ГТГ-ын ахлах мэргэжилтэн, геологич Л.Алтангэрэл: Манай дөрвөн ордын нийт нөөц 332 сая.тн болж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт

Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш нэмэгддэг. Тээвэрлэлтийн гол хөдөлгүүр болох шатахууны хувьд манай улс нэг улсаас хамааралтай байгаа нь эдийн засагт болоод улс орны аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс өөрсдөө шатахуун үйлдвэрлэхийн тулд газрын тосны нөөц боломжоо судалж, ашиглах шаардлагатай байгаа ч манайд энэ талын судалгаа хангалтгүй түвшинд байсаар багагүй жилийн нүүрийг үзлээ. Уг нь манайд газрын тос байх магадлалтай 13 том сав газар байдаг ч одоогоор хоёр сав газарт нь л судалгаа хийж орд олсон. Тиймээс энэ талын судалгааны ажил ямар хэмжээнд хийгдэж байгаа бодит байдлыг ГТГ-ын ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэлээс тодрууллаа. Тэрээр ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэргэжилтэй бөгөөд геологийн салбарт 31 жил, газрын тосны салбарт 15 дахь жилдээ ажиллаж байгаа билээ.



-Геологич гэх эрхэм хэрнээ хүнд хүчир мэргэжилтэй хэрхэн хувь заяагаа холбосон тухай асуултаар ярилцлагаа эхэлье?
-Би 1984 онд ПДС-ийг МУИС-ийн харьяанд байх үед ашигт малтмалын ордын эрэл, зураглалын геологич инженер мэргэжлээр төгссөн. Анх геологи гэдгийг сайн мэддэггүй байхдаа энэ мэргэжлийн сонгосон ч одоо бол бахархдаг. Мэргэжлээрээ 31 дэх жилдээ ажиллаж байна.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд геологийн шинжлэх ухааны аль салбар чиглэл, ашигт малтмалаар дагнан, ямар байгууллагуудад ажилласан бэ?
-Дээд сургууль төгсөөд Дорнодын геологийн экспедицэд инженер геологичоор ажлынхаа гарааг эхэлж байлаа. Цавын 1-р ангид "Цав"-ын мөнгө, холимог металлын ордын эрэл үнэлгээний шатнаас нарийвчилсан хайгуулын шатны бүх ажилд биечлэн оролцсон. Өөрөөр хэлбэл металл ашигт малтмал болох полиметаллын ордын хайгуулын чиглэлээр ажилласан гэсэн үг. Түүний дараа “Геологи, уул уурхайн үйлдвэр, шинжилгээний институт”-д эрдэм шинжилгээний ажилтан болоод Төв ба Дорнод Монголын 1:500000-ны масштабын геологи, ашигт малтмалын зураг, 1:1000000-ын масштабын геологийн зураг зохиох ажлуудад оролцсон. Харин 2001 оноос хойш газрын тосны салбарт хөл тавьж 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Монгол оронд газрын тосны хайгуул судалгаа хийж байсан түүхэн замналын тухай ярина уу. Хамгийн анх манай оронд газрын тосны нөөц баялаг байгаа шинж тэмдгийг хаанахын хэн гэдэг геологич тодорхойлж байсан бэ?
-Монголчууд газрын тосыг цэрэг дайны ажиллагаанд тэмдэгт гал тавихад ашигладаг байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. “Цогт тайж” уран сайхны кинон дээр тэмдэгт гал тавьдгийг та бүхэн санаж байгаа байх. Энэ бол Монголчууд эртнээс газрын тосыг ашиглаж байсны нэг жишээ юм. Мөн Дорноговийн Зүүнбаянгийн Товцог толгой, Ухаатолгой, Баруунбаян зэрэг газраас нутгийн иргэд барагшун гэгчийг үе мөчний өвчин анагаахад хэрэглэж байсан нь газрын тос байжээ.

