Кимура Аяако: Залуу нас минь Монголд үлдсэн
“Ярилцъя” булангийнхаа хойморт сонин, ховор зочин урих нь миний байнгын эрэл байдаг билээ. Энэ удаа би та бүхнийг монголчуудын олон жилийн өмнөх танил, япон хатагтай Кимүра Аяакотой уулзуулахаар урьсан юм. Бидний уулзалт бүхэлдээ надад уярал догдлол, танил бүсгүйн сэтгэлийн гүн дэхь чимээ сэлт дүүрэн өвөрмөц агаар дунд өнгөрөх шиг санагдсан.
-Хатагтай Кимүра Аяако таныг Токиогоос олж уулзах амаргүй байлаа. Гэхдээ олж чадсандаа, уулзаж байгаадаа баяртай байна. Ингээд манай сонины “Ярилцъя” булангийн хойморт тавтай морилно уу.
-За, баярлалаа.
-Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Монголчууд таныг мартаагүй байгаа шүү. Түүний нэгэн илрэл миний таныг хайж уулзаж байгаа маань ч байж болох юм. Таныг яаж яваад анх монголтой холбогдчихсон юм бол доо гэж боддог юм. Хоёулаа эндээс яриагаа эхлэх үү?
-Би хамгийн анх Монголд 1987 онд очсон. Тийм ээ, тэгж санагдаж байна.
-Сургуулиа төгсчихөөд очсон юм уу?
-Үгүй, үгүй. Оюутан байхдаа. Тэр үед Монголд чөлөөтэй очих боломж ховор байсан даа. Тэгээд би анх зуныхаа амралтаар жуулчин маягаар очиж байсан юм. Яагаад гэвэл, би оюутан ахуй цагтаа амжиж заавал нэг удаа Монголд очих юмсан гэж боддог байсан. Үнэндээ тэр үед би үүнээс илүү юм бодож байгаагүй. Тэр үед Токиод нэг монгол хүн суралцаж байсан юм. Шинжлэх ухааны академийн Дорно дахины хүрээлэнгийн эрдэмтэн Бадамханд гуай гэж. Москвагийн их сургуулийн япон хэлний анги төгсгөсөн хүн л дээ. Бадамханд гуай сурч байгаад буцах боллоо. Би түүнийг Наритагийн нисэх онгоцны буудал дээр гаргаж өгсөн. Бид хоёр хоёулаа уйллаа. Тэгээд Бадамханд гуай онгоцонд суухаар орохдоо надад хэлсэн. Би Японд ирж суралцлаа. Одоо надад ахин ийм завшаан олдохгүй байх аа, за Аяако минь баяртай гэж. Би уйлаад Бадамханд эгч ээ, та дахиад ирээч дээ. Би тантай уулзмаар байна шүү дээ гэж хэлсэн.
-Тэр үед та хоёр ямар хэлээр ярилцаж байв?
-Япон хэлээр. Тэр үед миний монгол хэл маш муу байсан. Тэгээд намайг би тантай ахин уулзмаар байна гэж хэлэхэд Бадамханд гуай тэгвэл чи Монголд ирж суралцаж болно шүү дээ гэж хэлсэн. Ингээд би үлдлээ. Бадамханд эгчийг санагалзаад л явсан. Түүнтэй уулзмаар, ахин нөхөрлөж, ярьж хөөрмөөр. Хамаг сэтгэл санаа дагаад явчихсан юм шиг байдагсан. Ингээд монгол хэлээ улам эрчимтэй үзэж эхэлсэн. Тэр үед Монгол руу Засгийн газрын шугамаар явж суралцах шалгалтыг жилд ганцхан удаа авдаг байсан. Энэ шалгалтыг өгч тэнцээд би Монголд очсон доо.
-Бадамханд эгч тань одоо хаана байгаа вэ?
-Америкт байгаа гэж сонссон.
-Ер нь монгол хэлийг та анх яагаад үзэх болов. Монголыг сонирхох болсон шалтгааныг тань л би сонирхоод байна л даа.
-Манайхан удмаараа эмч айл л даа. Би ч гэсэн эмч болохыг л хүсч байсан. Гэвч надад гэрийнхний маань жаахан хуучны гэмээр үзэл саад болсон. Тэд эмчийн ажлыг эрэгтэй хүний хийх ажил гэж үздэг. Би эмч болохыг хичнээн мөрөөдөж, тэр мөрөөдлөө ойлгуулах гэж ядавч аав маань эрс хатуу эсэргүүцсэн. Ингээд надад хүссэн мэргэжлээ эзэмших боломж олдоогүй. Энэ байдлаас болоод би өөрийнхөө эзэмших мэргэжлийг сонгож чадахгүй байдалд орсон. Би байгалийн ухааны хичээлүүддээ их сайн байсан. Тэгээд эмийн чиглэлээр, биологийн чиглэлээр суралцах гэж байлаа. Тэгтэл надад ахиад л саад бэрхшээл гарч ирсэн. Би хулганд тариа хийх ёстой болоод...
-Хулгана аа?
-Тийм ээ, хулгана. Гэтэл би хулгана харж ч чаддаггүй. Туршилтын ажлаар хулганад тариа хийх ёстой байсан. Би ёстой чадахгүй байсан тул энэ чиглэлээр сургуульд ороогүй, орхисон. Бодож бодож эмч болмоор байгаагаа гэрийнхэндээ дахин дахин хэлсэн. Бүр хөдөө газар, эмчгүй тосгонд, хувийн эмнэлэгттэй ажиллаж байсан өвөө маань амьд сэрүүн байхдаa “Чи яагаад эмч болж болохгүй гэж, болно шүү дээ” гэж маш сайхан дэмжиж өгсөн боловч яг тэр үедээ бурхан болоод, аав мөн л эсэргүүцсэн. Ингээд би аавтайгаа үгээ ололцож чадаагүй, үүнээсээ болоод мэргэжлээ сонгож чадахгүй байсан.
