Ерөнхийлөгчийн засаглал уу? Парламентын засаглал уу?
“Манай улс төрийн тогтолцоо нэг л биш ээ” гэсэн яриа арав гаруй жилийн өмнөөс олны дунд хүчтэй яригдаж эхэлсэн
УИХ-ын намрын чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга хэлсэн үгэндээ … Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа үндсэндээ бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна …Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе…
…Хардах, яаран дүгнэхийн оронд та бүгдийг хүлээцтэй хандаж, асуудлыг эрүүл ухаанаар шүүн хэлэлцээсэй хэмээн хүсэж байна …гэж хэллээ.
Одоогоор энэ талаар бичиж буй хүн судлаач Д.Ганхуягаас өөр олон харагдахгүй бөгөөд ард олон ямар ч зүйлд итгэхээ больсон шинж ажиглагдах ажээ.
Дэлхийн улс орнуудын засаглалын тогтолцооны тухайд
“Манай улс төрийн тогтолцоо нэг л биш ээ” гэсэн яриа арав гаруй жилийн өмнөөс олны дунд хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд яг юу нь “нэг л биш” болчхоод байгаа тухай ярьсан хэлсэн нь тун цөөн. Юу нь болохоо байчхаад байгаа, сиситемийн өөрчлөлт гэж юуг хэлээд байгааг мэдэхийн тулд эхлээд дэлхийн улс орнуудын улс төрийн хийгээд эдийн засгийн тогтолцооны тухай ярих нь зүйн хэрэг билээ. Дэлхийн улс орнууд ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай гэсэн үндсэн хоёр тогтолцоотой бөгөөд хаант засаглалтай, холимог болон шилжилтийн тогтолцоотой орнууд цөөн байгаа ч дийлэнх нь нэг гарт буюу ерөнхий сайд эс бөгөөс ерөнхийлөгч хэмээх төрийн тэргүүний гарт улс төр, эдийн засаг нь төвлөрдөг байна.
Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх АНУ-д бий болгожээ. Төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх буюу улс төр эдийн засаг нь ерөнхийлөгчийн гарт төвлөрч байдаг засаглалын хэлбэр бөгөөд ОХУлс ерөнхийлөгчийн засаглалтай ч ерөнхийлөгч нь ерөнхий сайдаа томилдог бол АНУ- д ерөнхий сайд гэх албан тушаал байдаггүй ерөнхийлөгч тэр үүргийг хүлээж 4 жилээр хоёр удаа сонгогдоно гэж 1951 онд баталсан үндсэн хуулиндаа заасан байдаг. (АНУ-ын өмнөх 44 ерөнхийлөгчийн талаас илүү нь 8-12 жил төр барьсныг үзхүл тэд 8 жилийн циклтэй улс гэж ойлгогдохоор ажээ.)
Дэлхий дахинд ерөнхийлөгчийг ихэвчлэн 1-7 жилийн хугацаатайгаар сонгодог бөгөөд зарим оронд насан туршид нь сонгодог байна.
Хаант засаглалтай улс орнууд хоёр янз байгаа нь абсолют хаант засаглалтай буюу үе залгамжилсан хаант засаглалтай улс орнууд (Катар, Саудын Араб, Тонга, Арабын Нэгдсэн Эмират улс …) Их Британи, Япон... зэрэг үндсэн хуульт хаант засаглалтай буюу хаан нь тодорхой хугацаагаар хаан ширээнд суудаг улс орнууд ажээ.
Дэлхийн улс төрийн түүхэнд үе улиран засагладаг хаант засаглалын дараа бүгд найрамдах улс гэж буй болсон нь төрийн тэргүүнийг парламентаас эсвэл нийт ард олноос хугацаатай сонгодог болсон хэлбэр юм.
Resbublican буюу бүгд найрамдах засаглал нь анх Христийн тооллын өмнөх V-IV зууны Грекийн Афинд анх тогтсон бөгөөд төрийн зохион байгуулалтын эртний хэлбэр юм.
