ХЭДЭН ЖУУЛЧИН ДАГАЖ ЯВСАН ТЭМДЭГЛЭЛ
Бидэнд сайн муу зөндөө л зүйл байна.
Эхний сюрприз
“Энэ одоо заавал ингэж хөндлөн горив гарах ёстойм байх даа. Тэгвэл 90 гараадас эргээд, горивын дагуу явбал донслохгүй байх болуу” гэсэн шүү дэмий юм бодож сэгсчүүлсээр зорьсон газраа ирлээ. Говийн зам ч хашраадаг л даа угийн.
Энэ амралтын баазын нэр нь их сайхан. Гэвч базаахгүй үгээр угтлаа, “та нар зургаан гэр захилуу? Гурав л байгаа даа, чихэлдээд орно уу даа...”.
-Юу вэ! Аль таван сард захисан шдээ!!!
-Гүэ харин тэгээ л өглөө эрт ирснүүд нь орчлоошд. Та нар чинь яасан орой ирдийн!
-Бид нар 7-р сарын 21-нд ирнэ гэж захиалсан. Одоо 21-ний 14 цаг болж байна. Бүр уржигдар дахин ярьж баталгаажуулсан.
-Манай Хонгорын голын бүх баазууд иймээ хө. Эсүүл яваад үзкү юу даа ганц ч гэр олохгүй хэхэ...
Миний дагаж яваа жуулчид Маргад хот зохиол дээр гардаг анивчуурууд шиг хэдэн юм зогсож байна. Аль гэрт хуваарилагдахаа хүлээж байгаа нь тэр. Миний хувь ч тэнгэр хөмөрчих шиг санагдан шүлсээ залгиад нөгөө залуутайгаа ахиад ярих гэж оролдов. Ямар ч янз алгаа. Жуулчид ч удалгүй гадарлаж , шаагилдаад эхэлсэн. Учрыг нь хэлэв. Харин тэд ойлгож өгөхгүй нэлээд удаан амаа ангайн зогссон. Яаж ч ойлгохов дээ, хүний ёсноос гадуур юм болоод байхав.
Тэгж байтал баазын эзэн гээд өөр залуу ирсэн, асуудлаа нэлээн ч ширүүн хэллээ. Ашгүй жаахан юм ойлгодог залуу таарч, ажилчдын гэр мэр, өөр байшин сав суллаж бариад эцсийн эцэст нэг юм зохицуулж өглөө. Жуулчдын нүдэнд болгоомжлол хургасан байлаа.
Удаах сюрприз
Урьдчилан гэрээлсэн автобусандаа суулгаад Цонжин болдог руу явуулав. Удалгүй хөтөч маань залгаж энэ автобус нэг л бишээ гэж байна. Жолоочтой ярьтал “аа харин жоохон хүч алдаад байгаан, зүгээр ээ дүү хүү” гэлээ. Санаа амарч, харзная гэж шийдлээ. Ингэж тэгсээр байтал нэг цаг өнгөрөв. Хөтөч маань ахиад залгаж автобус нь урагш ахихгүй, хүмүүс уурлаж байгаа тухай дуулгав. Гэтэл үнэндээ тэр автобус эвдэрч, цагт 20 км хурдтай бүтэн цаг уухилаад сажилсан байх нь тэр. Хотоос хөдлөөд цаг гаруй болж байхад дөнгөж нисэх өнгөрөөд явж байна гэж байх уу? (Цонжин Болдог руу явдаг зам засварт ороод ийнхүү тойрч байгаа юм). Жолоочтойгоо ахиад ярьлаа.
-Юу вэ, та яагаад шууд хэлээгүй юм бэ?!!!
-Харин гайгүй болчихым болуу гэж бодоо л...
Компанид нь учир байдлыг хэлтэл өөр автобус явуулая гэлээ. Харамсалтай нь тэр автобус очих гэж ахиад 2 цаг гаруй болсон, бурхан минь! Жуулчид маань "зүгээр ээ, бид хөшөө үзэхийг хүсэхээ больчихлоо, буудалдаа л хурдан очмоор байна" гэлцэв. Нүүр хийх газаргүй болохыг ч ёстой нэг үзсэн өдрүүд байлаа даа. Өглөө эртээс эхлээд л нэг л их хөтөлбөр, завгүй өдрүүд, адал сонирхолтой зүйлс, зураг авалтуудаар амьсгалсан жуулчид маань бүтэн гурван цаг гаран хугацаагаа зүгээр нэг эвдэрхий автбусанд өнгөрөөцөн. Гайхалтай авьяаслаг хөтөч охин байгаагүй бол тэд тэр оройноо эх орон руу гаа буцахад ч бэлэн байсан биз.
