В.Ганнзориг: 1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австрали болон Монгол улс дипломат харилцаа тогтоосон. Энэ жил 50 жилийн ой тохиож байна. Анх хоёр улс энэхүү харилцаагаа хэрхэн эхэлж байсан нь сонин байна.

Д.Цогтбаатар: 1967-1972 он бол хүйтэн дайны дулаарал эхэлж байсан үе. Тухайн үед БНМАУ-д барууны орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн гэсэн үг. Барууны улсууд ч гэсэн социалист улсуудтай дипломат харилцаа тогтоохдоо сэтгэл зүйн хувьд бэлэн болсон байсан үе. Аль аль нь бие биенийхээ өөдөөс алхсан. Австрали улс тухайн үедээ өөрийн бодлогоо Их Британитай их уядаг байв. 1963 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Монголтой дипломат харилцаа тогтоосон нь барууны орнуудаас анхдагч нь болсон. Энэхүү үйл явдал олон оронтой дипломат харилцаа тогтоох үүдийг бидэнд нээж өгсөн. 

Австрали улстай Монгол 1972 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч хүндээ хүрсэн бодит, амьд харилцаа сүүлд буюу ардчиллаас хойш үүссэн. 1994 онд би сургуулиа төгсөж ирээд Гадаад Хэргийн Яаманд Зүүн Өмнөд Ази, Австрали хариуцсан ажилтнаар ажилд орж байв. Яг тэр үед Австралийн амбан захирагч Bill Hayden, Гадаад хэргийн сайд Gareth Evans нарыг Монголд ирэх айлчлалыг нь бэлтгэн оролцож, өөрөө орчуулгыг хийгээд гүйж явсан. 

Л.Энхтүвшин: Хоёр улсын дипломат харилцааны чухал үе яах аргагүй монголчууд Австралид очиж сурдаг болсон, Австралийн Засгийн газар тэтгэлэг олгож эхэлсэн үетэй холбогдоно. Өнөөдрийн байдлаар 650 гаруй монголчууд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр суралцаад иржээ. Монголчуудад зориулсан энэхүү тэтгэлэг үүссэн түүх их сонин. 1993 онд тухайн үеийн хоёр улсын гадаад хэргийн сайдууд болох Гарэт Эванс, Ц.Гомбосүрэн нар олон улсын нислэгийн үеэр таарч ярилцаад, Австралийн Засгийн газрын энэхүү тэтгэлгийг Монгол Улсад өгье гэдэг хэлэлцээрийг албан бусаар хийж, дурсгал болгон онгоцны сальфетка дээр гарын үсгээ зуран тоглоом шоглоом хэдий ч анх баталгаажуулсан түүхтэй. Үүний дараа жил албан ёсны айчлалаар энэхүү тэтгэлэг бүрэн баталгаажиж, анхны зургаан монгол 1994 оны нэгдүгээр сард Австрали Улсыг зорьж байв. Үүнээс хойш бараг 30 жил өнгөрч байна. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!


Д.Цогтбаатар: Би 1996 оны 12 дугаар сард Австрали яваад 1997 оны нэгдүгээр сараас нь хичээлдээ ороод 1998 онд сургуулиа төгсөж байсан. 

Л.Энхтүвшин: Би өөрөө яг 22 жилийн өмнө Австрали улсад сурахаар явж байлаа. 

Д.Прэстон: Энхээ маань хоёр улсын Гадаад хэргийн сайдууд онгоцны сальфетка дээр гарын үсэг зуран тэтгэлэгт хөтөлбөрийг эхлүүлж байсан тухай ярьлаа. Энэ сальфеткаа хаа нэгтээ хадгалж чадсан гэж найдаж байна. Учир нь одоо маш сайхан түүхийн чухал баримтанд тооцогдоно. 1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австрали болон Монгол улсын хооронд албан ёсны дипломат харилцаа эхэлсэн. Энэ жил түүхэн 50 жилийн ой тохиож байна. Хэдхэн хоногийн өмнө бид энэ чухал арга хэмжээг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ арга хэмжээ, ирсэн зочдыг харахад хоёр улсын харилцаа бизнес, улс төр, иргэний нийгмийн салбарт ямар өндөр түвшинд хүрсэн нь мэдэгдсэн. Бид өнгөрсөн хугацаанд нийтлэг ашиг сонирхол, хамтын үнэ цэнийнхээ төлөө багагүй ажлыг хамтдаа хийжээ. 

Австрали болон Монгол улсуудын хооронд ижил төстэй зүйлс багагүй бий. Тухайлбал, өргөн уудам газар нутагтайгаа харьцуулахад цөөхөн хүн амтай, хүн бага амьдардаг хязгаар нутаг ихтэй. Энэ хэрээр бүх хүмүүст ижил тэгш үйлчилгээ, боломжийг үзүүлэх сорилттой тулдаг. Австралид Монгол шиг хүйтэн өвөл болдоггүй хэдий ч хоёр улс нилээд хуурай уур амьсгалтай. Ийм учраас бидний хооронд туршлага солилцох багагүй зүйлс байдаг. Ялангуяа хүний нөөцийг чадавхижуулах асуудал дээр нэлээд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Монгол гайхалтай баялаг бас бахархам түүхтэй улс. Нутгийн уугуул хүмүүсийг эс тооцвол Австралид ийм урт хугацааны түүх байхгүй. Орчин цагийн Австралийн түүх 200 гаруй жилийн өмнөөс л эхэлсэн. Гэхдээ Австрали тивийн уугуул хүмүүс тэнд хэдэн мянган жилийн турш амьдарч ирсэн. Орчин цагийн хөгжлийн үе шатаар хэмжвэл Монгол маш динамик, харьцануй залуу улсад тооцогдоно. Хурдацтай хөгжиж буй Монгол Улсад томилогдон ирж үнэт зүйлээ хуваалцан хөгжилд нь өөрсдийн хувь нэмэр оруулахын сацуу гайхалтай түүхээс нь суралцаж байгаадаа баяртай байна. 

