"Цаг хугацаа бүхнийг өөрчлөх хүчтэй гэж ярьцгаадаг. Хэрэг дээрээ цаг хугацаан дунд та л өөрөө өөрчлөгддөг юм” хэмээн АНУ- ын поп артыг үндэслэгч зураач Энди Уархол хэлсэн байдаг.

Монголын түүх бол дэлхийн түүх бөгөөд зөвхөн монголын түүхийг дангаар бичих арга үгүй юм. Энэ романд Монгол улс, Мин улс, Солонгос улс, Манж үндэстний Дай Чин гүрэн гэх мэт 4 улсын үлгэр бичигдсэн билээ.

Мөхөс бичээч би бээр монголынхоо түүхийг хэдийгээр амтархан уншиж, мөхөс оюуныхаа хэмжээгээр судалдаг нэгэн боловч өөрөө түүхэн роман бичих зүрх дутсаар өнөөг хүрсэн бөгөөд саяхнаас Хятад судлаач, түүхч Ч.Содбилэг дүүтэйгээ хүч хамсран хятад болон бусад хэл дээрх түүхэн эх сурвалжийг ягштал барьж, нэн шинэ үеийн түүхтэй нэгтгэн цаг хугацааны хилгүй гурамсан роман бичихээр зориг шулуудсан бөгөөд “Нэр нэгтний хоёр үхэл” хэмээх тэргүүн дэвтэр уншигч танд удахгүй хүрэх тул романы 12 -13-р бүлгийг хэсэгчлэн хүргэж байна.

Энэхүү романд хорин нэгдүгээр зууны 2012 онд Лигдэн хэмээх улс төрчийн эргэн тойронд болж буй үйл явдал, арван долдугаар зууны 1630 аад онд Монголын сүүлчийн их хаан Лигдэнгийн эргэн тойронд болж өнгөрсөн үйл явлууд бүлэг бүрт солбиж бичигдсэн бөгөөд мөн 1948 оны дуртатгал зурвас үзэгдэх байдлаар бүлэг бүр өөр цаг хугацаанд болж буй үйл явдлуудыг хооронд нь зөн ёр, далд ухамсарын билэгдэл зэргээр зангидаж өгүүлэхийг оролдсон бөлгөө.


БНМАУ-ын Төрийн хошой шагналт,
Урлагийн Гавъяат Зүтгэлтэн
Донровын Намдагийн
гэгээн дурсгалд зориулав.


Description: Macintosh HD:Users:mac:Desktop:dc2d94e9c0bd56b98b141e7306467ef6.jpg


12

Үүр дөнгөж цайх үед хар хэрээ гэгээ орж буй тэнгэрээс дорогш  харахул тэртээ доор баахан хүмүүс бужигнан гал хөс улалзан байх агаад салхи исгэрэн цасан шуурга талбиж буй болохоор  хэрээ гэрлийн зүг шатсан цаас мэт эргэлдэн дорогшлов.

Хориотой хотын хэрэм цайз, ордон харш тэргүүтнийг харахад төөрсөн сүнс, гаслан зовлон, нүгэл хилэнц, шунал тачаалын ад зэтгэр бүгд шүгэлсэн мэт хэрээний нүднээ баяргүй тусах агаад зарц тайган нарын  хэрмэн хананд өлгөсөн гэрэлт дэнлүү үүрийн жихүүн салхинд  хяхтнан ганхаж тосон дэнгийн бүдэг шар гэрэл мөнхийн энэ харанхуй гасланг өчүүхэн  төдий  нимгэлэх мэт бүүдийн гэрэлтэнэ.  

Хориотой хотын төвд орших Огторгуйн тунгалаг нэрт харшид Мин улсын сайд түшмэд Тяньчи хуандид бараалхаж төрийн хэрэг зөвлөн шийдэхээр үүр дөнгөж цаймагц цуглаж буй нь энэ ажгуу.

Мин улсыг үндэслэгч эртний Тайзү дээд хуандийн үеэс л үүр цайх энэ цаг дор төрийн хэргийг зөвлөн шийддэг чанд уламжлал тогтоод гурван зуун жил болоход зөрчигдсөн тохиолдол нэгээхэн ч үгүй ажээ.