Гутгаар сюрприз
Манай урдаа барьдаг сүлжээ хоолны газар луу орцгоолоо. За энэ манай улсын хамгийн алдартай хоол. Халуун чулууг нь гартаа барина гээ л онгирлоо. Гэтэл эхнээсээ хашгираа л явчихав. Хуруу гараа амандаа хийж байна. Ишшш, мөн ч сүржин улсууд аа гээ л өөрөө чулуу барьж үзүүлэх гэтэл шууд л хоёрдугаар зэргийн түлэгдэл авчихлаа. Хэдэн амтгүй мах, ногоо чанангуутаа дунд нь дөнгөж улайсгасан чулуугаа хийгээд шууд өгчихсөн байгаам даа. Дотор нь сэтгэл гэж зүйл байдаг монгол хүн үлдсиймуу гэмээр санагдсан. Тэгвэл ядаж идэхэд гайгүй биз гэтэл махыг нь даадаггүй. Золиг гэж...
Дөтгөөр сюрприз
Ямар хүн хорлох гэж байгаа биш, нислэгийн энэ үйлчилгээ Монголд ганцхан байдаг тул дэлгэрэнгүй ярихаа болихоор шийдлээ. Аяллын хамгийн таагүй дурсамжийг энэ газартай хамт бүтээсэн юм. Ёстой зүтгэж, нэр нүүрээ бодсондоо хамаг ашиг орлогоо хасах руу нэлээн лав оруулан байж хамтран ажилласан байна. Тэр газрынханд ашиг олох сайхан, их ашиг олох бүүр сайхан байж таарна. Гэхдээ хүнлэг хандлага, ёс суртахуун, сайхан үйлчилгээ гэдэг зүйлсийг мартвал мангас болж байгаа нь тэр байх.
Татгаар сюрприз
470 машинтай хэдэн залуус хөлсөлж явав. Дажгүй ээ. Жуулчинд яваад сурчихсан ч улсууд. Харин бид төлбөрийг нь хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө өгчихсөн нь буруудчихав. Маргааш нь жуулчдаа хүлээж автал орь дуу тавьсан юмнууд л бууж ирж байна. Яачихваа гэтэл жолооч нар 100 гаргаж хурдлаад, машин сүлжээд нөгөө хэдийн маань зүрхийг амаар нь гаргах шахжээ.
-Та нар яаж байгаам бэ? Наяас хэтрэхгүй гэж тохироо биз дээ?
-Тэгээд зүгээр яваа л ирсэн байгаа биз дээ!
Мэдээж бид ч гэсэн хөдөө гарахаараа 120 хүргээ л явдаг. Харин жуулчдад safety мэдрэмж төрүүлэх учиртай гэрээ бидэнд байгаа. Жолооч болгонтой ч тэгж гэрээлсэн. Гэвч “мөнгөө бүгдий нь авцан, тэртэй тэргүй ажил дууссан, ахиж уулзах юм биш үхсэн баас” гэсэн залуус хамгийн сүүлчийн моментон дээр алдарт хогийн монгол зангаа гаргасан нь энэ. Залуус МОНГОЛ ИХ АЮУЛТАЙ ГАЗАР гэсэн имижийг бүрдүүлж чадлаа.
Асуудал хаана байна вэ?
Хүйтэн бүлээн дүүш, орой хоёр цаг өгөөд л тасалдаг тог, баазуудад хийдэг амт муутай хоол, донсолгоотой аймар зам, хэдэн цагаар сэгсчиж явдаг... энэ бол үнэндээ ямар ч асуудал биш байна. Хөгжиж байгаа л орон. Хөгжиж байгаа оны ийм асуудлуудыг ойлгохгүй бол өөрийгөө юм үзсэн жуулчин гэж хэлэх ч хэрэггүй. Хэрэв хямсганаад байгаад түүнд өөрт нь асуудал байгаа гэсэн үг.
