Капитализм тэссээр. Харин хүн?
Хүн төрөлхтний мөхлийн шалтгаан Капитализм байх уу?
2008 онд Lehman shock-оос эхээ авсан санхүүгийн их хямрал золтой л капитализмыг хөмрүүлчхээгүй. Тухайн үед Америк, Европ даяар асар их мөнгө хэвлэн тарааж, капиталист бус аргаар капитализмыг торгоож үлдсэн нь хоржоонтой ч юм шиг.
Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсөн өнөөдөр. Болсон явдлыг бараг мартсан хүмүүс өнөөх л капитализмдаа дөрлөгдөн өдөр өдрийг бэдэрсээр явна. Зарим нь бүр оодрох аягтай "Капитализм тэссээр" гэхчлэн сайрхах нь ч холгүй харагдана.
За яах вэ, капитализм тэсдэг юм байж. Цаашид ч тэссээр байна гэж бодъё. Харин түүнээс ч ноцтой нэг асуулт байна. Ингэхэд хүн төрөлхтөн тэсэх болов уу?
Гэснээс "Хүн төрөлхтөн, капитализм хоёрын аль нь түрүүлж сүйрэх вэ?" гэдэг хөгжилтэй асуулт байдаг. Өнгөц бодвол хүн төрөлхтөн сүйрвэл дагаад капитализм ч сүйрнэ. Тиймээс хүн төрөлхтөн түрүүлж сүйрнэ гэж байхгүй юм биш үү гэж санагдмаар.
Гэхдээ хүн төрөлхтөн сүүлчийн өдрөө юу хийж байх бол гэдгийг төсөөлөх хэрэгтэй. Тэд эцсийн мөч хүртлээ капитализмдаа л амьдарч байна гэвэл үнэн хэрэгтээ капитализм сүйрээгүй болж таарна.
Харин өөр нэг янз үзсэн асуулт бол "Тэрхүү хүн төрөлхтний сүйрлийн шалтгаан нь капитализм байх боломжтой юу?".
Хэрэв уг асуултын хариулт "Боломжтой" юм гэвэл энэ нь цаагуураа тун ч хөндүүр асуудлыг хөндсөн хэрэг болно. Юу гэвэл хүн төрөлхтөн хэзээ ч сүйрдэггүй, хэзээ ч салж хагацаж чаддаггүй, зогсоож ч болдоггүй супер төгс тогтолцоог бүтээн хэрэгжүүлсэн ба түүнийхээ хөлд өөрсдөө үрэгдээд дуусав аа гэсэн инээх хэцүү байх хэцүү өрнөлийг зөгнөх дайны юм болох юм.
За хаанаас тэгэх вэ дээ, согтуу ч сохор ухаантай гэгчээр үхэхдээ тулбал хүмүүс эрхбиш амиа аргалах байлгүй гэж санагдана уу?
Тэгвэл сүүлийн үеийн зарим судлаачид хоосон маазрал бус буурь суурьтай өнгөөр "Капитализм хүн төрөлхтнийг сүйрүүлж ч мэднэ" хэмээн сэрэмжлүүлж байна.
Үнэмших эсэх нь таны асуудал гэвч сүйрэх эсэх нь даанч танаас хамаарахгүй л болов уу.
Өнөөдөр капитализмын нөлөөгөөр төрөлт багасаж байна. Энэ бол нотлогдсон факт. Яагаад энэ үзэгдлийг капитализмтай холбоно вэ? Өнөөдөр эдийн засгийн өндөр хөгжилд хүрсэн орнуудын төрөлт саарч, ташираараа хүн ам нь хөгширч бас цөөрч эхлээд байгаа (жишгээс гадуур ганц орон гэвэл Израил байх шиг байна).
Өнгөц бодоход нэг л зөрчилтэй гэмээр энэ үзэгдлийг хэрхэн тайлбарлах вэ? Уг нь бол ядуу байхын хэрээр хөнжилдөө таарсан цөөн хүүхэд төрүүлж, баяжиж баталгаажих тусмаа олон хүүхэд гаргамаар юм шиг санагдахгүй гэж үү? Гэвч капиталист нийгэмд даанч тийм биш.