Бүрэнхий харшид арцны утаа, удтал хаан ирэхийг хүлээн сөхрөн  суусан олны амьсгаатай нийлэн ордны цонхоор тусах гэгээнд цэнхэртэн үзэгдэнэ.

Гадаа салхи улин исгэрч цасан шуурга улам ширүүсэхийг чимээгүй суусан түшмэдүүд гунигтайгаар сонсож байтал гэнэт дааман хаалганы дэргэд зогссон тайган хүүхэд нам гүмийг эвдэн цоглог чанга хоолойгоор  ;

-Хуанди жядао гэхэд сөхөрч суусан түшмэд нэгэн дуугаар;

-Ү хуан ваньсуй ваньсуй, вань вань суй[1] хэмээн духаа газарт хүргэн мөргөцгөөв.

Огторгүйн тунгалаг харшийн  хүнд дааман хаалгыг хуандийн шадар тайган Вэй Жуншянь хүчлэн онгойлгоход хаалга чахран салхи исгэрч цас шууран орж ирсний дараа Тяньчи хуанди залуу хүний ихэмсэг алхаагаар алхлан орж ирээд харшийн хойморт орших дээрээ “Жэн да гуан мин[2]” гэсэн  дөрвөн ханз үсэг сийлсэн алтан пайз бүхий сүрлэг сэнтийдээ залрав.

Тэрээр  сэнтийдээ сууж хэсэг чимээгүй эргэн тойрныг ажиглаад нам дуугаар ;

-Энэ өдөр миний олон боолуудаас надад айлтган сонордуулах ямар ямар хэрэг буй ? хэмээн хэллээ.

Сөхөрч суусан түшмэдүүд хэн эхлэх билээ гэх шиг бие биеэн рүүгээ гайхшран харах үед үүдэн хавьд сөгдөж буй нэгэн залуу түшмэд дээш өндийж ;

-Мөхөс жанжин надад түмэн наст гэгээн богд эзэнд их зүрх гарган айлтгах нэгэн зүйл буй учир гэгээнээр толилох ажаамуу  хэмээн тод  хэллээ.

Хэн болохыг сонирхон хуанди харцаа түүн дээр тогтооход цонхигор цагаан царайтай, нимгэн ямаан сахалтай, тэргүүндээ алтан шаргал эмжээр бүхий хар малгай өмссөн улаан дээлэн дээр  хасын бүс бүсэлсэн  чацархаг    нэгэн зогсож байх ажгуу.

Хуанди инээмсэглээд дэргэд бөхийн зогсох шадар тайган Вэй Жуншянь-д хандан ;

-Тэр боол хэн буй хэмээв.

- Эзэнд айлтгах нь. Энэ боол болбоос нэр Юань Чунхуань, өргөсөн нэр Юаньсү . Гучин хоёр насандаа орогсод болж цэргийн явдлын яамны өчүүхэн түшмэлээр  томилогдож хагас сарын өмнө Зүрчидын бүдүүлэг боол Нурхачийг шархдуулан цэргийг нь ялж ухраасан тул богд эзэн таны хүнд хишгийг хүртэж  цэргийн явдлын яамны жигүүрийн сайд болсон  нэгэн бөлгөө! хэмээв.

Хуанди толгой дохиод

-Айлтга! гэв.

Юань Чунхуань жанжин хуандийн зүг мэхийгээд урагш нэг алхаж

-Баруун зүгийн амар амгалан болговоос зүүн зүг ч бас аандаа амгалан тайван болно. Гэвч Цахар Лигдэн,  богд эзэн таны гэгээн хүслийг  эс дагасан тул зүүн баруун хоёр хоёул түгшүүртэй болов. Жил бүр Лигдэнд алт найман түм нэгэн мянган лан өгч  ногтлон хазаарлах бодлого үзүүлдгээ нэмж хорин мянга болговоос ямар? гэхэд хаан түүнийг сонжингуй хараад сэнтийгээсээ урагш өндийх маяг үзүүлэн нялхамсуу цайвар царайдаа ёжтой далд инээвхийлээд;

- Хэрэв тэр бүдүүлгүүдийн толгойлогч Цахар  Лигдэн  дагахгүй бол хэрхэх билээ ? гэж хариу асуулаа.

