Дээхэн үед (зах зээлд шилжихээс өмнөх үеийг хэлж байна) Улаанбаатар хотын захаар “бааз” нэртэй аж ахуйнууд олон байв. Бүр “Бөөний бараа бааз” гэсэн нэртэй аж ахуй хүртэл байсан юм. Гадаадаас ирсэн бараа, материал, тоног төхөөрөмжийг буулган албан байгууллага болон худалдаа, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд хуваарилдаг байсан тул тэдгээрийг “социализмын материал-техникийн бааз” гэж хүртэл цаашлуулан ярьдаг байлаа. Тэр үед гадаад худалдааг зөвхөн улс л эрхэлдэг байсан учраас ийм аж ахуйнууд байхаас өөр аргагүй байж. Одоогоор бол бөөний худалдааны төвүүд юм уу даа. Өнгөрсөн зууны 90-ээд онд төвлөрсөн социалист аж ахуйн систем нурснаар “бааз” нэртэй эдгээр аж ахуй үгүй болсон билээ. Өнөөдөр үйлдвэр, аж ахуйн газрууд ихэнх нь хувийнх болсон тул тэд өөрсдөө гадаадаас шаардлагатай бараа, тоног төхөөрөмжөө авдаг болсон. Ингэхдээ голдуу Эрээн хотоос эсхүл Эрээнээр дамжуулан бараа материалаа зөөх болжээ.

Саяхан миний бие Эрээнд Цайны замтай холбоотой нэгэн арга хэмжээнд оролцож тэнд хоёр хонов. Орчин үеийн байшин барилгатай, өргөн цэлгэр гудамж талбайтай, зүлэг мод ихтэй Эрээн хот ёстой “түм түжигнэж, бум бужигнасан” олон улсын худалдааны том төв болжээ. Бүр худалдааны чөлөөт бүс ч гэж хэлж болохоор. Эрэг боолтоос эхлүүлээд том машин механизм гээд л зарахгүй юм алга. Хүнс, хувцас зардаг том том захууд зөндөө. Хямд нь ч байна, чанартай нь ч байна, Хятадад үйлдвэрлэсэн нь ч байна, хөгжингүй орнуудаас авчирсан нь ч байна. Эрээнийг бас Монгол–Хятадыг холбосон тээвэр–ложистикийн том төв, хоёр орныг холбосон гол хаалга ч гэж болно. Энэ хот цаашдаа ч Хятад–Монгол–Оросыг холбох эдийн засгийн коридорт чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.

Эрээнд арилжаа наймаа, гэрээ хэлэлцээр хийж яваа монголчууд хаана л бол хаана тааралдана. Тийшээгээ очиход тун хялбар. Галт тэрэг, автомашинаар болоод онгоцоор өдөртөө хэдэн мянган хүн хилээр орж гарч байна. Замын-Үүд – Эрээний боомтоорхойд хил дээрх Алтанбулаг – Хиагтын боомтоос хамаагүй олон хүн орж гардаг хэрнээ Замын-Үүдийнх нь зөвхөн ажлын цагаар, Алтанбулагийнх нь 24 цагаар ажилладаг нь сонин. Бодвол цаана нь бас учир байдаг л байх.

Эрээнийхэн бүгд монголоор ярих тул хэлний бэрхшээл гэж үгүй. Мөнгө шилжүүлж гуйвуулахад ямар ч асуудал алга. Гар утсаараа ч хийчихэж болно. Ер нь тэгээд Хятадад хаана ч (жишээ нь хилээр орж гарахад) хүнд суртал багатай, өдөр, шөнө хэзээ ч бай гудамж, зээлээр нь явахад айх зүйлгүй амгалан тайван гэж манайхан ярьдаг шүү дээ. 

Зочид буудал, хоолны газрууд янз янзаараа л байх юм. Монголчуудад зориулсан баар, цэнгээний газрууд ч цөөнгүй.

Бид Замын-Үүдээ хөгжүүлж Эрээнд хийгддэг арилжаа наймааны ядаж тодорхой хэсгийг нь татах хэрэгтэй байгаа юм. Манай төр, засаг үүнийг анхаарч “Замын-Үүдийн чөлөөт бүс” байгуулах шийдвэр гаргасан хэдий ч арай л удаан хөдөлж байх шиг. Бэрхшээл олон байдаг байх л даа.

Энд бас нэг зүйлийг онцлоход Эрээн хотын засгийн ордон (засаг захиргаа) зөвхөн худалдаа, тээврийг хөгжүүлэхэд анхаараад зогсохгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Эрээн хот ердөө 30 гаруйхан мянган хүн амтай мөртлөө Хятадын өмнө зүгээс жилдээ сая орчим хүн хүлээн авч нилээдгүй ашиг орлого олдог болсон гэж хотын дарга нь ярьж байв. Тэд Цайны замын түүх, нүүдэлчдийн ахуй, үлэг гүрвэлийн олдворуудтай танилцах гэж ирдэг юм байна. Сайхан музейнүүд, тохилог жуулчны бааз, зочид буудлууд олноор байгуулжээ. Цайны зам нь Монголтой холбоотой, гэтэл манайд энэ талын музей, үзмэр ховор учир манайхан тэдгээрийг очиж үзвэл сонирхолтой л юм билээ. Үлэг гүрвэлийг бүр Эрээн хотын брэнд, лого болгожээ. Тэгэхээр Эрээн хот зөвхөн монголчуудтай худалдаа наймаа хийж хөгжиж байна уу гэвэл бас тийм биш байх нь.


Эрээн хотын цайны музей.



Цайг бороо, цас, шорооноос хамгаалахын тулд хонины нэхий, гүзээнд хийдэг байжээ.


Хоёр худалдаачин ханцуй дотроо хуруугаараа үнэ тохиролцож байгаа нь.


Үлэг гүрвэлийн парк нь үзмэр арвинтай.


Өмнө зүгийн жуулчдад Монголын нутгийг харуулахын тулд ийм цамхагтай өндөр барилга барьжээ.


Бид Эрээнийг монголчууд хөгжүүлж байна гэж ярих дуртай. Гэтэл эсрэгээр Эрээн Монголын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа юм биш үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Шаардлагатай бараагаа бүх Хятадаар эрж явалгүй зөвхөн Эрээнээс бараг бүгдийг авчихаж байгаа учраас түүнийг Монголын “бөөний бараа бааз” болжээ гэсэн санаа хэлэх гээд байна л даа.