10,000 жилийн тэртээ газар тариалан эхэлснээс хойш хүний хамгийн үндсэн ажил нь газар тариалан болж хувирсан. Газар тариалангийн ажиллах хүч бэлтгэх тун ч амархан. Жишээ нь эрэгтэй хүүхэд яаж ийгээд 12 нас хүрэхэд л хэнээс ч дутахгүй тариачин болж чадна. Нэмэлт боловсрол, сургалт бараг огт хэрэггүй. Энэ дүр зураг 200-д жилийн тэртээ капитализм эхлэх хүртэл хадгалагдаж ирсэн байдаг.
Тэгээд капитализмтай золгосон. Капитализм үндсэндээ бол дараах томьёоны дагуу ажилладаг.
M (money) → C (commodity) → M’ (money)
Капитал буюу мөнгөтэй хүн мөнгөөрөө (M) комодити буюу бараа үйлдвэрлэж (C), түүнийгээ зараад улам их капитал (M') олох энэхүү тасралтгүй үзэгдлийг Капитализм гэдэг.
Дашрамд хэлэхэд, капитализмаас өмнөх амьдралын томьёо ийм байж.
C (commodity) → M (money) → C' (commodity)
Хүн л болсон хойно авахыг хүсдэг юм гэж бий. Түүндээ хүрэхийн тулд өөрийн хийж чадах зүйлээ хийгээд (C), түүнийгээ зарж мөнгө болгоод (M), эцэст нь хүссэндээ хүрнэ (C').
Өмнөх томьёотой бараг адилхан юм шиг хэр нь ээ үүнд нэгэн том ялгаа бий.
M → C → M' томьёо мөнгөөр эхлээд мөнгөөр дуусч байна. Тиймээс энэ циклийг нэг л эргүүлж чадвал эцэс төгсгөлгүй давтах боломжтой.
Харин C → M → C' дээр тийм гинжин урвал үүсэхгүй. Хүнийг ёроолгүй шуналтай, хэзээ ч ханадаггүй мэтийн үзэл өнөө цагт газар авсан ч үнэндээ бол капитализмаас өмнөх үеийн хүмүүс тэгтлээ шуналтай байгаагүй юм (үгүйдээ л дийлэнх нь тийм байгаагүй). Тэд хүссэндээ л хүрчихвэл сэтгэл ханан инээж чаддаг байжээ (үнэндээ өнөөдөр ч тийм, даанч нийгэм нь тэднийг инээхийг зөвшөөрдөггүй болчихсон).
Ийнхүү капитализм гарч ирснээр цайлган инээд, даруухан шунал хориотой үйлдэл болж, хэтрүүлэн шунаж хэзээ ч ханахгүй байхыг нийгмээс тулгах болов. Энэ өрнөлийн явцад ажлын хуваарь нарийсч, мэргэшил болон салаалсаар өнөөх 12 нас л хүрчихвэл ямар ч ажилд бэлэн болдог тэр цаг үе улирчээ (мэргэшил нарийссаны шалтгаан ч бас M → C → M' -тэй л холбоотой).
Өндөр мэргэшил гэдэг тэр хэрээр өндөр боловсрол, өчнөөн зардал, урт хугацаа шаардана. Өнөөдөр хүүхдээ хэнээс ч дутахгүй өндөр мэргэжилтэй ажилчин болтол тэжээе гэвэл дор хаяж 22 жил, бүр гүнзгийрүүлбэл 30 жил ч шаардагддаг тийм цаг үе ирээд байна. Хөгжингүй орнуудад нэг хүүхдийг дээд боловсролтой иргэн болтол бойжуулахад 250,000$ шаардлагатай гэсэн баримжаа тооцоо ч бий (урьд нь хоол, хувцаснаас өөр зардалгүй шахуу 12хон жил тэжээдэг байсантай харьцуулаад үз дээ!).
Энэ тооцоо капитализмын томьёо болох M → C → M' -ээр эргэлдэх боломж улам бүр хумигдсаар буйг бэлхнээ харуулж байна. Өөрөөр хэлбэл, капиталист нийгэмд хүүхэд төрүүлж өсгөх нь улам бүр ашиггүй болж байна аа гэсэн үг. Үүнийг эцэг эхчүүд учиргүй тооны машинаар тооцоод байлгүй хар зөнгөөрөө л халшран төсөөлж, нэгээс олон хүүхэд гэвэл бүр ухаан санаанд ч багтахаа больж буйг хэн ч хялбархан үнэмших вий.