-Та тэмээнээс болоод Монголд очсон гэсэн биш бил үү. Японд тэмээ байхгүй биз дээ?
-Тэмээ...? Аа,аа нэрээрээ би багаасаа тэмээнд дуртай байсан. Тэмээний зурагтай л байвал юу ч байсан миний анхаарлыг татна. Тэмээний зурагтай жижиг сажиг дурсгалын юм, юу тааралдсанаа олж цуглуулдаг байсан. Ээж маань надад чи охин хүүхэд нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшээч, утга зохиол юм уу, өөр зөндөө сайхан мэргэжил байна шүү дээ гэж надад зөвлөнө. Гэвч би урлаг, утга зохиол огт сонирхдоггүй байсан. Тэгж байтал 19 нас хүрлээ. Охин хүүхдийг 20 нас хүрэхэд нь кимоно авч өгч өмсгөдөг заншил байдаг юм. Эмээ маань надад кимоно ав гэж мөнгө өгсөн. Гэвч би тэр мөнгөөр кимоно аваагүй. Тэр мөнгөөр би Египет явмаар санагдсан. Бүр шийдлээ. Гэхдээ эмэгтэй хүн ганцаараа Египет явах аюултай гээд ээж маань надтай хамт явах болсон. Тэгээд, ээжтэйгээ хамт Египет рүү аяллаа. Бас Европын орнуудаар ч явсан. Египетэд очоод мөрөөдлийн тэмээгээ унаад Пирамидыг тойрсон.
-Таван доллар төлөөд л тойров уу?
-Тэр үед нэг доллар байсан. (инээв) Ингээд би тэмээнд улам дуртай болсон. Буцаж ирээд тэмээтэй л газар явмаар байна гээд араб хэл сурна гэж гэрийнхэндээ хэлсэн. Араб хэл сураад Египетэд очиж сууна гэж. Ээж маань Арабын нийгэм бол эмэгтэй хүн ажил хийж хүссэнээрээ амьдрах боломж их хомс шүү дээ, бас араб эрчүүд их хүүхэмсэг байх аа гэж хэлээд . . . (инээв). Тэгээд тэмээтэй газар өөр хаана байна ? гэж хайсан. Монгол байна шүү дээ гэж олсон. Тэр үед би Монгол гэж хаана ямар орон байдгийг ч мэдэхгүй. Ёстой Монголын тухай ямар ч ойлголтгүй байсан. Тэгсэн ч би монгол хэлийг сонгож аваад Токиогийн Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний ангид элсэж орсон. Нэгэнт аав ээж маань миний хүссэн мэргэжлийг сонгоход дэмжлэг өгөөгүйгээс болоод би хүүхэд байхдаа тэдэнтэй их зөрчилддөг байсан. Одоо бол тэд намайг бүх талаар дэмждэг. Түүнд нь би баярладаг л даа. Гэвч залуу цагийн тэр эмч болох гэсэн хүсэл мөрөөдлөө одоо болтол би орхиж чадаагүй хэвээрээ үлдсэн. Аав маань одоо ч эмчээрээ ажилладаг. Түүнийг хараад би бас эмч л болмоор байсан шүү дээ гэж одоо ч бодогддог. Гэхдээ би аав ээжийнхээ ачаар Монголтой учирсан. Түүнийх нь төлөө тэдэнд талархаж явдаг.
-Таны мэргэжил монгол судлаач байх аа. Монголч эрдэмтэн хүн гэж бодож явдаг?
-Би өөрийгөө эрдэмтэн судлаач гэж хэлэхээс жаахан ичиж байна. Токиогийн Гадаад хэлний сургуулийн Монгол хэлний ангид сурч байхдаа анх Монголд очсон. Тэгээд сургуулиа төгсгөөд, дахин Монголд очиж, МУИС-д аспирантур, докторантур төгсгөөд, эрдмийн зэрэг хамгаалсан. Монголд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгаалсан. Б.Ширэндэв багшийн удирдлага доор. Монголоос Японд буцаж ирээд Токиогийн Их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгөөд бас Токиогийн их сургуульд докторантурт суралцаж Докторын зэрэг хамгаалсан. Гэхдээ өөр сэдвээр. Токиогийн Гадаад хэлний их сургууль төгсгөснийхөө дараа би Кембрижид ч очсон. 1991 он байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн С.Оюунтай нэг жил хамт очсон. С.Оюун тэндээ сураад, дуусгаад, зэрэг хамгаалаад ирсэн. Би бол нэг жил сурчихаад Монгол руу явмаар байна аа гэсээр байгаад Монголд аспиратурт ирж суралцсан юм. Тэр үед Оюун маань надад маш их тус болсон.
-Хамгийн анх Монголд буухад ямар сэтгэгдэл төрж байсан бол. Таныг тэр үед хэн тосч авсан бэ?
-Тэр үед буюу 1987 онд “Жуулчин” компанийн шугамаар аялж очсон болохлоор тэднийхэн тоссон. Дараа нь 1989 оны гуравдугаар сард Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар очиход МУИС-ийн Гадаад харилцааны албаны ажилтан угтаж авч байсан.
-1987 оны Монгол их сонин Монгол байсан шүү дээ. Нийгэм эргэж байсан. Тэр үеийн Монгол таны санаад нийцэж байсан уу ? Эсвэл төсөөлж байснаас огт өөр байв уу?