Парламентын бүгд найрамдах засаглал ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай харьцуулахад нийгмийн улс төрийн практикт бага дэлгэрсэн хэлбэр ажээ. Гол онцлог нь төрийн өндөрлөгүүдийг бүрэлдүүлэх, үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхойлох, хянаж шалгахад парламентын үүрэг өндөр байхын зэрэгцээ парламентад олонх болсон улс төрийннам засгийн газрыг байгуулж, тэрхүү засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээж байдагт оршино. Засгийн газар парламентын гишүүдийн олонхын итгэлийг алдсан тохиолдолд нэг бол огцроно, эсвэл төрийн тэргүүний оролцоотойгоор парламент тарж, ээлжит бус сонгуулийг зарлана.
Үндсэн хуульт ёс засаглалын эрх мэдлийг хуваарилах зарчим хэрэгжиж буй нөхцөлд нийгмийн үйл хэргийг удирдан жолоодоход улс төрийн намын оролцоо, нөлөө хуулийн хүрээнд хүчтэй байдаг нь парламентын бүгд найрамдах засгийн нэг онцлог болдог юм. Өөрөөр хэлбэл, парламентын засаглал олон намын тогтвортой хүчтэй системийн нөхцөлд өргөн боломжтой, үр нөлөөтэй байдаг.
Төрийн тэргүүн хийгээд засгийн газрын тэргүүнийг нэг этгээдэд нэгтгэдэг засаглалын энэ хэлбэр дэлхийн 2-р дайны дараа үе буюу 20-р зууны сүүлчээс дэлхийн улс түмний улс төрийн практикт өргөжих хандлага ажиглагдаж байна.
Одоогоор ийм засагтай улс 70 шахам байна.
Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын жагсаалт
Афганистан, Ангол, Аргентин
Бенин, Болив, Бразил, Бурунди
Чили, Колумб, Комор, Коста Рика, Кот д'Ивуар, Кипр
Дибути, Доминикан улс
Эквадор, Эл Сальвадор, Экваторын Гвиней
Гана, Гватемал, Гвиней, Гайана
Гондурас Индонез
Казахстан, Кени, БНСУ-ын төлөөлөгчид
Либери улс
Малави, Мальдив, Мексик улс
Никарагуа, Нигери
Палау, Панама, Филиппин
Сейшелл, Сьерра Леон, Сингапур, Судан зэрэг болно
Тажикистан, Туркменистан, Турк
Уганда, АНУ, Уругвай, ОХУ,Узбекстан
Венесуэл
Зимбаби улс
Парламент засаглалтай улс орнуудын жагсаалт
(M = хаант улс, R = Бүгд Найрамдах Улс)
Албани (R), Андорра (М), Антигуа ба Барбуда (М), Австрали (M) Бахама (M), Бахрейн (М), Бангладеш (R), Барбадос (М), Бельги (М), Белиз (М), Бутан (М)
Камбож (M), Канад (M) Дани (М), Доминик (R)
Эстони (R), Этиоп (R)
Фижи (R) Герман (R), Грек (R), Гренада (M)
Унгар (R) Энэтхэг (R), Ирак (R), Израйль (R), Итали (R)
Ямайка (М), Япон (М), Иордан (М)
Кувейт (M) Лаос PDR (R), Латви (R), Ливан (R), Лесото (M), Лихтенштейн (M), Люксембург (M)
Малайз (М), Мальта (R), Мавритани (R), Монако (М), Марокко (М) Непал (R), Нидерланд (М), Шинэ Зеланд (М), Норвеги (М)
Пакистан (R), Папуа Шинэ Гвиней (M)
Строита, Гренадин (С), Самоа (М), Соломоны арлууд (С), Сомали (R), Испани (М), Свазиланд (М), Швед (M)
Тайланд (M), Тринидад ба Тобаго (R), Тувалу (М)
Их Британи (М)
Вануату (R)
(Парламентын засаглалтай дээрх орнууд нэг бол хаант засаглалтай үгүй бол БН засаглалтай байгааг анхаарна уу!Дээрх мэдээллийг 2017 оны 4-р сарын 22-ны байдлаар хийсэн судалгаанаас авсан болно.)