Э.Номингэрэл: Би Монгол дахь Австралийн худалдааны танхимын ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Австралитай холбоотой үйл ажиллагаанд 2013 оноос хойш буюу энэхүү танхим Монголд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн оролцсон. Уул уурхайн салбарын хөгжил хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргасан. Үүнийг дагаад Австралийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах, хоёр улсын хоорондын бизнесийг дэмжих, Монголоос Австрали рүү чиглэлтэй бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байсан.

В.Ганзориг: Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 50 жил өнгөрчээ. Өнгөрсөн 50 жилийг та бүхэн хэрхэн дүгнэж байна вэ? Дайвид, хоёр улсын харилцааг дүгнэж өөрийнхөө бодлыг хуваалцаач. Сайжруулах, улам хөгжүүлэх шаардлагатай салбарууд юу байгаа бол?

Д.Прэстон: Харилцаа улам өргөжиж хөгжиж байх ёстой. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа цаг үргэлж өргөжин тэлж, бат бөх болж бэхжиж ирсэн гэдгийг би Канберра руу явуулсан тайланд дүгнэж бичсэн. Монгол Улсын өмнө урт хугацааны хөгжил, гадаад шууд хөрөнгө оруулалтын маш том боломжууд нээлтэй байгаа. Хүн амын бүтцээрээ харьцангуй залуу улс учраас Австрали улс хүний нөөцийг чадавхижуулах асуудал дээр анхааран ажиллаж байна. Засгийн газрын тэтгэлэгээр дамжуулан олон монгол залууст Австрали Улс хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ талаар Энхээ маань дэлгэрэнгүй ярих байх. Энэ бол бид хамтран ажиллаж, бие биенээ хөгжүүлж, эрх зүйт төрийг бэхжүүлэх замаар ардчиллын үнэт зүйлсээ хуваалцаж чадаж буйн илрэл. Энэ дундаас хоёр улсын харилцааг онцолбол батлан хамгаалах салбар, энхийг сахиулах үйлс, хүн хоорондын харилцаан дээр маш амжилттай хамтран ажилладаг. Австралид сурсан хүмүүс эргэж Монголдоо ирээд төр болон хувийн хэвшлийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж буйг харахад сайхан байдаг. Түүнчлэн уул уурхай, олборлох салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, Австралийн сайн дурын ажилтнуудыг энд нэмж дурдмаар байна. 

Гэр бүлийн гишүүд, анд найзуудын л хооронд болдог шиг халуухан яриа ч бидний дунд өрнөдөг. Болох, болохгүй зүйлсээ нээлттэй ярилцаж чаддаг нь хоёр улсын харилцаа ямар дотно бас зузаан болсныг илтгэдэг. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нөхцөл байдал тун амаргүй байна. Ийм үед Монгол Улсын баримтлах байр суурь дэлхий нийтийн үнэт зүйлийн төлөө байгаасай гэж бид хүсдэг. Бусад улсын баримталж буй бодлогыг ойлгоход хүндрэлтэй, одоогийн нөхцөл байдлыг шууд дүгнэхэд амар биш, энэ хэрээр бусад орнуудтай харилцах нь төвөгтэй байдлыг үүсгэж буй гэдгийг бид маш сайн ойлгож байгаа. Товчхондоо бидний өмнө хийх ажил их бий. Хоёр улсын харилцааны ирэх 50 жилийн түүхийг хамтдаа бичихийг тэсэн ядан хүлээж байна. 

Д.Цогтбаатар: Хоёр улсын дипломат харилцааны үр дүн иргэдэд хэр хүрч буйгаар хэмжигддэг. Энэ үр дүнг хамгийн эхэнд мэдэрсэн хүмүүс бол Австралид эрдэм сураад ирсэн монголчууд юм. Моззис буюу Австралид сурсан хүмүүсийн бүхэл бүтэн нийгэмлэг Монголд үүссэн. Тэд хоёр улсын харилцааны билэг тэмдэг юм. Нөгөө талдаа Монголд ажиллаж амьдарч байсан олон австрали хүмүүст мартагдашгүй сайхан дурсамж бий гэдэгт итгэлтэй байна. Дипломат харилцаа тогтоож байна гэдэг нь хоёр дарга хоорондоо танилцах, бие биенийхээ гарыг бариад хундага тулгах, гоё сайхан үг хоорондоо солилцох асуудал биш. Сальфеткан дээр ч хамаагүй гарын үсэг зураад, түүний үр дүн нь иргэдэд очихийг дипломат харилцаа гэнэ. Хүн хоорондын харилцаа улс төрийн харилцааны эцсийн зорилго байдаг.

Боловсролын салбараас гадна бид Австрали Улстай хөрөнгө оруулалтын тал дээр нилээд сайн ажилласан. Сиднейн хөрөнгийн бирж дээрээс олон монгол компани хөрөнгө босгож байсан. Энэ хэрээр австралийн хөрөнгө оруулагчид шууд болон шууд бусаар олон хүнийг Монголд ажилтай, орлоготой, удирдлагын шинэ арга барилтай болгож, шинэ технологи эзэмшихэд нь тусалсан. Монгол Улсад хөрөнгө оруулсан томоохон тоглогчдын тоонд яах аргагүй Австрали, Канад улсууд багтдаг. Монгол Улсын өөрчлөлт шинэчлэл, хөгжилд оруулж буй хувь нэмрээ хамгийн бага магтаж, хамгийн даруухнаар хамгийн их ажил хийсэн орнуудын нэг бол яах аргагүй Австрали улс юм. Үүнийг австрали нөхдүүддээ бид хэлж байх ёстой, үүнд нь бид талархах учиртай. Нөгөө талдаа маш олон хүмүүс Монголд бизнес хийхээр ирээд шатаад буцсан. Популизм зэрэг олон сорилтыг бид өнгөрсөн хугацаанд давсан. Одоо манай Засгийн газар хөрөнгө оруулалтын шинэ давалгааг эхлүүлэх гээд ид ажиллаж байна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олох, дахин татах нь амар ажил биш. Гэхдээ бид энэ ажлыг хийх ёстой. 

