Философи гэж юу вэ? Юунд хэрэгтэй юм бэ?


Охин:

Багшаа, туслаарай! Сүүлийн үед ажил дээрээ бүтэлгүйтээд ер өөдлөхөө болилоо! Дээр нь энэ талаар найз залуутайгаа зөвлөлдөх гэтэл “Акихо! Чиний амьдралд философи байхгүй болохоор л энэ шүү дээ” гэж дургүй хүргээд, “Юу гэнэ ээ? Юу гэсэн үг юм?” гээд баахан хэрүүл хийж хаяад, гэхдээ шарандаа нэг философийн ном аваад уншсан чинь юу ч ойлгоогүй. Багш аа, философи гэж яг юу юм бэ?


Багш:

Хүүе, Акихо! Чи чинь ийм хүн байсан юм уу? (сандрав)


Охин:

Үгүй ээ, яахав, хальт эхлэл хэсэг дээр хувь хүний хөгжлийн номуудад дүрслээд байдаг нөгөө хоосон толгойтой охидын амны фигурыг дуурайж үзье гэж бодоод л…


Багш:

Аан, тийм байлгүй дээ. Номын нүүрэн дээрх шавхийсэн имижээс шал өөр юм ороод ирэхээр чинь гайхлаа шүү. Юу юугүй л номын нүүрээ буруу захиалаад хийлгэчив үү гэж бодлоо…


Охин:

Тиймэрхүү мета сэдвээ больчих тэгэх үү? Угаасаа шал хөлдүү сонсогддог юм. Аягүй бол уншигчид уншиж эхлээд л залхана.


Багш:

Аймар юм бэ! Өөрөө эхэлчхээд.


Охин:

За тэр яах вэ ээ, Шалавхан шиг философи заагаад өг! Ямча багш та тэгэх гэж л энд дуудагдаж ирээ биз дээ?


Багш:

Заа за, аль чадахаараа л хичээе. За тэгээд эхэнд хэлсэн үг чинь хаа хүртлээ үнэн юм бэ дээ?


Охин:

Юу? Бүгд үнэн. “Ажил өөдлөхгүй байгаа” ч тэр, “найз залуудаа тавлуулаад бөөн хэрүүл болсон” ч бас, “философийн ном уншаад юу ч ойлгоогүй” гээд бүгд үнэн.


Багш:

Ти, тийм үү (бүтэлгүй юм бэ). Тэгээд ямар философийн ном уншсан юм бэ дээ?


Охин:

Хм, утгагүй юм асуух юм. Мэдээж Ницше л байж таараа шд. Философич гэвэл Ницше, Ницше гэвэл философич. Өнөө үед захын бацаан ч мэддэг алдартай философич биз дээ?


Багш:

Бацаанууд ч юу л бол, гэхдээ алдартай нь үнээн үнэн.


Охин:

Тэгээд ч номын дэлгүүрийн философийн буланг сонжсон чинь ихэнх нь Ницшетэй холбоотой номууд л ярайж байна лээ. “Борлуулалт сайтайгаар нь Ницше гээд нэрлэчихвэл дурын дурак нь ч дэгээдүүлээд тэрүүхэндээ зарагдаад байх биз” гэсэн тактикаар муу сайн хэвлэлийн газрууд гаргадаг биз.


Багш:

Яахав, тэр ч тийм ээ тийм… Үгүй ээ, яалаа гэж! Ницше чинь маш чухал философич байхгүй юү! Тийм болоод л бүх хэвлэлийн газрууд гаргадаг, ердөө л тэр!


Охин:

Хаяагаа манасан эрчүүдийг харахаар дургүй хүрээд байдаг юм. За за, ямар ч байсан хамгийн борлуулалт сайтай Ницшегийн номноос аваад уншвал найдвартай гэж бодоод ганцыг сонжиж үзсэн юм.


Багш:

Яахав, Ницше бол философийн түүхэндээ ч чухал хүнийг хэлэх үү, тэгтлээ буруу сонголт биш л байх. Ингэхэд чи ер нь өөр ямар философич мэддэг вэ?


Охин:

Заа байз, жишээ нь Сократ. Тэгээд…, Ницше.


Багш:

Зөв зөв. Хангалттай байх өө, наадуулаа мэдэж байхад (хоёрхон байхдаа яахав дээ).


Охин:

Мэдэхгүй ээ, уншаад үзсэн чинь баахан л мэргэн үгс шиг юмнууд ярайгаад, “Энэ ямар гоё үг вэ” гэж бодогдуулсан хуудас мэр сэр байсан ч унтаад сэрэхэд л бүгд мартагдаад… Явж явж философи гэж яг юу юм бэ гэдгийг сайн ойлгож чадаагүй ээ.


Багш:

Тийм л дээ, Ницшегийн мэргэн үгс гэж зөндөө л юм бий. Мэдээж тэдгээр нь маш ончтой үгс ч гэлээ тийм үгсийг хэчнээн салгаж цуглуулаад Ницшегийн философийг ойлгох боломжгүй л дээ. За за, ойлголоо. Ер нь би чамд Ницшегийн философи гэж ямар юм байдгийг системтэйгээр зааж өгье.


Охин:

Гоё зааж өгөөрэй. Хүнд хэцүү, уйтгартай заавал шууд л хаяад гарна шүү. Тэгээд энэ номын чинь хэвлэлийн компани руу гомдол бичнэ шүү.


Багш:

Ч…, чи ч бас гоё сонсоорой (шууд дарамталдаг байна шд).