-Буянт–Ухаад буугаад Яармагийн тэнд явж байснаа санаж байна. Их орой болсон байсан. Гэсэн ч надад их тийм уянгатай сэтгэгдэл төрж байсан. Дараа сурахаар очихдоо их сэтгэл өндөр байсан боловч Хабаровск, Эрхүүгээр дайраад бүр дөрөв хоногийн дараа Монголд очсон. Өдөр байсан. Орост ганцаараа их айсан болохоор гэртээ ирж байгаа юм шиг л байсан. Би тэр үеийг санаж байна аа. Одоо бүх юм их сайхан дурсамж болж байна.
-Монголд та их удаан байсан байх. Яг хэдэн жил яг суурин суусан бэ?
-Нийтдээ 11 жил юм уу даа. Ер нь хориод насны бүх л үе маань Монголд өнгөрсөн. 23-33 хүртэл гэхээр залуу насны маань олон жил тэнд үлдсэн санагддаг.
-Таны сонирхолтой нийтлэлүүд гардаг байсныг санаж байна. Тэнд бол та гаднын хүн. Айлын нутагт ирж сууж байгаа хүн атлаа манай нийгмийн зарим гажгийг их зоримог шүүмжилдэг байж билээ. Ер нь яаж яваад хэвлэн нийтлэх ажил руу хөл тавьчихсан юм бэ?
-Х.Хайнзан гуай гэж Театрын музейн захирал байсан хүн л дээ. Э.Оюун багшийн шавь. Театр судлаач, их даруухан зантай, мундаг хүн байсан. Би бас театр судлалаар явж байсан. Драмын театраар их явдаг байлаа. Тэр үе бол Театрын музей байгуулж, судалгааны ажил их хийж байсан үе. Би тэр чиглэлээр ажиллаж байлаа. Тэгээд, Оюун багшийн шавь болмоор байна гэсэнд Япон түүхч эрдэмтэн Т.Мөнхцэцэг багш Оюун байгшийн зээ охинтой найз байсан учраас танилцуулж өгсөн. Тэгээд би Хайнзан гуай дээр очиж байсан. Тэр Хайнзан гуайн хүү Жамбалжамц гэж урлаг судлаач хүн бий. Бас их алдартай, чадалтай монгол хүн шүү. Та танихгүй юу? Тэр Жамбалжамцын сайн найз нь нийтлэлч Х.Бүрэнтогтох гэдэг сэтгүүлч хүн байсан. Тэр үед Х.Бүрэнтогтох Москвад төгсч ирээд “Монголын залуучуудын үнэн” сонинд ажиллаж байсан. Надаас ярилцлага авна гэж оюутны байранд маань ирж байсан. Тэгээд надаас ярилцлага авсан. Дараа нь тэр Ш.Уянгыг дагуулж ирж танилцуулсан. Дараа нь Ц.Батбаяр ахыг бас танилцуулсан. Ингээд би Бүрнээгээр дамжуулж олон сайхан найз нөхөдтэй боллоо.Бид залуучууд учраас хааяа уулзаж янз бүрийн сэдвээр ярьж сууна. Тэр үед миний монгол хэл тийм ч сайн байгаагүй. Тэгсэн ч би дотроо юу бодож байгаа, юуг яаж харж байгаагаа ярина. Тэгэхлээр Бүрнээ надад “Аяако чи наад ярьж байгаа юмаа бичээч. Бидэнд яриад яах юм бэ. Чи өөрөө бичих хэрэгтэй. Би засаж, тусалж өгье” гэнэ. Тэгээд би бичсэн. Бичээд Бүрнээд үзүүлсэн. Үг үсгийн алдаа, бүх зүйлийг нь хараад янзлаад надад сайхан нийтлэл болгож өгсөн.
-Тэр ямар нийтлэл байсан юм бэ?
-“Эрэхгүй бол ирэхгүй”. Найруулагч Р. Мөнхсайханы тавьсан жүжгийн тухай бичсэн юм.
-Рок Мөнхсайхан уу?
-Тийм, тийм. Тэгээд “Ардын эрх” сонинд билүү дээ, хэвлүүлж өгсөн. Тэгээд би бичиж эхэлсэн. Бүрнээ ажил ихтэй болохлоор би МУИС-ийнхаа Г. Буянтогтох багшдаа үзүүлж үг үсэг, найруулгын талаас нь харуулдаг болсон. Бүрнээ ч тэр, Буянтогтох багш ч тэр миний бичсэн нийтлэлийн санаанд гар хүрдэггүй, өөрчилдөггүй байсан. Зөвхөн хэл найруулгын талаас нь сайхан засаж өгдөг байсан. Би ер нь японоор юм бичсэн ч тийм хэтэрхий шууд бичдэг. Байр сууриа ширүүхэн, шулуухан илэрхийлчихдэг, манай удмынхны зан чанар ч байж магадгүй. Гэхдээ энэ чанарт сайн тал ч байдаг. Бас сөрөг тал ч байдаг байх.
-Удмынхны зан чанар гэж чухам ямар зан чанар вэ?
