Монголын жуулчлалын компани хүн авчраад Эрээнд хоёр хонуулбал нэг хүний 200 юаниар урамшуулна
Эрээн хотын Засгийн ордны Аялал жуулчлалын зөвлөлийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Гэрэлбаатарт тавьсан асуултын хариу
Эрээн хот дотоодынхоо жуулчдыг татдаг шалтгааныг та юу гэж хардаг вэ?
Монголыг зорьж гарсан хэсэг нь Эрээнд ганц хоёр хонодог. Бид Эрээний уугуул соёлыг хайж эхэлсэн. Үлэг гүрвэлийн чулуужмал (чулуужсан яс) хамгийн гол нь байсан. Өнгөрсөн зууны эхээр Америк, Европын судлаач нар анх илрүүлсэн. Тэгэхээр Эрээн бол үлэг гүрвэлийн чулуужсан ясаараа нэрд гарчихсан газар. Нөгөө нэг тал нь бол хилийн боомт хот. Эхэндээ энэ хоёр дээрээ л тулгуурласан. Одоо нэг зүйл нэмэгдсэн. Энэ чинь дээр үеийн улаа өртөөний зам байжээ. Үүнийг мэддэг нэг хоёр хүн нь төрийн хэмжээнд бодлого болгож чадахгүй байсан. Тэгээд бид тэр зам дээр нь өртөөний музей байгуулсан. Тэр үедээ И Линь өртөө гэж байжээ. Жанчхүүгээс (Хаалган, Чуулалт хаалга) 48 өртөө дамжиж Эрээнд ирээд Замын Үүдээр дамжаад тэгээд Чойроор дамжаад цаашаа явдаг байсан. Энд Эрээн давсны нуур гэж бий. И Линь өртөөний ойр хавь олон худагтай. Тэнд нэг буудаллаж аваад хойшоо явдаг байсан юм билээ.
Эрээн хот руу автозамаар ороход угтдаг энэ хоёр үлэг гүрвэл хотын бэлгэ тэмдэг төдийгүй дотоодын жуулчдаа татдаг соронз болжээ.
Монголчууд Эрээнийг аялал жуулчлалын бүс гэж боддоггүй. Монголчууд аялал жуулчлалаар Эрээнд ирж байсан тохиолдол бий юу?
Ирдэг болсон. Бид бодлого гаргасан. Дотоодын жуулчин бол бидний гурван юманд татагдаж байгаа. Нэгдүгээрт, хил орчмын аялал. Өөрөөр хэлбэл тэр хүмүүст гудамжинд явж байгаа УАЗ 469 ч сонин л харагдана. Хилийн соёл гэх юм уу, өөр өнгө будаг харагдана. Нөгөө нэг татдаг зүйл нь үлэг гүрвэл. Нөгөөх нь өртөө замын соёл. Энэ гурваар Эрээнийг зорьж ирдэг (дотоодын) жуулчдаа авчихдаг. Ойр хавийнхан болон Бээжингийн жуулчдыг татдаг. Эрээнээ дагасан ойр хавийн малчин айл энэ тэрээ нийлүүлээд дотоодын жуулчдаа авдаг.
Монголчуудыг яаж аялал руу оруулах вэ гээд бид ажилласан. Дотоодын жуулчинд урамшуулал өгч эхэлсэн. Жишээ нь, Бээжингийн нэг аялал жуулчлалын компани хүн аваад ирвэл урамшуулал өгнө. Монголын нэг жуулчлалын компани хүн авчраад Эрээнд хоёр хонуулбал нэг хүний 200 юаниар урамшуулна. Гэхдээ Эрээний нэг жуулчлалын компанитай хамтрах ёстой. Гэхдээ бид маршрут зааж өгнө. Үлэг гүрвэлийн музей үзэх ёстой, бидний заасан буудалд буух ёстой. Бас хооллох газрын баримжааг зааж өгнө. Жишээлбэл, 30 юаниас дээш үнэтэй хоол өгөх ёстой гэх мэт. Ингээд заагаад өгчихсөн. Ингээд өгөхөөр цаад жуулчны компани хүмүүс зохион байгуулаад оруулж ирдэг. Групп жуулчнаар орж ирсэн хүмүүс эхний өдөр үзвэрүүдээ үзчихээд маргааш нь худалдаагаа хийдэг. Засгаас мөнгө гаргаж аялал жуулчлалын компаниудаа дэмжиж байгаа. Жуулчдаа (Эрээнд) гурав хонуулахад мөнгө эргэлтэд орж байгаа. Ингэж ажиллахгүй бол хөгжиж өгөхгүй. Хөгжил нь удаан болно. Одоо компаниуд аяндаа мэддэг болоод ирсэн.
Ердийн хөсөг, автомашин, галт тэрэг, нисэх онгоц дүрсэлсэн энэ баримал “Цайны зам”-ын түүхэн хөгжлийг товчхон харуулах аж.
Хятадаас Монгол руу жуулчин гаргая гэдэг зорилго танай байгууллагад байгаа юу?