Зөвхөн уул уурхай, боловсролын салбараар харилцаагаа хязгаарлаж болохгүй. Австрали улс аялал жуулчлал, хөдөө аж ахуйн ноу хау, мах, ноосны экспортоор дэлхийд тэргүүлдэг. Бид уг нь эдгээр салбарт ингэж ажиллаж чадна. Австралийн хийж чадаж байгаа ажлуудыг бид яагаад хийж чадахгүй байгаагаа судлах хэрэгтэй. Бид юм ярихаар мөнгө авах гээд байдаг. Малаа эрүүлжүүлэх ажил дээрээ өөрсдөө хөрөнгө оруулаагүй байж бид яаж махаа экспортолж чадах юм бэ? Одоо бидэнд мөнгө биш мэдлэг хэрэгтэй болсон. Энэ мэдлэгийг тууштай хэрэгжүүлэн бодит ажил хэрэг болгодог систем хэрэгтэй байна. Учир нь манай нийгэмд мэдээд байгаа атлаа хийж чадахгүй байгаа олон зүйл байсаар байна. Мэдлэгийг амьдрал дээр хэрэгжүүлдэг систем маань гацаатай, хүмүүсийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хүнд, сонгуулийн дараа төрийн албан хаагчид бөөнөөрөө өөрчлөгддөг. Нэг нам ялсан ч гэсэн энэ байдал сайжрахгүй байна. Ялангуяа Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сураад ирсэн хүмүүсийг тогтвортой ажиллуулж байж улс үр өгөөжийг нь хүртэж, сурсан мэдлэгийг нь гүйцэд сорж авна шүү дээ. Ийм ажлуудыг бид хийх ёстой. Үүнийг Австралиас суралцах хэрэгтэй.

В.Ганзориг: Хоёр улсын 50 жилийн ойг тохиолдуулаад Австралийн Гадаад хэргийн сайд Marise Payne мэндчилгээ дэвшүүлсэн. Уг мэндчилгээнд 6500 монгол иргэн Австралид амьдарч буйг дурдахын сацуу нийт 600 гаруй хүмүүсийг Австралийн Засгийн газрын тэтгэлгээр сургаж, хүний нөөцийг бэлдэхэд тусласан гэж хэлсэн. Энэхүү Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.

Л.Энхтүвшин: Австралийн тэтгэлэгт хөтөлбөр маш өгөөжтэй. Гэр бүлийн хүн, хүүхдүүдээ хамт авч явж болдогоос гадна тэд бүтэн цагаар ажил хийх эрхтэй байдаг. Хүүхдүүд нь улсын сургуульд үнэгүй сурахын сацуу бүх гишүүд эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж, Австралийн байнгын оршин суугчтай адил хэмжээнд нийгмийн халамж хүртдэг. Австрали улс шинжлэх ухааны салбарын ололт амжилт, энэ салбарт Нобелийн шагнал авсан тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Утасгүй интернэт (WiFi), умайн хүзүүний хорт хавдрын вакцин, тэр бүү хэл гэрлийн шил Австрали улсын хийсэн шинжлэх ухааны нээлтэнд тооцогддог. Энэ чиглэлээр сурах зүйлс бидэнд асар их бий. Түүнчлэн маш таатай орчинд сурах боломжийг энэ улс олгодог. Байгалийн унаган төрх ба хөгжил хоёрыг маш ухаалаг байдлаар тэнцвэртэй авч явдаг. Гудамжинд шувууд нь жиргэн нисээд, Канберра хотод бол имж гүйлдэж байдаг. Амьтны хүрээлэн дунд зуслан дээрээ гарч байгаа мэт байдаг. Энэ хэрээр хүнд эрүүл, зөв, байгаль орчинд ээлтэй амьдрах дадал суулгадаг.

Дэвшилтэт салбарууд буюу Монголын сэргээгдэх эх үүсвэр, нарны эрчим хүчний төслийн голлох инженерүүд жишээ нь өнөөдөр Австралид төгсөгчид байна. 20 жилийн өмнө би Австралид анх хөл тавиад цахим засаглал гэж юм байдгийг мэдэж авч байсан бол E-Mongolia төслийг манай төгсөгч З.Гантогоо гээд залуу удирдаад, багаараа амжилттай ажиллаж байна. Монголд харьцангуй шинэ салбаруудад Австралид төгсөгчид үр бүтээлтэй ажиллаж байгаа. Төгссөний дараа Австралийнхаа их, дээд сургуульд буцаж уригдан тэндээ амжилттай ажиллаж буй монголчууд цөөнгүй бий. Ийм учраас Австралийн боловсрол, тэтгэлэгт хөтөлбөрийн үнэ цэн өндөр байдаг. Дөнгөж 42 их сургуультай атлаа Австрали боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг. Ийм учраас зөвхөн Австралийн Засгийн газрын биш бусад тэтгэлэгт хөтөлбөрөөр олон монгол залуус Австралид суралцдаг болсон. 2019 онд буюу ковидын өмнө 4500 монгол оюутан Австралид сурах виз авсан. Сая хилээ дөнгөж нээмэгц 1500 монгол оюутан ногоон тивийг зорилоо. 

