• 2009 оны зөн

2009 оны 4 сард буюу дэлхийн эдийн засгийн их хямралаас хойш тохиолдож буй хамгийн том хямрал гэж дүгнэгдсэн дэлхийн санхүүгийн хямралын (олны ярьдгаар “Лехман шок”) нүргээн дэлхийг доргиож байх үеэр бичигч би “Хямралын чимээгүй зөгнөөн: Капитализм тэсэж үлдэх үү?” гэсэн этгээд нэртэй ном хэвлүүлж байлаа. Уг номоороо би капитализмын мөн чанарыг уудлахыг зорьсон эдийн засгийн тэрс онолчдын үзэл санааг танилцуулахыг оролдсон билээ. Учир нь тэрхүү санхүүгийн нүсэр хямрал капитализмын төрх байдал, мөнхүү эдийн засгийн ухаан хийгээд эдийн засгийн бодлогын загварыг хүртэл үндсээр нь өөрчлөх аварга том цохилт болохоос зайлахгүй гэсэн зөн надад байсан юм.

Дэлхийн санхүүгийн хямралаас өмнөх эдийн засгийн ухаан, эдийн засгийн бодлогын загварууд гэдэг нь үндсэндээ бол “Неолиберализм” гэж нэрлэгддэг багц үзэл санааг хэлж буй.

Неолиберализм бол “чөлөөт зах зээлд үнээр дамжуулж баялгийг (буюу нөөцийг) хамгийн үр ашигтайгаар хуваарилж, эдийн засгийн хүрэлцээг нэмэгдүүлэх механизм бий” гэсэн итгэл үнэмшил дор зах зээл дэх төрийн оролцоог аль болох хумьж, эдийн засгийн үйл ажиллагааг чадах хэрээр нь чөлөөлөх ёстой гэсэн идеологи юм. Энэ номлолд суурилсан неолиберализм нь “жижиг төр”, “алдагдалгүй төсөв (төсвийн таналт)”, “сул төрийн зохицуулалт”, “чөлөөлөлт”, “хувьчлал”, “хөдөлмөрийн зах зээлийн чөлөөт хөрвөлт”, нэмээд “даяарчлал” зэрэг бодлогуудыг хэрэгжүүлсээр ирсэн.

Эдгээр бодлогын нөлөө зөвхөн эдийн засгаар тогтохгүй улс төр, цаашлаад нийгэмд бүхэлд нь нэвчсэн ба дан ялангуяа санхүүгийн зах зээлийн чөлөөлөлтөөс үүдэлтэй эффект капитализмын бүтцийг хүртэл томоор өөрчилж иржээ.

Необилералистууд санхүүгийн зах зээлийг чөлөөлөх тусам санхүүгийн зах зээл хамгийн бүтээмж өндөртэй шилдэг компанийг олж илрүүлэн санхүүжүүлнэ гэх “Үр ашигтай зах зээлийн таамаг (Efficient-market hypothesis)”-ийг дэмжсэн. Ухаандаа компанийн өндөр бүтээмж тухайн компанийн хувьцааны үнээр илрэх учиртай гэж бодсон хэрэг. Ингээд неолибералистууд хувьцаа эзэмшигчдийн эрх мэдэл, нөлөөлөх хүчийг чангатгаж, компанийн менежментийн ил тод байдлыг дээшлүүлж, компанийг хувьцааныхаа үнэнд эмзэг болохуйцаар (буюу менежмент нь хувьцааныхаа үнэнд хамгийн анхаарал тавьдаг байхуйцаар) компанийн тогтолцоо, тайлангийн стандарт, санхүүгийн үнэт цаасны систем, эсвэл татварын систем зэргийг ч тогтолцоогоор нь босгож ирэхийг оролдсон. Ингэж бий болсон эдийн засгийн системийг “Хувьцааны капитализм”, “Санхүүгийн капитализм” ч гэж нэрлэх нь бий.

