Тэр нэг уулын хяраар давдаг хэсэгт л багахан чулуутайгаас биш зам ерөнхийдөө цагаан л юм. Ер нь зүүн тийш бартаа гайгүй л байдаг даа. Дөрвөн цаг гаруй ингэж явсаар “Хэрлэнгийн хөдөө арал” гэсэн дориун орчин үеийн, бараг гадаадын гэмээр цэмцгэр самбарын дэргэдүүр өнгөрөв. Самбарт бас бус хаягууд, газрын зураг сэлт байгаагийн дунд “Эмт ургамлын тариалангийн бүс нутаг” гэсэн үгс дурайна. Бидний зорьж яваа газар.

Бүүвэйлдэг шөл

“Тэр манай кэмп байна” гэж жолоочийг хэлэхэд бүгд зүүн тал руу гаа харлаа. Нээрээ л уурхайн кэмпийг санагдуулам товир товир урт байшингууд дүнхийж байна. Ойртох тусам харах, үзэх өдий төдий юмс тодрох хунчирын тариалангийн талбай, тариаланчдын амьдрах байр, эмт хүнсний үйлдвэр, агуулах, механикын цех сэлтийг багтаасан кэмпийн хашаанд буулаа. Астра рүүт компанийн захирал Л.Энхбат биднийг угтан авав. Хаалганы хоёр талд хүглийсэн хоёр түвд банхар уяатай байна. Тэрээр “багынхаа мөрөөдлийг дагаад ийм хоёр амьтан авчихсан. Томроод хүн рүү дайрах шинжтэй болохоор нь уячихаад байгаа юм” гэсээр биднийг орохыг урилаа.

Хоол унд хэдийнээ бэлджээ. Дорхноо ширээ дүүрэн идээ ундаа өрөгдөв. Чанасан мах, ногоо, халуун шөл, барьсан талх, шинэхэн боорцог, сүүтэй цай, хунчирын халуун ундаа сэлт үнэхээр аз жаргалд даллан дуудаж байна. Түмпэн дүүрэн махны хажуугаар хунчирын шар үндсүүд байна. Талбайн эзэд, “за идээрэй хө. Хунчиртай хоолны дараа аргагүй нүд анилддаг юм даа. Гэхдээ гүрийгээд өнөө оройдоо кэмпээ танилцуулнаа” гэлцэж байна. 

Хоолны дараа нэрэээ ч аймшигтай ядрал мэдэрч, хажуулмаар болоод явчихсан ч “хүүббаа” гэж өндийгөөд агаарт гараад ирэхээр эрхбиш сэргэж байна. 

Кэмпийн хашаагаар тэнэв

Бид тус бүрт нь сунагар урт усалгааны систем тавьсан тариалангийн дөрвөн том талбайн голд байгаа аж. Энд нийт 400 га талбай байна. Тус бүр 550 метр урттай 4 бороожуулагч систем ажиллана. 

“Урд бас 1000 га талбай байгаа. Тэрэнтэй нийлээд нийт долоон бороожуулагч систем ажиллана. Тийшээ очиж үзэх үү?” гэж захиргаа элдэв юм хариуцдаг бадриун эр Батаа бидэн рүү харан асууснаа хунчирын шөл, замын явдал хоёртоо цохиулсан биднийг ихэд ойлгон, “угаасаа энэ талбайтай яг адилхан л даа” гэж инээд алдав. 

Одоохондоо үйлдвэрийн байрныхаа нэг жигүүрт галтогоо болон ажилчдын байрлах өрөөнүүд, оффисыг зохион байгуулан оруулжээ. Энэ зундаа багтаад ажилчдын сууц барих аж. Энд хунчираас гадна та бидний сайн мэдэх чихэр өвс, бас сайн мэдэхгүй дэрэвгэр жиргэрүү хэмээх ховор ургамлыг тариалдаг аж. Тэртэй тэргүй ургадаг л газар нь. Гэхдээ усалгаа, бордоо нэмэгдүүлж, үрээр тариснаар илүү их ургац авах боломжтой болжээ. Зэрлэг ба таримлын хооронд ялгаа байхгүй байна гэж олон орны эрдэмтэд дүгнэсний учир ч ийм. 