Бидэнд ямар засаглалын хэлбэр зохистой тухайд
УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2015 онд эрхлэн гаргасан МОНГОЛ УЛСТАЙ ИЖИЛ ТӨСТЭЙ ЗАРИМ ОРНЫ ЗАСАГЛАЛЫН БОЛОН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО, СОНГУУЛИЙН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ товхимолд дурдсанаас үзэхэд 1992 оны Үндсэн хуулиараа монголчууд бид түгээмэл бус засаглалын тогтолцоо буюу дэлхийн 196 орноос Болгар, Финланд, Серби, Монтенегро зэрэг 4 оронд л байдаг хагас парламент-хагас ерөнхийлөгчийн холимог засаглалыг авсан нь хөгжлийн мухардалд хүргэснийг одоо харж, мэдэж байна… хэмээн ерөнхийлөгч УИХ-ын нээлтэд хэлсэн үгэндээ дурдаад бидэнтэй төстэй засаглалын хэлбэрийг дамжсан Гүрж улс хэрхэн үндсэн хуулиа өөрчилж ямар амжилтанд хүрснийг нэгэнт тодорхой ярьсан тул дахиж давтах шаардлагагүй биз ээ.
Иймээс өөрийн орны улс төр , эдийн засгийн тогтолцооны түүх хийгээд хөрш зэргэлдээх орнуудын улс төрийн болон эдийн засгийн тогтолцоог эргэж харах нь зүйтэй учир ерөнхийлөгч Гүрж улсын жишээг иш татсан нь ойлгомжтой .
Манай өмнөд хөрш БНХАУлс бидний сайн мэдэх 1992 оны үндсэн хуулиас өмнөх тогтолцоо буюу улс төрийн авторитар тогтолцоотой ч эдийн засгийн хувьд либералчилсан бүтэцтэй явж ирсэн бөгөөд сонгуулиар төрийн тэргүүнээ 5 жилээр сонгодог, таван жилээр эдийн засгаа төлөвлөдөг тогтолцоотой байснаа 2018 оны гуравдугаар сард Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаар БНХАУ-ын дарга, дэд даргын сонгуульт хугацааг хүчингүй болгосон байдаг.
Харин хойд хөрш ОХУ ерөнхийлөгчийн засаглалтай ч ерөнхий сайдтай түүнийг нь ерөнхийлөгч томилдог тухай дээр дурдсан учир одоо өөрсдийн улс төрийн хийгээд эдийн засгийн тогтолцооны түүхийг эргэж харцгаая.
Манай улс Хүн гүрний үеэс л хаант засаглалтай явсаар 1924 он хүрснийг хүн бүр мэднэ. Хаант засаглалын хэлбэр Лигдэн хутагт хааны үеэс эхлэн нэгэн их хааны захиргаанд байхаас татгалзаж олон жижиг хаадтай болж “бага хаадын үе” буюу эвдрэл, зөрчлийн үетэй золгож хожмоо 1919-1921 онуудад тусгаар тогтнолоо алдаж ирсэн гашуун түүхтэй билээ.