Харин 19-р зууны үед Оросын эзэн хааны газарзүйн нийгэмлэгийн Н.М.Прежевальский, В.А.Обручев, Г.Н.Потанин нарын судлаачид Төв Азид судалгаа явуулахдаа Монгол орны геологийн тогтцын талаар тэмдэглэсэн байдаг бол Д.Д.Тернер доод цэрдийн галвын Андайн сайрын давхаргадсын “Цаасан занар”-т /шатдаг занар/ лав ажиглаж, Монгол орны өмнөдөд тархсан тунамал хурдас нь газрын тос агуулсан байж болох санааг дэвшүүлсэн. Улмаар Нялгын сав газрын Өвдөг хоолой, Жаргалантын шатдаг занарт лав байгааг илрүүлсэн байдаг. 1940 онд Ж. Дүгэрсүрэн, Ю.С.Желубовский нар Дорноговийн Зүүнбаянгийн товцог толгойн орчим газрын тосны хайгуулын анхны цооногийг өрөмдүүлж тосны хуримтлал тогтоосон. 1947 онд “Монголнефть” трест байгуулагдаж, Оросын геологичид Монгол оронд газрын тосны эрэл, хайгуулыг Дорноговь, Тамсагийн сав газруудад төвлөрүүлэн явуулсны үр дүнд “Зүүнбаян”, “Цагаан элс”-ний газрын тосны ордуудыг нээсэн. “Зүүнбаян”-гийн ордод нефть нэрэх үйлдвэр байгуулагдаж, жолооч нарын дунд алдаршсан “Өмхий ногоон” буюу “А73” бензин зэргийг 1969 он хүртэл үйлдвэрлэж байжээ.

-Одоогийн судалгааны түвшинд Монгол орны аль хэсэгт газрын тосны тархалт байгааг олж илрүүлээд байгаа вэ, хамгийн хэтийн төлөвтэй газар нь аль хэсэг вэ?
-1982 онд ЗХУ-ын мэргэжилтэн В.Я.Широковын ахалсан геологичид манай улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологи, газрын тосны судалгаа, эрэл хайгуулын 200 гаруй тайлан материалыг нэгтгэж “БНМАУ-ын нефть, хий байж болох сав газруудын геологи, геофизикийн материалуудын нэгтгэсэн дүн шинжилгээ”–ний тайланг гаргасан байдаг. Уг тайланд, “Монгол орны хэмжээнд мезозойн тунамал хурдаст 13 том сав газар ялгаж, эдгээр нь 59-61 дэд сав газруудаас бүрэлдсэн болохыг тогтоосон. Эдгээр сав газруудад газрын тос агуулагч болоод үүсгэгч чулуулгууд байна” гэсэн дүгнэлт гаргасан. Эдгээр 13 том сав газраас хоёрт нь дөрвөн орд нээгдэж газрын тосны хуримтлал бусад сав газруудад үүссэн байх магадлал улам өсч байна. Харин Тамсагийн сав газарт Оросын геологичид хайгуулын өрөмдлөг явуулсан газрын тосны хуримтлалыг илрүүлээгүй. Харин 1995-2010 онуудад хийгдсэн хайгуулаар Тосон-Уул, Тамсагийн ордууд нээгдэж тэдгээр геологичдийн таамаглал батлагдсан юм.

Монгол Улс 1991 онд “Газрын тосны тухай хууль”-тай болсны дараа дээрх сав газруудыг хамарсан 20 хайгуулын талбай ялгаж, улмаар Тамсагийн сав газрын  хайгуулын “Тосон-Уул 19”, “Матад-20”, “Тамсаг-21”, “Буйр-22”, Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн дэд сав газрын талбайнуудад анхны Бүтээгдэхүүн хуваах гэрээ /БХГ/-нүүд байгуулагдаж Монгол оронд газрын тосны хайгуулын шинэ үе шат эрчимтэй эхэлсэн. АНУ-ын СОКО Интэрнэйшл компани Тамсагийн сав газарт хайгуулын ажлыг орчин үеийн арга, аргачлалаар явуулсны үр дүнд Тосон уулын ордыг нээж, нөөцийн анхны үнэлгээг хийсэн байдаг. Харин БНХАУ-ын Петрочайна дайчин тамсаг компани Тосон уул ордын нарийвчилсан хайгуулын ажлыг гүйцээн, Тамсагийн ордыг нээж нөөцийг нь тус тус тогтоосон юм. Одоогийн байдлаар Монгол Улсад Тамсагийн сав газарт Тосон уул, Тамсагийн орд, Дорноговийн сав газарт Зүүнбаян, Цагаан элс ордуудын ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байна. Сүүлийн үеийн хайгуулын ажлын үр дүнд Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын нутагт өрөмдсөн хайгуулын цооногуудад газрын тос илэрч, Дорнод аймагт Хэрлэн голын их тохойролд өрөмдсөн хайгуулын анхны цооногт газрын тосны шинж тэмдэг илрээд байна. Үүнээс харахад Монгол орон газрын тосны чамгүй нөөцтэй байж болох нь хайгуулын ажлын эхний үр дүнгээр батлагдаж байна. Эдгээр талбайнуудаас гадна 10 гаруй талбайн зарим хэсэгт хайгуулын ажил эхний шатандаа явагдаж байна.