Неолибералистууд макро эдийн засгийн бодлогын тухайд “Идэвхтэй мөнгөний бодлого (буюу төсвийн бодлого) нь инфляцийг хөөрөгдөхөөс өөр шидгүй” гэж үзэх тул зөвхөн санхүүгийн бодлогоор дамжуулж бага инфляцийг хадгалахыг зорьдог. Татварын тухайд гэвэл шаталсан татварыг үгүйсгэж, өндөр орлоготой хүмүүс ба аварга том пүүс компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэхийг сайшаадаг. Үр дүнд нь орлогын ялгарал тэлдэг байлаа ч неолибералистууд үүнийг төрийн оролцоогоор засварлах шаардлагатай гэж төдийлөн боддоггүй.

Энэхүү неолиберализм гэх идеологи нь 1970-д оны төсгөлөөр Америк, Англиар төвлөн мандсан байдаг. Улмаар Японд 1990-д оноос хойш үлэмж нөлөөтэй болж, 1990-д оны сүүлийн хагасын Хашимотогийн засаг, 2000-д оны эхний хагасын Коизумигийн засгуудын бодлогууд тэр чигээрээ неолиберализмд тулгуурлаж байлаа.

Европын холбоо Маастрихтын гэрээнд үндэслэн валютаа хүртэл нэгтгэсэн нэгдмэл эдийн засгийн бүс болж чадсан боловч уг системийн архитектур ч бас неолибералист үзэл санаанд тулгуурласан байдаг. Тухайлбал Европын холбооны гишүүн орнууд EU бүс доторх худалдаа, капитал, ажиллах хүчний урсгалд саад болохыг хориглосон нэгдмэл зах зээлийг бий болгосон. Мөн гишүүн орон бүрийн төсвийн бодлогын алдагдал ДНБ-ий 3% дотор, засгийн газрын бондын өрийн нийт үлдэгдэл ДНБ-ий 60% дотор байхыг хатуу хязгаарласан. Тэгээд макро эдийн засгийн менежмент нь асар өндөр бие даасан шинж бүхий Европын төв банкны санхүүгийн бодлогод нийцүүлэх байдлаар хэрэгжих ёстой ба түүний хамгийн том зорилго нь инфляцийг нам түвшинд хадгалахад чиглэнэ.

Ийнхүү неолиберализмд суурилан бүтээсэн санхүүгийн капитализмын систем дэлхийн санхүүгийн хямрал дэгдсэн 2008 он хүртэл амжилттай ажиллаж буй мэт харагдаж байлаа.

Юуны өмнө Америк ба Европын зарим хэсэгт санхүүгийн товарын инноваци ба санхүүгийн зах зээлийн зохицуулалтыг сулруулснаас үүдэн хөрөнгийн үнэлгээ тогтвортойгоор өсөж, тэр нь өрийн өсөлт болон эрэлтийн өсөлтийг даллаж, энэ бүхэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болох болов. Түүний ачаар Япон, Герман, эсвэл Азийн хөгжиж буй орнууд экспортод суурилсан эдийн засгийн өсөлтийг амжилттай хэрэгжүүлэх болов. Экспортод суурилсан тэдгээр орнууд дотоодын эрэлтээ өсгөхийн оронд худалдааны зөрүүгээс ашиг хуримтлуулж, хуримтлуулсан хөрөнгөөрөө Америкийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийх байдлаар эргэлт үүсгэж байлаа. Ингэж худалдааны нэмэх баланстай орнуудаас цутгах хөрөнгө оруулалтын нөлөөн дор Америкийн хөрөнгийн үнэлгээ улам өсөж, Америк улам бүр хэрэглээ ба импортоо тэлэв. Хэдийгээр бодит цалингийн өсөлтөд хязгаарлалт байсан боловч даяарчлал түрэх хэрээр Хятад тэргүүтэй хөгжиж буй орнуудын хямд товар цутгах болж, барааны үнэ нам түвшнээ хадгалж, азаар хэрэглэгчдэд төдийлөн дарамт мэдрэгдсэнгүй. Нэг ёсондоо Америкийн эдийн засаг эрүүл хэр нь ээ инфляци ч нам түвшинд гэсэн, өнгөц харахад төгс төлөв хэсэгтээ үргэлжлэв.