Байгаа. Өмнөд Солонгос руу Тяньжингаар усан онгоцоор явахад хямдхан. Ойролцоогоор 3 000 орчим юаниар явдаг. Бүх юм, замын зардал, зочид буудлын үнэ үүнд багтана. Бараг долоо хоногийн аялал. Бээжин, Тяньжинаас (нисэх) онгоцоор жуулчин авъя гэхээр их үнэтэй. Air China, МИАТ аль аль нь үнэтэй. Замынх нь зардал л 2 000 юань болно. Эргээд дээр нь Монголын буудал, хоолыг нэмэхээр нэг хүний 5 000-6 000 юань болдог. Тэгэхээр хүн 6 000 юаний Монголыг сонгохгүй, 3 000 юаний Өмнөд Солонгосыг сонгодог. Дээрээс нь Өмнөд Солонгосын электрон бараа, гоо сайхны бүтээгдэхүүнд их татагдаж байгаа. Эрээнд ирсэн хүмүүст бол Замын Үүд сонин. Гэхдээ л дотоодын жуулчин авахад үнийн асуудал л гол босго болж байна. Сайн хөгжөөгүй аялал жуулчлалын зах зээлд үнэ гол шалгуур болдог. Харин олон газраар аялачихсан хүн бол энд ирээд Монголыг үзчихье гэдэг.
Эрээн хот руу дотоодын жуулчдыг татдаг нэг чухал сэдэв бол “боомт хот”. БНХАУ-ын 13 боомтыг бэлгэдсэн 13 “хаалга” гэдэг ханз бүхий энэ цогцолбор дотоодын өөрийнх нь нээлттэй, харин гадаадын жуулчид тусгай зөвшөөрөл авч нэвтэрдэг.
Монголын виз авахад ямар нэг хүндрэл гардаг уу?
Хятадын групп жуулчинд 10-аас дээш бол төдөн хувь визийн хураамж хямдруулна гэсэн журам байж л байдаг. Тэр журмаар бүлэг хүмүүс авдаг. Гэхдээ энэ журмыг хувь хүмүүс (виз зуучлагчид) маш их хүндрүүлдэг. Виз олгодог Консулын ажилтнууд ч их хүндрэл учруулдаг. Албаны шугамаар асуухад ямар ч асуудалгүй гэдэг. Журам нь бэлэн байгаа ч тэр хувь хүмүүс авлига нэхэх энүүхэнд. Бээжин, Хөх хот, Эрээнд Монголын консул суудаг. Тэд виз өгдөг. Визийн төлбөр одоогоор 405 юань. Харин Өмнөд Солонгосын групп виз үүнээс хямд.
Дотоодын аялал жуулчлалын сурталчилгаанд жилдээ хэдэн юань зарцуулж байна?
Жилд дотооддоо хоёр сая юань, гадаадад нэг сая юань сурталчилгаанд зарцуулдаг. Гадаад сурталчилгааг ОХУ руу чиглүүлж байгаа. Жуулчинд өгдөг урамшууллыг Эрээн хотын захиргаа гаргадаг. Жилдээ 20 сая орчим юань гаргаж байгаа.
Энэ жилээс буудал сайжруулах урамшуулал нэвтрүүлсэн. Тухайн зочид буудал манай хөтөлбөрт хамрагдаж шаардлагад нийцүүлэн засвар хийнэ. Манайхан хөрөнгө оруулалтыг нь шалгаж үзээд хөрөнгө оруулалтынх нь 25-30 хүртэл хувийг өгч байгаа. Сүүлийн үед хамгийн их хийсэн ажил бол жорлон.
И Лин өртөөний буюу “Цайны зам”-ын музей дотоод, гадаадын жуулчдын заавал орох газрын нэг. Музейд түүхэн эд өлгийн зүйлээс гадна “Цайны зам”-ын гол өртөө Хаалган, Маймаачин хотыг дүрсэлсэн үзмэр элбэг.
Дотоодын жуулчдаас энд ирсэн хойноо Монголыг үзсэн гэсэн хүн хэр олон гардаг вэ?
Алхмын газар ирчихсэн юм чинь алхаж гараад үзчихье гэдэг. Гэтэл бичиг баримтын асуудал шийдэгдэхгүй байна. Хуучин байсан өдрийн жуулчны зөвшөөрөл гэдгийг хүчингүй болгочихсон. Тэр дээр танайх дээгүүрээ будилсан шиг билээ. Дарга нар чинь их будилсан. АСЕМ-ын үеэр зогсоочихсон.
Монгол руу өдрийн жуулчин гаргахад өөр ямар бэрхшээл учирдаг вэ?
Өдрийн жуулчны төлбөр өндөр болчихвол үнэтэй байна гэдэг. Яагаад гэвэл цаад талд гарахаар тийм айхтар сонирхол татчих юм байхгүй. Хоёр зуун тавиас 300 юань бол ямар хамаатай юм үзчихээд ирье гэдэг. Тиймээс үйлчилгээнээсээ болоод үнэ дээрээ жаахан тогтвортой байх хэрэгтэй байна. Маш сайхан үзэх юмтай бол бид нар 800, бүр мянгаар зарсан ч болно. Одоо бол зөвхөн хувийн (гадаад) паспорттой хүн виз аваад л явж байгаа. Нэг өдрийн виз нь хямдхан. Бидний нэг хүндрэл бол, Хятадын иргэд хувийн (гадаад) паспорт авах ёстойг мэддэгүй тал бий. Энэ бол манай талын асуудал. Гэхдээ өдрийн жуулчнаас заавал гадаад паспорт шаардаад байхаар өдөрт гарах хүний тоо багасана.
Зочин
Зочин
Овоо