-Одоогоор манай улс газрын тосны хэдий хэмжээний нөөцтэй хэмээн бүртгэгдээд байгаа вэ?
-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, “Ашигт малтмалын нэгдсэн сан”-д газрын тосны 332 гаруй сая.тн баталгаат зэрэглэлийн нөөц бүртгэгдсэн. Цаашид газрын тосны нөөц нэмэгдэх эсэх нь одоо хийгдэж буй болон цаашид хийх хайгуулын ажлын үр дүнгээр тогтоогдох юм.

Газрын тос бол нэгдүгээрт, эрчим хүчний эх үүсвэр. Хоёрдугаарт, шатах, тослох материалын түүхий эд болдог. Одоогоор манай улс шатах, тослох материалыг ОХУ-аас авч байгаа. Тиймээс уг хамаарлаа багасгахын тулд газрын тосны хайгуул судалгааг эрчимтэй явуулахыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байна. 

-Монголд илэрсэн газрын тос байж болох 13 том сав газраа бүрэн судлаагүй байгаа гэсэн үг үү?
-Газрын тосны хуримтлал байх магадлал бүхий тунамал хурдаст 13 том сав газар үндсэндээ Монгол орны төв, өмнөд, баруун, зүүн хэсэгт тархсан байдаг. Эдгээр сав газрууд газрын тосны хувьд бүрэн судлагдаагүй байгаа учир цаашид хайгуулыг эрчимжүүлэх шаардлагатай нь ойлгомжтой. Үлдсэн 11 сав газарт хайгуул хийж байж л газрын тосны хуримтлал, тэр тусмаа эдийн засгийн үр ашигтай нөөц байгаа эсэхийг тогтооно. Одоогоор эдгээр сав газруудад хайгуулын ажил дөнгөж эхний шатандаа явагдаж байна.

-Геологийн ямар тогтоц, онцлогтой газарт газрын тос хуримтлагддаг вэ?
-Газрын тос үүсгэгч, агуулагч чулуу нь Зүүнбаян, Цагаанцавын формацын хурдсанд байгаа нь батлагдсан. Эдгээр формацын хурдас чулуу дээрх 13 сав газарт тархсан нь геологийн зураглалаар тогтоогдсон.

-Монгол Улс хэдий хугацааны дараа эдгээр том сав газруудаа судалж, газрын тосны нөөцөө бүрэн тогтоож дуусах юм бол. Мэдээж энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд хэтийн төлвийг нь харж байгаа байх?
-Хайгуулын ажил болоод ордыг ашиглахад зарцуулах хугацаа гэж бий. Газрын тосны хайгуул эрсдэл ихтэй. Одоогоор, газрын тосны хайгуулд гадны хөрөнгө оруулалтыг түшихээс өөр аргагүй нөхцөл байдалтай байна. Тиймээс урьдчилан төлөвлөж, тэдэн жилийн дараа газрын тосны нөөцөө бүрэн тогтооно гэж хэлэх боломжгүй.

-Газрын тосны хайгуулын ажил хатуу ашигт малтмалтай харьцуулахад өөр аргачлалаар хийгддэг. Хуучин Оросуудын судалгааны аргачлал одоо ашиглагдаж буй барууныхтай харьцуулахад судалгааны аргачлалын ялгаа, сул болон давуу тал ямар байдаг вэ?
-Геологийн шинжлэх ухааны судалгаа хөгжихийн хэрээр хайгуулын шинэ аргачлалууд гарч байна. Гэсэн хэдий ч газрын тосны хайгуулын үндсэн аргууд болох геофизик, өрөмдлөг, дээжлэлт, лабораторийн шинжилгээний аргууд орвонгоороо өөрчлөгдөөгүй байна.