Гэвч энэхүү Америкийн эдийн засаг болоод глобал эдийн засгийн эерэг нөхцөл байдал нь Америкийн хөрөнгийн үнэлгээний тогтвортой өсөлт хийгээд түүнээс үүдэлтэй өрийн тэлэлт үргэлжлэхгүйгээр хадгалагдах боломж байсангүй. Шулуухандаа бол энэ бүхэн нь Америкийн санхүүгийн зах зээлийн хөөсрөлтөд дулдуйдсан эдийн засгийн өсөлт төдий зүйл байсан юм. Тэгээд тэр хөөс 2007 оны ипотекийн зээлийн хямралаар хагарч, дараа жил нь дэлхийн санхүүгийн хямрал дэгдсэн учиртай.

Тиймээс санхүүгийн зах зээлээр мотор хийж өсдөг капиталист систем, глобал эдийн засгийн өсөлт, тэгээд энэ бүхнийг дэглэсэн неолибералист загвар нь өөрөө дэлхийн санхүүгийн хямрал гэх фактаар няцаагдах учиртай. Тэгснээр түүнийг орлох шинэ капиталист систем, шинэ эдийн засгийн үзэл санааны эрэлхийлэл өрнөж таарна. Үүнийг л би зөнгөөрөө мэдрэхдээ “Хямралын чимээгүй зөгнөөн: Капитализм тэсэж үлдэх үү?” бүтээлээ бичсэн билээ.


  • “New normal” айлчилсан нь

Түүнээс хойш улиран одсон он жилүүдийн туршид тухайн үеийн тэр зөнгөө байнга эргэн хардаг боловч хэсэгчилсэн байдлаар ташаарч дээ гэж санагдах үе байдаг ч ерөнхий дүр зургаараа зөв байсныг баттай хэлж чадах байна.

Ташаарснаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нэг шалтгаан бол неолиберализм урьдын адилаар эдийн засагчид, бодлого тодорхойлогчид, эсвэл ерөөсөө эдийн засгийн салбартаа голлох урсгал гэх (улс төрийн) байр сууриа алдаагүй байгаа явдал юм.

Тухайлбал Америкт дэлхийн санхүүгийн хямралаас хойш санхүүгийн институцийн олигополчлол (цөөн хүмүүсийн монополчлол) улам лавширч, орлогын ялгарал улам тэлсэн. Обамагийн засаг дэлхийн санхүүгийн хямралын дараа идэвхтэй төсвийн бодлого хэрэгжүүлж, паник үүсэхээс сэрэмжилж чадсан. Гэвч “Tea party” зэрэг төсвийн зарлагын тэлэлтийг буруушаасан хүч конгресст идэвжсэнээр төд удалгүй төсвийн таналт руугаа ухарч, эдийн засгийг сэргээх бодлого нь явж явж санхүүгийн бодлого (тоо хэмжээний зөөлөн бодлого) төвтэй болж хувирсан. Мөн Европын холбоо угаас Маастрихтын гэрээндээ баригдан неолибералист бодлогоос өөр арга хэрэгжүүлж чадаагүйн дээр шинэ систем рүү шилжих эрэлхийлэл ч байхгүй чигээрээ хэт өндөр ажилгүйдэл, дефляцаа зөнд нь хаясан.

