Д.Дамдинжав: Би гурван том алдаа хийсэн
Сэтгүүл зүйн төрөл жанр техник технологийн дэвшил, сошиал медиагийн хөгжилтэй холбоотойгоор зоргоороо өөрчлөгдөж буйг та бүхэн анзаарч байгаа байх.
Сэтгүүл зүйн төрөл жанр техник технологийн дэвшил, сошиал медиагийн хөгжилтэй холбоотойгоор зоргоороо өөрчлөгдөж буйг та бүхэн анзаарч байгаа байх. Диктафон буюу дуу хураагч “тэвэрч” явсан үе ард хоцорч live болон бусад олон чиглэлээр сэтгүүлчид ажлаа хийж байна. Энэ удаад миний хувьд энүүхэндээ дүрсгүйтэн “Чат ярилцлага” булан нээлээ. Ярилцлага минь baabar.mn сайтад нийтлэгдэх болно. Анхны зочноороо үзэг нэгт дүүгээ урилаа. Тэрбээр миний сэтгэлд нэлээд том орон зай эзэлж хүндлэл хүлээдэг бас сонирхолтой дүрийг бүтээсэн байдаг юм. Ингээд сэтгүүлч Д.Дамдинжавын “ертөнцөд” надтай хамт аялна уу.
-Сэтгүүлч Дамдинжав миний мэдэхийн 14 жил хэвлэл мэдээллийн салбарт нэг завин дээр хамт явлаа. Бага хугацаа биш байх. Энэ хугацаанд ажиллаж байсан хамгийн сайхан байгууллагаа, хамгийн сайн бүтээлээ нэрлээч?
-Би сэтгүүл зүйд яг ч 14 жилийг бүтэн зориулаагүй л дээ. Дунд нь нэлээн зам гажиж, янз бүрийн зүйл хийж өөрийгөө сорьж үзсэн. Хэвлэл мэдээллийн салбарт би харьцангуй олон хамт олон, байгууллага дамжсан хүн. Анх оюутан байхаасаа л эхэлж ажилласан. “Аугаа үндэстэн” гэж сонинд анх ажиллаж байлаа. Тэнд танилцсан хамт олонтойгоо амьдралын найзууд болж өнөө хүртэл нөхөрлөж яваа. Удаад нь “Өдрийн сонин”, “Өнөөдрийн Монгол”, “Нийгмийн толь” гээд өдөр тутмын сонинд ажиллаж байлаа. Сэтгүүл зүйн амт шимт, хатуу хийгээд хайрлам сайхныг энд л ханатал мэдэрсэн дээ. Ингээд яахав, өдөө ургаагүй байж нисэхийн шуналд автаж, өөрөө бизнес хийдэг баатар болохоор шийдэж байлаа. Сургуулиа төгсөөд ердөө жил гаруйхны дараа Монголд байтугай дэлхийд байдаггүй өдөр тутмын сэтгүүл гаргана гээд солиорч явлаа шүү дээ. Тэр нь болоогүй ээ, тухайн үедээ 100 төгрөгийн үнэтэй. Ингээд л цагаа олоогүй нислэг үйлдсэн намайг газар тун ч хатуу тосч авсан даа. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа. Асуултад тань эргээд хариулахад бүх л хамт олноо би сайхан гэнэ, учир нь уулзахгүй зөрж боломгүй хүмүүстэйгээ би учирч, мартаж болохгүй дурсамжуудаа хамт бичилцэж явсан. Хамгийн сайн бүтээлээ нэрлэ би өөрийгөө гэж хэлнэ. Өнгөрсөн бүхний бүтээл нь өнөөдрийн би гэж боддог. Сайн, муу гэдэгтээ биш, өөрөөр байх боломжгүйдээ юм.
-Гэхдээ та жирийн сэтгүүлчдээс нэг л өөр байсан. Ялгаагаа өөрөө санаж байна уу. Яагаад гэдгээ тайлбарлаж чадах уу?
-Чадна аа. Би их дуугай, бас тэнэг зоригтой байсан. Дуугай хүний юу гэдэг билээ... (Хэ хэ)
-Үгүй ээ, өдөр тутамд мэдээнд гүйгээд л,эсвэл шинэ ярилцлага "үйлдвэрлэхээр" доншуучлах бус бясалгал хийж байгаа юм шиг бодлогоширч бичдэг, бараг л "төрөлхийн тоймч" аятай...?
-Аан. Тийм ялгаа юу. Залхуу л байсан байхгүй юу. (хэ хэ) Гэхдээ бясалгагч чанар бага сага байдаг байх шүү. До.Цэнджав багш маань намайг тэгж дүгнэдэг юм. Багаасаа хэрсүү байхаас аргагүй амьдрал туулсных байх. Уг нь багадаа учиргүй сэргэлэн тархи байсан гэдэг юм. Харин аав ээжээсээ хойш дотогшоогоо болоод, өөрийнхөө дотор ороод нуугдчихсан. Тэгээд өнөө хүртэл тэндээсээ гарч чадахгүй явдаг байж мэднэ.
