I БҮЛЭГ – ИРГЭНШЛИЙН ӨВЧИН

1. Бие сэтгэлийг шимэгчлэгч “иргэншлийн өвчин”


1995 онд, Вашингтон мужийн санваартан Боб Муурхед “Орчин үеийн зөрчил” хэмээх алдарт эссегээ нийтэлж байв.

“Хүмүүс бидний барилга өндөр болсон ч, ааш түргэн болсон.

Зам сэлүүн болсон ч, хараа ойрын болсон.

Мөнгө үрсэн ч биед үлдэх нь бага, юм авсан ч сэтгэлд хүрэх нь бага.

Гэр томорсон ч гэр бүлийн харилцаа сул.

Тав тух нэмэгдсэн ч цаг байхгүй.

Мэргэжилтнүүд олширсон ч асуудал түүнээс ч ихэссэн.

Эм тариа олширсон ч эрүүл хүн цөөрсөн.

Бид хэтрүүлэн архи ууж, хэтрүүлэн тамхи татаж, хий дэмий цагийг үрж, багахаан инээж, хэт их ажиллаж, хэт их уурлаж, хэт орой унтаж, хэт ядарч сэрж, хааяа л уншиж, хаа сайгүй дэлгэц ширтдэг болжээ” (товчлов)


Үүнийг уншаад өөрт танил гэж хүлээж авах хүн лавтай олон бий болов уу. Бодит байдал дээр өдий дайтай иргэншил хөгжөөд байгаа хэр нь өнөөгийн бид аз жаргалаас даанч хол явна.

Өглөө босоход бие нэг л сайнгүй, хүнд хөлөө чирсээр ажил руугаа гэлдэрч, ширээнийхээ ард суусан ч ажил хийх хүсэл төрөхгүй, олдсон хоолоороо гэдсээ дүүргэсэн болоод ядарч туйлдсаар гэртээ хариад унтана…

Миний аж амьдрал нэг л өөдлөхгүй байх чинь? Амьдрал минь ердөө л ингэж явсаар дуусах юм гэж үү? Энэ мэтээр эргэлзэн тэвдэж буй хүмүүс ч цөөнгүй биз.

Тэгээд хамгийн хэцүү нь олон хүн үүнд өөрийгөө зэмлэдэг.


Ажилдаа алдаа байнга гаргадаг нь миний л анхааралгүйнх.

Тарган яваа нь миний л шийдвэртээ туйлбаргүйнх.

Ажил дуусахгүй байгаа нь миний л чадваргүйнх.

Шөнө унтаж чаддаггүй нь миний л өөртөө итгэлгүйнх.


Үр дүнд нь өдөр өдрөөр өөрийгөө үгүйсгэх сэтгэл улам лавширч, бага багаар бие сэтгэлийг шимэгчлэн сульдаана. Юу ч гэмээр эмгэнэлтэй дүр зураг гэх вэ.

Тэгвэл энэ номд “Миний буруу” гэсэн бодлыг огт эшлэхгүй. Энэ бодол бодит шийдэлд саад болоод зогсохгүй, ерөөс таамаг гэдэг утгаараа үнэнд нийцэхгүй юм. Яагаад гэвэл танд тулгараад буй асуудлуудын дийлэнх нь орчин үеийн хүмүүст тусдаг “Иргэншлийн өвчин”-өөс шалтгаалж буй болохоор тэр.


2. Урьд хожид авч байгаагүй их хэмжээний илчлэг

“Иргэншлийн өвчин” гэдэг бол орчин үеийн нийгмийн өөрчлөлтөөс үүдэж бий болсон, зөвхөн өнөө үеийн өвчин хийгээд шинж тэмдгүүдийг заасан нэршил юм. Үүний хамгийн түгээмэл жишээ бол “таргалалт”.

Америкийн өвчин судлал, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээс харвал таргалалтын хувь хэмжээ 1950-д оны үед 10%-иас доогуур түвшинд байсан бол 2010-д онд 35% давтлаа цойлсон байдаг. Бүр 1890-д он хүртэл ухаж харвал тэр үед таргалалт гээч юм тун ховор үзэгдэл байснаас жижгэвтэр сумо бөхийн дайтай хүнийг “хэвийн бус” гэж гайхан шагширч, үзмэр болгон ажиллуулсан гэх мэт тэмдэглэл хүртэл бий.

Таргалалт ингэтлээ ердийн үзэгдэл болсны шалтгаан нь нийгэм бүхэлдээ элбэг хангалуун болсноос өөр юу ч биш нь тодорхой. Хүнсний их хэмжээний үйлдвэрлэл хийгээд өртөг буурсны ачаар өнөөгийн хүмүүс урьд хожид байгаагүй их илчлэг авдаг болсон. Энэ тухайд бол өчүүхэн ч эргэлзэх зай үгүй.

Гэхдээ ингээд л яриа дуусвал ямар ч асуудлын шийдэл болохгүй. “Хэтрүүлж идэхээ больё”, “Илчлэгээ хөдөлгөөнд зарцуулъя” гэх мэт байдаг л бодлууд толгойд буухаас гавихгүй.

