Иранаар гал тахих шоглоом
Иран, Израилийн хооронд “сүүдрийн дайн” 2018 онд дэгдээд, одоо шууд халз тулж дайтахын босгон дээрээ ирчхээд байна. Өнөө маргаашгүй. Энэ тухай түүх сөхөж 2018 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Бас Трамп ялчихвал яах бол гэдэгт хариулт хайя. Тэр утгаар номоос нь эшилье. Мэдээлэл, мэдлэг уншигчдадаа түгээж байгаа хэлбэр гээд ойлгочих.
Иранаар гал тахих шоглоом
- Эсвэл...
Иран, Израилийн хооронд “сүүдрийн дайн” 2018 онд дэгдээд, одоо шууд халз тулж дайтахын босгон дээрээ ирчхээд байна. Өнөө маргаашгүй. Энэ тухай түүх сөхөж 2018 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Бас Трамп ялчихвал яах бол гэдэгт хариулт хайя. Тэр утгаар номоос нь эшилье. Мэдээлэл, мэдлэг уншигчдадаа түгээж байгаа хэлбэр гээд ойлгочих.
2018 оны 5 дугаар сараас тэр түүх өрнөсөн. Сири дэх ираны цэргийн олон арван объектуудыг израилийн байлдааны онгоцнууд агаараас устгасан. Өмнөхөн нь сирийн нутаг дэвсгэрээс пуужингийн цохилт жүүдийн улс руу Иран хийсний хариуд тэгсэн болж таарсан. Израилийн Батлан хамгаалахын сайдын ам шүд алдсанаар, тэр удаа Сири дэх Ираны цэргийн бараг бүх дэд бүтцийг сөнөөсөн, Иран хариуд нь Израиль руу 20 пуужин харвасан ч нэг нь ч байгаа оноогүй.
Ираныг Ойрхи Дорнодын дайнд татан оруулахын цаад утгыг нь элдвээр тайлбарлаж болно.Гэхдээ аюул уршгийг нь тэмдэглэсэн нь их. Иран бол задраад унах шахсан, Оросын цэрэг орж байлдахгүй бол болохоо больчихсон Сири биш. Эсвэл хэдэн хэсэг хуваагдаад шашнаараа талцаад улсаа нуртал дайтаж байгаа Йемен бас биш. Жин нөлөө, хөгжлийн түвшин, цэргийн хүч чадал, хүн ардынх нь сэтгэл санааг тооцвол бүс нутагтаа энэ улс Турк, Египет, Саудын Арабтай ана мана зэрэгцэж чадна. Ийм их потенциалтай гэдгийг Израиль хатуу тооцдог, харин АНУ тооцоолохгүй байх шиг. Эсвэл бүр хэт даваадуулж тооцоолов уу?
“Америк эх орноо дахин хүчирхэгжүүлэх” тухай Д.Трампын онолоос эшилье. Тэр тухай номын хөрвүүлгийн ерөнхий редактораар ажилласан тул нэг авторынх нь хувиар олны хүртээл болгоё. Тэрээр Ерөнхийлөгч болоогүй байхдаа Ираныг ийм өнцгөөс харж байжээ. Эшлэе:–Шашны солиотуудад эзлэгдэхээсээ өмнө Иран хүчирхэг улс байсан. Шашны солиотуудаас болж л Иран манай дайсан болж, Израильд аюулын харанга дэлдлээ. Тэдний эрхэм дээд удирдагч аятолла Хаменей нь Израиль Улсыг газрын хөрснөөс 25 жилийн дотор арчина хэмээн тангараг өргөсөн. Энэ заналхийлэлд нухацтай хандаж, зохих арга хэмжээ бид авах шаардлагатай. Би жүүд хүмүүсийг бишрэн хайрлаж хүндэтгэдэг. Манай улс Израильтай онцгой харилцаатай байхыг ч дэмждэг. Израиль бол манай хамгийн чухал холбоотон, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахад том оролцоотой түнш маань. Би Израилийн төлөө зогсдог. Цаашид ч тийм байх болно. Учир нь Израиль үндэстэн бол Ойрхи Дорнодод ардчиллыг тогтоож, тогтворжуулж буй цорын ганц үндэстэн юм шүү дээ.