-Өнөө цагт хайгуулын ажилд шинэ техник технологи, арга аргачлал ашиглаж байгаа учир хуучин Оросуудын ашиглаж байсныг бодвол цаг хугацаа хэмнэж, ажлын бүтээмж нэмэгдэж байгаа юу?
-Тэгэлгүй яахав, өрмийн суурь машинуудын хүчин чадал сайжирч, овор багатай, тээврийн тусгай хэрэгсэл шаардлагагүй өөрөө явдаг өрмүүд гарч байна. Түүнчлэн газрын гүний тогтцыг тогтооход геофизикийн өндөр мэдрэмжтэй техник, багажийг хэрэглэх боллоо. Энэ бол техник технологийн дэвшил юм даа.

-Хайгуулын ажил хийхэд техник технологийн дутагдалтай тулгарч байна уу, эсвэл БХГ-ний дагуу уг асуудлыг шийдвэрлэдэг үү?
-БХГ-ний зарчмын дагуу Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуулын ажилд хөрөнгө гаргадаггүй. Харин гэрээлэгч тал хайгуулын ажлын бүх зардал болон эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Хайгуулын ажлын үр дүнд орд нээгдэж, эдийн засгийн хувьд үр ашгаа өгөх үед БХГ-ний дагуу бүтээгдэхүүн буюу олборлосон газрын тосоо тохирсон хувь хэмжээгээр эзэмшинэ. Тиймээс эрсдэл өндөртэй салбарт ажиллаж буй гэрээлэгч тал ажилдаа хамгийн сайн, дэвшилтэт техник технологийг хэрэглэх нь гэрээлэгчийн ашиг сонирхол болно.

-Газрын тосны хайгуулыг хэрхэн хийдэг вэ, ерөнхий ойлголтыг манай уншигчидад өгнө үү?
-Газрын тосны хайгуулын ажлын арга аргачлал нь хатуу ашигт малтмалын хайгуулаас зарчмын хувьд ялгаатай. Газрын тосны хуримтлал нь газрын гадаргуугаас доош голцуу 800-2000м-ийн гүнд орших учир газрын тосны хуримтлалыг тогтоохын тулд газрын гүний тогтцын тандан судалгаа, тухайлбал чичирхийллийн уян харимхай долгионы тархалт, ойлтыг бүртгэж, тайлал хийх замаар тогтоодог. Үүний дараа газрын тосны хуримтлал байж болох бүтэц тогтцыг ялгаж, цооног өрөмдөж шалгана. Эдгээр ажлын үр дүнд газрын тос олдох тохиолдол байна, олдохгүй байх нь ч бий. Гэхдээ геофизикийн аргууд газрын тосны хуримтлалыг шууд тогтоохгүй. Харин хатуу ашигт малтмалын тухайд газрын гадаргуу дээрх илрэлүүдийг хөөж хайгуулын ажил хийдэг шүү дээ. Газрын тос гадаргуу дээр илэрсэн байсан ч газрын гүн дэх хуримтлалыг нь шууд мөрдөн хөөж олох аргагүй. Тэгээд ч хий болон шингэн төлөвт оршдог учир хайгуулын арга аргачлал нь өөр байдаг. Газрын тосны хайгуулын үндсэн онцлог нь эрсдэл байдаг.

-Газрын тосны өрөмдлөгийн ажил асар их зардалтай байдаг. Сонирхуулахад 1 тууш метр өрөмдлөгийн ажлын өртөг хэр хэмжээтэй байдаг вэ?
-Өрмийн техник өндөр хүчин чадалтай, том голчоор өрөмддөг онцлогтой. Мөн эрчим хүч зарцуулалт өндөр. Хайгуулын эхний цооногуудын 1 тууш метрийн өрөмдлөгийн зардал 1000 ам.доллар байх жишээтэй. Тиймээс манай үндэсний компаниуд одоохондоо хайгуулын өрөмдлөгийг бие дааж гүйцэтгэх эрсдэлийг даах чадамжгүй байна.