Энэ тухайд төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар “Монголчууд” цахим номондоо өгүүлэхдээ;
…Монголчууд бид 1924 оны үндсэн хуулийн өмнө Бодоо тэргүүтэй МАН-ын анхны долоо үндсэн хуульт хаант засаглалын хэлбэртэй болгохыг хүсэж Их Британийн загварыг санал болгож байсан ч Богд хаан таалал төгссөн, коментернийн шууд нөлөө орж ирснээр 1924 оны үндсэн хуулиар хаант засаглалын хэлбэр бүрэн устсан ч нам төвтэй бус төрийн тэргүүний гар дор байх болж 1952 онд Х.Чойбалсан насан өөд болох хүртэл тоталитар дэглэмтэй явсан бөгөөд 1954 оноос Ю.Цэдэнбал гарч ирснээр хоёрт байсан намын үүрэг роль нэгдүгээрт болж улс төрийн хувьд нам төвтэй, авторитар дэглэмтэй, эдийн засгийн хувьд таван жилийн хугацаатай төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орон болж хувирсан юм. Улмаар 1960 оны үндсэн хуулиар намын үүрэг ролийг нэгд тавьж хуульчилж үндсэн хуульт бүгд найрамдах тогтолцоонд шилжсэн тухай өгүүлсэн байдаг. Дэлхийд хурдтай хөгжсөн Сингапур, Өмнөд Солонгос, Казахстан... зэрэг орнууд улс төрийн тогтолцооны хувьд авторитар дэглэмтэй атлаа эдийн засаг нь либерал тогтолцоонд шилжсэнээр өндөр хөгжилтэй улс орон болсон хэмээн жишээ татан олонтой өгүүлэхдээ бид хэзээнээсээ нэг гарт явж ирсэн улс бөгөөд Х.Чойбалсан ч Ю.Цэдэнбал ч “хаан” л байсан хэмээн онцолсон нь буй. Гэтэл ардчилсан хувьсгалын дараа буюу 1992 оны үндсэн хуулиар улс төрийн хувьд парламентын засаглалтай, эдийн засаг нь либерал улс орон болсноос гадна төрийн гурван өндөрлөг хэмээн нэрлэгддэг гурван толгойтой улс төрийн бүтэцтэй хагас парламентын хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс орон болсноор манай улс мухардалд орж өнөөг хүртэл хөгжил цэцэглэлтэд хүрч чадаагүй хэмээн ерөнхийлөгчийн адилаар дүгнэн өгүүлсэн байдаг билээ. Цөөн хүн амтай улс оронд цөөн л түшмэд тэднийг удирдан чигүлүүлэхнэг л өрхийн тэргүүн хэрэгтэй бөгөөд олон зуун сая хүн амтай оронд бол олон санааг нэгтгэн хэлэлцэх парламентийн засаглал тохиромжтойн энгийн үнэн ажгуу.
Үүнээс гадна дөрвөн жилийн тогтолцоог одоо хүмүүс маш ихээр шүүмжлэх болсон бөгөөд эхний жил шинэ сонгогдсон парламент учраа олох гэж жилийг бардаг дараа жил нь ерөнхийлөгчийн сонгууль гэсээр өнгөрч ганцхан жил төвлөрч ажиллаад дараа жил нь ирэх жилийн сонгуульдаа бэлтгээд таардаг тул юу ч бүтээж амждаггүй тухай ихээр зэмлэн ярих болсон билээ. Шинэ үндсэн хуулиар ядаж сонгуулийн циклийг 5 жил болгож ерөнхийлөгчийн сонгуулийг мөн тэр жил хийхээр тусгах нь зөв юм. Тэгээд ч одоо бол хамаг байдгаа сонгуульд барж сонгогдсон 76 эхлээд шархаа л нөхөх тухай бодох нь мөн л энгийн үнэн билээ.
Ерөнхийлөгчийн буюу авторитар тогтолцоотой улс орнуудадзасаглал олон жилээр тогтвортой байж урт хугацааны том бүтээн байгуулалт өрнөдөг нь “бар” болсон орнуудын түүхээс илт харагддаг.
Одоо тэхээр бид өөх ч биш булчихтай ч биш энэ холимог тогтолцоог яаралтай өөрчилж нэг бол сонгодог парламентын тогтолцоотой буюу УИХ- д дийлэнх олонх болсон улс төрийн намын дарга ерөнхий сайд болж улс төр, эдийн засгаа барьдаг, эс бөгөөс нийт ард олноос сонгогдсон ерөнхийлөгч нь ерөнхий сайдын албыг хашдаг, эсвэл ерөнхийлөгч ерөнхий сайдаа томилж хянадаг засаглалтай улс орон болох хоёр сонголтыг ард олноороо өргөн хэлэлцүүлж нэгдсэн нэг шийдвэрт хүрэх цаг болсоныг ерөнхийлөгч УИХ- ын индэр дээрээс тунхаглан зарлав.