Мөн хоосон хоёр хүлэмж байна. Нэг нь гялгар ууттай, нөгөө нь зүгээр араам. Солонгос уут гурван жилээ даадаг, хятад уут нэг жил л болдог гэнэ. Сүүлийн хоёр жил өөрийн хэрэгцээний хүнсний ногоогоо тарьсан. Хунчирын талбай болохоор учиргүй их урган сэгсийж, сүүлдээ хурааж дийлэх зав зай ч үгүй болж ирсэн зочдод шуудай өгөөд “өөрснөө хураагаад аваад яв” гэх нь амар болдог гэв.

Бас бус адуу бэлчээрлэж байна. Өдийд үс нь ноолорч, янгиа болчихсон юмнууд байдаг сан. Эндхийн адуу гэж тарган тэвээрэг сайтайн дээр үсээ хаяж дуусчээ. Яг л намрын адуу мэт хөндөлдөнө.

Нойронд нэгмөсөн залгуулсан домч бор

Удалгүй бүрий ч болсноор богино рэйсийн аялал дуусч, маргааш үргэлжлүүлэхээр болов. Өрөө рүү явахын өмнө оффисоор дайрах гэнэ. Дайрахын учир ч дорхноо тайлагдав. Бичгийн намхан ширээн дээр хоёр таваг закуска, мөнөөх хунчирын цай сэлтийг тавьж, тэхий голд нь идээний дээж шилтэй бор ундааг тавьжээ. Домч бор гэх хунчирыг цагаан архинд даран гаргаж авсан, ганга болон чихэр өвсөөр амталж буй болгосон 36 градусын ундаа байна. Зочдын сониуч асуултуудаас хөвөрсөн яриа ч дорхноо эвээ олон өрнөлөө.

“Хунчир ерөөсөө Байгал нуураас урагшаа Жанчхүүгийн даваа хүртэл бүс нутагт л ургана. Хэт чийг, үржил шимтэй газар ургахгүй, хөрсөн доороо муудчихдаг юм билээ. Дөрвөөс таван жил ургаж байж сая эмийн чанар нь гүйцдэг. Хунчирын ид шид маш их. Хүн орхоодойгоос ч илүү гэдгийг эрдэмтэд батлаад буй. Миний эргэн тойронд л гэхэд хэд хэдэн хүн сахарын өвчнөө анагаачихлаа. Миний танил герман эр, чөмөгний хорт хавдраар шаналж, Монголоос захиж авсан хунчираа гурван сар уусан. Хавдар нь хатаж жижигэрсэн болохыг эмч нь үзээд гайхан толгой сэгсэрч байна гэж нодлин ярьсан. Мөн хөхний хорт хавдрын өсөлтийг зогсоосон тохиолдлууд элбэг байна. Тархи мэдрэлд бол архинд дарсан хандыг тогтмол хэрэглэх нь сайн. Харвасан хүн хөл дээрээ боссон. Гэх мэт хүнд өвчлөлүүдийн зэрэгцээ арьсны элдэв экзем, тууралт, астмад бол асуудалгүй. Хунчиртай ваннд хэвтээд энэ зовлонгоос салсан, шавшиж бариад хүүхдээ эдгээсэн олон хүн бий” гэж Энхбатыг ярихад Солонгоо залгуулан “Солонгост бол хунчир эрчүүдийг чалх чадалтай болгож, эмэгтэйчүүдийг үзэсгэлэнтэй хөөрхөн болгодог гэсэн хэлц үгтэй. Хунчир ороогүй гоо сайхны бүтээгдэхүүн тун ховор. Чи өөрөө хайрцаг саван дээрх орцыг нь уншаад үзээрэй” гэв. 

“Гэхдээ бид энэ бүхнийг хамаагүй яримааргүй байдаг юм. Нухацтай судалж буй эрдэмтэд бий, тэд л үгээ хэлэг” гэж Энхбат яриагаа дуусгалаа. Тэрээр хэрэглэгчиддээ шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар, баттай зүйл л уншуулж, мэдүүлэхийг эрхэмлэх ажээ. Эс тэгвэл хэтэрхий олон сайн талтай учир бараг залилан юм шиг сонсогдох юм байна гэж би дотроо санал нийллээ. Гээд хэлэх үедээ хэлж байхгүй бол харамсалтай л юм байна. Бас эднийх рүү өдөр тутам маш олон хүн залгаж хунчир болон чихэр өвсийг хэрхэн хэрэглэх талаар асууж шалгаадаг гэнэ. Тиймээс хүмүүсийн хэрэглээ, танин мэдэхүйд зориулсан контентууд бүтээж, түгээхээр ажиллаж буй аж... 