Харин бидний хандлага бидний хамгийн том дайсан болж байна. Дуудаад ирдэггүй зөөгч, шөнө гал түлж өгнө гэчээд өгөөгүй амралтын газар, ачааг нь зөөж өгчөөд уурласандаа аваачаад шидэлчихсэн залуус. Дээр дурдсан сюрпризүүд. Энэ бүхэн бид өөрснөө л өөрснийхөө орлого, ашиг, нэр төр, салбарын хөгжил, улсынхаа нүүр царайны эсрэг хийж буй хорлол, дайсагнал болоод байна.
Зөвхөн замын үйлчилгээ ч биш. Аяллын үйлчилгээ үзүүлэгч тур операторууд ч бас сайн халаадаг аж. Гэхдээ одоо болий доо ямар роман бичиж байгаа биш ккк.
Ахиж ирэх нь хамаагүй, ирэхгүй байсан ч яадаг ч гүй, дэлхийн хүмүүс дуусах биш гэдэг энэ хандлагаа болихынсан. Ганц аялал жуулчлалын салбар ч биш бүхий л салбарт цөмөөрөө сууж байгаа мөчрөө хөрөөдөхөө болий, иддэг сав руугаа нулимахаа больцгооё. Гэвч хамгийн аймар нэр хугалдаг, улсаар нь тэнэг харагдуулж чаддаг том гарууд бол манай улстөрчид л дөө. Настай хүмүүсийг аваад 6 цаг машинд давхихад ядаж л нэг боловсон жорлон хөдөө замд байхгүй.
Сайн талууд зөндөө байна
Хүн арай илүү сонирхож магадгүй гээд мууг нь түрүүлж бичлээ ккк. Дандаа ийм хогийн байсан юм биш. Манай сайхан оронд шувууны зураг авахаар ирсэн тэдгээр хүмүүс 14 хонохдоо 14 гайхалтай өглөөг угтаж, мөн тооны сайхан оройг өнгөрүүлсэн. Нов ногоон тал, үржил шимтэй говийн баянбүрдүүд, аварга тас, ёл, буга янгир, зочломтгой монгол айл. Гэнэт ордог азарган бороо, нүүрэнд тулаад ирдэг монголын таван тэрбум одод, цэв цэнгэг сэрүүн агаар.
Бас үнэнкээрийн сайхан зүйл өгч чадах газрууд ч байна. Ёлын амны Говь номад, Баянзагийн Монгол говь баазууд үнэхээр сайхан тав тух үүсгэж чадсан, тун ч дажгүй дулаан харилцааг соёл болгосон газрууд байлаа. Тэрэлжийн Resort World Terelj үнэхээр күүл. Улаанбаатар хотын төвд ч ховорхон аварга том байгууламж үүсгэж, бүх үйлчилгээг цогцлоосон байлаа. Тэдний тогоочид тусгайлан баярлалаа гэж хэлэх гээд мартсандаа замдаа бяцхан харамсаж байлаа. Хоол нь үнэхээр хөдөлмөр гаргаж хийсэн, маш амттай байсан юм. Талбайн хажуудах Галлериа байшин. Дотроо жуулчдын бүх хэрэгцээг багтааж, өндөр стандарт бүтээж чадсан, үнэхээр мэдрэмжтэй бизнес байна лээ. Мөн хээрийн зөөврийнх атлаа бүх тав тухыг бүрдүүлж чаддаг Drive Mongolia-гийн Баатраа ах мах гээд зөндөө олон бахархал талархалууд бидэнд байна. Бид чадах юмаа чадаж л байна.
Бас хамт байсан, тусалсан хөтчүүд мэргэжилдээ үнэхээр эзэн болж чадсан үлгэр жишээ залуус байв. Залуу үеэрээ бахархасан. Залуу хүмүүс зөв хүмүүжилтэй, мэдлэг боловсролтой, өөртөө итгэлтэй байхыг харахаас илүү сэтгэл цэлмээдэг зүйл гэж юу байхав.
За нэг иймэрхүү л юм болж өнгөрсөн юм. Монголд ирэх жуулчид маш олон болох болтугай. Монгол улсад маш их мөнгө авчран үлдээх болтугай.
Катьюша
Гээнээ
Бадамгарав
Бадамгарав
kama
Tuya
Бн
Kana
Зочин
Зочин
Mongol uilchilgee ugaasaa hog
Zochin
Зочин
Зочин
Хаха
Бид
Зочин
Yaag ijil zuil tohioldson.
Зочин
Gerelee
Намуун
unshigch
munguu
zochin
Зочин
irgen
Coolman