Ерөнхий сайд аа! "Топ" шийдвэр том зорилгоосоо ухрахгүй гэж найдъя!
“Саалийн үнээ”-ний маань өнгө хувирч нүүрсний экспортын орлого анхаарлын төвд байх болоод удаж байна.
“Саалийн үнээ”-ний маань өнгө хувирч нүүрсний экспортын орлого анхаарлын төвд байх болоод удаж байна. Далайд гарцтай болох мөрөөдөлдөө хүртэл нүүрсээ экспортлох гол зам маань автозам байсаар байх энэ өгөгдлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин зохицуулалтын хувьд тогтвортой бус байгаа нь харамсалтай. Учир нь тогтворгүйжилт, гэнэтийн бөгөөд тооцоо судалгаагүй өөрчлөлтийн цаана иргэд, аж ахуйн нэгжүүд хохироод зогсохгүй экспортын орлогоороо алдагдал хүлээсээр байгаа юм.
Цагаан хадны гаалийн хяналтын бүс Гашуунсухайт боомтоос 23 км-ийн зайд оршдог. 2006 онд Гашуун сухайт боомтоор гарах Тавантолгойн нүүрсний уурхайн экспортод төр засгийн шийдвэрээр “Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг байгуулж байжээ. Одоогийн байдлаар тэнд үндэсний 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нэг компанид дунджаар 40-60 ажилтантай, тэдний ар гэр болон Цагаан хадны гаалийн хяналтын талбайг дагаж суурьшиж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд , татвар төлөгчид, хүүхэд, иргэдийг тооцвол энэ буйдхан суурин дахь уугуул, суугуул хүн амын тоо 10000 хол давжээ. Тэдний наад захын хэрэглээ, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, шатахуун түгээх станцууд, нүүрс тээврийн жолооч нар, гаалийн хяналтын 22 бүс гээд тооцвол “Цагаанхадныхан” олуулаа.
Тэдний үүрэг ч чамлахааргүй өндөр төдийгүй улсын экспортын орлогыг нэмэгдүүлэх томоохон ач холбогдолтой. Нэг чамбай дүрэм журам гаргачхаад түүнийгээ дагаж мөрдөхдөө сахилга бат сайтай, хариуцлагатай тийм л айл. Гэтэл энэ “айл”-ыг Монголоос гадуурх эрх ашгийн үүднээс ажилгүй, амьдралгүй болгох золгүй шийдвэр гарсан нь өнгөрсөн оны наймдугаар сард юм. Тодруулбал, одоогоос яг нэг жилийн өмнө Засгийн газрын 2017 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаан хад” гаалийн хяналтын бүсийг бүрмөсөн хаах шийдвэрийг гаргасан юм. Тухайн үед Засгийн газрын энэхүү шийдвэрийг орон нутгийн удирдлага, энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийж байв. Тэд Засгийн газар урьдчилан мэдэгдэлгүй, орон нутгийн иргэд компани аж ахуйн нэгжийн саналыг сонсолгүйгээр үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах шийдвэр гаргасныг буруутгаж Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны аливаа акт, шийдвэрийг гаргахдаа тооцоо судалгаа бүхий байх, эрх ашиг нь хөндөгдөх иргэдийн саналыг сонсох, түүнээс үүдэлтэй эдийн засгийн үр дагаврыг тооцоолон шийдвэрээ гаргах ёстойг Ж.Эрдэнэбатын Засгийн газарт сануулан тэд тэмцсэн.
