Өнөөдөр 220 жилийг Манж Чин гүрний эрхшээлд өнгөрүүлсэн Монгол тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Хойтон 100 жилийн ой нь. Гэхдээ тусгаар тогтноод нэгэн зууны нүүр үзчихсэн юм биш. Хоёр хөршөөсөө гадна гуравдагч орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зүтгэл Оросын санаачилгаар дөрөв дэх жил дээрээ талаар болсон. 1921 онд монголчууд дахиад тусгаар тогтнохоор зүтгэсэн ч хойд хөршийн шууд оролцоогоор яг дөрвөн жилийн ойн дээрээ нухуулан даруулсан. 1990 онд Монгол тусгаар тогтнолынхоо төлөө дахиад босов. “Ардчилсан хувьсгал” гэж цоллодог ч чин эрмэлзлэл нь 300 жил мөрөөдсөн тусгаар тогтнол л байсан юм. Ардчиллын дууч “Хонх”-ын С.Цогтсайхан Японы “Асахи” ТВ-ийн асуултад яг ингэж хариулсан байдаг: “Монгол Улс хараат биш, бие даасан, тусгаар улс болно...” Хойтон энэ ярилцлагын 30 жилийн ой. 

Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт оройлогч язгууртан, хувьсгалч, ардчилагч гурван үеийн төлөөлөгчид учир битүүлэг үхсэн, учир шалтгаантай алуулсан, учир шалтгаангүй хоригдсон. Энэ бүхэнд Монгол тусгаар тогтновол улсынх нь хормой сэмэрч мэдэх хоёр хөршөө хардах ёстой. Тэдний арга барил харьцуулшгүй өөр. Урдаас хормойд мөнгө асгаж, ардаас нуруунд хутга шаадаг.

Язгууртнууд

Чин сүжигт, чин ван, да лам Г.Цэрэнчимэд

(1872-1914)

Сэжигтэйгээр нас эцэслэсэн дөрвөн сайдын хамгийн эхнийх нь Дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд, Да лам Г.Цэрэнчимэд байлаа. Тэрээр Манжийн “Шинэ засгийг бодлого”-ыг хэрэгжүүлэхгүй саад хийх явуулгад бусад ноёд болоод Богд Жавзандамбыг татан оролцуулсан гол хүний нэг. Эндээс эхлэн гагцхүү Монголын тусгаар тогтнолын төлөө харилгүй зүтгэснийг Г.Цэрэнчимэдийн намтраас бэлээхэн харж болно. Да лам Г.Цэрэнчимэд 1914 онд баруун хязгаарт томилогдон явах замдаа өвчний учир нас барсан гэх боловч түүхчид үүнд эргэлздэг. 

Чин ван М.Ханддорж

(1869-1915)

Тусгаар тогнолын гол архитекторийн араас нөгөө ертөнц рүү явах ёстой хүн нь Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны сайд, Чин ван М.Ханддорж байжээ. Тэрээр Монгол улс, улс шиг болохын тулд дэлхийн олон улс гүрнээр эрх чөлөө, тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх нь хамгаас чухал хэмээн үзэж байсныг түүх гэрчилдэг. М.Ханддорж 1913 оны өвөл Петербург орж Оростой хэлэлцээ хийхдээ Англи, Франц, Япон зэрэг улсаас Орост суугаа Элчин сайдын яамдад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх асуудлыг тавих зорилго өвөрлөж явсан юм. Гэвч Оросын Гадаад хэргийн яамны явуулгаар түүний санаа бүтээгүй байдаг. Чин ван М.Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгосныхоо маргааш Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдсон байдалтай үхснийг нь архивын баримтад “мориноос унаж нас барсан” гэсэн байдаг. 

Түшээ гүн Г.Чагдаржав

(1869-1915)

Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй Монгол улсын хувь заяаг шийдэх эгзэгтэй, ээдрээтэй Хиагтын гэрээнд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайд, Түшээ гүн Г.Чагдаржав Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон билээ. Тэрээр 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан, нууцаар удирдан зохион байгуулсан зургаан зүтгэлтний нэг. 1914-1915 он дамнан Орос, Хятадын шахалтад есөн сар үргэлжилсэн Хиагтын хэлэлцээрээр Монгол улс өөртөө засах эрхтэй үлдсэн юм. Тухайн үед түүнийг хордсон хэмээн сэжиглэж хор тайлах эм дом хэрэглэсэн юм билээ. 