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдөл авах хугацаа 2 дугаар сарын 1-нд нээгдээд 4 дүгээр сарын 30-нд хаагддаг. Яг одоо өргөдөл авч байгаа. Англи хэлний мэдлэг буюу IELTS-ийн 6 оноотой, голч оноо нь 3-аас дээш бакалаврын зэрэгтэй, хамгийн багадаа хоёр жилийн ажлын туршлагатай хэн бүхэнд Австрали улсад мастерийн зэргээ хамгаалах боломж нээлттэй. Энэ бүх нөхцөл шаардлага, шалгуур ил тод бөгөөд заавар, журам нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим хуудсанд англи, монгол хэлээр тавигдсан байгаа. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр Монголд 30 шахуу жил үйл ажиллагаа явуулах хугацаанд 650 гаруй хүмүүсийг Австралид магистр, үүнээс 20 орчим хүнийг докторын зэргийн тэтгэлэгт сургалтад хамруулсан. Бакалаврын зэрэгт тэтгэлэг өгдөггүй. Харин өнгөрсөн жилээс эхлэн богино хугацааны сургалтууд нэмэгдэж байгаа. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарын туршлагыг нь судлах, байгаль орчинд ээлтэй эрчимжсэн мал ахуйн ноу хауг сурах богино хугацааны сургалтыг монголчууддаа зориулаад Австрали улсад хийхээр бид ажиллаж байна. Энэ оны зургаан сард багтан ажил хэрэг болчих байх. 

В.Ганзориг: Дайвид! Австралийн Засгийн газар тэтгэлэгт хөтөлбөрөө зөвхөн магистрын сургалтанд өгдөг гэж Энхээ захирал хэллээ. Энэ шударга биш байна аа. (Инээлдэв) Бакалавр, докторын зэрэг болон богино хугацааны сургалтуудад зориулсан тэтгэлгийг нэмэх боломжтой болов уу?

Д.Прэстон: Шударга бус санагдаж магадгүй. Гэхдээ магистрын түвшний сургалтанд тэтгэлэг өгөх нь Монгол Улсад хамгийн өндөр өгөөжтэй гэж бид харсан. Тооны хувьд бага ч гэсэн хөрөнгө оруулалтын хамгийн сайн өгөөжийг үзүүлж байгаа. Австралийн тэтгэлгээр сурсан хүмүүс буцаж Монголдоо ирэн ажилладаг. Хүнд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдаг. Австрали монголчуудад, тэр дундаа хязгаар нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдэд онцгой анхааран сургалтын тэтгэлэг олгох замаар Монгол Улс болон орон нутагт тархины дайжилтыг багасгахыг эрмэлздэг. Надад хангалттай эрх мэдэл байсан бол би энэ тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх байсан. Учир нь хүн хоорондын харилцаа хоёр улсын харилцааны хамгийн эрхэм дээд нь байдаг. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн хүний гэр бүлийн гишүүд хамтдаа Австрали улсыг зорих боломжтой байдаг нь олон хүнд өөр соёл, шинэ улстай танилцах боломжийг нээж өгдөг. Энэ хэрээр шинэ соёлыг эх орондоо тээн авчирдаг. 

Л.Энхтүвшин: Манай богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүд яг ийм зорилготой байдаг. Урт хугацааны мастер, докторын сургалтууд өндөр өртөгтэй байдаг бол тухайлсан хүмүүст зориулсан богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүд энэ боломжийн ялгааг багасгаж чаддаг.

Э.Номингэрэл: Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт чиглэл зааж, аль нэг салбарыг онцолж авч үздэг үү? Жишээ нь, байгаль орчин, анагаах, эрүүл мэнд гэх мэт?

Л.Энхтүвшин: Энэ тал дээр хязгаарлалт байхгүй гэж ойлгож болно. Ганц байдаг хязгаарлалт нь хүчний байгууллага, улс төрийн чиглэлийн хүмүүсийг энэ тэтгэлэгт хамрагдаж тэр чиглэлээрээ Австралид сурахыг хязгаарладаг. Яагаад гэвэл энэ төрлийн тусдаа тэтгэлэг байдаг юм. Хоёр улсын засгийн газар ямар чиглэлийн хүмүүсийг түлхүү сургаж тэтгэлэгт хамруулахыг урьдчилан хэлэлцэж тохиролцдог. Монголын Засгийн газрын зүгээс сүүлийн 10 гаруй жил барьж буй чиглэл нь шинжлэх ухаан, тогтвортой хөгжил, байгаль орчин, био болон нано технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарууд байгаа. Энэ тэтгэлэгт хамтрагдсан хүмүүсийн 50% нь төрийн албанаас, үлдсэн 50% нь хувийн хэвшлээс бүрддэг. Мөн орон нутгийн хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түлхүү хамруулахыг зорьдог. 10 гаруй аймгаас 21 хүн, нийт 13 хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ тэтгэлэгээр Австралид сурч ирээд орон нутагтаа одоо ажиллаж байна. Гэр бүлээ дагуулан явах боломжтой байдаг учраас хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ хамт авч явах тохиолдол ч цөөнгүй байдаг. 

В.Ганзориг: Австралийн Худалдааны Танхимын үйл ажиллагаа уул уурхайн салбарт илүү төвлөрч байна уу эсвэл сая ярьдаг бусад салбаруудад ч гэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна уу?

Э.Номингэрэл: Энэ танхимыг бид AustCham гээд яриад сурчихсан. AustCham 60 гаруй гишүүнтэй. 2013 онд анх байгуулагдахдаа уул уурхайн салбарынхан давамгайлсан байсан бол одоо мэдээлийн технологи, боловсрол, дахин боловсруулах үйлдвэр, ХАА гээд солонгорч, үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй болсон. Австралийн бизнесүүд эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн эрх тэгш байдал дээр онцгой ач холбогдол өгч ажилладаг. Ер нь аливаа хоёр улсын хооронд бизнес хийхэд монголчууд бид өөрсдөө бэлэн байх ёстой. Ингэж байж зөвхөн Монгол руу чиглэсэн биш Монголоос гадагшаа чиглэсэн бизнесийн үүд хаалга нээгддэг. Тухайлбал хөдөө аж ахуй, боловсролын салбаруудыг энд онцолж хэлмээр байна. 

В.Ганзориг: Хоёр улсын харилцаанд сорилт болж байгаа асуудлууд юу байдаг вэ? Энэ сорилтыг давах шийдэл нь та бүхний хувьд юу вэ? Дайвид, өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд тулгамдсан асуудлуудыг ярилцъя. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

Д.Прэстон: Хамгийн том асуудал бол хоёр улсын хоорондын зай. Үүнээс өөр асуудал байхгүй.