ЦАГААН ХАДЫГ “ХААХ” НЬ ХЭНИЙ ЗАХИАЛГА БАЙВ
Үнэхээр ч 120 км үргэлжилсэн нүүрс ачсан машины урт дарааллын буруутан нь Цагаан хадны гаалийн хяналтын бүс биш бөгөөд уг бүсийг хааснаар асуудлыг шийдэх бус харин ч эсрэгээрээ олон мянган жолооч арав гаруй хоног урт дараалалд машиндаа хоноглон, заримдаа цаг хожихын тулд зам товчлохоор малын бэлчээр сүйтгэн шороон замаар давхиж гэмт хэрэг авто тээврийн осол аваар ихээр гаргадаг байв. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар тээвэрлэлт буурч, жолооч нарын эрх ашиг хохирч, нүүрсний экспортын эргэлт ч, орлого ч буурсан юм. Засгийн газрын энэ шийдвэр бол нүүрс экспортлогч “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн жижиг гэсэн тодотголтой “Тавантолгой” компанийн алинд нь ч ашиггүй, ашигтай эсэх нь бараг хамаагүй харин Хятадын тээврийн компаниудад ашигтай шийдвэр байж.
Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд бүрдүүлэлт хийхийг болиулж нүүрсээ зөвхөн Гашуунсухайт боомт руу уртын урт тээврээр хүргэх нь нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагаа БНХАУ-ын талын бүрэн мэдэлд шилжих тохиролцоо гэж хэлж болно. Нэгэнт уурхайн амны нөхцөлөөр худалдан авдаг учраас уурхайгаас л гарсан бол нүүрсний үнэ хэрхэн өсч, эсвэл буурч очих нь нүүрс борлуулагч уурхайд огтхон хамааралгүй гэж хэлж болно. Гэтэл тээвэрлэлтэд үндэсний компаниуд оролцон хууль ёсоор ажиллаж байхад нь боомилсноор Хятадын тээврийн компаниудыг илтэд дэмжиж “нүүрс дагаж” нэмүү өртөг шингээн амьдралаа залгуулдаг монголчуудаа хохироолоо. “Эзэн орны хяналт” ч устгагдав. 2-5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулан гаалийн хяналтын бүсийг хууль дүрмийн дагуу байгуулсан үндэсний аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй “нугалаа”-нд өртөх нь тэр. Цагаан хаданд ажиллаж амьдарч байсан иргэд аж ахуйн нэгжүүд ч ажилгүй, орлогогүйчүүдийн эгнээнд шилжиж “үүрээ эвдүүлсэн шоргоолж” шиг болох нь тэр. Хатуухан хэлэхэд Монгол Улсын төрийн бодлого хамгаалах ч эрхгүй хэн нэгний хийсэн тохиролцооноос бол ухарсан хэрэг гэхэд хилсдэхгүй. Нүүрсний экспортоос улсад орох ашиг орлого ч багассан төдийгүй үндэсний аж ахуйн нэгжүүд, уг боомтыг даган амьдарч буй иргэддээ ч хохироосон тийм л менежментийг төр хийчхээд байв.
АЛДААГ ЗАЛРУУЛСАН НЬ “У.ХҮРЭЛСҮХ БРАВО”
Харин энэ том алдааг У.Хүрэлсүхийн Засгийн газар залруулсан юм. Хөхөө өвөл хаяанд ирж яах учраа олохгүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байсан тэр үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг Цагаан хад, Гашуунсухайт боомтод очиж ажилласан. Салбарын сайдууд аймаг, сумын удирдлага, бизнес эрхлэгчид, нүүрс тээврийн жолооч нартай нүүр тулан уулзаж, гарц, гаргалгаа, зөв шийдлийг олохоор халуун яриа өрнүүлж нааштай шийдвэр гаргахаа амлаад явсан. Тун удалгүй У.Хүрэлсүхийн Засгийн газар нүүрс тээвэрлэлтийн горимыг зөв голдрилд нь оруулсан 320 дугаар тогтоолыг гаргав. Засгийн газрын энэ шийдвэрийг нүүрс тээврийн олон мянган жолооч, бэлчээрээ хамгаалсан малчид, Цагаан хаданд бизнес эрхлэгч үндэсний компаниуд гээд төр засгаас халамж хүсч зовоодоггүй, харин ч өөрсдийн хуримтлалаар бүтээн байгуулалт хийж эхэлсэн олон монгол хүн талархан хүлээн авч “У.Хүрэлсүх Браво” хэмээн уухайлсан юм. Харин энэ тогтоолыг гарсны дараа ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Ганцмодны боомтод хятадын тээвэрлэгчид эсэргүүцлийн жагсаал хийсэн нь Монголын Засгийн газрын 320 дугаар тогтоол тэдний эрх ашигт харшилсны илрэл байв.