Сайн ноён хан Т.Намнансүрэн

(1878-1919)

Монгол Улсын ерөнхий сайд. Шашныхан давамгайлсан Богд хаант Монгол улсын засгийн газарт хар, шар феодалуудын мөчөөрхөл их байлаа. Үүнийг намжаах зорилгоор 1912 оны долоодугаар сард Богд хааны зарлиг гарч Сайн ноён хан Т.Намнансүрэнг Бүгд ерөнхийлөн захирах яамны сайдаар тохоон томилсон. Хятад, Орос хоёрыг давж дэлхийн бусад улстай харилцаа тогтоох эрмэлзлэлээ Хиагтын гэрээ батлагдах хүртэл хаялгүй цуцалтгүй оролдсоор байлаа. Т.Намнансүрэн 1914 оны эхээр Орост айчлахдаа Богд хаанаас Японы эзэн хаанд хаягласан захидлыг дамжуулж өгнө үү хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сазановт гардуулсан аж. Гуравдагч хөрштэй болох гэсэн түүний хүсэл даанч санаснаар нь болоогүй. Тусгаар тогтнолын төлөө хамтран зүтгэж явсан дөрвөн сайдаа цаг бусаар алдсан Т.Намнансүрэн удалгүй учир битүүлэг нас барсан юм.

Хувьсгалчид

Дамбын Чагдаржав

(1880-1922)

Монгол Улсын Ерөнхий сайд. Багаас буддын шашны номд суралцсан. Консулын бүлгэмийн гишүүн, Зөвлөлт Оросыг зорьсон  анхны долоогийн нэг. С.Данзангийн хамтаар Москвад очиж зэвсэг, санхүүгийн тусламж авах асуудлыг тохиролцон шийдсэн. 1921 оны 11 сараас Монголын Харилцан туслалцах хоршооны даргаар ажиллаж, Зөвлөлт Оросоос бусад улстай эдийн засгаар чөлөөтэй харилцах байр суурийг баримталсан учир удалгүй чөлөөлөгдсөн. Богд хааны шадар сайдаар тохоогдон 1922 оны хоёрдугаар сарын 8 хүртэл алба хашсан. Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, язгуур эрхийг тууштай хамгаалсан учир 1922 оны 08 сарын 31-нд цаазлуулсан.

Догсомын Бодоо

(1885-1922)

Монгол Улсын Ерөнхий сайд. Балчир наснаас хийдэд шавилан суусан. 1921 оны 7 сарын 10-нд Монгол улсын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдон дотоод, гадаад үндсэн чиг бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд томхувь нэмэр оруулжээ. Орос газраас тулгасан большевизмыг эсэргүүцэж, гуравдагч улстай харилцаа тогтоохоор зүтгээд 1922 оны эхээр бүх тушаалаасаа чөлөөлөгдсөн. 1922 оны наймдугаар сард “гадаадын харгис дайсны этгээдтэй сүлбэлдэн нийлж, Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ба нуун дарсан” хэмээх хилс хэрэгт тулгагдан цаазаар авахуулжээ.

Солийн Данзан

(1883-1924)

МАН-ын анхны дарга, Сангийн яамны тэргүүн сайд. 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг. Хүрээний бүлгийг үүсгэн байгуулагч. 1921 онд Зөвлөлт Оросоос санхүү, зэвсгийн тусламж авах асуудлыг Москвад тохиролцон шийдсэн. 1923-1924 онд Бүх цэргийн жанжны албыг хашиж, улс орны тусгаар байдлыг бэхжүүлэхээс гадна дотоод, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцсон шинэ Монголын удирдагч. Монгол улсын бие даасан байдал, үндэсний хөгжлийн замын үзэл баримтлалыг тууштай хамгаалан тэмцсэн С.Данзанг 1924 оны 8 сарын 27-нд Оросын большевик тавиул Э.Д.Ринчиногийн заавраар  баривчилж шүүхийн шийдвэргүй “хувьсгалын эсэргүү” хилс хэрэгт яллаж буудан алсан.

