Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь...
Монголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна.
Монголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”, “Тhe Voice of Mongolia”, “Perfect dance”, “Чи бүжиглэж чадах уу”, “Mongolian best dance crew”, “Universe best songs”, “My voice”, “Гэгээн алсын одод”... өөр юу юу ч байна. Хойшид ч шинэ шинэ хэлбэр агуулгаар үргэлжлэх бололтой. Юу дутахав гэж байгаа юм шиг “Улс төрчид дуулж бүжиглэж байна”, “Уяачид дуулж байна”, “Бөхчүүд дуулж байна” гэсэн цэнгэн хөгжилтүүд зэрэгцэх аж. Дээр нь Солонгос кино байна. Энэ бүхэн арай хэтрээд байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу, монголчуудаа. Монголын нийгмийн сэтгэл зүй энэ бүхэнд живлээ.
Монголын баячууд гэх хүмүүс бүгдээрээ TV нээсэн. Уул уурхайгаас олдог асар их ашгийн багахан хэсгээрээ шоу нэвтрүүлгүүд хийж байна. Одоо бүр ихсэх юм гэсэн. Эдгээр шоунуудыг дэлгэрүүлж буй эрхмүүдийн гол бизнес ямар аймаар луйвар, тонон дээрэмдэлт, байгаль орчны сүйтгэл, авлига хээл хахууль байдгийг, түүнийгээ шоу болон бусад зүйлсээр хэрхэн өнгөлөн далдалдгийг ард түмэн үнэндээ мэдэхгүй. Энэ бол манай хэдэн компанийн хамгийн увайгүй үйлдэл юм. Олон улсын хар практикт тухайн улсын олигархууд, компаниуд энэхүү өөдгүй онолоо юу гэж ярьдаг гэхээр “Тэнэгүүдийн оюун санааг шар хэвлэл, кино сериалууд, TV-ийн элдэв шоугаар барих” гэж томьёолсон байдаг юм. Дээр нь орчин үед сошиал ертөнц айхтар нэмэгдлээ.
Улс орноо хуваан идэж буй улс төрчид, олигархуудын бодлогоор монголын ард түмнийг шоунаас шоуны хооронд, киноноос киноны хооронд амьдруулж байна.Ийм хөнгөн нимгэн үзүүлбэрүүдэд бүрэн автсан ард түмэн өөр юуг ч нийгмээс олж хардаггүй, анзаардаггүй, мэдэрдэггүй болчихдогийг бид наад зах нь Эрдэнэтээс харж байна. Монголчууд ийм тэнэгэрсэн ард түмэн байж болохгүй. Урдаас чинь хараад “Болиод өгөөч ээ та нар” гэж орилмоор байна шүү дээ. Дээр нь энэ олон гадаад дотоодод болж буй бөхийн тэмцээнүүдийг нийгэмд сурталчилахаа больё. Улс орны хөгжил цэцэглэлтэд ямар нэмэртэй юм. Яг үнэндээ дуучин ч тэр, бөхчин ч тэр, амжилт нь тухайн хувь хүндээ л ашигтай. Улс орны хөгжилд бол падлий ч байхгүй. Монголын ард түмнийг харанхуй бүдүүлэг, санаж сэрэх зүйлгүй барьж байх гол технологи энэ болж дээ. Энэ технологи хэрэгжиж буй улс орны нийгэмд баян, хоосны ялгаа туйлдаа хүрдэг дэлхийн практик байна. Африкийн орнууд, өмнөд Америкийн ядуу буурай орнуудыг хар. Зүүн өмнөд Азийн орнууд байна. Жишээ нь Энэтхэг улс. Яг л энэ технологи нийгэмд нь бүтэн 40 жил үргэлжилсний эцэст одоо ямар болсон гээч. Баян, ядуугийн зааг ялгаа нь хэтийдсэн. Дундаж давхарга бол бараг байхгүйтэй адил улс орон шүү дээ. Харин нэг онцлог нь баячууд нь улсдаа өгөхөө өгсөн шиг өгч чаддаг өгөөмөр болж төлөвшсөн баячуудтай улс юм. Түүгээр нь ард түмнээ өлсгөөд алчихгүй, өнөө нэг их дуулж, уйлдаг олон киногоороо нийгмийн сэтгэл зүйгээ удирдаад явж байна. Доод давхаргад нь төрсөн бол тэр хүн дэлхийн хэмжээний сод авьяас билэгтэй, гайхамшигтай мэдлэг боловсролтой байгаад ч, өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ч амжилтад хүрэхгүй, дээшээ гарахгүй, мөнхөд доошоо байсаар насаа дуусгаж байгаа нь энэ улсын эмгэнэл юм. Өнөөдөр Монголд хэрэгжиж буй хар технологи лав л 40 жил Энэтхэгт хэрэгжихдээ ийм л өөдгүй, ёс буснийгмийг бий болгожээ. Монгол Улс яг л энэхүү онол, арга механизмаар нь өнөөдөр явж байна. Монголчуудын 70 хувь нь ядуу хоосон, ажилгүй, орлогогүй болчихлоо. Энэ бол наад захын нотлогдож буй баримт.