- Өлсөж цанган ядуурч хоосорсноороо Цахар, Мин улс  хоёр яг адил. Цахар нь биднээс аргадах мөнгө өгөхийг хүлээж суух агаад хэрэглэх зүйлээ бүгдийг барж, идэх хүнс нь дуусч, агт морьд нь эцэж тураад хээр хаясан  яс нь ой шугуй мэт болжээ. Цахрын хүсч буй зүйл бол бидний илгээх алт, торго, үхэр, хонь, цай, жимс, тутарга, тариа билээ. Цахрууд энэ мэт болсон тул эрхбиш дагах буюу.

-Мөхөс хүмүүн  би боол чиний санааг зөвшөөрсүгэй. Зүй нь, Цахар Лигдэнгээс хамгаалах арга бол өөрийг нь өөрөөр нь довтлуулах болой.  Хоосон бичигт санааг бичээд зарлиг ёсоор яв. Өөр санаа бүү агуулагтун гэж хэлээд хажууд зогсох шадар тайган Вэй Жуншянь-д хандаж шивнэх тооны нам өнгөөр ;

-Цахар гэж юу гэсэн утга бүхий үг вэ? хэмээн асуулаа.

 Вэй Жуншянь-д хуандийн чихэнд ойртон;

-Боол би эзэн танд айлгая. Бичгийн утагчийн хүрээлэнгийн бичгийн утгач түшмэдийн ярьснаар Чакра гэсэн самгард үг гэнэм хэмээв.

Энэ үед гадаа их чимээ гарч газар доргих шиг болоход хуралдаж байсан түшмэд бүгд хэсэг чимээ чагнан нам суулаа.

Хуанди олны адил чих талбин чимээ чагнаад дахиж үл сонстох тул  шадар тайгандаа хандан;

-Лигдэн бас бурхны ном шүтдэг хүн үү ? гэхэд Вэй Жуншянь

- Боол би эзэн танд айлгая. Химэрлэг дээлт харуулын нууц туршуулуудын итгэмжлэн айлтгаснаар хаан таны өвөг Ваньли илэрхийлсэн богд хааны үед Лигдэн Шарав бандида гэгч хуушааныг улсын багш болгосон гэнэм. Тэр хуушаан эртний Дай Юань улсын богд эрдэмт гайхамшигт гавьяат эрдэмт баатар хаан Хубилайн зарлигтай Махагал бурхныг алтаар бүтээсэн байнам. Лигдэн чухам ямар санаа агуулсныг мэдэхэд бэрхтэй, өчүүхэн боол би яахин ухаж чадмуй…хэмээх үед өөр нэгэн сайд босож  Юань Чунхуань руу заагаад ихэд цухалдангуй чанга дуугаар;

- Боол би Датун хотын цагдан засагч сайд Жан Зун Хө  бөлгөө. Боол миний захирах газар Лигдэнгээс хоёр зуухан газар зайтай. Боол би  мэдэхгүй бол өөр хэн мэднэ. Бидний улс Лигдэнд аргадах алт  өгч цэрэг морийг нь ханатал нь цатгаваас тэд идэрхэг хүчирхэгтээ эрдэж дураар аашлахыг  үгээр цөмийг хэрхэн илэрхийлж чадах билээ. Боол би санаваас …хэмээн хэлж дуусаагүй байтал хойд ордны тайган харшийн хаалгаар салхи цас татуулан  ихэд сандруу шууран орж ирээд хааны өмнө очин мөргөхөд Вэй Жуншянь нүд нь том болж гайхан сочирдоод шууд тэр мөргөж буй тайганы дэргэд яаран хүрч ирээд;

-Өчүүхэн муу боол чи үхэхийг хүсээ юу? Төрийн их хэрэг  шийдэж богд хуандийн гэгээн сэнтийд заларч байхад муу боол чи ямар их цөс гарган дайрч орж ирэв хэмээн хашхирав.