Неолиберализмын дарангуйлал Японд ч бас байр сууриа алдаагүй. Тухайлбал 2013 оны 12 сард байгуулагдсан Шинзо Абегийн засаг эхэн үедээ л идэвхтэй төсвийн бодлого хэрэгжүүлсэн төдийд бусад талаараа “Номхон далайн орнуудын түншлэл (TPP)”-ийн хэлэлцээрт орж, нэмүү өртгийн татвар (НӨАТ) нэмж, төсвийн алдагдлыг багасгахад анхаарч, нэг бол төрийн зохицуулалтыг багасгах хэлбэрээр эдийн засгаа өсгөх стратеги гаргах гэхчлэн яаж ч харсан неолибералист үнэр ханхалсан бодлогууд зарласан байдаг. Мөн эдийн засгийн бодлогын төв штаб гэж нэрлэж болох “Эдийн засаг, мөнгөний бодлогын зөвлөл”, “Аж үйлдвэрийн өрсөлдөх чадварын зөвлөл”-үүдэд неолибералистүүдийн түгээмэл нүүр царай гэж нэрлэхүйц эдийн засагчид, компанийн удирдлагуудыг цуглуулсан бий.

Неолиберализм гэх идеологийн амь бөхтэй улс төрийн нөлөө, дээр нь элитүүдийн үхшмэл бодлыг бичигч би дэндүү багаар үнэлжээ.

Гэлээ ч улс төр хийгээд эдийн засгийн бодлогын өрнөл хөдөлгөөнийг хойш тавиад харвал бодит эдийн засаг, эдийн засгийн үзэл санааны түвшинд 6 жилийн өмнөх бичигч миний зөнг нотлохуйц том өөрчлөлтүүд гарсныг яаж ч үгүйсгээд дарагдахгүй.

Тухайлбал, “Хямралын чимээгүй зөгнөөн” дотор дэлхийн санхүүгийн хямралын хойдохыг төсөөлсөн дараах хэсэг бий.

Шинэ системд шилжихийн өмнө, юун түрүүнд одоо нүүрлэсэн хямралаасаа мултарч, эдийн засгаа сэргээх шаардлагатай. Гэвч өнөөгийн капитализмд өмнөх шигээ эдийн засгийг сэргээх тэнхэл байхгүй байх ч магадлал бий.

Уг нь санхүүгийн капитализм 80-аад оноос хойш Black monday (1987 он), Азийн валютын хямрал (1997 он), IT-ийн хөөс хагарал (2000 он) зэрэг үзэгдлүүдийн дараа ч эдийн засгийг сэргээж, амьд үлдэж чадсан л даа. Гэсэн ч өнөөдрийн капитализмд өдийг хүртэлх эдийн засгийн цикл шиг хэдэн жилийн дотор эргэж сэргэх дайны дотоод хүч нэгэнт байхгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл өдийг хүртэлх ид шидийн гэмээр огцом өсөлт, V хэлбэрийн сэргэлтүүдийг боломжтой болгож ирсэн глобал санхүүгийн зах зээлийн механизм нь өөрөө саяын хямралаар нуран ойчсон болохоор тэр юм.

Бичигчийн ингэж бичсэний дараах 2009 оны 5 сард хамгийн том бондын сангуудын нэг болох Америкийн PIMCO (Pacific Investment Management Company)-ийн CEO Мохамед Эл-Эриан хэлэхдээ “Дэлхийн санхүүгийн хямралаас хойшхи эдийн засгийн систем нэгэнт урьдынх шигээ санхүүгийн өсөлтийн хөдөлгүүр байх боломжгүй болж, эдийн засгийн нам өсөлт, өндөр ажилгүйдлийн түвшин цаашид үргэлжилнэ” хэмээн таамагласан байдаг. Тэгээд тэрхүү зогсонги нөхцөл байдлыг “New normal” (буюу шинэ норматив) гэж нэрлэсэн. Түүнээс хойш энэхүү “New normal” гэх үг Америкийн эдийн засгийн сэтгүүлзүй, зах зээлд оролцогчдын амны уншлага болтлоо яригдах болов.

“Шинэ норматив” гэх ойлголт дэлгэрч байна гэдэг бол өнөөгийн дэлхийн хэмжээний эдийн засгийн зогсонги байдал нь түр зуурын үзэгдэл бус ужиг шинжтэй зүйл гэж нийтээр зөвшөөрч буйн шинж. Тэгээд түүнтэй зэрэгцээд өдийг хүртэлх неолиберализм ба түүнд суурилсан санхүүгийн капитализмыг ч бас төгсгөлдөө иржээ гэж үзэх болсны илрэл юм.