В.Ганзориг: Нээрээ Австрали улс дэлхийн бөмбөрцөгийн нөгөө талд байдаг шүү дээ! (Инээлдэв)

Д.Прэстон: Үнэхээр тийм. Бие биенээсээ хэт хол тул тээвэр, экспорт, импорт үнэтэй болдог. Иймээс худалдаа, хөрөнгө оруулалтын маш ухаалаг салбар, төрлийг судлах ёстой. Тухайлбал, үйлчилгээн дээр суурилсан эдийн засгийг дэмжин хөгжүүлбэл аль аль талдаа өндөр өгөөжтэй байж чадна. Австрали улс үйлдвэрлэл, худалдаа гэхээс илүү үйлчилгээний салбарууд дээрээ өндөр ач холбогдол өгөөд эхэлсэн. Хааяа нэг сорилт бидний гадаад бодлогын ялгаатай байр суурь дээр гардаг. Бие биендээ буруу ойлголт өгөхгүйн тулд ялгаатай байр сууриа маш болгоомжтой илэрхийлэх ёстой болдог. Хоёр улс бүх зүйл дээр санал нийлэх албагүй. Санал нэгдэхгүй зүйлс гарна. 

Монгол дахь Австралийн нэр хүнд магадгүй уул уурхай, олборлох салбараар голдуу хэмжигддэг болов уу. Ийм учраас Монголд ажиллаж байгаа австралийн компаниудын өмнөөс бид эргээд ямар нэг зүйл хийх ёстой гэж боддог. Ялангуяа, уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүртээмжтэй нийгмийг цогцлооход туслах, мэдлэг туршлагаа хуваалцахыг эрмэлздэг. Ингэж байж харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагаа бүрэлддэг. Уул уурхайн салбараас орсон гэнэтийн их орлогыг зарцуулахад асуудал үүсдэг. Энэ үед Үндэсний баялгийн санг хэрхэн байгуулж удирдах, байгалийн баялгаас зөвхөн уул уурхайн компаниуд бус иргэн бүр хэрхэн өгөөж хүртэх тал дээр бидэнд хуримтлуулсан туршлага бий. Монголд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөөрөө дамжуулан эдгээр туршлага, ноу хаугаа бид төр, хувийн хэвшилтэй хуваалцаж байгаа. Байгалийн баялгаас орж ирж буй орлогыг иргэн бүрт өгөөжтэй, шударга хуваарилж, хүртээмжтэй нийгмийг байгуулах нь яах аргагүй том сорилт болдог. 

Ковид цар тахлын нөлөөгөөр манай хоёр улс эмзэг цэг, системийн доголдлоо олж харж чадсан гэж боддог. Ийм эрсдэл дахиж тохиолдох үед бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээгээ хэрхэн найдвартай бөгөөд тогтвортой удирдах ёстой вэ, өөрөө өөрийгөө гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр хэрхэн хангах вэ, хамгийн гол нь хүмүүс хэрхэн хамтран ажиллах ёстой вэ гэдэг дээр сайтар сургамж авлаа. Энэ мэт хүнд нөхцөлд технологи олон асуудлыг шийдэх боломжтой ч бүгдийг чадахгүй. Хүн хоорондын харилцаа, улс хоорондын ойлголцол үндсэн шийдэл хэвээр байх болно. Иймээс бие биенээ хүлээн зөвшөөрөх, ялгаатай талыг нь хүндлэх, зөрөлдөж байсан ч ойлголцож чаддаг байх нь олон улсын харилцаанд маш чухал. Ихийг хүсэх тусам асуудал тэр хэрээр томордог гэдэг үг байдаг. 

Д.Цогтбаатар: Австрали Монголын харилцаа амжилттай хөгжин явж байгаа. Энэ дундаас муу зүйл, болохгүй юм хайвал тийм амархан олдохгүй шүү. Бид олон улс, олон талт хамтын ажиллагааны түвшинд хоорондоо хэл амаа маш сайн ололцдог улсууд. Сая хэлж байна шүү дээ, өөр орон юм чинь бидний дунд мэдээж зөрөлдөх үе байдаг гээд. Зөрөлдсөн ч гэсэн энэ аргагүй дээ, бид үүгээрээ ялгаатай юм чинь гээд харилцан ойлголцож чаддаг нь бидний давуу тал. Австралийн уул уурхай дагасан хөгжлийн нэг том зүйл нь байгаль орчноо сэргээх ажил байдаг. Энэ салбарт нь бүхэл бүтэн соёл үүссэн. Энэ тогтолцоо, технологийг Монголд нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Мөн энэ улсын далайн эргээс хойшоо цөлд ус маш ховор. Ийм учраас Австралийн ус ашиглалт, усны удирдлага үнэхээр мундаг. Энэ технологийг бид говьд хэрэгжүүлэх ёстой. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал утгаараа тогтвортой хөгжлийг эхлүүлж, хойч үедээ өв үлдээж чадах юм. Энэ мэт хөгжлийн загварыг Австралиас зайлшгүй сурах ёстой. 