Сандран гүйж орж ирээд хөсөр унасан тайган толгойгоо өндийлгөөд ;

-Өчүүхэн боол би… өчүүхэн боол би …түмэн үхэх ялтай. Луу цагт тэнгэр задарч аянга ниргэх мэт их дуу гарч Хуанжидянь харшийн дээвэр нураад харшид байсан хунтайж Жу Цыжюн…хэмээн ээрснээ асгартал уйлж

-Хунтайж хунтайж… хэмээн багтраад чимээгүй мэгшүүлэн уйлан унав.

Цочирдсон хуандийн булбарай царай минчийтэл улайж хөмсгөө өргөн муухай дуугаар хашхираад дэргэд зогсох хэмэрлэг дээлт харуулын шадар цэргийг түлхэж сэлмийг нь булааж аваад хоёр гардан дээш өргөж

-Өчүүхэн боол чи юу хэлнэ вэ? Цыжюн-д юу тохиолдсон. Хэрэв Цыжюн-гийн тэргүүнээс ширхэг үс унасан бол чамайг огтчин алаад есөн үеэр чинь хүйс тэмтэрнэ! хэмээн ээрч мууран орилов.

Тэр агшинд харшийн дааман хаалгаар хөө хуяг дуулга болсон багтартлаа амьсгаадсан нэгэн орж ирээд үг сүггүй хааны сэнтийн өмнө хөсөр унаад шууд өндийж;

-Хуандийд зүрхлэн айлтгах нь. Луу цагт  үйлдэх явдлын яамны Вангүн зэвсгийн үйлдвэр дэлбэрлээ. Нурхачи ба Лигдэнг дайлах аянд хэрэглэхээр нөөцөлсөн улаан зэрлэгүүдийн үхэр бууны  дарь сумны агуулах сав  дэлбэрч үхэж шархадсан хүний тоо тоолох аргагүй болж их түймэрт хот автав …хэмээн хэлээд  өршөөл эрэн сэнтийн өмнө сунаж унав. 

Хуанди ;

-Цыжюн ?…хэмээн ээрэн хашхирахад

-Боол би түмэн үхэх ялтай. Харшийн дээвэр нурахад  хунтайж харшид нойрсож байсан болой. Хунтайж тэнгэр болов…

хэмээн сул хэлээд газар мөргөн унахад хуанди сэлмээ далайсаар ирээд дагжин чичирч сөхөрч суусан олон түшмэдээс үйлдэх явдлын яамны эрхэлсэн сайдыг олж нуруунд сэлмээ гүн зоогоод  хөлөөрөө түлхэн унагаж сэлмээ сугалаад цусаа урсган өндийх гэсэн сайдыг нүүрэн тушаа цавчиж алаад харшийн чулуун шалан дээр сэлмээ хан  хийтэл хаячхаад  үүдээр гарч тэнгэр ширтэхэд хар утаа тэнгэрийн бүрхэж эргээд шөнө болсон мэт харанхуй нөмөрч байлаа.

Хуанди алтан эмжээртэй хар титмээ баруун гартаа бариад дээр тэнгэрт  хуйлрах утааны зүг хандан ;

-Мөхөс хүмүүн эрдэм мөхөстсөн тул тэнгэрийг хилэгнүүлжээ. Басхүү олон түшмэд цөм мөхөс хүмүүнийг хорлов. Ууган хөвгүүн Цырань хэвлийдээ эндэв. Удаахь хөвгүүн Цыюй зуурмаг наслав. Отгон хөвгүүн Цыжюн эрүүл чийрэг төрсөн бөгөөтөл долоохон сар хүрээд энэ мэт тэнгэрт оджээ.

Мөхөс хүмүүн үхэвч эцэг өвгөдийн өмнө учран золгох нүүргүй болсон тул өөрийн мутраар титмээ тайлж хаяад үсээ үгтээн нүүрээ халхалсугай… хэмээгээд газар сөхрөн уйлж орилов.

Огторгуйн тунгалаг харшийн гол хаалга болох Огторгуйн тунгалаг хаалганы оройд хар хэрээ галзуурах дөхсөн хуандийг залхуутайхан харан сууж байснаа хар утаа бүрхсэн тэнгэр өөд нисэн одов.

Тэнгэрт түймрийн утаа улам бүрхэж хар утаан дундаас наран нэг ил гарч нэг далд орох ажгуу.

