат” (“Халифатын дайчид”) гэх бүлгийн террористууд хэд хэдэн аллага үйлдсэн тухай, Чеченьд “казахстаны боевикууд” гэх хүмүүс илэрсэн, “Хизб-ут-Тахрир” хэмээх экстремист байгууллага ухуулах хуудас тарааж, Төв Азийн дарангуйлагч Ерөнхийлөгч нарыг зайлуулах, “Арабын хавар”-ыг Төв Ази руу нэвтрүүлэхийг уриалсан тухай, талибуудтай“казах мужахедууд” хоршин ажиллаж буй тухай цуврал мэдээнүүд өөрийн эрхгүй анхаарал татахаар олон удаа хэвлэлд цухалзаж байсныг санаж байна. Тэгвэл тийм фундаментализм, экстремизмийг Назарбаев нам дараад дараагийнхаа залгамжлагч Токаевт фундаментализм, экстремизмээс ангид Казахстаныг өвлүүлсэн. Тэр өвийг Токаев найдвартай хамгаалан хөгжүүлж байна. 

Назарбаев бол зөвлөлтийн ба оросын эсрэг үзэлтэн огтоос биш, тэрээр экс-коммунист, харин жинхэнэ реалист бодлоготон, политреализмыг баримтлагч, үндэсний эрх ашгаа ягштал хамгаалагч байсан ба Токаев ч тэгж үнэлэгдэнэ. 

Эх орноо Оросын колони байсан хэмээн Назарбаев ярьдаг байв. “Хаант Оросын үед газрын хамаг баялгийг маань хамаад аваад явчихдаг, хоосорсон газар тоос шороо л пургиад үлдэнэ. Манай улсад дотооддоо ядаж зам гэж байсангүй. Гэтэл одоо ямар төмөр зам тавьчхаад байна, өмнө нь ийм юм байсан уу, яагаад гэвэл бид колони байсан юм чинь” хэмээдэг. “Нефть, газ, алт, мөнгө бурхны авралаар манайд байна. Энэ бол бидний баялаг. Энэ бол бидний халаасанд байна, хэн ч түүнийг авч чадахгүй. Бусдад хамаг юмаа өгчхөөд тоос шороо бужигнуулаад үлдэж бид чадахгүй, энэ бол бидний явах зам биш”- түүний цогтой энэ үгс өнөөгийн монголчуудад сургаал болоосой.

Казахстаныг Оростой нийлүүлье хэмээн интернэтээр цуурсан Умард мужийнхаа нэг иргэнд “үндэстэн хооронд яс хаях гэлээ, сепаратизмыг өөгшүүллээ” хэмээн 5 жилийн ял оноосон нь мөн л Назарбаевын дур хүслийн илэрхийлэл байв. УкраиныДонбасст Оросын талд байлдахаар сайн дураараа цэрэг болж элсэж явсан хэсэг хасаг, орос иргэдэд тэрээр эрүү үүсгэсэн. Нутгийн оросуудад хатуурхсан Назарбаевыг оросууд ухаалаг захирагч, улс орноо маш эвгүй цүнхлээс 20 жилийн дотор татаж гаргаж амжилттай хөгжүүлсэн хэмээн хөөргөсөн. Харин цаашаа тогтож байгаасай гэж ерөөсөн нь талаар болсон. 

Евразийн эдийн засгийн холбоо гэж байна. Хэрэв тийм интеграцийн тухай ярих аваас түүний үндсийг анхлан Ельцин, Назарбаев хоёр тавьсан. Орост хэцүү цагт нь цагийг нь олж донжийг нь тааруулж тусламжийн гараа сунгадаг нь Казахстан юм. Орос-Турк хоёр илд зөрүүлээд дипломат харилцаагаа бараг таслан алдаж байхад нь Назарбаев л зуучилж тэр хоёрыг эвлэрүүлсэн. Тэгсэн хэрнээ Эрдогантай үгссэн мэт Оросыг ундууцуулсан мэдэгдэл хааяа хааяа цухалзуулсан. Эрдоган Асадыг түлхэн унагах төлөвлөгөөгөө зарлана гэдэг ОХУ-аас Сирид явуулсан нөр их бодлогыг унтрааж байна гэсэн үг. Яг тэр үед нь Назарбаев Хаант Оросын колоничлолын тухай гэнэт ярьж оросуудыг сандаргаж байв. Ялгаатай нь Эрдоган дэлхий рүү хандуулж хэнэг ч үгүй ярьсан, Назарбаев дотооддоо хандуулж ярьсан. 