-Удмынхны маань зан чанар гэдэг, тухайлбал эмч айлын хүүхдийн зан чанар байх. Эрх тал бий ч ажил төрөл бол нийгмийн төлөө байх ёстой гэсэн зарчимтай өссөн. Манай аав эмчээр ажилладаг, бас Анагаах ухааны факультетэд багшилдаг байсан. Эмч, багш мэргэжилтэй хүнд бол ер нь мэргэжлийн зан гэх ч юм уу, ер нь маш түс тас үг хэлдэг зан бий. Аав маань дэндүү шулуун зантай. Аавын маань мэргэжил, зан чанар надад нөлөөлсөн байж ч магадгүй. Манай ээж залуудаа Хөдөлмөрийн яаманд ажилладаг байсан. Бас манай ээжийн талд эрдэмтэд байна. Ээжийн тал бол даруу зантай даа. Миний цусан дахь шударга гэсэн юм хамгийн чухал гэвэл аавын талаас ч ээжийн талаас ч уламжилсан байгаа байх.
-“Подьезонд шээхээ боль, ичдэггүй юм уу”, Тархины тураал” гэх мэт ёс суртахууны сэдвээр хурцхан бичиж байсан. Тийм сэдэв рүү яагаад орсноо ярьж болох уу?
-Тэр бол хожим шүү дээ. 1996 оны үе.
-Эсэргүүцэл, үл ойлголцолтой их тулгарч байсан юм шиг санагддаг?
-Залуу үеийн, юм сайн ойлгоогүй байсантай маань холбоотой тал байсан байх аа. Одоо бодоход. Гэхдээ тэр үед яг л тэгж санагдаж, харагдаж байсан юмыг яах билээ. Ер нь эмэгтэй хүн өөрийнхөө ойр дотнын хайртай хүндээ шууд хатуу үг хэлчихдэг, шууд шүүмжилдэг тийм төрөлхийн зан чанартай байдаг юм гэнэ билээ. Би Монголын тухай монголоор, шууд Монголд хандаж хэлдэг бичдэг байсан. Одоо бодоход би Монголд их сэтгэл татагдаж байсан байх аа.
-Ялангуяа “Тархины тураал” их шуугиан тарьж байсан санагдаж байна.
-Загдын Түмэнжаргал ах “Өдрийн сонинд” хоёр хувааж гаргаж өгч байсан. Их шуурхай гаргаж өгсөн. Гэхдээ зарим юмыг нь хасчихсан байсан. Тэгээд би хасахгүй гэж амласан биз дээ? гээд бас жаахан гомдож байснаа санаж байна. (инээв) Тэгээд бүрэн эхээр нь “Монголын мэдээ” сонинд нийтлүүлээд тэрний дараа жаахан маргаан үүссэн. Би Монголд сурч байхдаа маш их ном уншиж байсан. Японоос ч ном авчруулж уншиж байсан. Монголоор ч уншиж байсан. Англиар ч уншиж байсан. Телевиз үзээд тийм ч сайн ойлгохгүй. Гэхдээ гол нь тэр үед ток их тасардаг байсан. Ном уншиж, юм их бодож байсан үе болохлоор бичихэд их нөлөөлж байсан болов уу.
-Одоо та нийтлэл бичиж байгаа юу?
-Японоор бичиж байгаа. Гэхдээ нийтлэл биш. Эрдэм шинжилгээний өгүүллүүд. Хааяа монголоор бас бичдэг л дээ. Жишээлбэл, ноднин Б.Ширэндэв багшийнхаа 100 насны ойд зориулсан дурсамж бичсэн. Академид өгсөн ч хараахан гараагүй бололтой.
-Тийм үү. Нийтлэлээ Монгол руу, манай сонин руу явуулж байгаарай.
-Баярлалаа.
-Хэдхэн сарын өмнө “Хатагтай Кимура Аяако, биднийгээ уучлаарай” гэсэн ШУТИС-ийн доктор Х.Отгон-Эрдэнийн бичсэн нийтлэл манай сонинд гарсан. Түүнийг уншаад таныг дурсаж байлаа. Тэгэхлээр та зүгээр нэг сууж байгаад буцсан бүсгүй биш юм шиг. Бид таныг тэгж боддоггүй шүү гэж хэлмээр байна.
-Огт миний танихгүй эмэгтэй миний тухай бичсэнийг дуулаад гайхсан. Тэгээд Аяаког таньдаг хүн нь л бичиж дээ гэж хүмүүс буруу ойлгох вий дээ гэж бодсон. Надад Монголоос хүмүүс, тийм нийтлэл гарсан тухай хэлсэн л дээ. Надад манай багш явуулж өгсөн тул би олж уншсан. Гэхдээ талархаж байна. Тэр үеийн, ерээд оны Монгол бол өөр Монгол. Тэр нийгэмд хэрэгтэй л байсан юмыг хөндөх гэж хичээж байсан болов уу. Тухайн цаг үе надаар нийтлэл бичүүлж байсан ч гэж хэлж болох юм. Харин одоо бол бүх юм өөрчлөгдсөн. Гэхдээ тэгэж шулуухан өөрийн харж байгаа өнцгөөс бичиж нийтэлж байхад монголчууд намайг япон хүн учраас харин ч их өөрөөр, ойроос хүлээж авч байсан байх гэж бодогддог. Өөр орны хүн тэгэж бичсэн бол илүү хурцаар ч хүлээж авах байсан байж ч магадгүй. Яс үндэс, улс орон өөр байх хамаагүй л дээ. Гэхдээ л би тэгж бодож байна.
-Одоо таны сэтгэлд байдаг Монголын тухай сонирхвол ? Монгол таны сэтгэлийн орон зайд хэр зэрэг байр эзэлдэг бол? Эсвэл зүгээр л хуучин дурсамж болчихсон уу?
-Үгүй дээ. (Хэсэг чимээгүй суув) Цаг үе маш их өөрчлөгдсөн, өөр болсон. Тэрийг л би бодож байна.