Бодитоор неолиберализмын эзэнт гүрэн ч гэж хэлж болох Америкт неолиберализмд хандах шүүмж болон голлох эдийн засгийн урсгалд хандах үл итгэсэн хоолой урьд хожид байгаагүйгээр өндөрсөөд байна. Тэгээд тэдгээр дуу хоолойд хариулах гэсэн тоогүй олон ном, судалгаа гарах болсон. Тэдгээр бүтээлүүдэд угаас капитализмыг үзэн яддаг марксист онолчид төдийгүй Жосеф Стиглиц, Пол Кругман эсвэл Роберт Шиллер тэргүүтэй Нобелийн шагналт нөлөө бүхий эдийн засагчид ч нэгдээд буй.

Үүн дотроос онцгойлон анхаарах ёстой зарим ном, бүтээлүүдийг зухас танилцуулаад орхиё.

Хамгийн тэмдэглэвэл зохих бүтээлээр Парисын Эдийн Засгийн Сургуулийн профессор Тома Пикеттигийн бичсэн “21-р зууны капитал”-ыг нэрлэж болно. Эх бүтээл нь франц хэл дээр боловч 2014 оны 3 сард англи хэл дээр гарсан даруйдаа Америкт ер бусын БЕСТСЕЛЛЕР болсон. Индивидуалист хандлага хүчтэй, нийгмийн ялгарлын асуудалд хамгийн дүлий нийгэм гэж харагддаг америкчуудын дунд ийм төрлийн бүтээл өргөн дэлгэр уншигдаж буй тэрхүү нийгмийн үзэгдлийг өөрийг нь чухамхүү шинэ норматив гэж хэлж болмоор санагдана.


  • Ялгарал ба зогсонги байдал

“21-р зууны капитал” бүтээлийн голлон гаргаж тавьдаг асуудал нь ийм юм.

Юуны өмнө Пикетти татварын газрын статистикт сууурилан баялгийн хуваарилалтын талаарх урт хугацааны датаг боловсруулж, Франц, Англи, Америк, Япон зэрэг хөгжингүй орнуудын баялгийн хуваарилалтын хөдөлгөөнийг сүүлийн 200 жилээр нь задлан гаргаж ирсэн байна. Тэгтэл үр дүнд нь дараах түүхэн факт ил болов.

19-р зуунаас Дэлхийн нэгдүгээр дайн хүртэлх хугацаанд баялаг хөрөнгийн эздэд ашигтай, хөдөлмөрчдөд ашиггүй хэлбэрээр хуваарилагдаж, орлогын ялгарал тасралтгүй тэлсэн. 19-р зууны төгсгөлөөс 20-р зууны эхэн үеийг “Belle Époque” (буюу Үзэсгэлэнтэй цаг үе) хэмээн дуулж, өрнийн улсуудын хөгжил цэцэглэлтийн бэлгэдэл болсон гэгээлэг үе хэмээн өргөмжилдөг ч бодит байдал дээр тухайн үеийн эдийн засгийн өсөлтийн хувь жилдээ 1 ~ 1.5% байсан ба дээр нь нийгэмд тэр чигээрээ аймшигтай туйлширсан ялгарал үүсээд байж.

Тэгтэл Дэлхийн нэгдүгээр дайны үеэс 1970-аад оны эхэн хүртэлх 60-аад жилд хөгжингүй орнуудад ялгарал огцом агшсан байдаг.

Яагаад Belle Époque-ийн үеийн ялгарал Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш агшсан юм бол? Пикеттигийн үгээр бол тэр нь капитализмын дотоод механизмнаас үүдэлтэй бус харин улс төрийн шалтгаантай юм гэнэ.

