Хэдэн зуугаар нь хулдаасан самбар өлгөх, элдэв инээдтэй суртал пи ар хийх, хэдэн мянган залуусыг хөлсөлж саравчтай малгайтай хотоор тэнүүлэх, өөрийн хаяг дээр хэдэн арваар нь хүн нэмж луйвар хийх гэх мэт нь үнэхээр хэцүү бөгөөд тийм ч найдвартай аргууд биш л дээ, бас их мөнгө зарна. Сонгуульд ялах маааш амархан нэг л арга бий? Юу вэ гэж үү? Зүгээр л үндсэн АЖЛАА САЙН ХИЙХ. УИХ –ын чуулганд ихэнхидээ л 40-өөд хүн суудаг. Томоохон сайдууд нь өөрсдөө л цавчиж, идэж уух гэж дайрна, эх нутгаа зарна, авлига авна. Хэрэв дөрвөн жил хариуцсан ажлаа гялалзуулчихсан бол шууд л ялаад гараад ирнэ. Харин хариуцсан ажил гэдэг нь тойрогтоо хэдэн юм янзалж, усан оргилуур энээ тэрээхэн барьж өгөхийн нэр биш байх л даа мэдээж.
    
АН-ыг муулахуй

Монголын эдийн засагт хамгийн балагтай бэлэн мөнгөний амлалт. Энэ миний үнэхээрийн ихээр жигшдэг зүйл. “Ингэж тэгж тэтгэнэ, ийм мөнгө тараана” гэх мэт үгсийг сонсох бүрт дотроос хатгах шиг санагддаг юм. 2004 оны сонгуульд АН-ынхан “хүүхэд бүрт 10 мянган төгрөг” гэсэн хөтөлбөр гаргаж нийгмийн хар масст ихээхэн таалагдав. Тухайн үеийн МАХН идэвхитэй эсэргүүцэж байснаа аргагүйдэж шинэ хос бүрт 500 мянга г.м. балагтай юмнууд дууриаж сэдэв. Ерөнхийдөө хамгийн зальжин пи ар, маркетингийг АН-ынхан эхэлж сэдээд, түүнийг нь МАН дууриадаг. Хүүхдийн 10 мянгын хүчээр үнэхээр том ЯЛАГДАЛ МАН хүлээсэн. Улмаар 2008 онд иргэн бүрт сая таван зуу энээ тэрээ бүүр ч гаж. Бэлэн мөнгөний амлалтыг анх сэдсэн хүмүүс нь яах аргагүй АН-ынхан. Өдгөө тэд хамгийн өндөр рэйтингтэй явж буй нь өөрсдийн сайных биш, МАН-ыг хүмүүс үзэн яддагтаа л тэр. Яагаад бүгд МАН, АН-д дургүй мөртлөө гуравдагч хүчин гарч ирдэггүйг мэдэх үү? МАН-ыг үзэн ядагчид нь АН-ыг сонгодог, АН-ыг үзэн ядагчид нь МАН-ыг сонгодог болохоор л тэр. Монголчууд өөрсдийн сонголтыг ЯДАЛТЫН үндсэн дээр хийдэг. Үзэн ядалт ч хайраас хүчтэй мэдрэмж шүү. Бас миний л ойлгосноор АН 2000 онд л яг утгаараа байгуулагдсан, олон фракцтай, яллаа гэхэд гараад юм хийж чадах эсэх нь эргэлзээтэй. Дурын сайд даргад нь хэдэн төгрөг амлахад өөрснөө МАН-руугаа гүйлдэж мэдэхээр л улс. За тэгээд АН гэдэг нэр л сайхан брэнд болохоос биш нэр дэвшигчидийнх дунд үл бүтэх улс МАН-аас илүүднэ үү гэхээс дутахгүй.

МАН-ыг муулахуй


МАН-ын том дарга нарын амнаас авлигатай тэмцэх тухай үг ерөөс гарахгүй нь сонин. Таануус өөрсдөө бүх томчуудынх нь ярилцлагыг уншиж, хараарай. Ийм тийм мөнгө тараана, хоёр давхар зам тавьна, эх орондоо сайхан амьдарна г.м. үгээр л дүүрэн боловч хэн нь ч “авлигаас ангижруулна” гэж хэлэхгүй. Авлига гэдэг нь үндсэндээ нийгмийн, улсын шимэгч хорхой юм. Шимэгч хорхойтой хүн хэчнээн их хоол идээд ч нэмэргүй хий дэмий л гэдэс нь цүдийж, биеийн бусад хэсэг хорчийсоор л байдаг. Манай улс ч бас авлигачид хэмээх шимэгчтэй болсон. Эдийн засаг 17 хувь өсч, асар их мөнгө цутган орсоор байгаа ч зөвхөн хэдхэн том АВЛИГАЧ ХУЛГАЙЧ ПАРАЗИТ дарга цүдийж, бусад нь ядуурсаар л. Манай улс паразит өвчтэй болж. Өвчнөөсөө салахгүйгээр хэн ч ямар ч сайхан зүйл мөрөөдөөд нэмэргүй. Харин МАН авлигачдад хайртай, тиймээс ч авлигатай тэмцдэггүй. Шинэчлэгдэж буй гэж өөрснийгөө магтах ч шинэ элсч буй залуус нь өөрсдөө авлигач болохыг мөрөөдөж л МАН-д элсдэг. АН-руу ороод зулгаах юм хомс учраас залуус цөөнтэй л дөө.