-Монголыг та ямар үед их дурсдаг вэ?
-Японд суурин суугаад 10 жил болж байна. Монголд өнгөрүүлсэн хугацаатай яг тэнцүү хугацааг өнгөрөөлөө. Өдөр бүр интернет рүү ороод шуудангаа шалгахад ирсэн и-майл, захидлын бараг 60-80 хувь нь монгол хүнээс ирсэн байдаг. Бүгдийг нь шалгаад, монголоор хариу захиа бичдэг. Ер нь миний харилцаж байгаа хүний хагасаас илүү хувь нь монголчууд. Мэдээж япон найз нөхөд, ажлынхан байлгүй яах вэ. Миний өдөр тутмын амьдралд заавал ямар нэгэн юм монголоор унших шаардлага өдөр бүр гардаг. Мэдээ, мэдээлэл, захидал юу байдаг юм бэ. Энэ бүхэн намайг хэдийгээр Японд байлаа ч монгол агаараас огт холдуулдаггүй. Энэ бүхэн одоо миний амьдрал болчихож дээ.
-Монголтой хувь заяагаа холбосон. Их удаан суусан болохлоор тань таныг монгол хүнтэй л гэрлэх байх гэж боддог байсан.
-Тийм хувь заяа байхгүй байсан байх аа.
-Тийм үү? Гэхдээ хайр дурлал, дурсамж мэдээж байсан биз дээ?
-Энэ тийм хэрэгтэй зүйл юм уу? Хүний нутагт байгаа учраас байдал их өөр байсан. Аав ээж, гэр бүлтэйгээ биш хүний нутагт байх бол их өөр шүү дээ. Нэг тийм аян зам дээр байгаа юм шиг байдаг байсан. Гэхдээ миний тухай танай Ш.Цэрэнпил гуай “Аяако явуулын хүн биш” гэсэн нийтлэл бичиж байсан. Гэхдээ явуулын хүн байсан ч байж магадгүй гэж боддог.Монголд би юм бичиж чадаж байсан маань магадгүй би япон хүн байсан минь Аяако гэдэг хүний мөн чанараас илүү хувь эзэлж байсантай холбоотой байсан байж магадгүй гэж бодож байна.
-Тэгвэл та ямар хүнд дуртай вэ?
-Хажууд нь байгаа бүх хүнд сайн нөлөө өгч чаддаг хүнд.
-Монголд таныг хүндэтгэдэг олон хүн бий. Тэдний дотор бидний сайн найз агсан Ш.Цэрэнпил, З.Түмэнжаргал нар байлаа. Өөр олон хүн бий. Гэвч зарим маань бидний амьдралаас явж одсон нь гунигтай санагддаг юм.
-Харамсаж байна. (Түүний нүд нулимсаар бүрхэгдэж ирэв) Сайхан хүмүүс яасан эрт алга болно вэ. Б.Ширэндэв багшийгаа маш их санадаг. Бүгдийг нь санаж дурсаж байдаг. Б.Ширэндэв багш, Э.Оюун багш, Д.Маам гуай, Оюуны ээж Г.Доржпалам гуай, Л.Насанбуян гуай, Л.Хүрэлбаатар багш, М.Ринчен багш,тэгээд Ш.Чулуунбаатар ламтан, Л.Дармабазар...,би аймаар их санадаг.Зураач Л.Гаваа гуай, тэгээд бас манай Ш.Уянга. Түүнийг би үргэлж дурсдаг.
-Ахиад Монголд хэзээ очих вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Очих боломж олдвол очмоор байна. Сэтгэл санаа зарим үед маш их тэмүүлдэг. Гэхдээ нас явах тусам бодол минь хүндрээд байна.
-Та урьдын Аяако хэвээрээ л харагдаж байна. Залуухнаараа.
-Үгүй дээ, би хөгшин болсон. Бага ч гэсэн Монголын төлөө юм хиймээр санагдаж байна. Тэгээд Японд ажил төрөл гэж хөөцөлдөөд, Монголд тийм ч юм хийхсэн, ийм ч юм хиймээр байна гээд хөөцөлдөөд явахлаар “Танд Монгол ямар хамаатай юм бэ” гэж япончууд гайхаад байдаг. (Нүднийх нь аягаар яагаад ч юм нулимс дүүрч ирнэ. Би түүний доторхийг үнэхээр өөрийн доторхи шигээ мэдэрч байна) Монголд намайг зарим нь Японы тагнуул гэж үзэж байсан. Гэтэл энд бас зарим нь хачин юм асуудаг. “Та Япон Монгол хоёр сөргөлдвөл аль талд нь орох вэ ?” гэх мэт. Зарим нь Монголын тагнуул байх гэж харддаг ч байж мэднэ. Би их гайхдаг. Яагаад миний тавилан ийм болсон юм бол? гэж. Би хаана ч байр суурьгүй гэж үү? Явсаар байгаад би япон хүн “болж” чадаагүй. Монгол хүн болж чадаагүй юм шиг. Монголоор яриад, юм бичээд олон хоног суучихлаар эргээд японоороо бичихдээ алдаа гаргаад, эвээ олохоо байчихдаг. Эргээд япон хэлээрээ хэвших гэж зовоод, аль алинаар нь ийм байдалтай болчихсон. Одоо ч би тийм. Гэхдээ би яаж сайн ярих вэ? гэдгээс илүү юу ярих вэ ? гэдгийг л боддог.Олон жилийн өмнө миний найз Х.Бүрэнтогтох ч надад хэлж байсан. Яаж ярихаас илүү юу ярих нь чухал гэж. Сайн ярьдаг хүн байна. Монголоор маш сайн ярьдаг япон хүн байна. Японоор маш сайн ярьдаг монгол хүн байна. Сайн ярих дадал эзэмших нэг хэрэг. Тухайн орны ёс заншил, түүх, соёл, зан суртахууныг мэдэрч ярих, өөрөөр хэлбэл, агуулга илүү чухал. Монгол сэтгэлгээгээр сэтгэж ярих, зүгээр л монгол хэлээр дамжуулах хоёр тэмээ ямаа хоёр шиг өөр зүйл шүү дээ. Би дээр үед монгол сэтгэлгээгээр биш япон сэтгэлгээгээр сэтгэж бичиж байсан учраас нэг талаар монголчуудад сонин санагдсан ч байж магадгүй. Зарим юмыг дутуу, буруу ойлгож байсан тал ч байж ч магадгүй. Залуу, гэнэн түүхий цаг үеийн нийтлэлүүд шүү дээ. Монголд байхад япон сэтгэлгээр сэтгэдэг байсан бол одоо би Японд монгол сэтгэлгээгээр сэтгэдэг болсон юм шиг. Одоо айгаад Монголын тухай тэгж зоригтой бичиж чадахгүй байж магадгүй. (инээв)
-Урлагийн хүрээнийхэнтэй нэлээд ойр байсан байх. Монголын театруудтай холбоотой дурсамж зөндөө биз дээ?