Тодорхой хэлбэл, хоёр дэлхийн дайны нөлөөгөөр чинээлэг давхрагын эзэмшил хөрөнгө механикаар хорогдсон (бөмбөгдүүлсэн). Мөн дайны төсөв бүрдүүлэхийн тулд өв залгамжлалын татвар, орлогын шаталсан татварыг нэвтрүүлсэн. Инфляцийн өсөлтөд өрийн бичгийн үнэ өртөж, өртэй хүмүүсийн дарамт багасав. Англи, Францад голлох аж үйлдвэрүүд нь төрийн мэдэлд шилжив. Дэлхийн хямралын үеэр Америкт ажилчид ба менежерүүдийн эвийг сахьсан New deal бодлого хэрэгжив. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ажилчдын эвлэлийн хүч томорч, ажилчдын хамгаалал тал руугаа жин дарсан улс төрийн уур амьсгал бүрдэв. Тэгснээр хөрөнгийн эздэд ашиггүй, ажилчдад ашигтай эдийн засгийн бодлого, нийгмийн бодлогууд хэрэгжих болов.

Аль ч фактор нь капиталын хуримтлалд саад болохуйц зүйлс тул түүний үр дүнд хөрөнгөтөн давхарга ба ажилчин давхаргын орлогын ялгаа агшиж ирэв. Дээр нь энэ үеэр Америк, европ, тэгээд Япон ч бас онцгой өндөр эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн. Тиймдээ ч Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дарах 30-аад жилийг капитализмын “Алтан үе” гэж нэрлэдэг.

Гэтэл 1970-аад оны сүүлийн хагасаас орлогын ялгарал дахин тэлэх болж, эдийн засгийн өсөлтийн хувь ч доогуур түвшинд шилжив. Тэгэх болсон гол шалтгаан нь 1970-аад оны сүүлээс 21-р зууны эхэн хүртэл чинээлэг давхарга болон аварга том корпорациудын татварыг хөнгөлж, хөрөнгөтөнд ашигтай бодлого хэрэгжих болсных гэж Пикетти үзжээ. Ийм бодлого хэрэгжих болсны шалтгаан нь мэдээж хэрэг неолиберализмын нөлөө гэдэг нь тодорхой. Ялангуяа неолиберализмын жинхэнэ талбар болох Америк, Англид 21-р зууны эхэн үе дэх баялгийн ялгарал 100 жилийн өмнөхтэй ойролцоо түвшинд ирэв. Үүнтэй харьцуулахад их газрын европын орнууд болон Японд ялгарал тэлэх хандлага байсан ч Америк, Англи шиг хэт тэлээгүй. Гэхдээ л Японд ч бас неолиберализм руу ханарсан 1990-ээд оноос хойш ялгарал тэлж эхлээд буй.

Нэг ёсондоо өнгөрсөн 200 жилийг ерөнхийлөн харвал үндсэндээ капитализм нь баялгийн ялгарлыг тэлэх хандлагатай байдаг. Дэлхийн нэгдүгээр дайнаас 1970-д оны эхэн хүртэлх 60-д жилийн хооронд ялгарал агшсан ч тэр нь дайн гэх мэт улс төрийн нөлөөнөөс үүдсэн өрнөл буюу харин ч капиталист бус үзэгдэл гэж үзвэл зохино. Энэ бол Пикеттийн дүгнэлт юм.

Цааш нь Пикетти өнгөрсөн 200 жилийн статистикт суурилан капиталын өгөөж (r) нь ямагт эдийн засгийн өсөлтөөс (g) их байдаг (r > g) гэсэн нэгэн зоримог таамгийг тэвшүүлсэн бий.

19-р зуунаас 20-р зууны эхэн хүртэл хөгжингүй орнуудын капиталын өгөөж дундажаар 5% байсан бол эдийн засгийн өсөлт нь үсрээд л 1 ~ 1.5% байсан. Тиймээс ихэнх капиталыг эзэмшигч хөрөнгөтнүүдийн хөрөнгө улам арвижсан бол ажилчдын цалингийн орлого түүн шиг нь өсөж шалилгүй, үр дүнд нь ялгарал улам тэлсэн. 1914 ~ 1973 оны хоорондох 60 жилд харин эдийн засгийн өсөлт татварын дараах капиталын өгөөжийг давсан тул ялгарал агшиж чадсан. 1970-д оны төгсгөлөөс 21-р зууны эхэн хүртэл дахин эдийн засгийн өсөлт буурсан тул капиталын орлого ажилчдын цалинг давж өссөөр ялгарал тэлсэн.