Тэгвэл үүн дээр “Хувьслын анагаах ухаан” хэмээх туслах зам хэрэг болно.

Энэ нь хувьслын онолд суурилан хүний өвчний цаад мөн чанарыг судалдаг мэдлэгийн салбар. Дарвины олж нээсэн хувьслын онолыг орчин үеийн анагаахын дататай хослуулсан зүйл бөгөөд “DARWINIAN MEDICINE” ч гэх нь бий.

Сүүлийн үеийн судалгаагаар өнөөгийн хүн төрөлхтний суурь ойролцоогоор 6,800,000 - 7,000,000 жилийн өмнө тавигджээ. Орчин үеийн хүн ба хүн дүрст сармагчны завсрын оршихуй болох Хомонини төрөн гарсан цаг үе бөгөөд үүнээс хойш хүн төрөлхтөн өөрийн бие даасан хувьслын замаар замнаж ирж.

Тэгээд бага багаар хувьсаж явсаар 10,000 - 20,000 жилийн өмнөөс сая нэг чулуун зэвсгийн эринээс газар тариалангийн амьдрал тийш шилжсэн байдаг. Эндээс хэлж болох зүйл гэвэл хүн төрөлхтөн яаж ч дарж тооцоод дор хаяж 6 сая жилийн турш ан гөрөөчин амьдралаар амьдарч иржээ гэсэн үг юм.

Энэхүү тоймгүй урт цагийн интервалыг төсөөлөн бодох аваас хүн төрөлхтөн хувьслын явцдаа эрт цагийн орчин нөхцөлд хамгийн ихээр дасан зохицсоноос зайлахгүй гэж үзэх нь илэрхий мөрдлөг байх болов уу.

Зэрлэг байгаль дунд олз хөөж, нарны хөдөлгөөн даган амьдарч, цөөн тооны бүлээрээ нөхөрлөн аж төрнө. Хүний тархи, бие махбод тийм орчинд л хамгийн дээд хүчин чадлаа дайчилдаг байхаар хувьсаж иржээ.


3. Эрт цагт төсөөлж ч байгаагүй “таргалалт” гэх үзэгдэл

Анагаах ухаанаас харвал “таргалалт”-ыг дараах байдлаар тайлбарлаж болно.

Нэгдүгээрт, эрт цагт хоол хүнс нөөцлөх болон зөөн түгээх систем байгаагүй тул илчлэг туйлаас чухал ресурс байсан. Тиймээс хувьслын явцад хүн төрөлхтөн зөнгөөрөө өндөр илчлэгтэй хоолонд татагддаг байхаар тархиа өөрчлөн хувьсгажээ.

Таргалалт судлалын номер нэг судлаач Брюс Кинг профессор 2013 оны тойм нийтлэлдээ ингэж бичсэн байдаг.

“Хүний хоол боловсруулах систем, мэдэрхүй (үнэрлэх, амтлах) болон хоолны дуршил өдөөгч тархины төвүүд хувьсаж хөгжсөөр ойролцоогоор 2 сая жилийн өмнө гэхэд тухайн цагийн ан гөрөөчдийн амьдарч байсан орчин нөхцөлд зохицон тогтсон. Гол төлөв илчлэг багатай хоолноос өөр юмгүй, хоолгүй удаан явах нь ч элбэг байсан цаг үе. Тиймээс бидний тархины урамшууллын систем аль болох илчлэг өндөртэй хоолонд шунадаг болж хувьссан. Гэтэл өнөөгийн хөгжингүй орны хүмүүс элбэг хангалуун хүнс бүхий «тарган орчин»-д амьдарч байна.”

Хүн төрөлхтөнд суугдсан амьд үлдэх систем өнөөгийн элбэг хангалуун орчинд зохицон ажиллаж чадалгүй, балар цагт төсөөлж ч байгаагүй “таргалалт” гэх шинэ үзэгдлийг бий болгосон учиртай. Энэхүү “Өнөө цаг ба хүн төрөлхтний хувьсал хоёрт үл нийцэл үүсээд байна” гэх ҮНДСЭН САНААн дээр хувьслын анагаахын бүх логик суурилдаг.


Харамсалтай нь энэ мэдлэгээс “таргалалт”-ын эсрэг тодорхой шийдэл төрөн гарах уу гэвэл үгүй.

Гэсэн ч байгалиасаа өндөр илчлэг бүхий хоолонд шунадаг байхаар зохиомжлогдсон амьтан гэдгээ ойлгож авснаар ямартай ч зөвхөн өөрийн хүсэл зоригийн хүчээр “таргалалт”-тай тулалдах нь цагийн гарз гэдгээ хоёргүй нэг утгаар ухаарч чадах болов уу. “Тарган орчин”-оо өөрчлөх арга зам хүн тус бүрд ялгаатай л байх. Гэхдээ луужин гэдэг утгаараа энэ мэдлэг биднийг зөв зүг тийш чиглүүлэх нь лавтай.



Номын захиалгыг ЭНДЭЭС