Б.Обамагийн буруу шийдвэрүүдийг шүүмжлэхдээ би айж эмээдэггүй. 2008 оны сонгуульд тэрээр өрсөлдөхдөө “Иран бол үхлийн аюул” хэмээн зөв таньж хэлж явжээ. Иран бол хууль бусаар цөмийн зэвсэг эзэмшигч, бүс нутгийн хүрээнд алан хядагчдыг дэмждэг, Ирактай дайтаж, Израилийн тусгаар тогтнолыг заналхийлж, жүүд нарыг хоморголон устгасан гэмт хэргийг юман чинээ тоодоггүй улс шүү дээ. Гэсэн атлаа Иран санхүүгийн хүнд нөхцөлд ормогц нь цөмийн гэрээ гэгчийг байгуулан, олон тэрбум долларын үнэ бүхий тусламж хүртэв. Тэр мөнгөөр Иран юу хийх вэ? Алан хядах ажлаа л санхүүжүүлэх болно. Энэ бүгдэд ямар гээч уялдаа холбоо байна вэ? Иранаас биднийг тусгаарлаж буй орон зай түр зуурын бэхлэлттэй л адил. Тэд пуужин бүтээчихвэл манай улс руу довтлох нь цаг хугацааны асуудал болно. Ингэснээр бидэнд илүү том аюул заналхийлнэ. Ингээд болоогүй ээ, тэд дэлхийн өнцөг булан бүрт алан хядагчдын бүлгүүдийг санхүүгээр дэмждэг. Алан хядагчид бол манай улсад болоод хилийн чанад дахь цэргийн баазуудад бодит аюул нүүрлүүлж байна. Одоо тэдэнд нүсэр том арми, олон сая долларын үнэ бүхий пуужингийн систем хэрэггүй болжээ. Технологийн тусламжтайгаар ганц, хоёр алан хядагч нийлэхэд л бидэнд асар том гарз, хохирол учруулах бүрэн боломжтой. Бид Ираныг хориглож, алуурчдыг дэмжихийг нь зогсоох хэрэгтэй. Бид гараа хумхиад, ялагдлаа хүлээгээд сууж байна гэжээ.
Ираны талаархи Трампын үзэл бодолд хэзээ ч өөрчлөлт орохгүй юм байна, тэрээр засгийн эрх авбал Ирантай ямар ч харилцаа хөгжихгүй гэдгийг тэрээр ийнхүү хэлж байжээ.
Ирантай хийсэн Ерөнхийлөгч Обамагийн тохиролцоо шиг доожоогүй явдлыг харж байсангүй. Үүнээс муу юм гэж юу байхав гэсэн нь янхийтэл тархинаа бууж байна. Ираныг гэгээнд гаргаж оодруулсан буруутнаараа өмнөх Ерөнхийлөгчөө тодруулаад авчээ.
Трамп хэлж байв:–Иран хайрцагт түгжигдэн, санкцын улмаас шахаанд орсон. Ерөнхийлөгч Обама яриа хэлэлцээ эхлэхээс бүр өмнө байгаагаа дэлгэж тавьсан. Лалын шашны хийрхэгчид түүнийг нь мэдээд, илүү арчаагүй байдалд ортол нь хүлээж байгаад дээрэмдчихсэн. Гутамшиг. Ингэж хэлэлцээ хийхдээ бид нэг ч олигтой алхам хийгээгүй. Ираныг буланд шахан, хэлэлцээрт гарын үсэг зуруулсан санкцыг цуцлахын оронд санкцыг хоёр, гурав дахин өсгөх байсан юм. Хэрэв би ингэж хэлэлцээ хийсэн бол эхлээд санкцыг хэд дахин нэмэгдүүлж, Ираны эрх баригчдыг эцэст нь тултал шалд нь буулгаад, тохиролцохыг хүсч гуйх хүртэл нь хүлээх байсан юм. Гэтэл манай Ерөнхийлөгч тэдний цөмийн бүх байгууламжийг задалж, химийн урвалболовсруулагч машинуудыг нь устган, хүссэн цагтаа хүссэн газраа хяналт шалгалт явуулах нөхцөл тавьсан байгаа юм. Бидэнд энэ бүгд ямар ч ашиггүй. Ер нь бол ямар ч хамааралгүй. Тийм атал оронд нь тэрбум доллар өгсөн байгаа юм. Манай талыг ийм болчимгүй тохиролцоо хийхэд хүргэснийх нь төлөө бид бас мөнгө төлжээ. Иран хэрэгтэй зүйлээ авсан (битүүмжлэгдсэн хөрөнгөө чөлөөлүүлсэн). Харин бидэнд ямар ашиг ирэв? Өнгөн дээрээ ихэд давилуун харагдах мөртлөө цоорхой ихтэй, тийм гээд хэлчих бодит ашиг алга. Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж, манай дэлхийд бодит аюул учруулсан хэвээр. Хэрэв Иран улс (эсвэл Олон улсын атомын эрчим хүчний агентлаг) цөмийн байгууламжуудаа манайхаар шалгуулахгүй гэвэл яах вэ? Цэргийн ажиллагаа явуулахаас өөр юу ч хийх боломжгүй болно. Тэдний байнга заналхийлдэг улс орнууд яах вэ? Ираны сүрдүүлгэд орсон улсуудыг, тэр тусмаа Израилийг орхигдуулж болохгүй. Гэтэл Ерөнхийлөгч Обама энэ гэрээгээ Конгрессоор шалгуулсан ч үгүй. Харамсалтай нь гэрээ нэгэнт зурагдсан. Хоригийг цуцалсан тул буцаах аргагүй. Би Ираны эрх баригчидтай дуртайя хамт суугаад соёлт ертөнцийн том тоглогч байхыг хүсч байгаа бол цөмийн зэвсгийн бүх хөтөлбөрүүдээ зогоохоос өөр аргагүй гэдгийг ойлгуулж чадах байсан. Иран улс цөмийн зэвсэгтэй болбол, Ойрхи Дорнод тэр чигтээ хөнөөлт зэвсгээр зэвсэглэсэн бүс болно. Үр дагавар нь ямар аймшигтай байхыг хэн ч таашгүй. Ийм нөхцөл байдал Израиль Улсад хамгийн хүндээр тусна. Тэгснээр Израиль ба бүс нутгийн бусад холбоотнуудаа хамгаалахын тулд АНУ өөрөө томоор хөдлөх шаардлага тулгарна гэжээ.
Яг энэ хэлснээрээ АНУ хөдлөхөд ойртжээ. Тэрээр цөмийн хэлэлцээрээс шууд гарсан. Тэр нь 2018.05.08-ны өдөр. 2018.05.09-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху гэнэт Ялалтын баярын хүндэт зочноор Улаан талбайд залран, Георгиевскийн лент зүүчихсэн цэцгийн хэлхээ тэврээд Путинтай алхалж явахад израилийн агаарын хүчин Сирид ираны цэргийн байршлуудыг үнсэн товорго болтол нь пуужиндан бөмбөгдөв. Москва Израилийн цохилтыг буруушаасангүй, Израиль ба Ираныг хэлэлцээний ширээнд суу хэмээн хий уриалав.
АНУ цөмийн хэлэлцээрээс гарснаар хоёр үйл явдал дагалдсан. Иран хяналтаас гарах нөхцөл бүрдсэн. Америкийн заналхийлэл тэднийг цочроохгүй, харин ч эгзэгийг тааруулан Сирид бэхжиж аваад Израилийн бараг хил дээр дөхөж байрлажээ. АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзахад Израиль хамгийн ихээр талархаад Сири дэх ираны цэргийн объектуудыг толгой дараалан устгаж эхэлсэн, түүнд Сирийн чухал холбоотон ОХУ саад хийх учиргүй хэмээн үзжээ.
Нетаньяху Москвагаас сэтгэл дүүрэн буцаж иржээ. Путиныг ятгачихсан, Орос нь Сирид орчин үеийн зэр зэвсгээ худалдахаа цуцалчихсан хэмээн сайд нартаа ам өгсөөр очжээ. Тэрээр өвөг эцэг нь Хаант Оросын цагдаагийн офицер, эцэг нь Орост төрсөн, Оросоос гаралтай еврей гэдгээ ч оросуудад сайтар ойлгуулж чаджээ.
Гэтэл жүүд нарын хүссэнээр хэрэг явдал өрнөсөнгүй. Сирийн дайн төгсгөлийнхөө шатанд оржээ. Оросын агаарын ба сансрын цэргийн тусламжтайгаар Сирийн нутаг дэвсгэрийн 95 хувь чөлөөлөгджээ. Мэдээж чөлөөлөгдсөн нутагт нь ираны цэрэг байрлаж байгаа. Орос, Иран хоёр ч Сирийн асуудлаар адилгүй байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Тэр хоёр бол лав Сири дээр яалт ч үгүй холбоотон, харин Израилийн өмнө тэр хоёрыг холбоотон гэж үзэхэд хэцүү. Ираны цэргийн холбоотон нь Орос болчихлоо гэж АНУ ч огтоос төсөөлөхгүй.