Австралид төгсөгчдийг Монголын нийгэмд бүрэн ашигладаг байгаасай гэж их хүсдэг. Ийм учраас энэ чиглэлээр шинжлэх ухааны нэвтрүүлгийг төгсөгчидтэйгээ хамтраад хийх төлөвлөгөө бий. Австралид мастерийн зэргээ хамгаалсан 600 гаруй хүмүүсийн судалгааны ажил, арга зүй, үр дүнг нь олон нийтэд зориулан яриулж таниулах нь Монголд шинжлэх ухааныг түгээх том ажилд тооцогдоно. Мэдлэгтэй хүмүүс даруухан байдаг. Ийм учраас тэд гарч ирээд бусдын урдуур дайраад яриад явдаггүй. Нийгмийн хөгжил, сайн сайхны төлөө эдгээр хүмүүст ярих боломжийг нь гаргаж өгөх, тэднийг нийгэмд таниулах ажлыг хийх цаг болсон. Энд дарга, цэрэг болох тухай асуудал огт яриагүй шүү. Эдгээр төгсөгчдийн нийтлэлийг нийтэд гарган түгээх, үгийг нь нийгэмд хүргэх, судалгааны ажлыг нь бусдад таниулах тухай ярьж байна. Яагаад гэвэл барууны улсад мастерын зэрэг хамгаална гэдэг бол ном “идээд”, ном руугаа гулгих дөхөж байж гэмээнэ эрдмийн зэргээ нэг юм хамгаалдаг. Тэнд ямар ч арын хаалга байдаггүй. Бүх нөхцөл хангагдсан байхад чи судалгаагаа сайн хийж чадахгүй бол тэгээд л чадахгүй. Энэ “зовлонг” амсаж мэдлэг хуримтлуулсан хүмүүс хийсэн судалгаа, сурсан номоо бусадтай хуваалцаасай гэж би боддог. Энэ нэг талаараа манай хоёр улсын харилцааны асуудалд тооцогдоно. Учир нь олон хүмүүст өчнөөн мөнгө зарцуулж, хөрөнгө оруулалт хийсэн атлаа тэдгээр хүмүүсээ бүрэн ашиглаж чадаж байна уу, тэдний сурсан мэдсэнийг бусдад өвлүүлж чадаж байна уу гэдэг дээр улам санаачлагатай ажиллах шаардлагатай байгаа.

Л.Энхтүвшин: Боловсролын салбарын сорилтоо ярьмаар байна. Төсөв, мөнгө байдаг бол улам олон монголчуудыг Австралид сургахыг хүсдэг. Ялангуяа бакалаврыг зэрэг хамгаалуулахаар олон залуусыг явуулахыг хүсдэг. Нөгөө талаас Австралид олон жил ажиллаж амьдарсан хүний хувьд хэлэхэд бид хэдий энд аялал жуулчлал гээд их ярьдаг ч австрали хүмүүс Монголыг тэр бүр сайн мэддэггүй. Намайг тэнд оюутан байхад чи хаанаас ирсэн гэж асуухад Монгол гэж хэлэхээр, Монгол чинь Африкийн хаана байдаг билээ гэж асууж байсан удаатай. Австралид байхгүй цаг агаар, байгаль Монголд байдаг. Цас үзэхээр, цанаар гулгахаар тэд Канад явдаг болохоос хэдэн хувь нь Монгол руу ирдгийг мэдэхгүй байна. Уг нь Монголд австраличуудад өгөх аялал жуулчлалын маш олон бүтээгдэхүүн байх боломжтой. Үүнийгээ ашиглаж, таниулж чадахгүй байгаа нь сорилт гэж хэлмээр байна. 

Э.Номингэрэл: Бизнесийн үүднээс хэлэхэд хоёр улсын дундах бизнесийн сорилт гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбогддог. Манай хууль эрх зүйн орчин тодорхой биш, мэдээлэл англи хэл рүү бүрэн орчуулагдаагүй, хуучирсан байдаг нь олон боломжийг хязгаарладаг. Сорилтгүй салбар ховор хэдий ч танхим гишүүн байгууллагуудаасаа саналыг нь аваад нөлөөллийн ажлууд хийж, асуудлаа шийдээд явж байгаа. Цогтбаатар гишүүний хэлснээр сүүлийн үед Засгийн газар зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татах шинэ давалгааг эхлүүлээд явж байна.

В.Ганзориг: Үндэстний ижилсэл ба ондоошлын талаар та бүхнээс асуумаар байна. Бидний хамтын үнэт зүйл, дэлхийд ялгарах тодотгол юу байх ёстой вэ? Мөн Австрали улсыг юу гэж хардаг вэ? Дайвид таны хувьд Монголын болон Австралийн үндэстний ялгарал юу вэ?

Л.Энхтүвшин: Би яг 22 жил нэг хоногийн өмнө Австралид газардаж байсан. Тэнд ажиллаж, амьдарч байсан, сүүлийн 20 гаруй жил австраличуудтай хамтран ажиллаж буй хүний хувьд хэлэхэд тогтвортой, эрүүл, аюулгүй, ногоон, хүн амьдрахад таатай орчин яах аргагүй бусад улсаас ялгардаг. Австрали хүмүүс их элгэмсэг, тусч. Тэтгэлэгт хөтөлбөр хариуцдаг учраас магадгүй би үүнийг илүү сайн мэдэрдэг байх. Тортой юмыг дамжилж туслахаас илүү сайн хөрш байх, анд найз байх, ойроос төдийгүй олон жилийн турш алсаас тууштай нөхөрлөж чаддаг гайхалтай хүмүүс байдаг. Би жишээ нь 20 гаруй жилийн өмнө Сидней хотод Монголын консул хийж байсан Peter Sloane гээд өвгөнтэйгээ одоог хүртэл нөхөрлөж, тэрбээр миний аав шиг ментор хийж явдаг.

В.Ганзориг: Би Австралид оюутан байхдаа Peter Sloane гуайгаар дамжуулан шинэ пасспорт дээрээ виз наалгаж авч байсан.

Л.Энхтүвшин: Би тэр үед нарийн бичгээр нь ажилладаг байсан байх шүү. Ийм учраас хувь хүмүүсийн зан, хандлага, тусч чанар миний хувьд Австрали улсын үндэстний тодотгол нь гэж хэлнэ. Эдгээр чанаруудаар нь бахархаж, бас суралцах юмсан гэж бодож явдаг. Монголчуудын хувьд яах аргагүй соёл, түүхээрээ Австрали улсаас хол ялгагддаг. Мэдээж Австралийн уугуул иргэдийг бид ярих ёстой. 50 жилийн ойн баяраар бид Австралийн уугуул иргэдийн хөгжмийг авч ирээд Хөсөгтөн хамтлагаар тоглуулж үзсэн. Абориген хүмүүсийн дижеридоо хөгжмийн аялгуу манай хөөмий болон Хөсөгтөн хамтлагийн хөгжмийн зэмсгүүдтэй төгс хосолж байсан нь миний зүрхийг огшоож, бахархалыг төрүүлсэн.