Түүнчлэн МАН-ынхан том жижиггүй бүгдээрээ уйтгартай, бөөрөнхий яриатай. Ганц гайгүй сонирхолтой, үзэл бодолтой дуугарчихдаг нь С.Баяр. “Бид бага ярьдаг” гэж өөрсдийгөө магтдаг ч үнэндээ юу ярихаа мэддэггүй хэрэг. Тиймээс үргэлж бэлдсэн, захиалгат ярилцлага өгдөг. Бэлдэхгүйгээр хэдхэн юм хэлчихэрээ л “талх 300”, “хорин мэргэн буудагч”, “түрээсийн байр” гэх мэтээр фактална. Яагаад яриандаа фактлаад байна гэхээр угаас дотроо бодолгүй учраас л тэр. Өөрийн гэсэн үзэл санаатай, элдэв юм тээж шаналж, бодож сэтгэдэг тархитай хүмүүс харин ч ЯРИХ, БИЧИХ дуртай. Ер нь МАН улс төрийн байгууллага боловч цэргийн зохион байгуулалттай. Даргын тушаалыг үг дуугүй биелүүлнэ, даргын “ҮЗЭЛ БОДОЛ” л жинхэнэ үзэл бодол. Угаас үзэл бодол уралдуулах гэж элсдэг нам биш, сайхан жийп, унацтай албан тушаалын төлөө л уралддаг юм хойно.

За тэгээд яриад л муулаад шүүмжлээд байвал зөндөө бухимдмаар юм бий л дээ, хэт олон юм бичвэл захиалгат нийтлэл шиг болчихно.

МАХН – МҮАН, ИЗНН болон бусад


МАХН-д бол “заа ёстой ш**цгаа” л гэе даа. Нийгмийн хар массын саналыг авна гэдэг авъяас. Гитлер 30-аад онд нийгмийн олонхи хар массын саналаар л дээшээ гарсан. Тухайн үеийн Германы учир мэдэх сэхээтнүүд нь Гитлерийн балгийн тухай мянгантаа бичээд, яриад, учирлаад хар масс нь хүлээж аваагүй. Яг түүн шиг л жаахан юм эргэцүүлдэг хүмүүс МАХН – МҮАН-ыг хэзээ ч дэмжихгүй, харин манай нийгмийн олонхи түүнийг “өрөвдөж хайрлана”, улс төр л юмдаа. Авлигын гамшигийг манай иргэд сайн ойлгодог болчихвол түүнийг цэцэглүүлж загалмайлсан Энхбаярыг дэмжихгүй л байхсан.

Хар массын анхаарлыг гойд сайхан татаж буй өөр нэгэн эрхэм бол ҮЭ-ийн Ганбаатар. Хар масс гэдэг нь хар царайтай боловсролгүй улс гэсэн үг биш. Маш ганган хээнцэрхэн хувцастай ч, өндөр боловсролтой ч тархиндаа юм эргэцүүлдэггүй, Солонгос хамтлагаа сонсдог залуус ч хар масстаа л орно. Ерөөсөө л “өгнө, тараана, халамжлана, та бүхний төлөө тэмцэнэ” гэсэн сэтгэл уярам үгст автаж буй хүмүүс бол хар масс. ҮЭ-ийн Ганбаа Оюутолгойг муулж шантаажилсаар байгаад дүү бүсгүйгээ том местэнд нь тавьсан, гурван дүүгээ Австралид улсын зардлаар сургаж буй, жинхэнэ Мүүний шашныг сурталчлагч... гээд үргэлжлээд байвал Энхбаяраас дутахгүй муу хүн. Уг нь нэр цэвэр давгүй сөрөг хүчин болох нь уу гэж ИЗНН-ыг харж байсан. Харин ҮЭ-ийн Ганбаатай нийлсэнээс хойш тэдэнд эргэлзэл төрөв.