Оросын үзэж байгаагаар Сирид шашны бус, маш хүчтэй, иргэний төвлөрсөн засаг тогтох ёстой. Харин Ираны үзэхээр Сирид үлэмж сулхан, зөвхөн Тегеранаас хамааралтай, лалын шашны шиитийн урсгалыг баримтлагч цэргийн бүлэг маягийн засаг хэрэгтэй.
Жүүдийн хилд дөхөж байрласан Сири дэх Ираны лалын хувьсгалыг хамгаалагч корпус яг одоо Израилийн хил давж орж дайтах уу гэдэг дээр дэлхий нийтийн хүлээлт үүсээд байгаа бололтой. Израильд хариу цохилт өгч чадах уу гэдэгт цэргийн шинжээчид мэтгэлцэнэ. Яг тэр мөчийг нь Израиль, АНУ хоёр анаад байгаа ч юм шиг. Израиль руу пуужин харвалаа гэмэгц нь Цагаан ордноос баахан мэдэгдэл гаргасан. Хариуд нь Ираны санхүүд ээлжит цохилтоо илгээсэн. Ираны валютын солилцооны сүлжээг АНЭУ-ын тусламжтайгаар тасалсан. Ираны Төв Банк сая ам.доллар исламын хувьсгалыг хамгаалагч корпус руугаа шилжүүлэх гэснийг нь бусниачихсан.
Ер нь Сирийн хил давж агаарын цохилт хийнэ гэдэг бол Израилийн хувьд хэдэн арван жилд анх удаа тохиосон үйл явдал. Ираны эсрэг явуулсан хамгийн том, гэхдээ анхны атак. Орост хэлж мэдээлж байгаад үүнийг хийсэн. Сири дэх Оросын цэргийн байрлалд хохирол огтхон ч учруулахгүй гэсэн ам өчиг ба тохиролцоотой.
Ираныг буруутгах хэд хэдэн шалтгааныг жүүд нар хэлдэг. Тэр устгана, газрын хөрснөөс арчина, II дайны үед холокост болж байхдаа таарсан амьтад гэх мэт доромжлолд нь хариу өгч байгаа нь тэр. Гэхдээ энэ бол нэгдүгээр шалтгаан биш. Гол нь жүүдийн улсын умард хилд тулж ирсэн Ливаны шиитүүдийн “Хезболла” гэх бүлэгт Иран ямагт тусладаг, зэвсэглэдэг гэдэг нь чухал шалтгаан аж. “Хезболла” нь ираны туслалцаатайгаар пуужингийн нөөцтэй болчихсон, түүнийгээ бараг өдөр бүр Израиль руу харваад байж чадна.
Хариуд нь израильчууд Ливаны өмнөд нутгийг агаараас пуужиндаж бөмбөгдөөд байж чадна. Тэгж ч ирсэн. Туршлагатай. “Хезболла”-г хөдөлгөхгүй байхаа мэднэ.
Дараагийн маш ноцтой алхам юу болох вэ гэвэд Сири дэх ираны байрлалууд байнга жүүд нарын халдлагад өртөх, тэр тоолонд Иранаас Ирак дээгүүр агаараар цэрэг зэвсэг зөөсөөр байх, тасралтгүй мөнхийн тогтворгүй байдал үргэлжлэх нэг эрсдэл байна. Ийм нөхцөлд Асадын Засгийн газрын сэргээн босголт, бүтээн байгуулалт будаа болно. Орос яахаа ч үл мэдэн нээнтэгэнд байнга байна.
Сири дэх террористуудыг устгаххамтын хүч чармайлтад иранчууд маш чухал үүрэг гүйцэтгэж буй тухай Израильд суугаа Оросын Элчин сайд Анатолий Викторов израилийн ТВ-ийн “Kanal-10” ярьсныг сайтууд эшлэсэн. Ерөөсөө Сирийн дарангуйлагч Асадын нийт дайснуудыг террорист хэмээн үздэгийг ч тэмдэглэж байна.
