Эрүүл биеийн соёл
Улаанбаатарт ялангуяа хагас, бүтэн сайн өдрөөр мянга мянган хүн Зайсангийн ам өгсөөд Богд ууланд гардаг болсон нь үнэхээр сайшаалтай.
Биеийн тамирын хичээлийг оросууд “урок физической культуры” буюу “урок физкультуры” гэж нэрлэдэг. Үүнийг нь “бие бялдрын соёлын хичээл” эсхүл “эрүүл биеийн соёлын хичээл” гэж орчуулмаар юм шиг. Биеийн тамирын хичээл нь хүүхэд залуучуудыг гол нь биеэ зөв, эрүүл авч явах соёлд сургах зорилготой учраас оросууд “соёл” гэдэг үгийг хэрэглэсэн гэж ойлгож байна. Яагаад энэ тухай бичээд байна гэхээр Монголыг сайн мэдэх нэгэн танил гадаад нөхөр манайд сүүлийн жилүүдэд тарган хүмүүс олширсныг гайхан хэлснээс болж энэ тухай нилээд яриа болсон юм. Энэ нь нэгдүгээрт, бидний хэрэглэдэг хоол хүнс эрс өөрчлөгдөж сайжирсан ч юм уу, ямар ч байсан таргалуулдаг хоол хүнс их болсон, хоёрдугаарт, хөдөлгөөний дутагдалд орсонтой холбоотой (өнөөдөр хүмүүс бараг бүгд л явганаар биш машинаар, шатаар биш лифтээр явах болж). Гэтэл гадаадад, ялангуяа хөгжингүй орнуудад тарган хүмүүс ажилд ороход хэцүү болсон гэнэ. Өөрийн биед (эрүүл мэнддээ гэж ойлгож болно) анхаарал тавьж чадахгүй хүн хариуцсан ажилдаа бас тийм байх магадлалтай гэж үздэг болсон юм байх. Үүнээс ургуулаад энэ талаар өөрийн санаа бодлоо хуваалцах гэсэн юм.
Эрүүл биеийн соёл ба төр, засаг. Манай ихэс дээдэс дээр үеэс харьяат албатуудаа байнгын байлдааны бэлтгэлтэй байлгахыг хичээдэг байсан. Олон зуун жилийн уламжлалтай эрийн гурван наадмыг дайн байлдаанд бэлтгэх сургууль төдийгүй хүн бүрийг бага наснаас нь хамруулдаг байсан биеийн тамирын хичээл гэж үзэж болно. Социализмын үед бол хүн бүр ХБХБ (хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн) норматив биелүүлэх үүрэгтэй байлаа. Үүний гол зорилго нь хүн амыг эрүүл байлгах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ингэснээр эрүүл чийрэг ажиллах хүч, хүн амыг цэргийн анхан шатны мэдлэгтэй болгох явдал байсан юм. Харамсалтай нь өнөөдөр ХБХБ бүр мартагджээ. Манай ХБХБ нь зөвлөлтийн ГТО (готов к труду и обороне)-гийн хуулбар л даа. Сониноос оросууд ГТО-гоо сэргээж 2018 оноос мөрдөж эхлээд байна. Бид ч гэсэн ХБХБ-ээ сэргээмээр байгаа юм. Хүн амыг эрүүл чийрэг байлгах нь төр, улсад ямар ашиг тустайг дахин давтан нуршаад яахав.
Сүүлийн үед манайхан, ялангуяа залуучууд эрүүл мэнддээ буюу эрүүл биеийн (бие бялдрын ч гэж болох) соёлд нилээд анхаарах болсон нь сайн хэрэг. Фитнес, йогоор хичээллэгчид олширч байна. Явган алхдаг, дугуй унадаг хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Харин үүнд төр, засгийн оролцоо, дэмжлэг гэх зүйл одоохондоо бараг харагдахгүй байгаа юм. Эрүүл биеийн соёл нь ерөнхий соёлын салшгүй хэсэг учраас түүнийг хөгжүүлэх орчныг бий болгох нь төрийн үүрэг. Янз бүрийн хөтөлбөр, нормативууд баталж болно. Гол нь материаллаг баазыг нь бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Орон нутгийн засаг захиргаадын ажлыг дүгнэхдээ гүйлт, дугуйны зам, биеийн тамирын талбай хичнээнийг байгуулсныг харгалздаг болох жишээтэй.