Замын алжаал, хөдөөний цэвэр агаар, хунчиртай шөл, Домч бор тэргүүтнүүд нийлэн энэ биеийг бүслэн авч, даран сөнөөхөөр түрүүнээс хойш тулалдаж буй юм. Эрхгүй бууж өгөн нүд анилдлаа. Шүршүүрт орвол ч ороё гэж бодож байсан минь бүүр түүрхэн санагдах шиг.

Том ам бүл

Астра рүүтийн тариалангийн талбайн кэмпэд өглөө 6:30 гэхэд дуу шуу гарч эхэлнэ. Хамгийн түрүүнд галтогооныхон ажилдаа орж 8:00 гэхэд тариаланчид, механикчид өглөөний цайндаа орно. Эхний өглөө бид шинэхэн талх, боорцог, өрөм, өндгөн жаврайгаас бүрдсэн өглөөний цай ууцгаалаа. Мэдээж хунчир, чихэр өвс, нохойн хошууны ундаа. Хатаасан нохойн хошууны дотор С витамин шиг исгэлэн зүйл байдгийг шинээр мэдэв. 

Галтогооноос механик цех рүү явцгаасан. Залуус гагнуур хийгээд сууж байна. Хунчир, Чихэр өвс нь өөрөө хад чулуутай, хатмал хөрсөнд ургах тул анжис болон бусад төмөр эд ангиудыг билүү мэт л мохоож орхидог гэнэ. Энгийн тариаланд ашиглагдах хугацаа энд хэд дахин богиносоно. Тиймээс анжис, хавуур сэлтнийхээ үзүүрт илүү ган сайтай төмөр нэмж гагнадаг аж. Урдаас тусгайлан захиалсан төмрүүд ч бий. Гагнасан төмөр дээр нь нэл гагнуурын баас арзайлдаж байна. Баахан ур чадвар муутай гагнаа юу даа гэтэл зориуд ган сайтай электродоор ийнхүү шавж эдэлгээг уртасгадаг байна. 

Энэ өдөр шинийн гуравны бэлгэт сайн өдөр таарсан тул энэ жилийн анхны газраа хөндөхөөр төлөвлөжээ. Сүү, сархадын дээж өргөж, арц хүж унгатган тэрүүхэндээ бяцхан ёслол хийдэг юм байна. Анжисныхаа хошуун дээр сүү дусааж, ерөөл тавьж байна. Манай Монголын энэ мэт ёс заншлууд сайхан санагддаг. Бүгдийг мухар сүсэг гэсэн хайрцагт чихэж болохгүй. Өөрснөө бид гадаадын оронд явахдаа энэ мэт заншлуудыг нь жигтэйхэн шохоорходог атал өөрийнхийгөө үгүйсгэх нь хэтэрхий туйлшрал.

Трактор хүржигнэн аслаа. Механикч Отгонбаяр, “энэ жил манайх нэмж нэг аварга амьтан авсаан. Хилээс өнөөдөр наашаа гарах юм шиг байна. Тэрийгээ л догдлон хүлээж байна даа. Бусад техникүүд бол сайн. Бүх үйлчилгээ, ээлжээ хийгээд тослоод тавьчихсан байгаа” гэлээ. Отгонбаяр тариалангийн талбайнхаа техникийн бүх асуудлыг шийдвэрлэдэг хүн. Усалгааны аварга том төхөөрөмжүүдээ ч ажиллуулж үзэв. Гэнэт ус шүршээд эхлэхэд бүх хүн баярлалдлаа. Ус чийгний гүн дутагдалд байдаг хүмүүс шүү дээ бид. 

Гэснээс түрүүн механик цехэд юм гагнаж байсан залуу Отгонбаяр байсныг яриан дундаа мэдлээ кк. Багтай болохоор яаж танихав.

Тариаланч ба малчин

Манай мал энүүхэнд бий гэсээр бид хөдлөв. Хоньд бэлчээртээ гарчээ. Тогоон дээр ямар нэг хоол пүр пүр буцална.