Үүнийг дэмий гэдгийг “Өдрийн сонин” байнга сануулдаг, одоо ч сануулж байна. Мексик, Бразилд хөл бөмбөг, хар тамхи, янхан гурав нийгмийг нь нөмөрсөн байдаг. Энэ гурав дотроосоо хэзээ ч гарч чадахгүй болчихсон ард түмнийхээ ар шил дээр хэдэн тооны улс төрч, баячууд нь юу дуртайгаа хийж байдаг. Энэтхэгийг сая хэллээ, дуулж, уйлдаг киногоороо нийгмээ барьж байгаад хэдэн хүн айл гэр болж тоглодог гэж. Монгол Улс яг ийм зам дээр гарчихсан, гурван саяулаа дуулж, бүжиглэж байна. Залуухэсэг нь бөх барилдаж байна. Нийслэлийн гэр хороолол бол тэр чигээрээ Солонгос кино үзэн амьдардаг. Цөөн хэсэг нь зах дээр тэрэг түрж, ойр зуурын юм зарж, зарим нь гудамжныхаа захад нүүрс, түлээ борлуулж талхны мөнгөө олдог. Гэр хорооллын 80 хувь нь хөдөөнөөс ирсэн малчид. Гэр бүлийнхнийхээ хагасыг хөдөө таван мал дээрээ үлдээхээ бас мэдсэн байгаа юм. Тэр хүмүүс нь хоолны махаар хотын хэдээ таслахгүй. Тэгэхээр тэд өлсөхгүй. Өлсөж үзээгүй хүн ажил хийх үү, “Хоолтой хүн ажил хийх дургүй байдаг” гэсэн үг бий. Приус машин хямдхан зарагдах юм. Хэдэн малнаасаа зарж байгаад бүгдээрээ шахуу приустэй болчихож. Өдөртөө ойр зуурын талхны мөнгөний ажлаа амжуулаад орой хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад харина. Тэгээд л шоугаа, киногоо үзээд, уйлалдаад, дуулалдаад, ийм тийм, яг бидэн шиг гэж яриад, хөдөөнөөс ирсэн махаа идээд суучихна, дараа нь унтана. Маргааш нь амьдрал яг л нэг хэмнэлээр үргэлжилнэ. Улс оронд нь юу болж байгааг мэдрэхгүй, өөрсдөө ямар зорилго тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хэрхэн хөдөлмөрлөх нь тодорхойгүй. Ийм мангар болчихсон нийгмийн сэтгэл зүй дээр мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, арай боловсролтой хэсэг нь ямар эх оронч бус, өөдгүй, гадны луйварчид нийлж улс орноо тонон дээрэмддэгийг харж байна. Үүнийг дахин давтан улиглан бичихээсээ залхахгүй шүү.