r > g гэх энэ тэнцэтгэл биш л чухамхүү “21-р зууны капитал” бүтээлийн олныг шуугиулсан шалтгаан юм. Хэрэв энэ тэнцэтгэл биш биелдэг юм гэвэл капитализм мөн чанарын хувьд ямагт ялгарлыг тэлдэг гэсэн үг болно. Тэгээд хэтийдсэн ялгарал ардчилсан улс төрийн суурь тавцанг нураана. Өөрөөр хэлбэл, чөлөөт хөрөнгийн зах зээл гээч тоглоомын дүрэм мөн чанарын хувьд ардчилалтай зам нийлэхгүй ээ гэж буй хэрэг. Хэрэв тийм гэвэл төр ардчиллыг хамгаалахын тулд зах зээлд оролцож, зохицуулалтыг чангатгахаас өөр аргагүй. Гэтэл ийм дүгнэлт чөлөөт зах зээлийн зарчимд итгэдэг неолибералистууд буюу өнөөгийн голлох эдийн засгийн урсгалын төлөөлөгчдийн хувьд яагаад ч хүлээж авах зүйл биш.

Пикетти өөрийн бүтээлдээ, капитализмаас зайлшгүйгээр бий болдог ялгарлын тэлэлтийг залруулахын тулд төрийн зах зээл дэх хүчтэй оролцоог санал болгосон. Ялангуяа түүнийг хэрэгжүүлэх хамгийн чухал бодлого бол татварын бодлого. Тодруулж хэлбэл хөрөнгө ба орлогын аль алинд нь шаталсан татвар ноогдуулах бодлогыг дэвшүүлсэн бий. Нэн ялангуяа эзэмшиж буй хөрөнгөд нь шаталсан татвар ноогдуулах нь хамгийн чухал.

Гэвч глобалчлалаас болоод капитал улсын хилийг хялбархан давж гарах боломжтой болсон. Тиймээс аль нэг улс дангаараа хөрөнгийн шаталсан татварын бодлого хэрэгжүүлснээр капитал гадагшаа урсах эрсдэлтэй. Үүн дээр Пикетти дэлхий нийтээрээ капиталд глобал шаталсан татвар ноогдуулах зөвшилд хүрэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Глобал шаталсан татвар гэх Пикеттигийн саналыг ямар ч боломжгүй гэж няцаах амархан л байх. Гэлээ ч ямар ч аргумент гаргаж тавьдаг бай тийм няцаалтыг байндаа туссан гэж хэлэх аргагүй. Пикетти өөрөө ч глобал хөрөнгийн шаталсан татвар гэх санаагаа утопи санаа (биелшгүй мөрөөдөл) болохыг бүрнээ хүлээн зөвшөөрдөг. Тэрээр асуудлын уг язгуурыг онож хатган, түүнийгээ хэлэлцээрийн ширээн дээр гаргаж тавихын төлөө л иймэрхүү санал дэвшүүлсэн болов уу. Тиймээс глобал хөрөнгийн шаталсан татварыг хэрэгжих боломжгүй санаа гэж үзэж буй бол дараагийн боломжит аргыг эрэлхийлэх нь зүйд нийцнэ (түүнээс, глобал хөрөнгийн шаталсан татвар гэх санааг өөрийг нь няцаалаа гээд ямар нэг асуудал шийдэгдэхгүй). Хамгийн гол нь капитализмд ялгарлыг тэлдэг гэх дотоод зарчим ажилладаг ба тэр нь даяарчлалаас болоод улам бүр залруулахад хүндрэлтэй болж байна гэсэн тэр фактыг л зөв ойлгож авах нь чухал билээ.


Накано Такэши

Үргэлжлэл бий...