Орос нь Сири дэх ираны цэрэгжсэн отрядуудыг дэмждэг нь ил боллоо. Оросын судлаач Николай Бобкин: - Ираныг алдана гэдэг Ойрхи Дорнодыг алдана гэсэн үг. Бидэнд тэр бүс нутагт түүн шиг нөлөө бүхий өөр холбоотон алга.Бас нэг судлаач Сергей Серёгичев:- ЛБНИУ-ыг эзэлж бөмбөгдөж болно. Харин бүх Ойрхи Дорнод дүрэлзэнэ. «Хезболла»-г Иран мөнгөөр тэтгэж байдаг Ливан сүйрч нурна, дараагийн ээлжинд «Лалын ахан дүүс»-тэй том асуудалтай, ажилгүйдэл ихтэй Иордан сүйрнэ, цаашаа дорнод мужуудад нь сая сая шиитүүдтэй Саудын Араб сүйрнэ хэмээн ёрложээ.
Жүүд нарын гарт маш хачирхалтай баримт орж иржээ. Израилийн хяналтад байгаа Голаны өндөрлөгөөс ердөө 25 км зайд оросын офицерууд, шиитийн командлагч нар хамт байгаа гэрэл зургийг дэлгэжээ. Тэгэхлээр одоо Сириэс ираны хүчнийг гаргах, гартал нь шахалт үзүүлэх зорилт босч ирлээ хэмээн АНУ-ын ТНБД М.Помпео мэдэгдчихлээ. “Сири бол ерөөсөө байлдааны шийдвэрлэх талбар боллоо, Ираныг тэндээс хөөж гаргах үйл лайг урьж ирүүлснээрээ Сирийн Засгийн газар үүрэх ёстой, Ираны цэргийг гаргахыг хэрэв Сири хэрэгжүүлэхгүй бол сэргээн босголтондоо АНУ-аас нэг ч доллар горьдох хэрэггүй. Дайны дараахи Сирид АНУ ямраар ч тусламж үзүүлэхгүй” гэчихлээ.
Ерөөсөө Иран тэнд байгаад л байвал америкийн 2000 цэрэг мөн тэнд байгаад л байх болно хэмээн Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон анхаарууллаа. Иран бол олон улсын терроризмын төв банк, «Хезболла», «Хамас», «Палестины лалын жихад» бол ираны талынх, эд бүгдээрээ АНУ-ын эрх ашигт заналхийлдэг гэхчлэн Болтон ярьдаг.
Помпеогийн үзэж байгаагаар, Иран нь Сири дэх тогтворгүй байдлыг ашиглан бүс нутгийн хүчний тэнцвэрийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гайхамшигтай боломж олж авчээ. Тэр ч бүү хэл заналт дайсан гэгдэх Израилийнхаа эсрэг шинэ фронт хил дээр нь нээгээд авчээ.
Израилийн Батлан хамгаалахын сайд, урьд нь зөвлөлтийн иргэн явсан Авигдор Либерман оросоор ярилцлага өгчээ:–Урьд нь Саудын Арабын эсрэг ашиглах юм байна гэж үзэж байсан пуужингууд Израиль Улсад шууд заналхийлээд хаяанд ирээд байрлачихдаг байна шүү. Тэр пуужингаараа Эр-Рияд руу харваад дэлбэлчихсэн. Иран пуужингаа байнга сайжруулж, улам мэргэн болгож, хүчийг нь нэмлээ, даялал нь ч алслагдлаа. Одоо тайван хараад сууж байж чадахгүй. Иран бол радикал исламыг тахин шүтдэг радикал улс. Троцкийгоос авахуулаад Че Гевараг хүртлэх бүх хувьсгалчдын нэг адил тэд лалын хувьсгалаа экспортлохыг зорьдог. Бүхий л Ойрхи Дорнодод хэвийн, тэнцвэртэй дэглэмүүдийг Иран л түрэмгийлж хагалан бутаргадаг. Йеменийг хар л даа. Саудын Арабын эсрэг хөдөлгөчихлөө. Ирак, Ливан, Сирид хагалан бутаргах ажиллагаа байнга явуулж байна гэжээ.
Либерман Европыг маш гутрангиар хардаг юм байна. 1938 онд Гитлертэй байгуулсан Мюнхены хэлэлцээрээс Ирантай байгуулсан тэр хэлэлцээр огтхон ч ялгаа алга. Европчууд өөрсдийгөө хуурч байна гэжээ!
“Засгийн газрын мэдээ” cонин, 2018.12.27