Монгол зул сар. Монголд XIX зуунаас загалмайн шашин дэлгэрүүлэх бүтэлгүй үйлсэд Скандиновынхон хошуучилсан байдаг. Тэд Монголд Зул сарын мод чимсэн баттай мэдээ баримт алга. Гэхдээ Дани эр Хеннинг Хаслунд "Далд Монгол- Явна аа" номдоо Зул сар тэмдэглэсэн түүхээ бичээд зогсохгүй гэрэл зурагч авчээ. Үүнийг Ёолконд тооцоход буруудахгүй санагдана. 1923 он. Хөвсгөл аймаг. Булган тал. 

Хуучин оны отгон сарыг “шинэ жил тэмдэглэн” наргиж өнгөрөөдөг монгол уламжлал бий. Энэ цэнгэлийн дэг жаяг социализм байгуулах солиорлын жилүүдэд хэлбэршин тогтжээ. Социализмыг нь түүхийн хог руу чулуудсан монголчууд “шинэ жил”-ийг нь аваад үлдсэн. “Байн байсаар бүх дэлхийн Октябрь болно” гэгчээр өдгөө бүрдэж болох бүхий л “хамт олон”-ы хүрээнд хавтгай тэмдэглэдэг. Тавагтай хоол, хундагатай сархад нь хаа ч адилхан гэлээ зочдын ихэнх нь “давхцахгүй” учир тэмдэглэх ёстой гэж итгэхийг хүсдэг. Басчиг хоосонгүй, дундаасаа заавал “шилдэг”-ээ тодруулах журамтай. Хаа газар ховор ийм ёс хойноос ирж нутагшаад өдгөө монгол уламжлал болжээ. Монголчууд үүнийг “Ёолк” гэнэ. Он солигдох мөч биш, “Ёолк” хэмээх тусдаа баяр гэдгийг нэршил нь хэлээд өгнө. 

Хувьсгалд өртсөн хуулбар Ёолк

Үйлтэй тэрэг. В.И.Лениний унаж явсан, өөрчлөн засварласан Silver Ghost загвар. Өдгөө “Горки Ленинские” Улсын түүхийн дархан цаазат-музейд хадгалагдаж байна.

Монголчууд Оросын Ёолкыг оригинал гэж одоо ч итгэдэг. Үнэхээр ч тийм. Өнгөрсөн оноо дүгнэж, шинэ жилээ төлөвлөх нэрээр ууж, иддэг хөл хөсөөн СССР-ээс эхтэй. Гэхдээ Орос газар нутагшиж, коммунист агуулга ортлоо чамгүй хугацааг үджээ. Оросууд I Петрийн санаачилгаар 1700 оноос Европын улсуудын адил 12 дугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-д шилжих мөчид Шинэ жил тэмдэглэх болсон байна. Урьд тэд заншил ёсоороо есдүгээр сарын 1-нд “шинэ жил” тэмдэглэдэг байж. Большевикууд анхны Ёолкоо 1919 онд хийжээ. 1919.01.01-нд хуягласан Rolls Royce-оор Сокольникод ёолкдохоор гарсан нөхөр В.И.Ленинийг Яков Кошельков гэгчийн бүлэг дээрэмдэж бичиг баримт, мөнгө, хуягласан машиныг нь ч аваад талийсан. Үүнээс сэжиглэсэн үү, ямартаа ч Зөвлөлт засаг Ёолкыг “хуучин нийгэм”-ийн хог гэж үзэв. “Шашны мунхруулгатай тэмцэх” өргөн кампанит ажлын бай нь Есүс мэндэлсэн Зул сарын баяр болж, хоморгонд нь Ёолк өртжээ. Энэ кампаний үеэр тусгай жижүүр томилж гацуур засан Зул сар тэмдэглэж байгаа айлуудыг илрүүлэн арга хэмжээ авах болов. Зул сарын орой албан газрууд элдэв хурал цуглаан зохиох зэргээр бүх боломжоороо Зул сартай тэмцэж байлаа. Тэгэхээр зохиолч Д.Нацагдорж орос, казах, монгол нөхдийн хамт большевикуудын адисласан Улаанбаатар хотод 1931 онд шинэ жил тэмдэглэсэн нь өнгөрөөж болшгүй улс төрийн алдаа юм.