Д.Цогтбаатар: Цөөхөн хүнтэй соёл иргэншлийн төлөөлөл гэдгээрээ би өөрөөрөө бахархдаг. Дэлхийд ховорхон, бүрэн эрх чөлөөтэй нүүдэлчдийн соёл бол та бидний ондоошил. Та бид хатуу хөтүү нөхцөлд дасан зохицох чадвартай, тэр амаргүй нөхцөл байдлынхаа эзэн нь болсон, их юм үзсэн нүүдэлчдийн үр сад. Энэ бидний мөн чанар. Урьд өмнө би монгол хүнтэй уулзаж байгаагүй гэдэг. Дэлхийн 7 гаруй тэрбум хүн дотор бид маш цөөхөндөө орно. Юм ховор байх тусмаа үнэд ордог. Бид түүх, соёл, хаанаас ирж хэн болсноо мэддэг байх ёстой, үүнийгээ мартах учиргүй. Нэг их айхтар хөгжилтэй болсон гээд хөдөө очоод цэмцэгнээд маяглаад байж болохгүй. Үүгээрээ би хөгжлийг үгүйсгэж байгаа юм биш. Монголоороо байж чаддаг, түүгээрээ бахархдаг байх нь бидний тодотгол байх учиртай. Харин орчин цагт хот суурингаа зөв төлөвлөдөг, бие биедээ найрсаг, гадны хүмүүсийг үзэн яддаггүй, би ганцаараа хөх толботой гээд бусдыг дээрээс хардаггүй, хүнтэй сайхан нөхөрлөдөг, боловсролтой, ажилтай, орлоготой, шинийг байнга бүтээдэг, дэлхийн шинжлэх ухаанд өөрсдийн хувьд нэмрээ оруулдаг болох ёстой. Энэ хэрээр дэлхийд эзлэх байр сууриа бататгаж чадна. 

Орчин цагт соёл, уламжлалаа авч үлдэнэ гэдэг бол гайхамшиг хэдий ч бид Австралиас даруухан занг нь сурах ёстой. Австралийн тодотгол миний хувьд Down Under (Эквадороос доошоо оршдог тив, арал улсууд болох Австрали, Шинэ Зеландыг англи хэлтэй орнууд ингэж “хочилдог”). Австрали үнэхээр технологи эзэмшиж, шинэ орон зайг эзэмдэж чадсан шинэ улс. Дэлхийн хөгжлөөс хамаагүй хоцорсон тивийг маш богино хугацаанд орчин цагийн дэлхийн өндөр хөгжилтэй улс болгож чадсан. Дөнгөж 200 жилийн түүхтэй атлаа олон зуун жилийн түүхтэй олон улсыг орчин цагийн хөгжлөөр ардаа орхисон. Австраличуудын маш чухал чанар бол өөрсдөөрөө онгирохгүйгээр бахархаж чаддаг. Үүнээс нь бид сурах ёстой. Австрали улс шиг хөгжсөн хойноо австраличууд шиг даруухан байж сурах юмсан гэж би өөрсдийгөө боддог. Энэ маш гоё зан чанар шүү! 

Э.Номингэрэл: Австралид буугаад миний анхны сэтгэгдэл яагаад ч юм хүн амын таргалалт ихтэй улс гэж бодсон. Гэтэл яг эсрэгээр, илүүдэл жинтэй хүн бараг хараагүй. Австраличууд эрүүл амьдралын хэв маягтай, гайхалтай идэвхтэй, эртэч хүмүүс бол монголчууд юмыг хурдан сурдаг, ямар ч нөхцөлд дасан зохицож өөрийгөө аваад явчих чадвартай байдаг. Эдгээр зүйлс хоёр улсын иргэдийн ондоошил болов уу. Нээлттэй, шулуухан ярилцаж өөрсдийгөө илэрхийлдэг нь манай хоёр улсын иргэдийн хувьд төстэй тал гэж боддог. 

В.Ганзориг: Дайвид таны хувьд Монголын болон Австралийн үндэстний ялгарал юу вэ?

Д.Прэстон: Манай хоёр улс, иргэдийн хооронд ижил төстэй зүйл багагүй бий. Бүгд бүгд маханд дуртай, нийтлэг олон үнэт зүйлтэй. Гэхдээ биднийг ялгадаг онцлогууд бас байдаг. Би Монголд ирээд удаагүй байгаа боловч соёл, урлаг, түүхийн ялгарал их хүчтэй гэж харсан. Монголын түүх, Чингис хаан бол яах аргагүй монгол тодотголын чухал хэсэг. Гэхдээ 1990-ээд оноос эхлэн Монгол Улс өөрийнхөө нэн шинэ түүхийг бичиж эхэлсэн. Энэ бүх хугацаанд монголчууд “Fiercely proud” буюу өөрсдөөрөө омогшиж аархан бахархаж ирсэн. Монголын нүүдлийн соёл бол үнэхээр өвөрмөц. Орчин цагт энэ өвөө хэр хадгалж цаашаа явах нь маш сонирхолтой санагдаж байгаа. Учир нь ирээдүйд зөвхөн нүүдлийн соёл Монголыг тодорхойлохгүй. Би ирээд удаагүй байгаа болохоор ингэж хариулмаар байна. Хоёр жилийн дараа арай өөрөөр хариулдаг болох байх.