-Би бол урлагийн хүн биш л дээ. Гэхдээ оюутан байхдаа Театрын байнгын үзэгч байсан. Тэр үед өрөөнд ч телевиз байхгүй. Хэлээ сайжруулахын тулд театрт жүжиг үздэг байсан. Хамгийн эхний эгнээний суудалд билет аваад жүжиг үзнэ. Нэг жүжгийг бараг дөрөв таван удаа үзнэ. Д.Намдаг гуайн “Ээдрээ”, С.Жаргалсайхан гуайн “Халуун газар” жүжгийг хэд ч үзэж байсан юм бэ ? Тоогоо алдсан. Драммын театраас гадна Хүүхэд залуучуудын театр гэж байсан. Тэнд бас очиж үзнэ. Дуурийн театрт үзнэ. Сүүлдээ жүжигчид намайг хамгийн урд талын эгнээнээс харсаар байгаад “Аан, нөгөө гадаадын оюутан байна” гэж таньдаг болчихсон. Ингээд би театрынхантай танилцсан. Жүжигчидтэй, найруулагч нартай танил болсон. Бас бүх аймгийн театрыг очиж үзсэн.
2010 онд Токиод
-Нэг газар удаан суухлаар тэр нутгийн урлаг, дуу хуур нь улам өөртөө дасгаад байх шиг санагддаг. Та монгол дуунд дуртай юу ? Дууны тухай бичиж байсан биз дээ?
-Тийм. “Соёл эрдэнэ” хамтлагийн Б.Баяраа гуайн дуулдаг байсан “Арван найман нас” гэдэг дуу миний дуртай дуу байсан. Одоо ч дуртай. Баяраа гуай тэр үед их гоё дуулж байсан. Тэгээд “Хонх” хамтлаг байна. Тэд ерэн онд Японд ирж өгсөн. “Хонх” хамтлагийн дуунууд маш их таалагддаг байсан. Олон дуу бий. Бас, Сарантуяа гуай ч. Б.Бадар-Ууган гуай байна. Бадар-Ууган гуай бол Монголын урлагийн залуу үеийнхнийг дэмждэг сайхан хүн байсан юм шүү.
-Ихэвчлэн поп урсгалыг таашаадаг бололтой.
- “Камертон” хамтлагт үнэхээр дуртай. “Камертоны” дуунуудыг сонсохлоор хийморь сэргэх шиг болдог. 2006 онд Японы Фүкүока Азийн соёлын эрдэм шинжилгээний шагналыг Ш.Бира багшид хүртээхэд би Фүкүока хотын захиргааны ажилтан нартай хамт шагнал гардуулах ёслолыг зохион байгуулсан. Тэр үед “Камертон” хамтлагийнхан Фүкүокад ирж, Фүкүока хотын иргэдэд ая дуугаа өргөсөн. Би тэдэнд маш их баярлаж явдаг. Танайхан маш авъяастай хүмүүс шүү. Д.Сосорбарам гуай бас маш гоё дуулдаг. Д.Сосорбарам гуай бол миний зохион байгуулсан хурал лекц дээр ирж, Монголын урлагийн гайхамшгийг танилцуулахад тусалж өгсөн. Ер нь л монголчууд бүгдээрээ урлагт дуртай, урлагийн авьяастай, чадвартай хүмүүс дээ.
-Баярлалаа, сайхан үг байна. Та чинь нээрээ “Капитал” сонинд ажиллаж байсан байх аа?
-Тийм. 1993 онд оюутны байранд байхад Х.Бүрэнтогтох, Ш.Уянга хоёр орж ирээд “Бид “Капитал” гэсэн шинэ сонин гаргах гэж байна. Чи хамт ажиллаарай” гэсэн. УИХ-ын гишүүн Г.Зуунай гуай агсан тэр гурав хамтарч байсан. Зуунай гуай нээрээ дэндүү харамсмаар эрт явчихсан.Тэр үед миний хамгийн хүндэтгэдэг монгол хүн байсан. Ноён нуруутай жинхэнэ сэхээтэн эрдэмтэн хүн байлаа. Ц.Батбаяр ах, бид хоёр нэмэгдээд тавуулаа баг болоод “Капитал” сонинг гаргасан. Ш.Уянга надад “Чи дугаар болгонд тасралтгүй юм бичээрэй” гэж хэлсэн. Анхны дугаар гарч байсан өдрийг би тод санаж байна. Бид бүгдээрээ маш баяртай байсан. Өөр өөрийн нийтлэлээ үзээд л. (инээв) Бүрнээ, Уянга, Батбаяр ах гурав манай оюутны байранд ирээд. Би хоол хийгээд л. Тодхон санагдаж байна. “Капитал” сонин бол миний мартагдашгүй дурсамжийн нэг. Маш сайн сонин гарч байсан гэлцдэг юм шүү, хүмүүс. Яг тэр үедээ. бие даасан чөлөөт хэвлэл байхгүй. Бараг анхных байх.
