Нэг. Дэлхийн Чингис

Чингэс хаан бол монголчуудын хувьд Бурханы нэгдүгээр орлогч, заримдаа босстойгоо ч байр сууриа булаалддаг нэгэн. Социализмын он жилүүдийг эс тооцвол Чингэс хааны байр суурийг булаалдах хүн Буддагаас өөр гараагүй билээ. Гэхдээ Чингэс хааныг хүн ардын сэтгэл зүрхний тольтоос яахин арчиж барах билээ.
   
Чингэс хааны амьдрал нь ялалт байлдан дагуулалтаар дүүрэн байсныг бид түүх номоос уншиж ирсэн. Харин түүний хамгийн агуу ялалтыг бид мэдэхсэн билүү? Энэ ялалт нь мянга мянган дайчид амиа өрсөн их тулаануудын дунд бус,  монгол баатруудын  хөлд сөхөрч буй хэрэм цайз, хот балгадын нурам цурам дунд бус ердөө хот хүрээн дотор нь жирийн нэгэн амгалан өдрүүдэд болж өнгөрчээ.

Тэнгэр шүтэх бөө мөргөлт монголчуудын оюун санааны удирдагч нь бөө нар байв. Голлох бөө нар залуу Тэмүжинг эхнээсээ дэмжин “Тэмүжин улсын эзэн болох тухай зөнг тэнгэр надад хэллээ” гэхчлэнгийн Пи Ар хийж байлаа. Гэвч залуу лидерийн цаашдын ирээдүй, нүүрэн дээр нь өсч байгаа нөлөө нь бөө нарт юм бодогдуулсан болтой юм. Ингээд түүний эсрэг сурталчилгаа хийж эхэлсэн байна. Арга хэмжээ авахгүй бол болохоо байлаа.

Ингээд бөө мөргөлт тал нутагт ямарч хүн зүрхэлж хиймгүй нэгэн ажлыг Тэмүүжин хаан зориглон хийжээ. Энэ нь олны нүдэн дээр Тэв Тэнгэр бөөг нурууг нь хугалан алууллаа. Мухар сүсэгт олон түмэн агшин зуур тэнгэр нурж, аянга ниргэн ирээдүйн их хаанаас жаахан үнс хайлш төдий үлдэнэ гэж түгшин хүлээж байлаа. Мэдээж, өөрснөө ч хомрогонд өртчихгүйг хичээн хүрээнээс зайгаа авч, тэнгэрээс ядаж л том чулуу уналаа гэхэд булт үсрэх талын юм ч бодсон нь гарцаагүй. Учир нь бөө нар  бол тэнгэрийн суурин төлөөлөгч нар  шүү дээ.

Гэтэл  тэнгэрийн суурин төлөөлөгчийн ууцыг хугалсны араас орчин цагийн махчингууд НҮБ-ийн суурин төлөөлөгчийг шарж идсний дайтай ч үймээн болсонгүй. Тэнгэр нурах нь бүү од ч харвасангүй. Тэмүүжин “болдог юм байна” гэж бодсон уу, “тэнгэр миний талд байна” гэдэгт итгэсэн үү, мэдэхгүй.

Харин тал нутгийн нүүдэлчид  Тэмүүжин өөрөө тэнгэрээс илүү биш юмаа гэхэд чацуу эрхтэйг харлаа, үнэмшлээ. Үүнээс хойш  эрх мэдэл, ашиг сонирхлыг зөрөөгөөр л түүнтэй цанхаалсан этгээд мэр сэр гарснаас бус тэнгэртэй тэнцэх эрх мэдэл, хувь тавиланд  нь хэн ч эргэлзэхээ байжээ. Ялалт ингэж эхэлсэн билээ. Чингэс хаан ба түүний үр сад бол тал нутгийн нүүдэлчийн дээд эзэн төдийгүй, тэнгэрийн дор орших бүхнийг захирахаар  газарт буугсад ажгуу. Тиимээс  монголын эзэнт гүрний хаадаас харь орны эзэн, захирагч нарт илгээсэн захидлууд  “ Наран ургахаас аваад наран жаргах хүртэл бүх газар дэлхий Тэнгэрийн соёрхлоор гагцхүү бидэнд заяасан” хэмээн ямагт сануулна. Одоо ч бид  монголын тулгар төрийг үндэслэгч их хаанаа тэнгэрийн хөвүүн, тэнгэрлэг хөвүүн хэлэлцсээр...
 