Хуанди харшийн өмнөх талбайд сөхрөн унахад шадар тайган Вэй Жуншянь яаран гүйж ирээд түшиж таван хумст луугийн хатгамал бүхий сүйх тэргэнд залахад  алтан хуяг дуулга өмсч нарны туяанд ир нь гялтагнах хурц сэлэм мөрөндөө агссан хэмэрлэг дээлт харуулын гурван зуун торгон цэрэг мориндоо мордож хуандийн сүйх тэргийг хүрээлэн хамгаалж хөдлөв.

Хуандийн сүрлэг цуваа Огторгуйн тунгалаг хаалгаар гарч арван таван ордны цаана орших хар утаа олгойдон буй Ван гүн зэвсгийн үйлдвэрийг  зүглэж хэдийнээ амьсгал хураасан хунтайжийн зүг одсон авай.



Description: Macintosh HD:Users:mac:Desktop:jl-mongolia-451.jpg


13

“Чингис хаан” нисэх онгоцны буудлын хаалгаар такси авах уу гэсэн олны дундуур хар шил зүүсэн Лигдэн цэх шулуун алхалсаар гарч ирэхэд түүний хар жийп машин зам даган тосож ирээд дотроос нь жолооч нь гарч чемоданыг авч арын хаалгаар оруулах үед тэрээр машиндаа сууж хаалгаа хаагаад хар шевролет жийп нисэхээс уруудан хот орох замаар давхин одлоо. 

Нар жаргаад бүрэнхий болж байлаа. 

Лигдэн хар шилтэйгээ цонхоор харан үг дуугүй сууж явахад замын хажуугаар нэгэн хар нохой дагаж гүйх ажээ.

-Өнөөдөр амарчхаад уулзалтаа маргааш болгоё гэж чи хэлж үзэв үү? гэв. 

Түрүүнээс хойш ганц үг дуугарахгүй жолоогоо мушгиж явсан эр анх ам нээж; 

-Одоо заавал уулзана гээд байнаа. Зургаагаас гэсэн одоо хоёулаа амжнаа. Арван долоон минут байна гээд таг болсоноо хаазаа бүр хүчтэй гишгэлээ. Гадаа нүдэн дээр харанхуй болж байлаа. Машин гэрлээ асаан хурдлан давхилаа. 

Намагтай, болдогтой харгыда 

Набтархан бороёо гамнаарай. 

Намхандаа зорюулхан дураяа, 

Наханайм ганса, гамнаарай... 

Жаргалаа шим аршалаарай,

Дураяа шим гамнаарай. 

Энхэргэн, арюухан дураяа,

Эжэлхэн гансам, гамнаарай...хэмээх Буриад дуу машины радиогоор хангинан байлаа. 

Лигдэн цонхоо онгойлгоод “American spirit” тамхиа өнөөх Мерлин Монротой асаагуураа асаахдаа инээмсэглэж байлаа. 

Тэгээд тэрээр их л чангаар “Жаргалаа шим аршалаарай, Дураяа шим гамнаарай. Энхэргэн, арюухан дураяа, Эжэлхэн гансам, гамнаарай” хэмээн багтрах тооны дагаж хашхиран дууллаа.

Тэрээр хажуугаас харж буй жолоочид бол нэг бол ихэд дурлаж догдолсон, эс бөгөөс асар муухай юм хийхээр зэхэж дотоод мангасаа дуудаж байгаа хоёрын алин болох нь тун ойлгомжгүй харагдаж байх ажээ. 

Түүний ухаанд “…За за энэ хачин зүүд шиг бодлоосоо салж ажилдаа орох минь. Гэхдээ миний хоногийн тоо дуусч байгаа юм биш биз дээ…”хэмээх бодол орж ирж байлаа. 

Лигдэн ажлынхаа өрөөнд орж ирээд цонхоо яаран дэлгэв. Гадаа Улаанбаатар хотын машин урсан өнгөрч байгааг тэр өндөр дээрээс харж хэсэг зогсоод хар хүрэн өнгөтэй том ширээнийхээ ард пиджакаа тайлж сандалдаа өлгөөд цагаан эрээн цамцныхаа товчыг суллаж мөрөвчөндөө эрхий хуруугаа хийж дээш доош болгож хэсэг бодлогширон суулаа. 