Хүний төрөлт багасна гэдэг бол амьтны нэг төрөл зүйлийн хувиар "мөхөл рүүгээ чиглэж байна" гэсэнтэй шууд утга нэг. Учир нь ямар ч амьтад улам бүр үржин олширч, орон зайг дүүргэх гэсэн байгалийн суурь зөнтэй байдаг. Энэ зөнгөө алдана гэдэг бол оршин байх мотороо алдсантай эн тэнцүү. Оршин байх моторгүй болбол ямар ч амьтан удаан оршин тогтнохгүй.
За арай ч сүйрэх нь хаашаа юм, зүгээр л хэт олшрохоос хязгаарлах төдий юм биш үү гэж зарим нэгд нь санагдаж магадгүй л дээ.
Гэвч дахиад цааш нь лавшруулан бодоод үзнэ үү.
Капитализмаас салаагүй цагт төрөлт хэзээ эргэж өсөх вэ?
- Тэр бол мэдээж хэрэг, хүүхэд төрүүлэх нь ашигтай болсон тэр цагт өснө.
Тэгвэл яавал хүүхэд төрүүлэх нь ашигтай болох вэ?
- Ажилчин болтол нь тэжээх зардал хангалттай буурвал ашигтай болно.
Тийм ээ, тэгэлгүй яах вэ. Одоо тэгвэл арай өөдрөгөөр, капитализмын хаа нэг ирээдүйгээс эхлэн хүүхэд өсгөх зардал буураад явжээ гэж төсөөлж үзье.
- Гэхдээ яг ямар зардал буурч байж хүүхдийн бизнес ашигтай болох бол?
Асуух юу байх вэ. Ерөөсөө л боловсролын зардал шүү дээ. Бага, дунд, ахлах, дээд гэх эдгээр шаталсан боловсролын зардал л хүүхэд өсгөх хамгийн үндсэн дарамт болоод байна.
Гэтэл үнэндээ сайтар эргэцүүлж бодвол боловсролын зардал буурах нь бараг ямар ч боломжгүй юм. Учир нь төрөлт багасахын хэрээр боловсролын зах зээл үйлчлүүлэгчээ алдана. Тэгэх хэр нь ээ боловсролын эрэлт хэзээ ч буурахгүй. Тиймээс боловсролын зах зээл капитализмын M → C → M' дүрмээ дагаж, эргэлдэх мөнгөө багасгахгүйг зорино. Үр дүнд нь нэгж хүүхдэд ноогдох боловсролын зардал улам өсөх ганц л тавилантай.
Тэгээд энэ сценарийг цааш нь төсөөлбөл, төрөлт буурахын хэрээр боловсролын зардал өсөж, боловсролын зардал өсөхийн хэрээр боловсролын ялгарал тэлж, ялгарал тэлэх тусмаа баян хоосны ангит нийгэм тогтож, түүнийгээ дагаад нийгэм тогтворгүй болно.
Боловсролын салбарыг зах зээлийн бус замаар авч явах, улсаас үнэгүй олгодог болгох, пүүс компаниудад даатгах гээд ямар ч хувилбараар яваад баячуудад зориулсан боловсролын тусгай үйлчилгээг ер нь л халах аргагүй болов уу.
Японы эдийн засагч Ониши Хироши, Америкийн философич Нанси Фрейзэр тэргүүтэй хүмүүс дээрх дараалсан логик гаргалгаагаар "Капитализм хүн төрөлхтний оршихуйд заналхийлнэ" хэмээн сэрэмжүүлжээ (мэдээж дээрх бол маш хялбарчилсан товчлол болно).
Үнэнийг хэлэхэд уншигч миний хувьд дээрх санааг шууд үнэмшин дэмжихэд нэг л хангалтгүй санагдана. Ердөө иймхэн шалтгаанаар бүхэл бүтэн хүн төрөлхтөн мөхөөд дуусчихна гэхээр нэг л төсөөлөгдөмгүй. Гэхдээ эцсийн дүгнэлт л хэтрүүлэгтэй болохоос үндсэн агуулгад анхаарал татахуйц санаа дор хаяж хоёр байна гэж бодож байна.