В.Ганзориг: Хэсэг хугацааны дараа намайг дахиад Синдикат ярилцлагадаа уриарай гэж шууд бусаар надад хэлж байна ойлголоо. (Инээлдэв)

Д.Прэстон: Тийм ээ. Тэр үед таны энэ асуултанд илүү сайн хариулдаг болсон байна. Австралийн ялгарал буюу тодотгол гэдэг дээр бие биенээ дэмжих, бусдад туслах үйл гэж хэлмээр байна. Монголд хэрэгжүүлдэг шиг хөгжлийн хөтөлбөрүүдийг бид дэлхийн өнцөг булан бүрт хийдэг. Бусдад боломж олгох, дэмжлэг үзүүлэх маш чухал. Австрали жижиг эдийн засагтай хэдий ч дэлхийн тавцанд чухал үүрэгтэй оролцож, бусдад нөлөөлж чаддаг. Австрали шинийг санаачлагч болон бүтээлч үндэстэн. Жишээ нь, австраличууд WiFi, онгоцны хар хайрцаг, элсэн цөл дэх усны ухаалаг ашиглалт, хөдөө аж ахуй, уул уурхай олон шинэ технологийн ололт, нээлтийг хийсэн. Эдгээрийг дэлхийд экспортлон амжилттай ажиллаж байна. Та бид хоорондоо олон нийтлэг үнэт зүйлтэй хэдий ч бие биенээсээ ялгарах өвөрмөц онцлогтой. Чухам энэ ялгаа та бидний хоорондоо зайлшгүйхамтран ажиллах шалтгаан болдог. Эцэст хэлэхэд бид аль аль нөхөрсөг ард түмэн гэж боддог. Бас хамтдаа шар айрагнаас буцахгүй байх.

В.Ганзориг: Хэдэн шил шар айраг вэ? (Инээлдэв)

Д.Прэстон: Бид өөрсдийнхөө соёлыг улам сайн судалж, бие биенээ нөхцөлдүүлэх зүйлсээ гарган тодорхойлж, дэлхийн нэг хэсэг гэдгээ бусаддаа мэдрүүлэх ёстой. 

Д.Цогтбаатар: Австрали өөрсдийгөө жижигхэн эдийн засагтай гэж хэлж байгаа биз. G20-д багтдаг том эдийн засаг байлгүй яах билээ. Шинжлэх ухаанд оруулсан нээлтүүдийг нь сая хамтдаа сонслоо. Тэр бүхэн хүн төрөлхтний хөгжилд асар том хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Эд нар ийм л даруухан улсууд даа. Дэлхийн ХАА-н салбарын жинтэй тоглогч шүү дээ.

Л.Энхтүвшин: Бусдаас үл хамаарсан хүнсний хангамжийн систем бүрдүүлж чадсан улс шүү дээ.

Э.Номингэрэл: Органик, эрүүл, байгалийн гаралтай хүнсээрээ дэлхийд тэргүүлдэг.

В.Ганзориг: Бүр Австрали явмаар санагдчихлаа!

Л.Энхтүвшин: Хоёр жилийн дараа энэ Синдикат ярилцлагыг Австрали улсад очиж хийцгээе!

В.Ганзориг: Австрали монголчуудад ажил, амралтын визийг 7 дугаар сарын 1-нээс эхлэн олгож эхлэх болсныг Гадаад хэргийн сайд нь саяхан мэдэгдсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Мөн Австрали Commonwealth буюу Хамтын нөхөрлөлийн орнуудын гишүүн гэж явдаг. Энэ статусыг тайлбарлаж өгнө үү.

Д.Прэстон: Өнгөрсөн хугацаанд бид Их Британаас нэлээд хараат явж ирсэн. Хамтын нөхөрлөлийн орнуудын холбоо одоо илүү билэгдлийн шинж чанартай бөгөөд гишүүн орнууд нийтлэг ашиг сонирхлоороо нэгдсэн байдаг. Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадам гээд дөрвөн жил тутам яг олимп шиг болдог спортын том тэмцээн хүртэл бий. Энэ яах аргагүй манай үндэстний ялгаралтай холбогддог. Иймээс бид газар нутгийн хувьд Ази талдаа тул одоо өрнийн гэхээс илүү дорнын байршилд шилжиж байгаа. 2022 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн монголчууд Австралид аялаж амрангаа ажил хийх эрхтэй Working holiday визийг нэг жил хүртэлх хугацаатай авах боломжтой болно. Хонины ноос хяргах үеэр ажиллах хүчний хомсдол ордог тул монголчуудыг энэ чиглэлд сурган дадлагажуулж явуулах бүрэн боломжтой.

В.Ганзориг: Хонь хяргаад цагийн ажлын хөлс нь татварын дараа хэдэн австрали доллар гар дээрээ авах бол?

Д.Прэстон: Энэ талаар нарийн мэдээлэлгүй байна. Гэхдээ монголын ажлын цагийн үнэлгээнээс илүү гэдэгт итгэлтэй байна. Цагийн үнэлгээнээс гадна ноосыг нь хяргасан хонины тоотой цалин нь шууд уялдах болов уу. Нэг цагт хэр олон хонь хяргана тэр хэрээр өндөр цалин авна гэсэн үг. Ийм ур чадварыг бид Монголд олгох төлөвлөгөөтэй байгаа. Зарим хүн 20 минутийг нэг хонинд зарцуулдаг бол өндөр чадвартай хүмүүс нэг хонины ноосыг нэг минут хагасын дотор хяргаж дуусгадаг. 

Э.Номингэрэл: Энэ виз ямар хугацаатай олгогдох вэ?

В.Ганзориг: Маш чухал асуулт байна.

Д.Прэстон: Нэг жил хүртэл гэж бодож байна.

В.Ганзориг: Гэр бүлийн гишүүдээ аваад явж болох уу?

Д.Прэстон: Аялахаар явж байгаа бол яагаад болохгүй гэж. Ковидын шаардлага, дүрмээ баримтлаад явахад асуудалгүй байх аа.

В.Ганзориг: Австрали болон Монгол улсын харилцааны талаар багахан ч гэсэн мэдээллийг манай үзэгч, уншигчид авч чадсан гэж найдаж байна. Маш сайхан бас сонирхолтой яриа өрнүүлсэн эрхэм зочиддоо баярлалаа!