-Газрын тосны хайгуулын ажлыг үндэсний геологичид хийж байгаа байх, харин өрөмдлөгийн ажлыг голдуу гадныхан гүйцэтгэж байна уу. Боловсон хүчний асуудал ямар байгаа вэ?
-БХГ-ний дагуу газрын тосны хайгуул хийж буй компаниудад үндэсний мэргэжилтнүүд ажиллаж байгаа, гэхдээ хуруу дарам цөөн. Тухайлбал, Дорноговийн сав газарт Зүүнбаян, Цагаан элсний ордын хайгуулын ажилд Монголын өрмийн мастерууд ажиллаж байсан. Үндэсний мэргэжилтний хувьд манай газрын тосны салбарт газрын тос, байгалийн хийн чиглэлээр Москва хотын И.М.Губкиний нэрэмжит нефть, хийн институт, БНХАУ-ын Хятадын газрын тосны их сургууль төгссөн геологич, геофизикчид ажиллаж байна. Мөн ШУТИС-ийн Газрын Тосны Сургууль өрмийн инженер бэлтгэж байгаа. Энэ салбарт ажиллаж буй үндэсний компаниудийн хувьд газрын тосны чичирхийллийн хайгуулын хээрийн судалгаа, боловсруулалтын чиглэлээр туршлагажсан Хэт компани бий.

-Газрын тосны хайгуулын ажил өндөр өртөгтэй, эрсдэл ихтэй. Тиймээс эрсдэлээ өөрсдөө дааж манайд хайгуул хийе гэсэн гадны компаниудийн сонирхол хэр байдаг вэ?
-Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Газрын тосны тухай хууль”-аар энэ салбарын үйл ажиллагаа зохицуулагдаж байгаа. Үндэсний компаниуд газрын тосны хайгуул хийж эхэлж байгаа боловч газрын тосны мэргэжилтэн дутмаг, эрсдэлээ даах чадавхгүй байгаа учир гадаадын хөрөнгө оруулалтыг түшихээс өөр аргагүй байдаг. Тиймээс ч манайд гадны компаниуд хайгуулын ажил хийж байна.

-Газрын тосны ордыг хэмжээний хувьд хэрхэн ангилдаг вэ. Манайд нээгдсэн ордууд эдгээр ангиллын алинд нь хамаардаг вэ?
-Оросын судлаачдын ангиллууд бий. Тухайлбал, А.Г.Селицкийн ангиллаар ашиглалтын нөөц нь нэг тэрбум тн байвал “Хосгүй орд” гэнэ. Хэрэв нөөц нь хагас тэрбумаас нэг тэрбум тн байвал “Аварга орд”, 100-500 сая тн бол “Том орд” гэж үздэг. Мөн хуучин ЗХУ-ын Улсын нөөцийн комиссын ангиллаар 30 сая.тн-оос их нөөцтэй ордыг “Том орд”-д хамааруулдаг. Америкийн зарим хэвлэгдсэн материалуудад 70 сая.тн-оос их газрын тосны нөөцтэй ордыг “Том орд”-д хамааруулсан байдаг. Манай дөрвөн ордын нийт баталгаат зэрэглэлийн нөөц 332 сая.тн болж байгааг үүнтэй харьцуулж болно. Монгол орон газрын тосны чамлахааргүй нөөцтэй болсон учир цаашид нөөцөө нэмэгдүүлэхийн тулд хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

-Тэгэхээр Монгол орны газрын тосны салбар боломжийн хэмжээнд явж байна гэж ойлгож болох уу?
-1991 онд Монгол Улсын “Газрын тосны тухай хууль” батлагдаж, хайгуулын ажил сэргэснээр хоёр орд нээж, дөрвөн ордын нөөцийг тогтоосон. Хэдийгээр Зүүнбаян, Цагаан элсний ордуудыг Оросын геологичид нээсэн ч нөөцийг нь дахин бодож, тогтоосон. Одоогоор тогтоогдоод байгаа газрын тосны нийт нөөцийн 80 гаруй хувь нь Тосон уул, Тамсагийн ордуудад хамаардаг.

-Манай орны нефтийн чанар бусад орныхтой харьцуулахад ямар хэмжээнд байдаг вэ, их өтгөн байдаг гэсэн?
-Америкийн Газрын тосны институтын (API) ангиллаар 0.870 г/см2  (31.1 °API) –с бага нягттай тосыг хөнгөн, 0.870 -0.920 г/см2 (22.3-31.1 °API) нягттай тосыг дунд зэргийн, 0.0920-1 г/см2  нягттайг (≥22.3 °API)  хүнд тосонд хамааруулдаг. Тосон-Уулын ордын тосны нягт 0,821-0,858 /см2, Тамсагийн ордынх 0.816-0.877 г/см2 “Хөнгөн”, Зүүнбаянгийн ордын тос 0.874- 0.894г/см2 байдаг. Цагаан-Элсний ордынх түүнийг бодвол арай хөнгөн чанартай. Харин Тамсагийн сав газрын нефть дунд 0.816-0.877 г/см2.  