Түүний ажлын өрөө их л уужим бөгөөд ханаа улаан хар цагаан хослуулан будаж янзалсан нь нэн хачин. 

Мөн түүний ширээний яг ард Чингис хааны хатгамал хөрөг байх агаад ханаар байх тавиурт элдэв шагнал туг дарцаг тэргүүтэн харагдахаас гадна бас анзааран харвал тэр офис бараг гэр шиг дулаахан уур амьсгалтай энд тэнд элдэв чамин зүйлс өрсөн бас улаан өнгийн хананд эвийг нь олоод гэрэл асааж зураг хөрөг өлгөсөн болохоор хүйтэн, албаны бус байдалтай ажгуу. 

Лигдэн хэсэг бодол болон суугаад жолоочдоо хандан

-За миний энд барьдаг утсыг аваад өг дөө …гээд нүднийхээ ухархайг долоовор дунд хуруугаараа дарж хөмсгөө зангидан хэсэг суугаад гар утсаа авч асаагаад сандалтайгаа эргэж байхад дөнгөж ассан утасанд жин жин хэмээн ар араасаа зурвас ирсээр байхыг хүрлийн харж байснаа. 

-Кофе чанаад орхи одоо миний хувьд өглөө болж байна. Фаак фаак бөөн нерьв…Энд нээрээ нэг болж байгаа юм алгаа. Чука гэж нэг новш юун ч олон юм бичсэн юм бэ дээ. Шууд бууж ирээд л уур хүрчих юмаа. Хэдхэн хоноод ирэхэд дайн болчихсон юм шиг л юм угтах юмаа. Цццц … “Ээ чи минь, үхэх чинь яав даа…” гэж амандаа үглэж байтал нэгэн бүсгүй хаалгаар шагайж

-Тантай уулзах гишүүн ирчихлээ оруулах уу гэлээ. Тэрээр биеээ цэхлээд хар пиджакаа өмсөж зангиагаа засаад толгой дохив. Түүний ажлын ширээн дээр өнөөх асаагуур дээрх хүүхэн уруулаа хагас ангайгаад тачаангуй харцаар ширтэж байлаа. 

Хэдийгээр тэр хөмсгөө зангидан уулзалтанд бэлдэн чухал царайлах авч шинэхэн чанасан кофены үнэртэй хамт түүний доод ертөнц сэрж амьлаж байлаа…

Тэгсэн ч тэрбээр биеэ бариад гишүүн андаа тайван хүлээлээ.

Хар хөх хослолтой бууралтаж яваа саарал үстэй эр үүдээр орж ирээдзөөлөн сандалд суугаад өврөөсөө принтелэсэн хэдэн хуудас цаас түүнд өгөөд ;

-Уншдаа, тэр зурчихсан хэсгийг тэгээд ярья гэлээ. 

Лигдэн жоохон гайхангуй түүний өөдөөс харснаа сонингавч арагш суухад нарийн бичиг хүүхэн кофе авч ирч тэр хоёрын өмнө тавиад буцлаа. 

Сонингийн дөрвөдүгээр нүүрэнд гарсан нийтлэлд; “Хоёрдугаар сарын 9-нд, Хятадын сайтууд Ван Лижүнь-ий нээлттэй захидлыг нийтэлж эхлэв.

Тэр өдөр, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, “Чунчин хотын дэд дарга Ван Лижүнь хоёрдугаар сарын 6-нд Чэнду хот дахь АНУ-ын консулын газар очиж, нэг хоног байрласны эцэст явжээ. Холбогдох газрууд энэ хэргийг шалгаж байна” хэмээн мэдэгдэв.

Тэр үед Чэнду хот дахь АНУ-ын консул нь мэргэжлийн дипломатч Петер Хэймонд (Peter Haymond) байсан бөгөөд тэр бээр тун удахгүй дэвшиж, Төрийн Департментын Хятад, Монголын газрын захирал болсон юм.

Хоёрдугаар сарын 15-ны өглөөний 5 цагийн үед, “The Beijing News” сонины сэтгүүлч Чү Чаосинь Ван Лижүнь-ий дугаараас товч мессеж хүлээж авчээ. 