За тэгвэл, юуны өмнө философи гэж юу болох талаар…


Охин:

Түр хүлээж байгаарай. Тэрний өмнө сэтгэлзүйн бэлтгэл болгож философи юунд хэрэгтэй талаар хэлээд өгөөч.


Багш:

Юу? Яагаад?


Охин:

Юу яагаад гэж. “Философид суралцвал ийм ийм хэрэгтэй” гээд, нэг ёсондоо “философи сурахын ашиг тус”-ыг эхлээд мэдээд авбал арай нэг сонсох сэдэл төрнө биз дээ? Жишээ нь дургүй хүргэсэн даргадаа ухамсрын шанаа өгөх техник эзэмшинэ ч гэдэг юм уу.


Багш:

Аан тийм үү? Зөв зөв. Гэхдээ тэр утгаар нь хэлэх юм бол философи тийм ч ашиг тустай биш ч байж магадгүй юм. Онцгой тусгай мэдлэг чадвар эзэмшинэ гэхэд хэцүү дээ.


Охин:

Ээ… Тийм гэж үү? Ямар ч ашиггүй юм уу… Хүүе ээ, энэ чинь цаг ийм орой болцон юм уу? За за, би харьдаг ч…


Багш:

Үгүй ээ, хүлээгээрэй! Гэхдээ ямар ч байсан “амьдрахуй чинь өөрчлөгдөнө” гэж бодож байна шүү.


Охин:

Амьдрахуй? Юу гэсэн үг вэ?


Багш:

Юу нөгөө…, юуны өмнө одоогийн чиний итгэж явдаг ердийн ойлголтууд нуран унаж “цөхрөл”-д автана.


Охин:

… Цөхрөл? … За за, нээрээ би харилаа.


Багш:

Гэхдээ дараа нь “Тэр тусмаа ердийн ойлголтуудад баригдалгүй өөрийн толгойгоороо тунгааж, идэвхтэйгээр урагш тэмүүлж амьдаръя”..., тэгж бодож чадахуйц болж ирнэ.


Охин:

… !?


Багш:

Янз бүрийн философи дотроос ялангуяа Ницшегийн философид суралцвал тийм “урагш тэмүүлсэн амьдрахуй” өөрт бүрэлддэг юм. Угаасаа тийм үр нөлөө байдаг болохоор л Ницше түүхэнд булагдаад мартагдалгүй өнөө үеийг хүртэл уншигдсаар байгаа юм л даа.


Охин:

Урагш тэмүүлсэн амьдрахуй… Наадах чинь харин сонирхол татах ч шиг.


Багш:

Хүүе? Акихо чинь угаасаа л урагшаа тэмүүлсэн, цоглог байрын хүн биш үү?


Охин:

Ёстой тийм юм байхгүй. Сая ажил дээрээ бүтэлгүйтээд салахаа байлаа гэж хэлсэн маань ч бас үнэндээ ажилдаа нэг л өөдрөг байж чадахгүйдээ…


Багш:

Өө, тийм байсан юм уу?


Охин:

Сүүлийн үед өдөр бүр бодох юм. Би энэ ажилд үнэхээр дуртай юм болов уу, гээд. Нэг тийм, зүгээр инерциэрээ л яваад байгаа юм шиг санагдаад. Бас найз залуу ч тэр…


Багш:

Таарамжгүй байгаа юм уу?


Охин:

Үгүй ээ, гайгүй л дээ. Гэхдээ л саяынх шиг бас л үнэхээр хайртай юм болов уу, гэж бодогдоод… Явж явж ажил ч тэр, хайр дурлал ч тэр, өөрийн болгоогүй байхдаа хүсээд тачаадаад байдаг хэрнээ, арай гэж өөрийн болгохоор нөгөө анхны баяр хөөр нэг мэдэхэд л хийсч арилаад, тэгснээ бага багаар “Үнэхээр энэ ажил, энэ хүн яг мөн үү” гэсэн юм бодоод эхлэх юм.


Багш:

Наадах чинь нээрээ л жаахан сөрөг шинжтэй юм тэ? Акихо чинь бодсоноос хамаагүй гутранги юм аа даа?


Охин:

Тийм байна уу? Өнөө үед бараг бүх хүнд энэ зэргийн эргэлзээ байдаг л гэж боддог шд. Ажил, хайр дурлал, гэрлэлт. “Сэтгэл зүрхнээсээ энэ яг мөн” гэж бодож чадахуйц хамгийн төгс зүйлтэйгээ учирсан хүн гэж тийм олон байдаг ч юм уу. Ихэнх хүн “тэрүүхэндээ боломжийн, эсвэл тэрнээс доош” зүйлстэй л учирч, тэрэнтэйгээ эвлэрэнгээ амьдарч явдаг биз дээ?


Багш:

Мөөн. Нээрээ л тийм байдлаар бодоод байвал ажилдаа ч, хайр дурлалд ч өөдрөгөөр хандаж чадахгүй л байх даа.


Охин:

Гэхдээ Ницшегийн философид суралцвал өөдрөгөөр урагш тэмүүлж амьдарч чадахуйц болно гэж сая та хэлсэн биз дээ? Үнэхээр тийм болж чадах уу?


Багш:

Тэгэлгүй яахав. Баталгаа өгч чадахгүй ч аль чадахаараа тийм болтол чинь тайлбарлахыг хичээе.


Охин:

Амласан шүү. Хэрвээ тийм болж чадахгүй бол хэвлэлийн компанид чинь гомдол…


Багш:

За наад мета сэдвээ больё тэгэх үү! Ямар ч байсан миний яриаг аль болох эерэг талаас нь сонсоорой! (сандрав).


Үргэлжлэлийг ЭНДЭЭС унших