Улаанбаатарт ялангуяа хагас, бүтэн сайн өдрөөр мянга мянган хүн Зайсангийн ам өгсөөд Богд ууланд гардаг болсон нь үнэхээр сайшаалтай. Тийшээ гарах зам, маршрутыг манай ямар ч дарга зааж өгөөгүй, ард түмэн өөрөө л сонгосон. Харамсалтай нь тэр хавийг тохижуулах тал дээр эрх баригчид хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн жил машины 2 зогсоол л барих шив дээ. Хэрвээ энэ хавийг төрийн хамгаалалттай үндэсний парк болгоод хүмүүсийн алхдаг замын дагуух “муухай царайтай” шавар овоохойнуудыг буулгаж хүүхдийн болон спортын талбайнууд байгуулж тохижуулах юм бол ирэх сонгуульд олон арван мянган идэвхтэй сонгогчдыг (чухам амьдралын идэвхтэй хүмүүс л ууланд гардаг) өөртөө татна гэдгийг улс төрчид ойлгодог болов уу.
Эрүүл байхын чухлыг ухуулан сурталчлах. Эхлээд манай нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Эрүүл ба жаргал” шүлгийг уншигчдад сануулмаар байна:
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан ...
Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар ...
Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс ...
Эрүүл байхын чухлыг үүнээс илүү яаж ч бичих билээ. Хүмүүст ялангуяа хүүхэд залуучуудад эрүүл чийрэг байх гэдэг бол том соёл шүү гэдгийг янз бүрээр байнга ухуулан таниулах хэрэгтэй. Бас нааштай зүйлүүд байна аа байна. Залуучууд үнэтэй хувцсаар гэхээсээ илүүтэй эрүүл чийрэг биеэрээ гоёж гайхуулах боллоо. Спортлог, эрүүл чийрэг биетэй залуучууд их болж. Спортлог дүр төрх нь тэдний имижэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Ийм болохын тулд мэдээж муу зуршлаасаа салж биеийн тамираар их хичээллэх хэрэгтэй л дээ. Ингэснээр чөлөөт цагаа зөв өнгөрөөж сурч байна гэсэн үг.
Энд бас их спортын талаар товч дурдах нь зүйтэй гэж бодож байна. Их спортын хамгийн гол зорилго бол олон түмэнд биеийн тамирыг сурталчлах явдал гэж хэлж болох. Олимп, дэлхийн аваргын тэмцээнүүдийн дараа спортоор, биеийн тамираар хичээллэгсдийн тоо эрс нэмэгддэг нь үүний илрэл. Ялангуяа өөрийн орны тамирчин сонирхдог спортын төрлөөр нь амжилт гаргавал тэр төрлийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгддэг. Жишээ нь манай жүдочид олимп, дэлхийн аваргад амжилттай барилдаж байгаа учраас жүдогоор хичээллэдэг хүүхдийн тоо эрс нэмэгдлээ. Гэхдээ хичээллэсэн болгон нь амжилт гаргахгүй л дээ. Их спортоор амжилт гаргахын тулд түүнд амьдралаа зориулах хэрэгтэй болно. Их спортын тамирчин болно гэвэл сонгосон спортын төрөлдөө маш сонирхолтой, бас түүндээ тохирсон байгалийн өгөгдөхүүнтэй байх хэрэгтэй.
Би өөрөө төгс ”амьтан” болчихоод үүнийг бичээд байгаа юм биш. Тамхи татна, хааяа хатуу ундаа хүртчихнэ. Мэдсээр байж эдгээр муу зуршлаасаа салж чадахгүй л байна. Гэхдээ залуу байхдаа спортоор хичээллэх гэж аядсан учраас бас чиг гайгүй, илүүдэл жин багатай. Байнгын дасгал хийдэггүй ч хааяа ууланд алхаж, дугуй унадаг. Жаахан нас ахиад ч тэр үү эрүүл байх нь хамгаас чухал гэдгийг илүү ойлгох боллоо. Ер нь эрүүл байна гэдэг бол бас хариуцлагын асуудал юм байна. Өвдчихвөл өөрөө зовохоос гадна ойр дотны хүмүүсээ бас зовооно. Аргалах аргагүй өвчин тусчихвал өөр хэрэг, харин өөрөөсөө болж өвдөж болохгүй гэдэг нь эрүүл байхын соёл юм гэж хэлэх гээд байна л даа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт нас баралтын 1/3 нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед маш хурдацтай газар авч байгаа чихрийн шижин өвчин мөн л хөдөлгөөний дутагдал, хэт таргалалттай холбоотой. Эцэст нь дэлхийн хамгийн баян хүний нэг Стив Жобс нас барахынхаа өмнө ямар ч мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол эрүүл мэнд гэж бичсэнийг сануулахад илүүдэхгүй байх.
зочин
Зочин
Байгаль хамгаалагч
Б.Долгион
Зочин
Эрүүлийг хүсэгч
zochin
Ахмад
zochin
Bayarlalaa