Үндсэн хууль ба шинэ тоолол

Өнөө зураг. Зохиолч Д.Намдагийн дурсан бичснээр Улаанбаатарт монгол, орос, казак залуус Шинэ жил тэмдэглэж буй энэ зургийг "Берлин" хочит Бат-Очир даржээ. Бат-Очир олон зургийнхаа нэгний ар дээр "Тайж Нацагдоржийн банкет" хэмээн бичиж Дотоодыг хамгаалах яаманд өгснөөр энд оролцсон бүх хүмүүс баривчлагдсан гэдэг.

Монголчууд Үндсэн хуультай болж Григорийн тоололд шилжсэн учир 1925 оны нэгдүгээр сарын 01-нд шинэ тооллыг тэмдэглэжээ. Үүнийг Ёолк гэж хараахан болохгүй. Тэр өдөр төрийн байгууллагын албан хаагчид, нам төрийн удирдлагууд Засгийн газрын өмнө цуглаж, жагсаалаар ирсэн цэргүүдэд Улс Бага Хурлын Тэргүүлэгч П.Гэндэн Улсын Их Хурлаас Ардын цэрэгт өргөмжилсөн тугийг барьж, үг хэлжээ. Бас нам төрийн удирдлагууд Засгийн газрын байранд зассан ширээнээ шинэ тоололд орсны учир бяцхан цайллага хийжээ. Хөдөөгийнхөн энэ явдлыг өөрөөр ойлгожээ. Одоогоор Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумынхан дээр дооргүй 1925 оны 1 дүгээр сарын 1-нд золгон шинэлцгээсэн аж. Ёолкыг монгол заншлаар тэмдэглэх анхны оролдого гэвэл энэ. Үүнээс хойш шинэ жил гэж тэмдэглэсэнгүй. СССР коммунизм байгуулах таван жилийн төлөвлөгөө батласан 1935 оноос Москвагийн оригинал Ёолкын түүх эхэлжээ. Ёолкыг улс төржүүлчихвэл басчиг хэрэгтэй баяр гэдгийг Сталин олж харсан юм билээ. Нийгэм журам байгуулахаар зориг шулуудсан Монгол Москваг дуурайж таараа. Эхэндээ монголчууд “Ногоон модны наадам” гэж байсан ч ярианы хэлэнд оригинал оросоороо “Ёолк” гэж хэвшив. Дэлхийн II дайны тарчиг жилүүдийг бид Ёолктой мантай өнгөрөөсөн. 

Ялалтаар яс нь боссон Ёолк


Амьтантай Ёолк. Ц. Балгансүрэн, Г.Дарамзагд нарын "Сүлд модны тойрон бүжгийн дуу" 1961 онд зохиогджээ. Социалист Монголын хэдэн үеийнхэн энэ дууг цээжээр мэднэ. Дууны үгээс Ёолконд амьтад гол дүр байсан нь ойлгогдоно.

Дайны сүүлийн жил Холбоотнууд фашизмыг ялах нь нэгэнт тодорхой болоход монголчууд дориун ёолкоджээ. “Үнэн” сонины 1945 оны анхны дугаарын тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн Дашдэндэвийн зохиосон “Сүлд модны наадамд цасны цагаан өвгөний хэлэх үг”-ээс чамгүй зүйл харагдана:

... Хойд туйлд нутагтай 

Хол сэрүүн оронтой

Олны буурал аав нь

Онцолж энд ирэхдээ... гэдгээс монгол Өвлийн өвгөн бол Санта Клаусын социалист хувилгаан дүр гэдгийг ойлгоход учиргүй их ухаан хэрэггүй. Цаашаа:

... Өнгөрөгч оныхоос илүү

Өндөр амжилт олохын 

Өлзийтэй сайн ерөөлийг 

Өргөн дэвшүүлж барья... Эндээс Өвлийн өвгөн зүгээр ч нэг ирдэггүй, үдэх оноос үлдсэн төлөвлөгөөний өрийг сануулж, ирэх жил илүү ихийг нэхдэг улигт уламжлал тодорно. Түүнчлэн:

... Барс мэт хүчтэй

Бараадаж явахад түшигтэй

Бах чадал төгс

Баатар зоригт баавгай

Цасан мөсөн гялтганасан 

Цан хүүрэг бүрхсэн

Цагаан тайгаар дэгдэгч

Чандган олон туулай

Уул талыг дамжиж

Уруу өөдөө сүлжигч

Ухаан арга төгс 

Уран зальт үнэг 


Хөхөө өвлийн хүйтэнд 

Хөр цасны хайрууд 

Хөндий талд бэлчигч 

Хөдөөгийн гөрөөс цөм

Хөрш нөхөдтэйгөө золгож 

Хөгжиж бүгдээр тоглоцгооно... гэжээ. Социалист хувилгаан Өвлийн өвгөнтэй энэ л амьтад Ёолк болгоноор ирдэг сэн. Үүнээс хойш биеэрхүү майжиг хөвүүн баавгай, жижигхэн охин туулай, шар хүүхэд үнэг, бүжгийн авьяастай бол гөрөөс болох ёс тогтсон юм санжээ. Хөгжлийн явц амьтдын бүжгийг дэглэж, хэлэх шүлгийнх нь толгой сүүлийг холбосон билээ. 1945 оныг үдэх Ёолк социалист дэглэлтийн эхийг тавьж, Анхдугаар таван жилийн төлөвлөгөө баталсан 1946 оноос бид Ёолкоор өнгөрсөн жилийн ажлаа дүгнэх улс төрийн арга хэмжээтэй золгосон юм.

Фашизмыг дарах дайнд хамгаа барьсан Монголыг хэдий СССР мартсан ч 1945 оны Ёолкыг монголчууд ялагчийн ёсоор тэмдэглэсэн байдаг. Харин 1946 оноос Улсын цирк, Улсын хөгжимт драматиг театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг дээд сургууль тус бүртээ ёолкодсон. Х.Чойбалсан тэргүүтэй нам-засгийн тэргүүлэгчид бүгдээр нь зочилжээ. Оргил Ёолкыг Улсын хөгжимт драматиг театрт тавьж Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд баярын үг хэлэн хундага өргөсөн байна. Түүгээр зогсохгүй тус театраас бэлтгэсэн зоогийн ширээг хүмүүс худалдан авч үүрийн таван цаг хүртэл танцлан цэнгэснийг “Үнэн” сонин гэрчилнэ. Тэр цагаас зарим айл гэртээ Ёолк засдаг болсныг С.Эрдэний 1961 онд бичсэн “Цаасаар хайчилсан цасан ширхэг” өгүүллэгээс уншиж болох юм.

Алагчаалагч цагаан өвгөн

Домог. МУАЖ Г.Гомбосүрэн залуугаасаа Өвлийн өвгөний дүрээр Ёолконд оролцож иржээ. Тэрээр хамгийн олон жил Өвлийн өвгөн болсон дээд амжилтаараа хэнийг ч дагуулахгүй. Тэрээр нэгэн Харшийн сүлд модны наадам дээр хүүхдүүдийн дунд Ж.Самбуутай хамт сууж байна. Монголын хэдэн үеийнхний сэтгэлд энэ дүрээрээ мөнхөд орших буянтан.

Санта Клаусын хувилгаан дүрийг монголчууд “Цасны цагаан өвгөн”, “Цагаан өвгөн” гэхчлэн нэрлэж ирснээс “Өвлийн өвгөн аав” нь жавар халирам дотно сонстдог. Чухам тийм Өвлийн өвгөн аав бол МУАЖ Г.Гомбосүрэн. Гэхдээ Монголын анхны Өвлийн өвгөн мэтээр гөрдвөл түүх гомдохоор юм билээ. 

Сталины Ёолкыг монголчууд үсгийн зөрүүгүй хуулсан. 1945 оны “Үнэн” сонины тэмдэглэлийг харвал Драмын театрын Ёолконд жүжигчин Г.Дашпунцаг Өвлийн өвгөн болжээ. Г.Дашпунцагийг “Ардын элч” киноны Бадарчийн дүрээр нь бид мэднэ. Харин “Шинэ он”-д МУАЖ Б.Лоовой тоглосон аж. Өвлийн өвгөн, Шинэ он хоёр албан гаруудын дутагдлыг шүүмжилсэн шог үзүүлбэр тоглож эцэст нь Өвлийн өвгөн Шинэ онд ажлаа хүлээлгэн өгсөн байдал үзүүлсэн гэнэ. Тэр жил Улсын циркийн Ёолконы Цасны өвгөнийг алиалагч Данзан тоглосон юм санжээ. Цагаан өвгөн мэнд мэндчихээд ширээн дээр гарч зогсон Хот сайжруулах хэлтсийнхэнд хотын хог шороог хараг гэж харааны шил, өвлийн бэлтгэлээ хангаагүй зарим байгууллагад түлээ, ажилчдаа бүртгэдэггүй шүдэнзний үйлдвэрт цаг бэлэглэсэн аж. Ийн муу ёроос хамгаалагч Цамын Цагаан өвгөний дүртэй ч коммунизм байгуулах социалист уралдааныг дүгнэдэг хоржоонтой шүүгч төржээ. Эхэндээ албан газруудаар явдаг байснаа сургууль, цэцэрлэгээр ч зочлох болов. Зүгээр ороод гарахгүй онц сурлагатан, авьяслаг хүүхдүүдэд сорчилж бэлэг өгөөд, заримыг нь алиалагчаараа дурандуулан ичээж амьтны үрсийг алагчаалдаг ёс тогтоосон юмсан. Бүр байчихаад 1958 оноос шилэгдмэл хүүхэд л босгыг нь давах эрхтэй Харшийн сүлд модны наадам гээч социалист цам харайх болжээ. Мөнөөхөн ёслолын гол эзэд нь Монголоо мартсан Ю.Цэдэнбал, Монголыг ойлгохыг ч хүсээгүй “Авгай” хоёр. Ю.Цэдэнбал зурагт, радиогоор мэндчилгээ дэвшүүлсэн удаагүй ч 1965 онд Харшийн сүлд модны наадам дээр ам нээжээ.

 Энэ ч дүүрч. Эрүүл ухаанд багтахгүй социализмын нэг ойлголт бол төлөвлөгөө. Борлуулалтыг огт хэрэгсдэггүй энэ ухагдахуунаар төлөвлөгөөгөө биелүүлчихвэл халуун зунаар ч Ёолк хийж болдог. Эрүүл хүн ойлгоход аргагүй тэнэглэлээ тайлбарласан “Шинэ жил” гэдэг марзан киног 1954 онд хийжээ. Хөгшин эхтэй гавшгайч хархүү анхны цаснаар “Ёолк хийнэ” гэж ээжийгээ сандаргадаг түүх. Амжилттай яваа хэн ч хүссэн цагтаа Ёолк хийсэн болно гэдэг мангар ойлголт өвлөгдөж, өнөөдөр ч эрчээ алдаагүй яваа. "Шинэ жил" биш Ёолк тэмдэглэж байгаа хойно 12 дугаар сарын аль нэг өдөр ууж, идэх огтоос асуудал биш билээ. 

Ёолкыг чимсэн монгол араншин

Монгол Ёолк. Үзэл суртлын дайчин элчийн дүрээр Монголд тодорсон Өвлийн цагаан өвгөнийг бид дор нь монголжуулсан. Түүний өмсгөл зүүсгэл, намба төрхийн хувьд СССР-ийн Дед Морозтой зүйрлэх аргагүй. Ёолкыг ч монголчууд монголжуулжээ.

Өвлийн өвгөн гуай Павловын эхнэр шиг амьтны үрсийг алаг үзсэн ч монголчууд Ёолконд дуртай байлаа, одоо ч инерц нь хэвээрээ. Большевик үзэлтэй цуг орж ирсэн бусад баяраас коммунист хог шороо хавьгүй бага, басхүү Европ соёлын галаас үсэрсэн оч болоод тэр. Ядахад Аюуш бурхны шидээр мөнхийн хутаг олсон урт нас, аз жаргал, энх амгалангийн бэлгэдэл Цагаан өвгөнтэй... Хоёр мянга таван зуун жилийн настай буддизмыг нүүдэлчин ахуйдаа зохируулсан шигээ Ёолкыг бид монголчлоод авав. Оросоор “ёлка” гэх чимэглэсэн гацуурыг “Сүлд мод” гээд өргөмжилчихөв. “Сүлд” монгол хүнд өөдлөн дэгжихийн бэлгэдэл. Сүлдээ тахих ёстой, шүтэх учиртай. Удган модноос хол ялгаатай гэж үү? Хамгаас түрүүнд “Шинэ жилийн сүлд мод”-ыг 12 жилийн дүрсээр чимэв. “Тамирын охин” киноны багачууд сүлд модондоо юу өлгөхийг хараарай. Дүрсээр зогсохгүй 12 жилийн магтуу дуугаараа түрлэг нэмэв. Монгол хүн хар зөнгөөрөө л хийж байгаа нь энэ. “Энэ хүүхнүүд үү”-ийн Ёолкын танхимаас 1963 онд билгийн тооллоор ямар жил гарсныг мэдэхэд ядах юмгүй. Айлын “Сүлд мод”-д мөнгө тавих монгол ёолкны заншил овоо, удган модонд хадаг яндар зүүхээс хол зөрөхгүй. Хүүхдийн гар дээр тавьчих чихэр жимсгүй цагт мөнгөнөөс өөр юу өгөх юм. Хаашдаа хүүхдэд очих нь тодорхой ч модонд тавьж байж санаа амарна. 

Дураараа дурсаж болдог Ёолк

Бурхад. Харшийн сүлд модны наадамд БНМАУ-ын төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Цэдэнбалыг тэргүүлэгч А.Филатова хоёр хүрэлцэн ирэхэд Өвлийн өвгөнтэй ч харьцуулшгүй баяр бахдал болдог байжээ.

Дурсамж бүхнээс Ёолк л гоё гэж хэлэх хүн захаас аван таарна. Үе үеийн дурсамж өнгө, үнэр нь адилхан. Дал наяад оны тарчиг цагт Ёолктой танилцсан хүмүүсийн дурсамж өдгөө давамгайлж явна. Дээр өгүүлсэн түүхийн өнгөт хувилбар. Хичнээн будаж шунхадлаа ч баргар харагдах тэр цагийн Ёолк... Хүүхэд бүхэнд олддоггүй Өвлийн өвгөний бэлэг: Хөлдүү яавлаг, мандарин нэжгээд, хэдэн чихэр, ганц печень... Социализмын материал техникийн бааз байгуулахаар зүтгэж яваа хөдөлмөрчний хоосон ширээ, тойроод суучихсан жил дараалж төрсөн улаан цурав хүүхдүүд. Чадвал бууз, чадвал шүү. Үсрээд лонхноосоо хямдхан хоёр, гурван ундаа. Гол нь "Нийслэл" салат. Гэхдээ баргийн ширээн дээрээс хайгаад олохгүй. Төмс, лууван, сонгино, өндөг, ногоон вандуй эсвэл дарсан огурцы тэгээд майонез. СССР-ээс ирдэг ганц сарын баталгаат хугацаатай, 200 граммаар савласан майонез нүдний гэм. Өндөг, ургамлын тосоор зуурч болох ч аль алийг нь олох гэж зүдэрснээс коммунизм байгуулах нь хавьгүй амар. Орос дэлгүүрээс торт авъя гэвэл нэрээ барна. “Хотол бялуу” нэг кг хонины махны үнэтэй. Одоо ширээн дээр юу харагдаж байгааг төсөөл дөө. Гэхдээ л дурсамж сайхан, дураараа дурсаж болдог нь бүр ч гоё. Өчигдрөө мартсан бол “Би чамд хайртай”... 

Жич: 1946 онд хэвлэгдсэн “Сурагчдад зориулсан шог үзэгдэл” гарын авлагын өмнөтгөлд “Эл үзэгдлүүдийг Улсын хөгжимт драматиг театрын Сургуулийн багш бөгөөд Улсын гавьяат жүжигчин Чимэд-Осор голчлон зохиож өөрийн сургуулийн сурагчдад 1946 оны ёолк дээр тоглосон нь нэлээд сонирхолтой болсныг хамт тэмдэглэж, тус улсын доторх олон сургуулиуд ба тэдгээрийн уран авьяастан сурагчдын тоглоход бага боловч тус болох болов уу гэж найдна” гэжээ. Эндээс социалист Ёолкыг чимдэг шог гарааны эцэг "Мэргэн ард" Д.Чимид-Осор гэдэг нь машид тодорхой.