-За сайхан зүйл дээр авчирсан шүү та нарыг гэж Энхбат ирсэн хойноо нууцаа задлав. Тогоо руу заахыг харвал тэр сайхан юм нь тэр буцлаад байгаа зүйл бололтой. Нээрэн ч сайхан гэдэгтэй хүн бүр санал нийлэхгүй ч сонин зүйл байсан нь хурга ишигний засаа байв. Миний хувьд анх удаа ийм зүйлтэй таарав. Тийм ч шимтээд байхаар амттай биш, харин ч гашуу оргисон нялуун юм. Жилд ганц тохиодог, баяр ёслолын шинж агуулдаг тул сонин сайхан явдал байдаг байх. Дунд нь ганц нэг лужир юм байх нь бярууны засаа гэнэ. Ийнхүү нэгэн шинэ зүйл, гэхдээ хүн бүрийн шахуу мэддэг зүйлийг идэж үзлээ. 

Малчин айлын дэргэд аль социализмын үед усалгааны зориулалтаар Хэрлэнгээс татсан шуудуу, тэндээс үүссэн бяцхан хиймэл цөөрөм байна. Талбайн аварга том усалгааны төхөөрөмж энэ цөөрмөөс тэжээгддэг аж. Иймэрхүү том жижиг усалгааны системүүд орон даяар гуч орчим байснаас цөөхнийг нь л өнөөдрийг хүртэл додомдон ажиллуулдаг талаар нэлээн дээр сонссоноо эргэн саналаа.

Тариалангийн аж ахуй эрхэлдэг газар бүр шахуу малчид тариаланчдын хооронд асуудал үүсдэг. Мал сүрэг тариалангийн талбай руу өөрийн эрхгүй шүлэнгэтэн гүйнэ. Хашаа хороо тааруутай бол зад татан орж явчихна. Ганц шөнийн дотор талбайнхаа талыг цөлмүүлэх юу ч биш. Хаа нэг албаар тийш нь зүглүүлчихдэг малчдын тухай ч дуулддаг. Тэгэхээр хамгийн найдвартай зүйл бол бат бөх хашаа. Хашаандаа хөрөнгө оруулалт хэр их хийнэ, хохирол төдий чинээ бага амсана. Тариа буудай ургуулагчдыг намар тогоруу, шувууд даанч их зовоодог сон. Харин хунчир, чихэр өвсний талбайд зөвхөн үндэс хураадаг, дээр нь буудай тариа ч байх биш, шувуунд сонирхочих юм даанч үгүй. Харин ид ургалтын үед нь үхэр малаас сайтар хамгаална. Тэр хэсэг нь малд бол витамин, уураг юм билээ. Хунчрын ногоон масс идсэн мал гахай шиг л таргалдаг гэнэ. Хавар атал намар юм шиг тонгочих адууны тухай дээр хэлсэн дээ. 

Монголчууд бүгдээрээ мэдээсэй

Малчнаас наашлаад кэмпийн агуулах, үйлдвэрийн байр зэргийг сонирхов. Байр руу дөхөхөд л хунчрын үнэр ханхийнэ. 

Нарны гэрэл үл тусах, сэрүү татсан бүүдгэр байр байна. Хүний өндрөөс илүү гарам том шуудайнд бүтээгдэхүүнээ савлажээ. Хунчир, чихэр өвсний үндсээ хурааагаад угааж, хатаасны дараа савладаг аж. Тийм том хэрнээ, нэг хүн өргөөд явмаар хөнгөхөн юм.

Хунчрын ашиг тусыг ойлгодог хүний тоо нэмэгдэж байгаа болохоор бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд худалдан авах нь нэмэгдсэн гэнэ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн буюу гэртээ аваачаад задлаад халааж, буцалгаж иддэг юмнуудад хунчир их харагдах болсон байна лээ. Бас архинд хандалсан нь их гүйлгээтэй тул байнгын тасралттай байдаг байна. Хунчиртай шөл гэсэн хоолны газрууд мэр сэр нэмэгдээд байна бас.

Гэхдээ энэ газрууд хунчирыг яг хэрэгцээтэй орц найрлагын дагуу хэрэглэхгүй байгаа зүйл дуулддаг гэнэ. Жишээ нь хунчирыг хоёр гурав буцалгаад, шим шүүс нь дуусах тул хаях ёстой. Гэтэл хоолны газрууд харагдах дүр нь байгаа юм чинь гээд дахин дахин буцалгаад байх талтай. Мөн нунтаг юмуу зуурсан хагас бэлэн бүтээгдэхүүнд хэт бага, заримдаа бүр хийхгүй хэрнээ хунчиртай гэж зарлах нь бий. “Надад их харамсалтай санагддаг. Хүн авч хэрэглээд, ямар ч нэмэргүй юм бишүү гэж бодно шүү дээ” гэж Энхбат ярилаа. Тэрээр цааш нь “хунчир хүний биед үнэхээр ач тустай. Маргашгүй. Монголчууд маань бүгд мэддэг болж, хэрэглээндээ хэвшүүлээсэй. Тариаланчид ч бас олноор тарьж ургуулаасай. Зах зээл бол хангалттай. Гадныхан булаацалдаад л авч байгаа. Ёроолгүй сав л гэсэн үг” гэв.

Астра рүүт компани анх хунчир тариалаад шууд экспортолж байтал “ийм сайн зүйлийг монголчууд яагаад хэрэглэж болохгүй юм бэ? Монголчуудаа хэрэглүүлэх хэрэгтэй” гэж зөвлөсөн, зэмлэсэн эрдэмтэд их гарсан гэнэ. Тиймээс төлөвлөж байснаасаа хамаагүй эрт дотоодын зах зээлд гаргажээ. Одоогоор Чихэр өвстэй нийлээд 9 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Энэ намартаа багтаад уудаг, зажилдаг гэх мэт 6 шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ. Үйлдвэрийн байр нь мөдхөн ирэх шинэ тоног төхөөрөмжөө хүлээгээд хоосон ханхайж байна. 

Ийнхүү уйдах завгүй бас нэгэн өдөр өнгөрөв. Өдрийн хоолонд бид будаатай хуурга идэв. Өдөр оройн хоолны завсар пицца бас идсэн. Хотын хаанаас ч тийм амт олохооргүй нандин амт байсан. Тэгээд оройн хоол хунчиртай чанасан хуйхалсан өвчүү, сүүл, толгой тэргүүтэн. Зочиддоо зориулж, аль болох хөдөө маягийн хоол хийгээд байгаа юм. Сараа бол ази хоолоор мэргэшсэн чадварлаг тогооч. 

Бид маргааш өглөө нь нар мандаж буй зураг авах тул хоолны дараа удалгүй хажуулах тийшээ хандав. Угаасаа ч “нөгөө шөл” унт унт гээд байгаа юм чинь. Унтахын өмнө Сараагаас болоод “маргааш ямар ямар хоол хийх бол?” гэж бодогдлоо.

Төгсгөл

Өглөөний нарны зураг бүтэлгүйтсээн. Үүл гараад нарны бараа ч харсангүй. Осолгүй мандсан биз, гэгээ гарсныг бодвол. Харин өглөөний цайнд үхрийн махан ороомог идсэн. Гайхалтай амт байлаа. Хотоос авчирсан юмаа задалж байнуу гэтэл Сараагийн хийц гэнэ. Өчигдөр биднийг тэнэж явах зуур хийгээд хөргөжээ. Бас хунчиртай шинэхэн талх. Ямар байсныг нь яриад яахав дээ. Муу хүн идсэнээ гэдэг. Одоо яахав дээ.

Ийнхүү богинохон томилолт маань дуусах тийшээ хандлаа. Өвөлдөө ч төдийлөн цочир хүйтэрдэггүй, нөмөр нөөлөгтэй, “Хэрлэнбаян-Дулаан гэж нэрлэж байгаад, сүүлд Хэрлэнбаян-Улаан болсон” гэх домогтой энэ газар Хэрлэнгийн хөдөө аралд оршино. Их Монгол улсыг үүтгэгч, агуу Чингис хааны тухай Монголын нууц товчоо гэх ариун судрыг бичиж дуусгасан газар. Мөн Их гүрний хаад энд л сууринд заларч, Их хурилдай энд болдог байв. Түүхэнд тэмдэглэдсэн, нэр цуутай олон газар энд бий. Өнөөдөр энд элэг нэгт олон монголчуудынхаа зовлон зүдгүүрийг нимгэлж, эрүүл мэндийг тэтгэх шидэт ургамлыг тарьж ургуулж байна. Эм, антибиотекоос хамааралтай шахуу болсон монгол ах дүүс муу зуршлаа хаяж, эх орныхоо хөрсөнд ургасан эмт ургамлаа хэрэглэж заншаасай гэсэн бодол тээгээд буцлаа. 