-Тэгээд яагаад больчихсон юм бэ?
-Тэгээд бараг ерэн дөрвөн он гэхэд хаалгаа барьсан байх аа. (инээв) Ийм л юм болсон. Гэхдээ “Капитал” сониныг та санаж байна уу?
-Санаж байна.
-Их гоё сонин байсан, тийм үү? Тэр үедээ их сонин байсан. Тэгээд Бүрнээ “Монгол тамга” гэж сонин байгуулаад явсан.
-Хамгийн сүүлд та Монголд хэзээ очсон бэ?
-2011 онд. Монголч эрдэмтний хурлаар очоод ирсэн. Оюутан цагаас найзалсан манай найз нар сайн явж байгаа учраас ажил ч ихтэй байдаг. Бас манай оюутан цагийн найз нарын хүүхдүүд их том болцгоожээ. Манай хүү, охин одоо тэд хүрлээ, ач маань удахгүй сургуульд явна даа гээд ярихлаар нь би бүр гайхаад байдаг. Өөрөө хүүхэдгүй учраас. Манай найз нарын хүүхэд том болсон учраас, хүүхдээ том болох тусам өөрсдийгөө хөгшрөөд байна гэсэн мэдрэмж төрөөд байгаа юм шиг байна лээ. Надад бол тийм мэдрэмж төрөөгүй. Оюутан цагийнхаараа хэвээрээ байгаад байдаг. Цаг зогссон юм шиг. Их сонин.
-Та гаднаасаа ч хэв хэвээрээ байна. Цагийн зүүг залуу насан дээрээ зогсоочихсон гэдэг үнэн байна.
-Би хөгширсөөн.
-Таны хамгийн сайн монгол найз хэн бэ?
-Олон хүн байгаа урчаас хэн нэгний нэрийг дурдаж болохгүй байх. Миний хувьд баяртай зүйл бол 20 гаруй жил өнгөрсөн ч одоо ч бие биеэ марталгүй, хэвээрээ яваа найзууд байдаг явдал.
-Эхлээд таны номыг уншаад дараа нь тантай сайн найз болсон монгол хүн ч олон байгаа байх. Олон хүн таны номоор эчнээ танил болсон гэдэг?
-Саяхан,хоёр жилийн өмнө Монголд очиход надад байр олдохгүй байсан. Тэгэхэд Хөдөө аж ахуйн их сургуулийн Ч.Тунгалаг багш надад бүтэн байраа үнэгүй хэрэглээрэй гэж өгсөн. Таныг хүндэтгэж байгаа учраас танаас мөнгө авахгүй, авмааргүй байна гэж. Би их гайхсан.Монгол хүний сайхан сэтгэл миний сэтгэлд шингэдэг. Тэгэхдээ өмнө нь танил байсан хүн биш, миний номыг уншаад намайг эчнээгээр таньдаг болсон гэсэн. Намайг хүндэтгэж гоё сайхан бүтэн байраа зүгээр үнэгүй хэрэглээрэй гэж өгсөн. Сайхан сэтгэлтэй хүн Монголд олон байгаа байх. Гэсэн ч би бараг анх удаа ийм тохиолдолтой таарсан.Киноны нэг үзэгдэл үзэж байгаа юм шиг.Тэр хүн бас эмч айлд төрсөн анагаах ухааны эрдэмтний охин гэсэн. Би Тунгаа багштай янз бүрийн сэдвээр ярьж суулаа. Ийм эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй эх орны төлөө зөв үйл бүтээж явах санаатай, ноён нуруутай, сүрхий ухаантай эрдэмтэн хүн Монголд байна гэдэгт би их гайхаж баярласан.Түүний найз нар ч сүрхий эмэгтэй эрдэмтэд. Ийм сүрхий эмэгтэй эрдэмтэд байгаа цагт Монгол бол гарцаагүй хөгжинө гэж бодогдлоо. Тунгаа багшийн буянаар би сар гаруй Монголд байж чадсан.Судлаач хүн бол судлаачийн жам гэх ч юм уу, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэхээс ичдэг, санаа зовдог. Ингэж гадаадын судлаачийн төлөө санаа тавьж өгдөг хүн бол жинхэнэ эрдэмтэн судлаач хүн мөн байна даа гэж бодлоо. Би түүнд маш их баярлаж явдаг. Уг нь надад 1989 онд танилцсан Ц.Рагчаа гуай, Д. Бямбаа гуай гэдэг монгол өвөө эмээ байгаа. Тэднийд бараг би 6-7 жил байсан. Тэднийд байхдаа олон нийтлэл,эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Манай өвөө эмээ ч мөнгө төгрөг гэдэггүй хүмүүс. Одоо ч миний номнуудыг хадгалж байгаа. Би тэднийхэндээ маш их баярлаж явдаг. Монгол Улс бол манай өвөө эмээ шиг эрдэм номтой, зарчимтай хариуцлагатай, эх оронч монголчуудын бүтээж явсан гүрэн байх.
-Гэр бүлийн амьдрал утгагүй санагддаг юм уу? Та яагаад гэрлээгүй юм бэ ?
-Заяагүй байсан байлгүй дээ.Тэгээд ч энэ асуулт хэнд хэрэгтэй юм бэ? Заавал хариул гэвэл намайг тоосон хүн алга, бас дурлачихмаар хүнтэй таараагүй л байна гэж хариулахаас.Даруухан биш юм шиг санагдуулж магадгүй ч би Монголд ч Токиогийн их сургуульд ч докторын зэрэг хамгаалсан хүн. Эрдмийн зэргийг тоохгүй хүн ч бий л дээ. Эрдмийн зэрэг бол тийм ч чухал юм биш гэж хэлж болох байх. Хамгаалсан хүмүүс л үнэ цэнийг нь мэддэг. Хэрвээ би хүнтэй суусан бол хоёр доктор хамгаалж чадахгүй байсан байх. Ний нуугүй хэлэхэд, дэмий хүнтэй зууралдаж цагаа алдахаас их айдаг.
-Таны амьдралын сонирхол ч гэх юм уу зорилго юу вэ?
-Амьдрал энгийн байх тусмаа сайн.Миний хувьд Монгол судлаач болж чадсанаас илүү юм хүсэх ёсгүй гэж боддог. Илүү юм хүсч болохгүй юм шиг хааяа санагддаг. Тиймээс амьдрал дээр бол олон юм хүсэхгүй байх тусам сайн гэж бодох боллоо. Хичээгээд чин сэтгэлээсээ ажлаа л хийж байвал яваандаа Бурхан зам зааж өгөх байлгүй дээ. Миний хувьд дуртай Монгол судлалаа хийж чадвал болно.Бас хамгийн гол нь өөрийн үнэ цэнэ гэдэг юм бодитой байгаа бол түүнийгээ буурлуулахгүй л явмаар байна.
-Та яг монгол хүн шиг ярьж байна. Хөгжилтэй юм. Одоо та энд юу хийж байна вэ? Багшилж байна уу?
-Токиогийн Их Сургуульд багшилж байна. Монгол хэл, Монгол Улсын ардчилсан түүх зааж байна.
-Тийм үү? Өөрийнхөө дэргэдээс нь харсан, мэддэг түүхээ зааж байгаа юм байна.
-Бараг тийм. Одоо Монголын түүх гэхэд 30-аад оноос хойшхи түүхийг зоригтой жигүүргүй судалдаг хүн бараг ховор байх аа. Орчин үеийн түүхийг аль нэгэн жигүүргүй, жигүүрийн нөлөөгүй заадаг хүн ч ховор байна.
-Монгол-Японы харилцаа маш сайн хөгжиж байгаа. Та энэ харилцааг мэдээж анхааралтай ажиглаж байдаг байх. Үнэхээр шинэ төвшинд гарсан гэж үздэг үү?
-Шинэ төвшинд гарахад хүнээ зөв олох хэрэгтэй байх. Хүнээ зөв олбол бүх юм урагшилна. Хүнээ зөв олоогүйгээс болоод, зарим хэсэг зогсонги байдалд орж байх шиг санагдаж байна. Харин Монголчууд бол мэргэжилдээ хайртай ажилсаг, Монголын төлөө гэсэн эх оронч сайхан хүмүүс. Манай япончууд ч яг тийм. Мэргэжилдээ хайртай, мэргэжлийн чиглэлээр маш сайн мэдлэгтэй туршлагатай, Монголд элэгтэй, эх оронч, нийгмийн төлөө гэсэн шударга ажилсаг хүмүүс Японд ч их бий. Мэргэжил нэгтэй хүмүүст бол хэлний асуудал гол биш, аль орны хүн байлаа ч эвийг нь олж нөхөрлөж чаддаг бололтой.Тэгэхдээ мэдрэмжтэй тулгуур болох зөв хүнээ олж чадах эсэх нь хамгийн чухал юм шиг байна.
-Та бурханд итгэдэг үү ? Итгэдэг бол таны хамгийн их гуйдаг юм юу вэ?
- Бурханы шашин шүтдэг.Тэглээ ч аль нэгэн шашны байгууллагад хамаарч байгаа юм огт байдаггүй. Шашны байгууллага гэдэг юманд дургүй. Хол байдаг. Монголчууд шүтлэгтэй тул Монголд удаан суусан миний бие ч монголчуудын зан заншлыг дагаж Бурханы шашин их шүтдэг болсон. Хамгийн их гуйдаг юмаа хэлээд яах юм бэ. Тийм юм байсан ч хэлэх ёсгүй байх. Монголчуудын хүсэн мөрөөддөг юмтай бараг ялгаагүй биз дээ. Гэрийнхнийхээ эрүүл энх. Бас Монгол Улсын хөгжил, сайн сайхан. Монголчууд сайн явбал Монгол судлаач бид ч сайн явна.
-Уучлаарай, хатагтай Аяако. Таны хувьд монголчуудад гомдож явдаг юм байдаг уу? Зүгээр л сэтгэлд тань нэг юм байх шиг санагдаад л...
-Яалаа гэж. Монголчуудад гомдож явдаг юм байхгүй. Харин ч маш их баярлаж явдаг.Монголчуудын ирээдүйн төлөө өчүүхэн би ч тус нэмэр оруулмаар байлаа ч юу ч хийж бүтээж чадаагүй яваадаа өөрөө өөртөө бухимддаг тал бол бий шүү.