Засгийн газрын 320 дугаар тогтоол нь цөөн хэдэн хүний эрх ашиг биш, олон нийтийн төлөөх шийдвэр байж олон эерэг үзүүлэлтийг бий болгосон төдийгүй үр дүн нь одоо ч өгөөжөө өгсөөр байна. Нүүрсний экспорт, ачаа эргэлт нэмэгдэж улмаар төсвийн орлогыг нэмэгдүүлж, монголчууд өгөгдсөн нөхцөлд тохируулан нэмүү өртөг шингээж нүүрсээ борлуулж чадсан юм. Түүнийг БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд буцахдаа үе үеийн Ерөнхий сайд нараас анх удаа Гашуунсухайт боомтоор эх орондоо хөл тавихад бөөн шүүмжлэл дундаас ялгарч баярласан “хэдхэн хүн” байсан нь монгол жолооч нар. Тэд Ерөнхий сайдад талархсанаа илэрхийлж “З20 дугаар тогтоолоо хэвээр хадгалаарай” гэж аминчлан захиж байсан.
Гэтэл хоёр сар гаруйн өмнө Засгийн газраас 320 дугаар тогтоолоо цуцлаагүй хэдий ч уртын урт тээвэрлэлтийг сэргээж, нүүрс тээврийг урт, уртын урт, богино гэсэн гурван горимоор явуулах шийдвэрийг гаргажээ. Өнөөдөр нүүрс тээвэрлэлтэд нөгөө гайхал урт дараалал үүсч, уртын урт очередьт жолооч нар олон хоногийг өнгөрөөж байсан нэг жилийн өмнөх дүр зураг дахин бий болж эхэлжээ. Энэ цагт У.Хүрэлсүхийн Засгийн газрыг улс төрийн эр зориг, эх оронч халуун сэтгэлээр монгол хүн, Монголын эдийн засаг, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжин гаргасан зөв шийдвэрээсээ ухарч няцахгүй гэдэгт итгэж байна. Түүнд улс төрийн ямар ч тохироо, “ханцуйдаа наймаалцсан” хувийн эрх ашгийг санал болгосон хамгийн бахархалт 320 дугаар тогтоолоо цуцлахгүй, харин уг тогтоолыг цуцлах тэр хүн аль улсын эрх ашгийн төлөө ажиллах бол гэдгийг эх оронч монголчууд харж байна.
ГАШУУНСУХАЙТЫН БА ЦАГААН ХАДНЫ ХӨГЖЛИЙН ЯЛГАА
Гашуунсухайт боомт байгуулагдсанаасаа хойших өнгөрсөн 25 жилд хэрхэн хөгжив. Наад зах нь өнөөдрийг хүртэл цахилгаангүй, таг харанхуй. Гэтэл тавхан алхмын цаана Ганц мод боомт өдрөөс өдөрт сүндэрлэн хот болон өргөжсөөр. Энэ бол “Алтыг нь аваад авдрыг хаях” гэчгээр хамгийн их мөнгөн урсгалыг бий болгож буй энэ боомтыг хөгжүүлэх төрийн бодлого дутагдсаны илрэл. Төрийн бодлого тогтвортгүй хаана, бооно, зогсооно гэж чичүүлж байдаг энэ суурин газар хөрөнгө оруулж барилга байшинтай болгох тухай яриад ч нэмэргүй биз. Энэ нь төрийн бодлогын алдаа, тогтворгүйн гай гэж хэлж болно. Харин Засгийн газрын 320 дугаар тогтоол батлагдсанаар Өмнөговь аймаг ИТХ-аараа Цагаан хадны гэрэл цахилгаан татах хөрөнгө, тус сууринд ажиллах эмчийн асуудлыг шийдэж, Цагаан хадны дахин төлөвлөлтийг хийж эхэлсэн гээд Цагаан хадыг хөгжүүлэх эхлэл суурь тавигдсан. Мөн гаалийн хяналтын талбайнуудад өөрсдийн техник тоног төхөөрөмжөө шинэчлэн, таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 1000 гаруй ажлын байр бий шинээр бий болгож, ажилчдын дундаж цалин 1-1.5 сая төгрөг болсон төдийгүй гаалийн хяналтын бүсийнхэн төрийн үйлчилгээг хурдан шуурхай явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, цагаан хадны тулгамдсан асуудлыг шийдэх зорилгоор тэд өөрсдийн орлогоосоо хуримтлал бий болгож төрийн ачаанаас үүрэлцэж явна.