Хоёр. Аврагч  Чингэс

Хуран бүтсэн их монгол гүрэн таран буурахын цагт монгол голомтоо сахисан үр хөвүүд Манж Чин гүрний эрхшээлд орлоо. Ил хаад,  Алтан ордын эзэд, Юань динистийн боссуудын ихэнх нь тэр газрын соёл, шүтлэгт уусчээ. Зарим нь бууран доройтож сарнин зугтааж, төрөлх голомтоо бараадсан нь ч бий. Чухам иим харанхуй зуунуудад  гал голомтоо сахиж үлдсэн монгол хүн бүрийн зүрх сэтгэлд нэгэн зул бадарч үлджээ.

Хэзээ ч үл унтрах энэ гайхамшигт зул  “Чи өнөөдөр дорой буурай байгаа нь цаг зуурын зовлон. Чи Чингэс хааны үр удам билээ. Нэгэн цагт нойроосоо сэрмэгц өвөг дээдсийн чинь сүр хүчин чамайг эзэмдэн, золбоо хийморь чинь бадрах болно” хэмээн буурлын сургааль, эхийн бүүвэйгээр учирлан учирласаар. Энэ гайхамшигт зул харанхуй бүрэнхий зуунуудад монгол хүнийг унтуулалгүй, уусган арилгаагүй авч үлджээ. Дэлхий дээр өчнөөн төчөөн хүчирхэг гүрнүүд бөхөн арилжээ. Бас сая саяар тоологдох үндэстнүүд нутаггүй, эх оронгүй тэнүүчлэн оджээ. Хамгийн хоцрогдсон, хамгийн цөөхөн буурай нүүдэлчин монголчууд дэлхий дахины дажин, үймээн дундуур, тоо томшгүй олон хүнтэй улс гүрнүүдийн завсарт тэсэн үлдсэн нууц энэ. Хүн нэрээ ч мартаж болох балар цагийн дундуур монголчууд Чингэс хаанаа мартаагүй тулдаа  тусгаар тогтнох, гал голомтоо сэргээх үзэл санаагаа хаяагүй, мартаагүй.

Харин энэ үеийн шүтээн Чингэс хаан, эрт үеийнхээс өөр агуулгатай. Их гүрний үед дэлхий дахиныг тэгшитгэгч, хорвоогийн хүн ардыг алагчлалгүй захирагчийн дүртэй байсан тэнгэрийн хөвүүн өөр болжээ.  Монголчууд дэлхийг эзэгнэх гэдэг, монгол хаан дэлхийг захирах гэдэг үзэл санаа энд байраа солихоос өөр замгүй болов. Их гүрний нөлөөнд өөрийн зан суртаал, удам судраа аварч үлдэхээс өөр эрмэлзэлгүй болохын цагт Чингэс хаан зөвхөн монголын цэвэр цусыг авран хамгаалах шүтээн болов.

 Чингэслэг үзэл нь юун түрүүн манж хятадын эсрэг үзэл санаа болов. Улмаар ХХ зуунд  монголын тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ нөлөөллөө тулгасан Зөвлөлтүүд Чингэсийг нэг нүдээрээ үздэггүй нэгэн байв. Энэ бүхнээс үүдэн  гадаадынхны соёлын түрлэгийг сөрөх гол үзэл санаа Чингэс дээр тогтох болов. Улмаар үндэсний үзэл, “цэвэр цусны монгол” байх үзэл санааны удирдагчаар Чингэс хаан тодоров. Цаашлаад, цөөхнөө мэдэхгүй бага ястнаа гадуурхах,  хэн нэгнийг эрлийз хурлийзаар нь дуудан “муу цустны данс хараа хөтлөх”, санаандаа таараагүй заримыгаа эрлийз хурлийзаар хочлох их үйлсийг Чингис хааны тугийн дор явуулах болов.