Казахстаны төрт-улсын шинэхэн түүхийг оросууд жишээ болгон их ярьдаг. СССР задран салахад түүний гишүүн холбооны БНУ-уудын нэгэн адил Казахстан өөрийн төрт-улсаа анх удаа байгуулсан. Тэр үед Назарбаевын ачаар тэр үйл явц нь русофоби буюу оросын эсрэг хийрхлийг тойрч гарсан. CCCP тарсны дараа ОХУ нь түүний цорын ганц залгамжлагч болж, холбооны бусад 14 улс нь Оросоо тойрч нягтраад, Оросгүйгээр хаашаа ч гарцгүй, Орос л ганцаараа татан дагуулагч, хүчний төв, Орос л ганцаараа хур туршлагатай, Орос л улс төр, эдийн засаг, соёл, мэдээлэл, үзэл суртал, хэл зэрэг олон үзүүлэлтээр бусад 14 БНУ-аа холбоод байхаар төсөөлөгдөж байсан бол тийм биш ээ, тэгж хөгждөггүй юм аа гэдгийг анхлан Назарбаев сөрж, Казахстан нотлоод тавьчихсан нь аугаа түүх юм.

Хэрхэн нотлов гэдэгт ганц хоёрхон хариулт хэлэхэд л хангалттай. Казахстан тусгаар тогтнолоо зарламагцаа л “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр” гэх уриа дэвшүүлсэн. “Ардчилал”, “Хүний эрх” гэж их уриалсан бол 140 үндэстэн ястан аж төрдөг, хасаг нь олонх болж чадаагүй байсан тэр улс өнгөрөх байлаа. Нефть, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ баялаг болгон экспортод (ураны экспортоор бүр дэлхийд нэгдүгээрт!) гаргаж санхүүгийн эх үүсвэр хуримтлуулж чаджээ. Түүнийгээ Үндэсний фонддоо төвлөрүүлж, энэ сангийн хөрөнгө 100 тэрбум ам.доллар руу дөхөж явна. Ингээд том хохирол амсахгүйгээр дэлхийн хямралуудыг харьцангуй гайгүй даван туулж иржээ. Тэрхүү үндэсний фонд нь 1990-ээд оны дараахан ашигт малтмал, түүхий эд нэлээд үнэтэй байх үед буй болсон ба 1997-1999 оны хямралын үед энэ фондын тодорхой хэсгийг орон сууц, газар тариалан, газар тариалангийн салбарын бүтцийг өөрчлөх, аж үйлдвэржүүлэлт, шинэ ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжлийн салбаруудад зарцуулж чадсан хур туршлагаас Монгол маань суралцмаар. Фондоосоо мөнгө гаргаж жил бүр цалин, тэтгэвэр нэмэгдүүлж, хямралын эсрэг бодлого хэрэгжүүлсэн хур туршлагыг нь би хэлж байна. 2007-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед хасгууд маань хэдийнээ туршлагатай болчихсон, тиймдээ ч хямралаас гарах шинэ шатны бодлого, программ хэрэгжүүлсэн, Ковидын үед ч барьц алдаагүй нь манайдаа туршлага биш гэж үү? 

Одоо тэр улс ашигт малтмалаас үл хамаарсан нано технологи, шинэ эрчим хүчний технологи, эдийн засгийн солонгорсон салбаруудтай болжээ. Казахстан нь өрсөлдөх чадвараараадэлхийн 190 гаруй улсаас эхний 40 дотор баттай бичигдэж байна. Бизнес үнэлгээгээр өндөр хөгжилтэй эхний 50 орны тоонд ордог. Ядуурлын түвшин 1991 онд 47 хувьтай байсан бол одоо 2.5 хувиас доошилсон. Тусгаар тогтнолоо олсон эхний жилд нэг хүнд ногдох ДНБ 300 ам.доллар байсан бол одоо энэ тоо 14 500 ам.доллар болж өсжээ.

Бас нэг туршлага. Гуравхан жилийн дотор нийслэлээ бүсийн жижиг төв байсан Астана руу бүрмөсөн шилжүүлсэн. Астанад тэр үед 300 мянган хүн амьдарч байсан бол одоо нэг саяас илүү хүн амьдарч байна. Астана нь ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай, экологийн цэвэр хот. Нийт ДНБ-ий 10 хувь нь нийслэлд ногдож байна. Дөрвөн уулын дунд утааны хорт угаарт хахаж цацан хордож, зам нь ямагт түгжирч, экологи нь бүрэн сүйрсэн Улаанбаатарчуудад Казахстаны энэ туршлага хэрэг болох нь гарцаагүй. 

Улс орноо харанхуй ангал, тодорхойгүй бүдэг манан дундаас татаж гараад хөгжүүлчихсэн Казахстаныг би хөгжлийн хөтөч гэж ил шууд нэрлэж байна. Ардчилал нь сул байж болно, ядуурал гуйлгачлал ажилгүйдлээ эхлээд шийдчихсэнийг нь яаж ч харлуулж чадахгүй.