-Тосны чанар нь хөнгөн байх тусмаа сайн байдаг юм уу?
-Хүнд, хөнгөн гэдэг нь газрын тосны шинж чанар. Газрын тосыг боловсруулж ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах хэрэгцээтэй байгаагаас шалтгаалах болов уу. Тухайлбал, хөнгөн чанарын газрын тосны шатахууны гарц өндөр байдаг бол хүнд, өтгөн тосноос химийн төрөл бүрийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг.

-ӨМӨЗО руу газрын тос экспортолж, түүнийгээ боловсруулан “Монгол 93” бензин болгон авч байгаа. Уг бензинийг хөнгөн чанарын газрын тосноос гарган авч байгаа юм уу?
-Зүүнбаян, Цагаан элс, Тосон уул, Тамсагийн ордоос олборлосон газрын тосоо БНХАУ-д экспортолж, боловсруулаад бензин импортолж байна. Энэ чанарын бензин манай хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байгаа гэдэг.

-Засгийн газраас Дархан-Уул аймагт нефть боловсруулах үйлдвэр барих тухай шийдвэр гарсан. Уг боловсруулах үйлдвэр нь ямар чанарын бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
-Энэ асуудал “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль”-иар зохицуулагддаг учир миний хувьд сайн мэдэхгүй юм.

-Газрын тосны лабораторийн шинжилгээ судалгааны ажлыг хаана хийлгэж байгаа вэ, дотоодын лабораторид хийхэд техник технологийн чадамж хэр хэмжээнд байдаг вэ?
-Газрын тосны шинж чанарыг Химийн хүрээлэнд шинжилгээ хийсэн байдаг. Газрын тосны хайгуул хийж буй компаниуд гадаад улс орнуудын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад шинжилгээ хийлгэдэг. Дөрвөн ордынхоо тосны шинж чанарыг Английн лабораторид шинжлүүлсэн. Ер нь газрын тосны шинж чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай лабораторид шинжлүүлсэн байхыг зах зээл шаарддаг. Одоогоор манайд ийм лаборатори байгуулагдаагүй байна.

-Геологийн төв лаборатори техник технологио шинэчилж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Тэнд газрын тосны шинж чанарыг тогтоож чаддаггүй юм уу?
-Геологийн төв лаборатори газрын тосны шинжилгээ хийдэггүй, хийсэн ч шинжилгээний хариуг нь олон улсад хүлээн зөвшөөрөхгүй учир заавал стандартын шаардлага хангасан гадаадын лабораторид шинжилгээ хийлгэдэг.

-Нефть байгаа газар байгалийн хий оршдог. Тиймээс нефтийн ордод түшиглэсэн байгалийн хийн судалгаа ямар хэмжээнд хийгдэж байгаа вэ?
-Байгаль дээр газрын тос нь ус, хийтэй холилдсон байдалтай байдаг. Усан дээр тос, тосон дээр хий оршдог нь түгээмэл юм. Тосон дээрх хийг “Хийн малгай” гэж нэрлэдэг. Тамсаг, Тосон-Уулын ордуудад ийм “Хийн малгай” бараг байхгүй. Манай ордуудын газрын тосны үеүд нимгэн, дунджаар 0.5 -3м зузаантай. Тосонд ууссан хий нь маш бага. Уг хийг ашиглахад эдийн засгийн үр ашиг багатай, экспортлох ашиггүй учир уг хийг үйлдвэрлэлийн ашиглалтын байгууламжийн дотоод халаалтанд ашиглаж байна.

-Бусад 11 сав газрын геологийн тогтцоос үзэхэд байгалийн хий байх магадлал бий юу?
-Байгалийн хийн хуримтлал байгаа эсэхийг хайгуулын ажлын үр дүнгээр тодорхойлдог учир одоогоор хэлэх боломжгүй. Монгол оронд байгалийн хийн томоохон хуримтлал байх магадлал тун бага гэсэн дүгнэлтийг Оросын геологичид гаргасан байдаг. Мезозейн тунамал хурдаст сав газруудад хайгуулын ажил дөнгөж эхний шатандаа явагдаж байна. Монголын шинжлэх ухааны академийн Геологи Эрдэс баялгийн хүрээлэн, АНУ-ын Станфордын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Монгол орны эртнийхээс хожуу мезозойн тунамал хурдасны органик бодисын агуулгыг судалсан байдаг ба Оросын геологичдийн зарим судалгааны тайлангийн дүгнэлтэнд Монгол орны дээд палеозойн дээд хэсгийн тунамал хурдасын нүүрс-устөрөгчийн хэтийн төлвийг судлах нь зүйтэй болохыг тэмдэглэсэн байдаг.

-Газрын тосны хайгуул судалгаа, олборлолтын чиглэлээр манайд гадна, дотны ямар компаниуд ажиллаж байгаа вэ. Тэр дундаа үндэсний компани бий юу?
-БНХАУ, Австрали, Швецарь, Канад улсын хөрөнгө оруулалттай компаниуд газрын тосны хайгуул хийж байна. Мөн үндэсний Эм-Си-Эс ХХК, Магнай Трэйд ХХК зэрэг компаниудийн хайгуулын ажил эхний шатандаа явагдаж байна.

-Манайд тулгардаг гол хүндрэл бол тээвэрлэлт. Уг асуудлыг одоо хэрхэн шийдэж байгаа вэ, цаашид хэрхэх ёстой гэж боддог вэ?
-Тамсагт төмөр зам байхгүй учир газрын тосоо автомашинаар тээвэрлэж байгаа. Харин Зүүнбаян, Цагаан-Элсний ордын газрын тосыг төмөр замаар тээвэрлэж байна.

-Газрын тосны төрлийн ямар ашигт малтмалууд байдаг вэ, тэдгээрийн судалгаа манай оронд ямар түвшинд байгаа вэ, тухайлбал битум?
-Битум нь газрын тосны төрөлд хамаардаг. Монголд битумын ордууд бий. Битумыг одоогоор барилгын салбар болон автозам барихад ашиглаж байна.

-Шатдаг занарын асуудал нэг хэсэг эрчтэй яригдаж байсан. Манай орны шатдаг занараас сайн чанарын тос гаргах боломжтой гэх юм. Энэ тухайд та өөрийн бодлоо хэлнэ үү?
-Шатдаг занар нь газрын тос үүсгэгч чулуу. Шим бодис агуулсан занар байгалийнхаа жамаар тос үүсгэх түвшиндээ хүрээгүй байх нь тохиолддог зүйл. Шим бодис агуулсан занарыг газрын гадаргууд технологийн процессоор оруулж нүүрсустөрөгчийн нэгдлүүдийг Эстони, Канад, БНХАУ зэрэг орнуудад гаргаж авч байна. Мөн занарыг газрын хэвлийн орчинд нь цооног өрөмдөж халаах байдлаар нүүрсустөрөгчийн нэгдлүүдийг гаргаж авах аргуудыг АНУ, Израйл зэрэг орнуудад туршиж байгаа тухай мэдээлэл байна. Монголд шатдаг занар өргөн тархсан байдаг. Гэвч энэ өргөн тархсан занар нь бүхэлдээ газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн үүсгэх эсэх нь судлагдаагүй байна. Ер нь органик бодис агуулсан буюу газрын хэвлийд байгаа шатдаг занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргах боломж болон технологи, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар даацтай судлах нь зүйтэй.

-Танай салбарт хууль, эрхзүйтэй холбоотой ямар хүндрэл бэрхшээл байдаг вэ?
-“Газрын тосны тухай хууль” тухайн цаг үеийнхээ үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс цаг үеийн шаардлагаар өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барих гэж байна.

-Байгаа ашигт малтмалаа ашиглаад баялгаа бүтээсний дараа байгаль экологийн асуудлыг шийдвэрлэж болох юм. Эсвэл өнөөгийнх шигээ маргалдаад л суугаад байж болно. Ер нь таны бодлоор баялгаа ашигласан дээр үү, эсвэл хойч үедээ үлдээх ёстой юу?
-Энэ нь хоёр талтай асуудал. Улс орны эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нь харахад энэ цаг үед ашиглаж, үр шимийг нь хүртэх боломжтой баялгаа ашиглах хэрэгтэй. Баялгаа өөрсдөө ашиглаж сурахын хэрээр ямар төрлийн ашигт малтмалыг ирээдүйд хадгалж үлдэх нь зохистой болохыг тогтоож болох байх.

-Цаг зав гаргасан танд баярлалаа.

Д.ОЮУНЖАРГАЛ