-Сониныхны дуу шуутай, бараг л гал ноцох нь холгүй оргилж буцалж дэвж дэрвэсэн ертөнцөд уддаггүйн шалтгаан үүнтэй ч холбоотой байж мэдэх нь. Гэнэт тэсэрч хашхирмаар санагдахаараа ном биччихдэг, түүгээрээ ганцаараа “тэсэрчихдэг” байх. Одоо хэдэн номтой вэ?
-Оюутан байхдаа гаргасан номтойгоо нийлээд гурван ном гаргасан. Гурван том алдаа хийсэн гэсэн үг л дээ. Бүх ном маань л санамсаргүйгээс үүдсэн байдаг. Санаатай алдаа ч гэж юу байхав дээ.
-Хамгийн “отгон алдаа” чинь их таалагдсан шүү. “Гол тоглогч” чамд юу өгөв? Алдар нэр, дарамт шахалт гээд л үр дагаврууд байдаг даа.
-Алдаа гэдэг чинь сайхан шүү дээ. Заавал нэг үр өгөөж өгдөг. “Гол тоглогч” номоо гаргасны дараа би дахиад алдаа хиймээр санагдсан шүү (Хэ хэ). Дарамт шахалтаас айх байсан бол би анхнаасаа энэ номыг гаргахгүй байсан байх л даа. Хурц нийтлэл бичихээрээ нэрээ ард нь тавихаасаа хүртэл жийрхдэг, эмээдэг айдастай ийм үед бүхэл бүтэн ном боож хэвлээд, нэрээ тавина гэдэг эхэндээ бол их зориг шаардсан. Нэгэнт гаргасны дараа бол айх нь тэнэг хэрэг. Сум харвасан бол болзошгүй байлдаанд бэлэн л байх хэрэгтэй болно.
-Улстөрчдийг арай л “хэтрүүлсэн” санагддаг. Ц.Нямдоржийг “Хүн зуудаг хоточ”, З.Энхболдыг “Зэлтэрийн гацааны бацаан” гэдэг нь яаж байгаа юм. Бас У.Хүрэлсүхийг “Хүнд жингийн коммунист”, муу Б.Баатарыг “Нохой шуугиулсан баатар” гэх жишээний?
-Энэ бол ойлгодог хүндээ усан магтаалаас ч илүү л дээ. Тэр хүний жинхэнэ үнэнийг тодорхойлох гэж оролдсон юм. Одоогийн нийгмийн туйлшралаар бол тэд чинь нэг бол цааснаас цагаан, нөгөө бол хөөнөөс хар хүмүүс болчихоод байна л даа. Миний хувьд тэднийг хар цагаантай нь хамт, ёжлохыг нь ёжилж, егөөдөхийг нь егөөдөж бичсэн. Өнөөдрийг хүртэл энэ чинь худлаа гээд хэн ч над руу ноцсонгүй, боргосонгүй. Тэгэхээр би ханатай бичжээ л гэсэн үг.
-“Гол тоглогч-2”-ыг уншигчид аль хэдийн хүлээгээд эхэлж. Энэ хүлээлтэд хариу өгөх үү?
-Ном маань хүмүүст сайн хүрсэнд баяртай явдаг. “Энэ чинь 2, 3 гээд цаашаа үргэлжлэх юм байна лээ” гээд хүмүүс миний өмнөөс яриад яваа дуулдсан. Сайхан л байна. Зол байвал үргэлжлүүлээд бичнэ дээ. “Дараагийнхаа номонд тэр тэрийг оруулаарай” гэсэн уншигчдын захиалга ч их ирж байгаа.
-Тухайлбал хэн хэнийг “зааж өгч” байна, цаадуул чинь?
-Өө, тэгээд л. Саяын номонд ороогүй сайн эрс зөндөө бий шүү дээ. С.Баяр, М.Энхболд, Н.Алтанхуяг, Н.Багабанди, Т.Бадамжунай гээд л...
-Сэтгүүлзүйн салбарын өнөөгийн нүүр царай “хааяа хааяа” чамд таалагддаггүй юу. “Хаяад явчихаар” чинь тэгж бодогддог шүү?
-Намайг хаяна уу гэхээс надад хаягддаг салбар биш л дээ.
-Ихэвчлэн гэнэтийн шийдвэрээр ажлаасаа гардаг байсан нь бол үнээн гэчих үү?