Удахгүй ус гэсэж, урь унаж, хүүхдийн сургууль тарна. Энэхүү цаг тавирсан цөөн хэдэн сардаа монголчууд юу хийх вэ. Бүгдээрээ очиж сүйтгэцгээ гэж байгаа юм шиг улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй газар бүхэн рүү хамгийн өндөр өртгөөр засмал зам тавьсан. Зургаадугаар сар гараад л гэр бүлээрээ, отог омгоороо, ажлын хамт олноороо, ангиараа, FC групээрээ хүртэл нэгдэж нийлээд, өнөө приустээ чихэлдэж суугаад хотоос гарч алга болцгооно. Энд гоё байна гэж сельфидээд, Хөвсгөл, Буйр, Увс нуур, Хархираа, Ёлын ам... дөрвөн зүг найман зовхист биесээ уриалан дуудацгаана. Түүн рүү нь гараад бөөн бөөнөөрөө давхилдана. Ганц ажил хийх, баялаг бүтээх урин дулаан цагтаа ийнхүү тараад алга болдог. Хот хоосорч үлддэг. Дээр нь Шинэ жил, Цагаан сар, Наадам, Улс тунхагласан, Чингисийн төрсөн өдөр, Мартын 8, Эх үрсийн баяр, Цэргийн баяр... ёооё, энэ олон баярыг хэрхэн давж туулах вэ. Зах замбараагүй шоу цэнгэл, баяр ёслолын үр дүнд үр хүүхдүүд нь боловсролгүй, өөрсдөө таргалалт ихтэй, хавдрын өвчлөл хавтгайрч, насгүй болж байна шүү дээ. Тэсээд 50 нас гараад өнхрөөд өгөх тийм аюултай амьдралын хэмнэл рүү бид орчихлоо. Хийж бүтээж, хөдөлмөрлөж, зарж борлуулж, ашиг орлого олж байгаа юм Монголд алга.
Ард түмнийг ийнхүү дуулсан дуундаа уяраад уйлж суухад улс төр-бизнесийнхэн, сортоотой цөөхөн хэсэг нь хагартлаа баяжиж, улс орныг цөлмөөд дуусч байна. Тэд мөрөөрөө баяжихгүй байна. Монголын ард түмний өмч гэх хөрсөн доорхи уул уурхайн баялгийг хэдхэн хүн дэлхийд зарж идэж байна. Биднийг дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур Эрдэнэт үйлдвэрийг яасныг хардаа. 49, 51 хувиар нь МАН, АН-ын олигархууд хуваагаад авчихсан байгаа биздээ. Нам нь бишээ, намын толгойд нь байдаг хэдхэн олигарх хуваагаад авчихаж. Зүй нь ардчилсан нийгэмд ард түмэн энэ бүхнийг хянаж байх ёстой юм. Ядаж л нээлттэй хувьцаат компани болгочиход л хянагдаад явчих өмч шүү дээ. Гэтэл ингэж хянах зав ч алга, ингэж хянах боловсрол ч ард түмэнд байхгүй байна. Соргог, боловсролтой, ухаалга ард түмэн бол Эрдэнэтээс хувь хүртэнэ гээд төв талбай дүүрэн тайван жагсаал хийж байх ёстой. Ганц нэг жагсаалыг нь эргээд саная. Дэмий юманд жагсаал хийж Иргэний хөдөлгөөний нэр хүндийг гутааж байна. Жагсаал хийнэ гээд цуглахаар л хувьсгал хийнэ болоод явчихдаг. Ийм буруу сурталтай болчихсон. Хувьсгал гэдгийг чинь хүссэнээрээ хийчихдэг юм уу. Гурван сая ард түмэн гурван жил болоод нэг хувьсгал хийдэг гэж дэлхийн түүхэнд байхгүй. Жагссан түүхүүд, Иргэний хөдөлгөөнүүдийн дэвшүүлсэн зорилтыг харахад хувьсгал хийх, МАН-ыг устгах, ордныг орж түйвээх, ийм сүртэй глобал хэмжээний хөөрөл бүтэхгүй нь онолоор батлагдсан. Харин үүний оронд Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй хувьчил гээд талбай дүүрэн жагсаад байхад бүтнэ. Бүтэхээр, тодорхой асуудлыг шийдүүлэх гэж л нийгэмд тайван жагсаал хиймээр байна. Ингэж л төрийн дээрэмчдийг хянамаар байна. Үнэндээ Баасан гуайн мөрдөс хуулалт, Мөнхбар гуайн буутай гэтэлт, долоодугаар сарын 1-ний хэрэг явдал... гээд цөөнгүй үйл явдлууд Иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагаж, ард түмнээс дэмжлэг авахгүйд хүргэсэн. 1989 оны 100 мянга гаруй хүний жагсаал тодорхой асуудлуудыг шийдүүлэх гэсэн учраас бүтэлтэй болсон. Дэмжлэг аварга том байлаа. Түүн шиг ядаж Норвегийн сан шиг байгалийн баялгийн орлогоос бүрдсэн том сантай больё гэдэг ч юм уу. Хүндээр өвдсөн үедээ эмчилгээндээ мөнгө авдаг сантай болъё гэдэг ч юм уу наад захын ийм тодорхой асуудлууд дээр жагсаал хийвэл үр дүнд хүрнэ.