Ингэж л У.Хүрэлсүхийн Засгийн газар өмнөх Засгийн газрын буруу бодлого, том алдааг залруулсан. Зөвхөн энэ шийдвэрийнх нь төлөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, түүний Засгийн газрыг Монгол Улсаа, Монгол хүнээ хайрлах шийдвэр гаргасан гэж “олон хүн үздэг. Энэ шийдвэрийг гаргахын тулд эрх ашиг нь “хохирсон” Хятадын тээврийн компанийнхныг сөрөөд зогсохгүй уг бизнестэй элдэв тохиролцоотой ямар нэг байдлаар холбоотой намын нөхөдтэйгээ тодорхой хэмжээнд сэм зөрчилдсөнийг ч эх сурвалж өгүүлдэг.
НҮҮРС ЭКСПОРТЛОГЧДЫН ОРЛОГЫН ТАЙЛАН ЮУ ӨГҮҮЛЭВ
Тавантолгой орд газрын гурван уурхайн хагас жилийн тайланг олон нийтэд танилцууллаа. “Эрдэнэс Таван Толгой” ХК 2018 оны хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж, улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэсэн тайлан танилцуулсан. Мөн 2018 оны долдугаар сарын 2-ны өдөр 'Дөчин сая дахь тонн” нүүрсээ олборлосон түүхэн амжилтын мэдээгээр сонор мялаагаад байгаа.Тус компанийн энэ оны эхний хагас жилийн борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн аж.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани энэ онд нийт дөрвөн сая тонн нүүрс олборлон боловсруулах төлөвлөгөөтэйгөөс эхний хагас жилийн байдлаар 37.2 хувийн гүйцэтгэлтэй байгаагийн шалтгаан нь дотоодын хүчин зүйлийн нөлөө их байгааг дурджээ.
Гурван уурхайн тайлангаас харахад нэг талаар нүүрсний экспортын хэмжээ буурсан ч орлого нэмэгдсэн гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Цагаан хадны буян. Худалдан авагч тал уурхайн амны үнээр нүүрсээ авдаг. Тэд уурхайд мөнгө төлсөн, уурхайд орлого орсон, гүйцээ. Худалдан авагч тал нүүрсээ Цагаан хаданд буулгаад хэд хоног “хав дарж”, хэзээ экспортод гаргах, хэдээр зарах нь Монголын талд хамаагүй.
Улс орон, монгол иргэдийнхээ эрх ашгийн төлөө зөв гаргасан Хүрэлсүхэд “Браво” гэж хэлээд зогсохгүй гаргасан шийдвэрээсээ буцахгүй байх гэдэгт ачааны хүндийг үүрч яваа олон мянган жолооч, тэдний гэр бүл, цагаан хад бизнес эрхлэгчид, малын бэлчээрээ гамнан хайрласан малчид бүгдээрээ түүнд итгэж байна.