-Үнээн.Гэхдээ уйдамтгай, урвагч, туйлбаргүй гэх мэтийн үгийг битгий хэрэглээрэй. Би тийм хүн биш. Би шинэ сорилд дуртай. Сэтгүүлч хүн сэтгэх ёстой гэж боддог. Сэтгэдэг хүнд нэг байрандаа удаан суух шиг уйтгартай юм байдаггүй. Урагшаа ч байна уу, арагшаа ч байна уу, хөдөлж л байвал сайхан.Ингэж хэлэнгүүт намайг ажилд авах хүн олдохоо болих байх даа. (Хэ хэ)
-За одоо хамгийн их уншдаг, хамгийн хүндэлдэг сэтгүүлчдээ нэрлэнэ үү?
-Би хаа очиж их уншдаг сэтгүүлчдийн тоонд орно шүү. Энэ дашрамд хэлэхэд, сэтгүүлчид нэг нэгнийхээ бичлэгийг маш сайн уншдаг байх хэрэгтэй гэж боддог юм. Надад бичсэн сэдэв нь биш, яаж бичиж вэ гэдэг нь илүү сонирхолтой байдаг. Л.Түдэв, До.Цэнджав, Ц.Балдорж, Ш.Цэрэнпил гээд мундагчуулын нийтлэлийг сэргээж уншдаг. Б.Золбаяр ах их гоё бичдэг. Яаж тийм торгон бичдэг юм. Сүүлийн үед Г.Отгонжаргал, Ж.Тэгшжаргал, С.Ононтуул, Б.Болор-Эрдэнэ гээд үеийн сэтгүүлчид чамин бичиж байна. Уртай бичлэг талаас нь нэрлэж байгаа юм шүү. Сэдэв, төрлөөрөө тасарцан сэтгүүлчид бол зөндөө л дөө. Ярилцлагаар Б.Ганчимэг эгч, эрэн сурвалжлагаар Л.Мөнхбаясгалан эгч, нийтлэлээр А.Баатархуяг ах гээд тасарчихсан хүмүүс олон байгаа.
-Өөрийнхөө 20 жилийн дараах ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Бичсээр л байх уу?
-Сэтгэж чадаж л байвал бичсээр л байх байх даа. Гэхдээ би ирээдүйн тухай хэт их бодох дургүй. Юмыг хэт их бодох тусам илүү ярвигтай болоод байдаг шүү дээ. Ирээдүйгээ би ярвигтай байлгамааргүй байна. Яг одоогийнх шиг тодорхой, товчхон байхад л хангалттай.
-Та бас шүлэг, яруу найраг бичдэг байх аа?
-Тийм ээ. Яруу найргийн “Зүрхний хэл” гээд номтой. Одоо удахгүй яруу найргийн шинэ ном гаргах гэж байгаа. Сэтгүүл зүй бол тархины, яруу найраг бол зүрхний ажил. Ер нь хоёр эзэнд зэрэг үйлчлэх хэцүү шүү. Зүрх, тархи хоёрыг хэлж байгаа юм.
-Таныг гурван өрөө орон сууцаар шагнуулахад салбартаа л хамгийн бодитоор үнэлэгдэх өндөр шагналыг ажлаа хийж байгаад хүртлээ гэж бахдаж байсан. Тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу. Ямар мэдрэмж төрж байв. Менежмент байв уу, бэлэг байв уу?
-Их танил асуулт байна. Би бэлэг байсан гэж хэлнэ. Өнөөдрийн манай сэтгүүл зүйн үнэлэмжтэй харьцуулсан ч тэр, миний тэр хүнд хийж бүтээсэн зүйлтэй харьцуулсан ч тэр, энэ бол бэлэг. Би Х.Мандахбаяр гэж хүнтэй хамт хоёрхон жил л ажиллаж байгаа шүү дээ. Хоёр жилийн хөдөлмөрөө гурван өрөө байраар дүйцүүлж байгаа мэт эвгүй ч өнөөдрийн нөхцөлд энэ бол том үнэлэмж гэдгийг та ч мэдэж байгаа.
-Сүүлийн асуулт. Чат ярилцлагад оролцох ямар санагдав? Хиймэл оюун ухаан гэдэг шиг хиймэл сэтгэлзүй ноёрхож байв уу?
-Тийм ээ, намайг энэ үгийг хэлэхдээ ямар сэтгэл хөдлөл үзүүлж байгааг мэдрэхгүй гэж бодохоор мэдээж хиймэл. Гэхдээ туршилтад орж байгаа юм шиг сэргэг, содон байна. Хэдий шууд бичиж хариулж байгаа ч ярихаас хамаагүй товч юм. Нуурыг доод булингарыг нь хөдөлгөхгүй туулахтай зүйрлэж болмоор санагдлаа. Хэдийгээр энэ нь гүнд нэвтрэхгүй гэдэг утгыг илэрхийлж байгаа ч эсрэгээрээ бас шавар балчигт хүрэхгүй учраас цэвэр цэнгэг юм. Нуур цэнгэг байхдаа илүү гүн харагддаг шүү дээ.
-Баярлалаа. Цэвэр цэнгэг нуурандаа олон хүнийг урих болно. Танд ч бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье.