Түгжрэл бол тэнэглэлийн хариу
Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана.
Автобусанд танилтайгаа таараад мэндэлтэл “Эр хүн туг ч барина, тугал ч хариулна” гэчихээд хариу хэлэхийн завдалгүй буучихав. Намайг хэлсэн үү, өөрийгөө хэлсэн үү, бүү мэд. Ямартаа ч нийтийн тээвэрт суух нь монгол хүний хувьд “тугал хариулах”-тай утга нэг ажээ. Нэг сая таван зуун мянган хүнтэй Улаанбатарын иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг тооцоо бий. Одоогоор нийслэлийн 111 961 ахмад настан, 23 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн автобусаар зорчдог гэнэ. Бусад нь “туг барьж яваа”. Чухамдаа бол түгжрээд л зогсож байгаа. Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээг харвал 2020 онд Улаанбаатар 447 413 (зөвхөн!) суудлын машинтай, 414 292 өрхтэй байжээ. Морьтон монголчуудыг хөл дүүжлэх унаанаас нь салгаж ойлгох аргагүй. Гэхдээ бас тэрийн болгон сундалдаггүй “уламжлалтай”. Ноднингийн судалгаагаар машин дүүргэлт 1.24 хувь гэдэг тоо гарчээ. Таван суудлын тэрэг тутмын нэгэнд нь л “сундалдаг” гэсэн үг. Улаанбаатарын 120 суудлын машинаас 100-д нь жолооч ганцаараа таг зогсож байна. Монголчууд замын хөдөлгөөнд ийм үр ашиггүй оролцдог болохоор түгжрэхээс өөр яах билээ!
Цар тахалд өртөөд амьдрал ахуй доройтлоо гэж орилолдоод байгаа монголчуудын банкнаас авсан суудлын тэрэгний зээлийн дүн 2021 онд буурсангүй. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар Японоос ирэх 40 тонны чингэлгийн тээврийн зардал 2 700 ам.доллар байсан бол өнөөдөр 7 600 ам.доллар хүрч 2.5 дахин өсчээ. Энэ хооронд Японоос ирдэг “Приус”-ын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Гэсэн ч урьдынхаараа эрэлттэй хэвээр. Монгол хүн эр, эмгүй цалингийн захад хүрээд л “хөл дүүжлэх” юмны тухай боддог. Монгол хүн биеэ даах чадвартай болохыг “гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх” гэдэг юм хойно арга байж уу. Зээл төлөх чадвартай, зам дээр үрэх завтай байхад түгжрэхээс өөр яах билээ!
Ноднин “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-ноос хийсэн судалгаагаар түгжирлийн шалтгааны 25-28 хувь нь хүүхэд сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөс үүдэлтэй гэж гарчээ. Улаанбаатарын хуучин сургууль, цэцэрлэгүүдийн даац аль хэдийнэ хэтэрсэн. Гэхдээ хотын захын сургуулиудын анги дүүргэлт боломжийн гэж болохуйц хэмжээнд. Харин дүүрэг дүүргийн “сайн” сургуулиуд Улаанбаатарын өнцөг булан бүрээс өглөө бүр зөөдөг хүүхдүүдээр хахчихжээ. Жишээ нь, Сүхбаатарын дүүргийн Нэгдүгээр сургууль 51.1, Хан-Уулын 18 дугаар сургууль 49.1, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль 53.6, Баянгол дүүргийн 20 дугаар сургууль 45.1, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль 47 хувиар тус тус анги дүүргэлт нь хэтэрчихсэн байна. Аль болох гэрээсээ хол байдаг “сайн” сургуульд хүүхдээ өгч, “орчин”-ыг нь солиод ирээдүйг нь шийдчихнэ гэж боддог эцэг эхчүүд байхад хотынхон түгжрэхгүй гээд өөр яах билээ!
Өнгөрсөн хугацаанд замын түгжрэл арилгах гэж зарцуулсан мөнгөнөөс өчүүхэн ч үр дүн гараагүй. Цаашдаа ч гарах царай алга. Морио машинаар сольсон ч нүүдэлчин монгол зангаараа хотод амьдраад байвал түгжрэлээс огт салахгүй. Хотод амьдаръя гэвэл хувь хүн олонхын урсгалаа дагаж, нийтийн эрх ашигт зохицож амьдрах ёстой. Замын түгжрэл Улаанбаатар хотынхон хэр хурдан хотжихоос шууд шалтгаана. Асуудлынхаа учрыг олоод харчихвал шийдвэрлэх арга олдоно.
Зочин
ганаа
иргэн
Зочин
Шалтгаан -шийдвэрлэх
Зочин
Зочин