Улс эх оронд нь ямар их гайтайг нь мэдсээр байж хүмүүсээс коок авахын тулд “БЭЛЭН МӨНГӨ ТАРААНА, ХАЛАМЖИЛНА” гэж орилолдох улс төрчид бол хамгийн адгийн шаарууд, миний л бодлоор. Хүүхдээ уйлуулахгүйн тулд шүдийг нь хорхойтуулдаг чихэр өгч буй эцэг эхээс ялгаагүй шүү дээ.

Тэгээд яах ёстой вэ?

Өмхий гээд хошногоо тайрдаггүй, түгжрээтэй гээд замаа эвддэггүй шүү дээ. Ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол манайд бий, төгс биш нь мэдээж. Хэчнээн ч мууллаа гээд өнөөгийн улс төрчдөөс л хэн нэг нь төр барьна. Хэрүүл, хар пи ар, сонгуулиар хоорондоо өрсөлдөх нь АК47-оор алалцахаас хавьгүй боловсронгуй, дэвшилтэт арга. Сонгууль өгч, эрх чөлөөгөө мэдрэхийг энэ дэлхийн хэдэн зуун сая, тэрбум хүн мөрөөдөөд ч чаддаггүй гэж санана.

Юуны төлөө сонгуульд санал өгдөг вэ? Харваас хэн нь ч ямар ч ашиггүй, адилхан л заваан гарууд байна уу? Нэгийг нь сонголоо гээд өөрт чинь яг юу өгөх юм гэж эргэлзээд байна уу? Буруу бодол. Улсын их хуралд “нөхөд” маань тусгаар, ардчилсан улс гэдгийг илтгэж сайн муу, бөх дуучин хамаагүй ард түмнийг төлөөлж сонгогддог юм. Ямар ч улс төрч амьдралыг чинь тэтгэх ёсгүй, ямар нэг улс төрчийг сонгосноор чамд ашигтай байх ёсгүй, бүүр хуулиар хориотой зүйл. Хужаа барилгачин биш дээ, тойрог дээрээ очоод нэг удаа тусгаар улсын иргэн гэдгээ ойлгоод ухамсарлачих хэрэгтэй. Хэнийг сонгохыг чинь харин хэн ч заах ёсгүй. Хэн нь ч таалагдахгүй байвал хамгийн үзэн ядаж буй хүнийхээ эсрэг санал өгч болно, эсвэл зүгээр л өөрийнхөө нэрийг нэмж бичээд зүггүйтэж болно, юу ч бөглөхгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж ч болно. Хэчнээн хөгийн шаар байсан ч БИД ӨӨРСДӨӨ Л СОНГОХГҮЙ БОЛ БЭЭЖИН, КРЕМЛЭЭС СОНГОЖ ӨГДӨГ ЮМ. Тиймээс сонгуульдаа идэвхитэй оролцоорой залуусаа, найзууддаа ч бас уриалаарай. Америкчууд сонгуульдаа идэвхигүй оролцдог гэж бүү барьцаарай, тэдний чинь хамгийн их айдаг Орос, Хятад хоёр нь манай хөршүүд юм. Улс багаддаггүй, ухаан л багаддаг гэж үг бий.

Эцэст нь, яваандаа улс маань хөгжиж, сайн улстөрчид гарч ирэх байлгүй дээ. Хэдэн жилийн өмнөх сонгуулиар хамтлаг дуучид задгай талбайд шоу тоглолт хийж, мөнгө тараах нь жирийн үзэгдэл байснаа бодохоор инээдтэй, эмгэнэлтэй байгаа биздээ. Ойрхны ирээдүйд ч бас “..тээр нэгэн жил манай нэг том сайд түрээсийн байранд үнэгүй амьдардаг тухайгаа ярьж билээ..” гээд доог наргианаар дурсаж суух вий. Бас тэрхүү сайд нь автомат машинд итгэхгүй гараар санал тоолохыг хүсдэг байсныг ч дурсаж хөгжилдөнө. Бас зарим хуншгүй нам, улстөрчид нь бэлэн мөнгө амлаж ард иргэдээ хулхидаж байсныг ч дурсаж “хөгжилдөнө”. Эцэг эхийнх нь элдэв таагүй, хачирхалтай дурсамжийг доог тохуу хийж суух хүүхдүүдэд чинь таалагдахгүй нь лавтай, мэдээж хэрвээ Монголдоо амьдарвал шүү дээ. Тиймээс улс төрчид минь, ухаалаг байцгаая. Ард түмэн улам ухаантай болж байгаа.

facebook.com/aanxaa.scenario

twitter.com/aanxaa