Пэлжидийн Гэндэн

(1895-1937)

Монгол Улсын Ерөнхий сайд. П.Гэндэн Оросоос ирүүлсэн удирдамж заавар зөвлөгөөг удирдлага болгож байсан. Гэвч “Шинэ эргэлтийн бодлого”-оос эхлэн өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болжээ. П.Гэндэн эдийн засгийн хямралыг даван туулахдаа зах зээлийн зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлэхээр эрмэлзсэн юм. Түүгээр зогсохгүй Монголдбайсан ЗХУ-ын хөрөнгийн оролцоотой худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим баримтлан Монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахаар зүтгэсэн. Гэвч хойд хөрш түүнийг 1937 оны 7 дугаар сарын 10-д “Эх орноосоо урвасан” хэрэг тулгаж 1938 оны 11 дүгээр сарын 26-д цаазалжээ.

Агданбуугийн Амар

(1886-1941)

Монгол Улсын ерөнхий сайд. Алтан ургийн язгууртан. А.Амар төрийн өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох, хууль, дүрэм,  заавар зэрэг төрийн 300 гаруй баримт бичиг боловсруулахад оролцсон. Түүний үйл ажиллагаа хойд хөршийн бодлоготой зөрчилдөж 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр баривчлагджээ. Чингээд 1941 оны 7 сарын 11-нд цаазын ял өгч зургаан хоногийн дараа гүйцэтгэжээ. 

Ардчилагчид

Мэндсайханы Энхсайхан

Монгол Улсын Ерөнхий сайд. Ардчилсан хувьсгалын өмнө “Шинэчлэгч 15 эрдэмтэн”-ий багт орж улс төрийн тогтолцоог ардчилж, Үндсэн хуулийг шинэчлэх төсөл боловсруулахад идэвхтэй оролцсон. 1996-1998 онд Ерөнхий сайдаар ажиллахдаа чөлөөт зах зээлд шилжих бодит алхам хийж үнэ чөлөөлсөн. Түүний үрээр Монголын эдийн засагт 70 жил тогтсон өмхийрсөн “хиймэл цөөрөм” урсгал сэлгэж жам ёсны тогтолцоо руу шилжсэн. 2012 онд “Монголын төмөр зам” ТӨК-ийн захирлаар ажиллах хугацаандаа Монголын төмөр замыг бие даан хөгжүүлэх бодлого боловсруулсан. 2014 онд Монгол Улсын сайдаар томилогдон ажиллаж Таван Толгойн нүүрс, Оюу Толгойн зэсийн уурхай, цахилгаан станц зэрэг том төслийг хэрэгжүүлэхэд гуравдагч хөршүүдийг оролцуулах бодлого баримталсан. Түүнийг “Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан” хэргээр баривчилж “зах зээлийн үнээс хямд машин худалдаж авсан” гэж яллажээ. 

Санжийн Баяр

Монгол Улсын Ерөнхий сайд. Монголын Үндэсний Телевизээр ардчиллын үзэл санааг түгээсэн “Цаг үе, залуучууд” теле нэвтрүүлгийн хөтлөгчөөр олонд танигдсан. Монголыг шатахуун түгээгүүрийн сүлжээ болгох Оросын "100 колонк" тулгалтыг няцааж байв. Нам нь илт давуу ялсан ч сөрөг хүчинтэйгээ хамтарч “стандарт бус” Засгийн газар байгуулан зургаан жил хүлээгдсэн Оюу Толгойн гэрээг байгуулсан. Ийнхүү Монголд “уул уурхайн тэсрэлт” үүсэж манай эдийн засаг дэлхийд байгаагүйгээр өсөн Монголыг огцом баяжсан дараагийн улс болох нь хэмээн бүгд харж байлаа. Гэвч түүнийг “хорлон сүйтгэх бүлэг байгуулсан” хэргээр баривчилж, эцэст нь нэг компанид давуу эрх олгосон хэмээн ял өгөөд байна. Гэвч мөнөөх давуу эрх олж авсан гэх компани нь Оюу Толгойд нийлүүлсэн бүтээгдэхүүнээсээ олсон ашиг нь өмнөх жилүүдээсээ буурсан байдаг. Түүгээр зогсохгүй өөр компаниуд Оюу Толгойтой гэрээ байгуулжээ. 

Дээлтэй Монголын урд хормой алтаар дүүрсэн ч сөхрөхгүй, хойноос ноцлоо гээд хонгонд минь хүртэл өдий. Монголын тусгаар тогтнол мах, гурилаас ч үнэтэй:    

Эзэн сууж жаргасан

Их заяагаа сүсэглэж

Эх орон танынхаа

Ирээдүйн таалалд нийцүүлж

Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн

Итгэлийн сувд үгсээр

Эрх жаргалаа баталсан

Иргэн бүхний гараар

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ БИД!