Аяллын үед авсан зургуудыг тайлбарын хамт доош гүйлгэн үзнэ үү.


 Хунчир гэх өөрийн сулавтар амт, үнэртэй. Анх амссан нэг нь “газар амтагдаад” гэх нь бий ч дасаад ирэхээр тун ч аятайхан амт болон хувирна. Ямар сайндаа хунчиртай ба хунчиргүй чанасан махны хунчиртай нь түрүүлээд дуусдаг гэхэв. Энд дасах гэдэг үг дэндүү томдчихлоо. Дасч барихаар тийм сүртэй өвөрмөц амт биш.

Дөлгөөн Хэрлэнгийн мөс бүрэн хайлаагүй соньхон харагдана. Хөлдөхдөө ус овоо их байжээ. Харин гэсэхдээ нэлээн намсаж. Энэ намсалт Монголын голуудын загасыг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж хэдэн саяараа хорогддог гэнэ лээ. Байгаль нь өгөөмөр ч юм шиг, харамч хахир ч юм шиг миний муу Монгол.

 Энэ самбарыг босгох өдөр бидний очихтой таарсан юм. Замд таарсан эд будагтай, нойтноороо байжээ. Хог битгий хаяарай гэснээс, биднийг очихын өмнөхөн Астра Рүүт компани Хэрлэнбаян-Улаан тосгонхыхноо уриалан жаран жилийн хур их хогноосоо салжээ.

Харахад сарлаг шиг хэрнээ хэдхэн сартай гэх энэ амьтан уяндаа сайн дасахгүй байгаа. Хүн ойртохоор л уяанаас минь салгаад өгөх болов уу гэсэн шиг байж ядна.

Намрын тариан талбай ийм болох ажээ. Ургац хураалт 7-р сараас 11 сар хүртэл үргэлжлэх гэнэ. Энэ үеэр 200 гаруй ажлын байр бий болдог.

Хунчрын хэрэглээ хэдэн мянганы түүхтэй боловч өнөө хэр нь эрдэмтдийн судлагдахуун хэвээр байгаа. Ялангуяа эмгүй эмчилгээг хүсэгчдийн хамгийн дуртай ургамал аж. Хэрэглээний ерөнхий хэлбэр бол “буцалгах”, “болгох”. Хоол, цай руу гаа л шиднэ гэсэн үг.

Шууд л метр гаруй гүнтэй хагалаад явчихдаг ийм ажиллагаатай тариалангийн талбай гэж өөр үгүй.

Өнөөх шүү дээ :). Водканы амтанд дургүй хүмүүст таалагдах эд. Ялангуяа эмчилгээний зорилгоор оройдоо татах гэж буй эмэгтэйчүүдэд тун ч тохирсон. Зүгээр татахад ч "эм шүү дээ" гэж бодохоор гэмшил үгүй :)

Сэрүү татаад, бороо үнэртээд л явчихна. Ай мөн ч сайхан. Зарим газрынхан ус бороогоо яая гэж байхад бид л жаахан ч атугай чийг хүсэн амьдардаг даа. Хунчир, чихэр өвсний үндэс харьцангуй бага, сардаа нэг л усалгаа шаардах аж.

Хунчрын цай. Нэмэлтээр хатаасан нохойн хошуу орно. Гарын дор, өдөр тутам ууж байхад тохирсон эд.

Ахлах тогооч Сараагийн гарын талх. Үнэрээс нь болоод яаран идэх гэвэл халуун талх шүдэнд халтай шүү:)

Хэрлэний хөдөө арал хэмээх гайхамшигт нутаг. Үеийн үед монголчуудаа тэтгэн ивээх заяатай газар мэт. Хэдэн зууны өмнө монгол хүний бахархал омогшлыг нь тэжээх агуу түүх эндээс эхэлсэн. Өнөөдөр монгол хүний эрүүл мэндийг сэргээн чангалах эмт ургамлыг тариалж байна.

2022.V.21