Утга нь, Английн иргэн Нэйл Хэйвүүд гэгч Юй хотод хорлогдоход Ван Лижуань хэргийг шийдэхдээ хатагтай Бо-г сэжиглэсэн учраас амралтаа авахад хүрч, Америкийн консулын газар очсон” гэсэн учир битүүлэг мессеж байв. Юй хот (渝) гэдэг нь Чунчин хотын эртний нэр бөгөөд харин Ван Лижуань (王丽娟) гэдэг нь Ван Лижүнь (王立军) аж.” Чунчин хотын ардын засгийн газрын хэвлэлийн алба “Хотын дэд дарга Ван Лижүнь удаан хугацааны турш ачаалалтай ажиллаж, стресст орж, биеийн байдал нь таагүй болсон тул амралтаа авч, эмчлүүлэхийг зөвшөөрсөн” байна. 

Хоёрдугаар сарын 15-нд, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын хороо Ван Лижүнь-ий орогнох хүсэлтийг хүлээн авах нь оновчтой эсэхийг хэлэлцэв. 

Гадаад бодлогын хорооны дарга Илеана Рос-Лейтинен (Ileana Ros-Lehtinen) Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд захидал бичиж, АНУ-ын Засгийн газар тус хороонд яаралтай илтгэл бичиж, Чэндү хот дахь АНУ-ын Консулын газар, Хятадад суугаа АНУ-ын ЭСЯ-тай харилцсан цахилгаан, албаны мэйл, илтгэх хуудас зэргийг хавсаргаж, Ван Лижүнь консулын газар орсноос хойшх нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлагнахыг хүсчээ. Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Виктория Нуланд (Victoria Nuland) энэ үйл явдлын талаар тодорхой тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Чу Чаошинь 2009 онд Ван Лижүнь-тэй анх ажлын шугамаар танилцаж, түүнээс хойш мэндийн зөрөөтэй явдаг болжээ.

ТүүнийгВан Лижүнь хэмээх бөгөөд Монгол нэр нь Үнэнбаатар. Эцэг нь Монгол, эх нь Хятад. Өвөр Монголын Рашаан хотод төрсөн тэрээр Хайлаарт дунд сургуульд сурч байхдаа бокс тоглодог байсан нэгэн аж. Дунд сургуулиа төгсөөд тэрээр 1984 оноос Ляонин мужийн Телин хотод замын цагдаа болж улмаар 2008 оны зургадугаар сард Ван Лижүнь Чунчин хотын Цагдаагийн газрын дарга болон дэвшиж тухайн үедээ намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, улс төрийн товчооны гүшүүн Бо Силайн баруун гарт тооцогдох болов. 

2009 оны долдугаар сарын10-нд Бо Силай Чунчин хотын мафиудын эсрэг кампанит ажиллагаа өрнүүлж эхэлсэн агаад6000 хүн, түүний дотор чинээлэг бизнесменүүд, мафийнхан, тэдэнтэй холбоотой цагдаагийн ахлах офицерууд баривчилжээ...” хэмээн бичсэн хэсгийг уншид дуусаад Лигдэн толгойгоо өргөж

-Би нэг л сайн ойлгохгүй байна. Бо Силай энэ Үнэнбаатар хоёр бидэнд ямар хамаатайг?

-Гол нь тэрэндээ бишээ. Чунчин хотын захиргаа тэндхийн олон хүн бидэнтэй холбоотой хөрөнгө оруулагч. 

Энэ нэг л том юм эхэлж байх шиг байна.Тэгээд би чамайг Жөү Юнкан-ы ойрын хүнтэй уулзуулж юу болох гээд байгааг мэдүүлэх гэсэн ч чи уулзаж чадалгүй ирсэн байна.Жөү Юнкан эрх мэдэл, нэр нөлөө Ху Жиньтао-тай бараг эн тэнцүү , тэгээд ч бидний холбоотой хүмүүс бүгдээрээ тэдний талынхан гэдгийг чи ойлго...энэ их том газар хөдлөлт байж тун мэднэ. Гээд халааснаасаа алчуур гаргаж хөлсөө арчиж байлаа. 



[1]Манай хаан түм насал, түм насал, түмэн түмэн насал хэмээсэн ёслолын үг.

[2]Их шударга агуу гэгээн