Тийм болохоор одоо энэ олон шоунуудаа хориглоё. Дуу хуураа цөөлье. Ямар ч ашиггүй гадаадын тэмцээн уралдаанд цөөхөн оролцъё. Энэ бүгдээр улс хөгждөггүйг харлаа. Харин хөгжсөн хойноо энэ мэт салбараа тултал нь дэмждэг юм байна.
Эдгээрийн оронд зүгээр л хийж бүтээе, технологийн дэвшил гаргая. Иргэдээ зөв хандлагатай хүмүүс болгоё. Ядаж гэрийн эзэгтэй нарт үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай заая. Тийм хөдөлгөөн өрнүүлье. Амьдралд ойр, хүнд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй ийм нэвтрүүлгүүдийг гаргадаг болъё. Харж байхад дууны шоунд түрүүлсэн хүн нь цаашаа явдаг юм байгаа биз. Түрүүлээгүйг нь “Чи авьяастай, манай урлагийн хүн байна” гэж шүүгч нар нь худлаа залдгаа боль. Цаад хүн нь нээрэн би дуучин болох юм байна гэж итгээд ирээдүйгээ алж байна шүү дээ. Тэр сайн гагнуурчин байгаад өөрийгөө, гэр бүлээ хангалттай сайхан аваад явчих, энэ хэрээрээ улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах хүнбайж болно шүү дээ. Энэ олон шоуны шүүгчид гэж хүмүүсийг ингэж өөрсөндөө уяж, өөрсдийнхөө үзэгчдийг бэлддэг юм биш үү гэж сүүлдээ хардах боллоо. Худлаа хөөргөж, хүний ирээдүйгээр тоглож байгаад нь зэвүү хүрэх юм. Чи зүгээр яв, өөрийгөө ол гээд залуусыг явуулчихаж байгаа ч, шүүгч нар аа. Гурван сая хүнд 30-хан хүн л урлагаар амьдарна. Үлдсэн 30 мянган хүн нь золиос болно. Спорт ч ялгаагүй, утга зохиол ч мөн адил. Зах зээл нь байхгүй улсад гуйлгачин л болно.
Монгол Улсад ажил хийх хүн улам байхгүй болж байна. Өнөөдөр Гаити гэж улс яг ийм байдалд орж сүйрэл, мөхлийг нь судлаачид ОУ-д ярьж бичээд эхэллээ. Дэлхийн шившиг болж байна. Энэ улсын замаар манайх явах бий гэж эмзэглэж байна. Монголд хайртай улс төрч Монгол Улсад байхгүй ч юм шиг. Өөртөө хайртай, нууц амрагтаа байгаагаа бардаг улстөрчдөөр энэ улс дүүрчээ. Монголд хэдхэн төрлийн эрх чөлөө л байна. Сошиалд солиорох эрх чөлөө байна. Шоудаж цэнгэн хөгжилдөх эрх чөлөө байна. Архи пиво эргүүлэх эрх чөлөө байна. Хонь алж идэх эрх чөлөө байна. Харин бизнес хийх, баялаг бүтээх эрх чөлөөг төрд байгаа хэдэн луйварчин булааж авчихаад боломж олгохгүй байна. Орон зайг нь улам хумьж байна. Оронд нь ард түмний сэтгэл зүйг шоунд хөтөлж, солонгос кинонд төвлөрүүлж, ар хударгаар нь улс орноо тонон дээрэмдэж байна. Ард түмэн минь үүнийг ойлгож ухаараач.