Чингэс хааны есөн хөхөлт туг яван явсаар есөн хөлтэй гэж ойлгогдсон . Тэгээд хөл гэж ишийг нь хэлж байна хэмээн ухаарсан. Улмаар нэг туганд есөн хөл хийх нь хаанаас нь харахад шавьжлаг дизайнтай болох тул тусдаа ганц хөлтэй есөн туг хийсэн зэргийн хажууд бол шалихгүй зүйл.  Ер нь бол тугны бариул иш гэж л байхаас хөл гэж байхгүй. Монгол ойлголтоор бол нэг хөлтэй юмыг ад тиирэн, хоёр хөлтэй бол хүн, дөрвөн хөлтэй бол адгуус, түүнээс дээш хөлтэй бол шавьж мавьж гэдэг юм гэсэн. Гэхдээ ингээд тогтсон, шүтээд, цэнгэлдэхэд аваачаад тойрч барилдаад болоод байгаа юмыг яая гэхэв.  Чингэс хаанаараа дулдуй хийсэн үндэсний үзэл санаа маань хэрэгтэй цагтаа үнэхээр ч хэрэг болоод өнгөрчээ. Ингээд яваад байсан ч болохоор байсан юм, уул нь.

гурав.Нөгөө Чингэс
   
Манайхан түүх шүүнэ, түүхээр шагнуулна, шийтгүүлнэ гэж ярьдгаас биш түүх уучламтгай. Мэдээж түүхэн үйл явдал, бие хүнийг  тодорхой хугацаанд тодорхой ард түмэн үзэн яддаг л даа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх хэрээр зүгээр л нэг тиим хүн байсныг хэлээд, дурсаад явдаг. Өнөөдөр жигших маягтай явдаг цуутай алуурчид, цуст дарангуйлагчид Гитлер,Ленин, Сталин хар аяндаа Германыг удирдаж байсан жаахан бүтэл муутай байлдан дагуулагч, Зөвлөлтийн үүсгэн байгуулагч, дэлхийн хоёрдугаар дайны ялагч гүрнийг удирдагч гэхчлэн бичигдээд л явна.

Өрнөдийнхний хувьд зуун зуун жилийн турш хот балгадыг түймэрдэгч, хүн ардыг егүүтгэгч хэмээн бичигдэж ирсэн Чингэс хаан ХХ зууны төгсгөл үеэс цагаадах боллоо. Эхлээд түүнийг дэлхийн түүхнээ хамгийн томд ордог эзэнт гүрнийг цогцлоогчийн хувьд хүлээн зөвшөөрч эхлэв. Энэ үеэс эхлэн өрнийн судлаач түүхчид Их хааны намтар түүхэн дотроос өнөөгийн цаг үед нийцэх гайхамшигт санаа бодлын үр хөврөлийг олж харжээ. Энэ нь орчин үеийн  глобальчлал хэмээх даяарших үзэгдлийн амин зарчмууд их хааны төрийн бодлогод байсанд оршино. Өнөө үед өөр өөрийн шашин шүтээн хэл соёл ондоо үндэстнүүд өөр өөрийн онцлогтойгоор нэгдэн даяарших болсон.

 Бөө мөргөлтэй, тал нутгийн их хаан дэлхийн зүсэн бүрийн үндэстэн улсыг нэгэн тугийн дор нэгтгэхдээ тэдний он тоолол, тахил шүтээн, зан заншил, ариун нандин болгоныг хүндэтгэн үлдээжээ. Их хаан юун түрүүн  бүх шашин тэгш хэмээн зарлажээ. Чингэс хаанаас эхэлсэн энэ агуу үзэл санаа орчин үеийн ардчиллын туган дээр бичээстэй байгаа. Энэ бүгдийг олж харах болсон өрнө дахин “ Глобальчлалын үзэл санааг үндэслэгч-Чингэс хаан”-ы дүрийг бүтээн алдаршуулж байна. Тэрнээс биш алаад хядаад эзлээд байсан лут баатар эр гэж огт тахиагүй юм шүү.

Өнөөгийн соёлт ертөнцийн бүтээн дээдэлж байгаа Чингэс хааны дүр, бидний үндэсний явцуу үзлээр жигүүрлэсэн Чингэс хааны дүр хоёр даанч эсрэг тэсрэг. Соцреалист зохиолын хар цагаан хоёр баатар шиг.  Тэдний Чингэс болохоор өөрийн их санаанд нийцэж байгаа бүхний хувийн чанар, өөрийн өнгө төрх, давтагдашгүй чанаруудыг хүлээн зөвшөөрч дээдэлсэн их жолоодогч байдаг. Биднийх болохоор “ориг монгол цус” гэдэг хэмжүүрт харшсан болгоныг дайсагнасан, хардсан, хөөж туусан, гадуурхсан нэгэн Чингэс. Хоорондоо уулзаж гэмээнэ шууд л зодолдоод унахаар. Алин ч жинхэнэ нь вэ?

Дөрөв.Ойлгомжгүй Чингэс

Чингэс хааныг өнөөгийн бидний үндэсний үзлийн дурангаар харвал танигдахын эцэсгүй. (Үндэсний явцуу үзэл, улс үндсээ гэх үзэл хоёрын хооронд өлгүүр, дүүжлүүр хоёр шиг ялгаа байдгийг дашрамд дурдъя). Энэ дурангаараа өнгөрсөн үеийн түүх рүү эргэн харъя. Чингэс хаан бол анхны халх монгол гэсэн аксиом аваад цаашаа явна аа. Гэтэл хайран сайхан халх охид хажууд нь байсаар л байхад хаа хол хил дээр,  дайсан нарын яг хажууд байдаг аймгаас эхнэр авна. Цусыг нь огт шинжлэхгүй.  Ингээд зогссонгүй гадаад хатан хичнээн ч олноор нь  авч хайран монгол цусыг минь талаар нэг тараав аа.  Тэр нь багадсан юм шиг өөрийн охидоо харийн хүний өвөрт хичнээн ч хийв ээ. “Чингэс өөрийн охин Алтан Беги-г уйгарын идукут Барчукт өгөв”, Ой май гаад.  Нууц товчооноос авсан мөр шүү.  Өнөөгийн “Хужаа л даа хужаа” гэх категорид 110 хувь тэнхцэх Кидан гаралт нангиад улс төрч  Елю Чуцайг дэргэдээ авчран Монгол төрийн бодлогоо мэдүүлнэ, эй базааваань.  Дайсны дундаас  жоохон хүүхэд олбол ээждээ авчраад өгчинө. Ээж нь ч ээж, хор өгөхийн оронд мөөмөө хөхүүлээд өсгөөд Чингэс хааны дүү болгоно.  Болж байгаа юм уу таминь ээ.

Хар хоринд Бүх шашин тэгш гэж тунхагласныг чнь яахав ёс юм гэж бодъе. Дайсагнасан өссөн хяталдынх нь шашин номын лидер Чан чун бумбад мөргөж шавь ордог нь ч юу вэ? Дараа нь үр хөвүүдээ дэлхийгээр нэг тараав. Исламын ертөнцийн монгол гарвалт хаад тэндээс төрөв...Ламаалаа чувсучоо...айн?
    
Бид иим байж чадах уу?  Чингис хаан ба бидний үеийнхний ертөнцийг үзэх үзлийн хооронд дэндүү их зөрөө ангал байнам бус уу? Их өвгийн  маань цагаан сахалт хөрөг дахь уйтгар, ёжлол хоёр шингэсэн нүд бидэн юу өгүүлнэм? “Дэлхий рүү өөриймсэг харж байвал дэлхий чинийх. Дэлхий ертөнц рүү харилхан харж байвал чи дэлхий ертөнц чинийх бишээр барахгүй чи дэлхий ертөнцийх биш”. Их өвөг ийн өгүүлнэм билээ.

Тэр үзэн ядалтаар эхэлж үзэн ядалтаар дуусах учиртай дайныг байлдан дагуулалт, түрэмгийлэн эзлэлтийг хүлээн зөвшөөрөлт болгож чадсан. Тэр хүчирхийллийг урлаг болгож хувиргасан. Тэр гайхамшигт мэнэжэр. Иим учраас л өнөөгийн дэлхий ертөнц  мянган жилийн турш цуст алуурчнаар цолосоны эцэст мянганы шилдэг хүнээр тодруулах болсон юм.

2008