Нэгт, үнэхээр капитализмын нөлөөгөөр төрөлт буурч байгаа нь маргашгүй үнэн гэвэл энэ бол хүн төрөлхтний оршихуйд хандсан яалт ч байхгүй том заналхийлэл мөн. Хүн төрөлхтний 7 сая жилийн хувьслын түүхээс харахад хүний үржих чадвар (төрөлтийн тоо) л түүний орших, мөхөхийг шийдэж ирсэн гэж хэлсэн ч буруудахааргүй харагддаг. Яагаад Хомо неандертал, Хомо эректус, Хомо хейделбергенсис зэрэг бусад хүмүүс мөхөж алга болоход зөвхөн Хомо сапиенс л амьд үлдэж чадсан бэ? Яагаад хүнд орооны үе гэж байдаггүй, хэзээ ч хүүхэд төрүүлэхэд бэлэн байхаар хувьссан бэ? Яагаад мичний багаас зөвхөн хүн л сүргээрээ амьдардаг хэр нь ээ нэг эхнэр, нэг нөхөр гэх нийгмийн тогтолцоог бий болгож чадсан бэ? Хүнийг бусдаас ялгаруулдаг энэ бүх онцлог шинжүүд (магадгүй мөн чанар ч гэж хэлж болох байх) нь бүгд хүний хурдан үржиж олшрох тэр чадварынх нь төлөөх бүрдэл хэсгүүд. Хүн хурдан үржих чадвараа алдах л юм бол ямар ч өчүүхэн шалтаг шалтгаанаар байгалийн өмнө хялбархан мөхөж мэдэхээр тийм л эмзэг амьтан юм.
(Жаахан ам халахад, ядуу хэр нь ээ олон хүүхэдтэй айлыг харахаараа зарим хүмүүс хүүхдүүдийг нь өрөвдөхийн хажуугаар эцэг эхийг нь хараахын наагуур юм болдог. Бодвол тэд тархиа гэхээсээ инстинктээ дагаснаас болоод л олон хүүхэдтэй болчихдог байх. Хүн төрөлхтөн түүхийнхээ аль ч цаг үед олон хүүхэд гаргах тусмаа зөвддөг байж. Тиймээс тэр нь байгалийн инстинкт болтлоо суучихсан. Харин өнөө үе биднийг инстинктээрээ бус тархиараа амьдрахыг шаардаж байна. Даанч хүний тархи гэдэг эрхтэн дэндүү шинэхэн, дэндүү залуухан. Байгалийн дэргэд балчир хүүхэд шиг л туршлагагүй. Эсрэгээрээ арвин туршлагатай инстинкт нь өнөөгийн соёл иргэншилтэй бүх талаараа зөрчилдөөд болохгүй. Ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж, дунд нь хүмүүс яахаа мэдэхгүй уймран дөжирч байх шиг. Тархижилт лавширсан нийгэмд төрөлт багасаж, хүн ам цөөрч, тэр нь эргээд тархижилт лавширсан нийгмээ мухардал руу хөтөлж байх шиг.)
Хоёрт, капитализмын бараан сүүдэр явж явж боловсролоор дамжин нийгмийг доош чангаана гэх санаа. "Боловсролыг зах зээлийн аргаар авч явах ёстой, ёсгүй" гэсэн талцал нийгэмд нэлээд ажиглагддаг. Ямар ч байсан боловсролын тогтолцоог зах зээлд даатгаж болохгүй гэдгийг дээрх логик гаргалгаа тов тодоор харуулж байна. Энэ нь цаагуураа бүхнийг мөнгөөр хэмжиж, бүхнийг капитализмаар чирч яасан ч болохгүй, капитализм дангаараа бүх өвчнийг анагаадаг шидэт эм биш юм аа гэдгийг илэрхийлсэн хамгийн наад захын нотолгоо болов уу.
Кап магагдгүй дахиад 100 жил болох байх
ХҮН ГЭДЭГ АМЬТААН ГЭЖ
Оноч
Зочин
Зочин
Зочин
Зочин