Ер нь аль ч улсын нийгмийн тогтолцоо 30-40 жил болоод нөөцөө бардаг бололтой. Манай орон Оросын жишгээр буюу 1924-1940 онд тоталитар дэглэмтэй явж байгаад 1940 -1960 дараа нь 1961-1992 хүртэл авторитар дэглэмтэй, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс болж 1992 оноос өнөөг хүртэл ардчилсан гэх тодотголтой зах зээлийн гэх эдийн засагтай парламент –ерөнхийлөгчийн хагас эрхтэй явсаар өнөөг хүрснийг бид бүгд мэднэ шүү дээ.
Ийм жишээ олныг дурдаж болох бөгөөд ойрхоноосоо харахад өмнөд хөрш БНХАУ 1949-1976 онд Маогийн тоталитар дэглэмээр явж нөөцөө бараад 1976-2012 онд Ден Сяопины улс төрийн авторитар дэглэмтэй, эдийн засгийн лебирал тогтолцоонд шилжсэн бөгөөд харин саяхан буюу 2012 оноос Ши Зин Пин өмнөх тогтолцооноос үүдсэн авалига, хээл хахуулийн эсрэг тэмцэж шинэ хэлбэрт ороод явж буйг харж болно. Мөн үсрэнгүй хөгжилд хүрсэнӨмнөд Солонгос улс 1945-1966 он хүртэл нэг гольдрилоор явж дампуурах дээрээ хүрч 1966-1988 онд төрийн эргэлтээр Пак Жөнхый-гийн авторитар тогтолцоогоор хөгжиж нөөцөө бараад 1988-2017 онуудад иргэний нийгмийн засаглалын хэлбэртэй болсон ч мөн ганцаанд орж одоо Мүүн Жэ Ин өмнөх ерөнхийлөгчидөө шоронд олон жилээр хорьж шинэ хэлбэрлүү хөтөлж байх шиг.
Энэ бүхнээс харахад жаран гэдэг нэгэн хүний насны идэвхитэй үе бөгөөд түүний хагас болох 30 жилээр өөрчлөлт явагдаж байх шиг үзэгдэх ажээ.
“Нэн яаралтай реформ хийхгүй л юм бол байгалийн баялагт хэт цөөнх хяналтаа тогтоосоор, баялгаас олох орлого ард түмэнд хүртээлгүйгээр гадагш урссаар л байх болно.
Тийм учраас би улс орныхоо ирээдүйн төлөө, хөгжил цэцэглэлтэд хүрсэн хүчирхэг Монгол Улсыг бий болгохын төлөө улс төрийн намууд, эрдэмтэд судлаачид, иргэд сонгогчидтойгоо хамтран бүх нийтээрээ эрүүл ухаанаар шүүн хэлэлцэх замаар тогтолцооны реформ хийе хэмээн уриалж байна.” гэсэн ерөнхийлөгчийн уриалга зүгээр ч нэг хүний үзэл бус нэг жарны хагаст тогтолцоо өөрчлөгддөг дэлхийн жишиг төдийгүй улс орноороо тойрч ард иргэдийн санал бодлыг сонссоны үр дүнд нийт олны хүсэл ийм байгааг ажиглан анхаарч гаргасан уриалга учир өчүүхэн нийтлэлч би бээр өөрийн бодлыг тусгахаасаа илүүтэйгээр дэлхийн улс орнууд хийгээд манай улсын өнөөгийн улс төрийн байдлыг нийтэд тайлбарлах гэж хичээсэн нь энэ буюу.
Мэргэн түмэн цаашид дэлгэрүүлэн хэлэлцэх нь гарцаагүй юм.