“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар бүрэлдэхүүнд нь багтсан тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдаад ямар ажил амжуулав. Та бүхэнд ажиллах боломж нөхцөл хэр нээлттэй байгаа вэ?

-Ажлын хэсэг тавдугаар сарын 1-9-ний өдрүүдэд Улаанбаатар хот дахь “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөгчийн газарт ажиллаад үргэлжлүүлэн 10-12-ны өдрүүдэд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан. Мэдээж бүх зүйл нээлттэй. Тус үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, бас ажиллагсадтай нь уулзлаа. Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэр, бусад этгээдтэй холбогдох мэдээ мэдээлэл, материалыг авч судаллаа. Ингээд тавдугаар сарын 31-ний дотор хийж хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг Ерөнхий сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга, Үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлээд байна. 

-Та бүхэн бодит нөхцөл байдалтай албан ёсоор биечлэн танилцсан хүмүүс. Ер нь бодит байдал ямар байна. “Эрдэнэт" үйлдвэр ХХК-иас “Жаст Групп”-т баталгаа гаргасан асуудал нь хууль тогтоомжийн дагуу явагдсан байна уу. Ард түмэн аль нь үнэн, аль нь худал яриад байгааг мэдэхээ байлаа?

-Ажлын хэсгийн зүгээс санал, дүгнэлтийг УИХ-д танилцуулах хүртэл хугацаа хэрэгтэй байгаа. Зарим талаар гэмт хэргийн шинжтэй, хууль хяналтын байгууллага ажиллаж, нарийвчлан үзэх, дотоодод төдийгүй гадаадад ч ажиллах шаардлага гарах шинжтэй. Тэгэхээр яаран дүгнэлт өгөх боломжгүй. 

-Урьдчилсан нөхцөл байдлыг уншигчдад хэлж болно биз дээ. Өнөөдөр энэхүү дуулиан шуугиантай асуудлаар хамгийн голтой мэдээллийг та л өгч чадна. Бусад нь болохоор шалгагдаж байгаа асуудал, нууцын зэрэглэлтэй, Арбитрийн шүүх дээр байгаа, 51, 49 хувийнхан гэхчлэн бултаад байх юм байна шүү дээ?

-Би ч бас наад үгсээр чинь таны амыг таглана. Гэхдээ хуулийн хүрээнд хэлж болохоор зарим мэдээллийг хүлээлттэй байгаа иргэддээ хүргэхэд хууль зөрчсөн зүйл болохгүй байлгүй дээ. 

-Тэгвэл “Стандарт” банкны нэхэмжлэлтэй “Эрдэнэт" үйлдвэрт холбогдох олон улсын хэрэг маргаан, “Жаст”-ын Батхүүгийн асуудал эхнээсээ яаж өрнөсөн, хэрхэн хууль тогтоомж зөрчсөн байдал руу орсон, эдгээр гурван газрын харилцаа ямар байдлаар явж ирсэн байдаг юм бэ?

-Ажлын хэсгийн танилцаж, судалсан мэдээллээр бол энэхүү хэрэг маргаанд холбогдох асуудлыг 2006 оноос эхэлсэн гэж харж байгаа. 2006 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Эрдэнэт" үйлдвэр ХХК нь “Стандарт" банкнаас 15 сая ам.доллар зээлсэн. Улмаар хэдхэн сарын дараа буюу есдүгээр сарын 29-ний өдөр дахин 15 сая ам.доллар зээлж авсан байдаг. Нийтдээ 30 сая ам.доллар зээлжээ. "Эрдэнэт" үйлдвэр, "Стандарт" банк хоёрын зээл ингэж эхэлдэг бол "Жаст" компани нь "Стандарт" банкнаас нийтдээ 160 сая гаруй ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан нь бас тодорхой болсон. 2009 онд 36 сая, 2010 онд 27 сая, 2011 онд хоёр удаа 34 болон 75 сая ам.долларыг тус бүр авсан байдаг юм. 

-“Жаст" группын зээлсэн 160 сая ам.долларын асуудлыг түр азнаад “Эрдэнэт" үйлдвэр дээр тогтож ганц хоёр зүйл асууя. Тэр үед Эрдэнэт үйлдвэр 30 сая ам.долларын зээл авах санхүүгийн зайлшгүй шаардлагатай болсон юм байх даа. "Эрдэнэт" үйлдвэрийг энэ хэрийн зээл гаднаас авч үйл ажиллагаагаа явуулах газар биш л гэж ард түмэн ойлгодог шүү дээ?

-Зээлсэн нь үнэн. Тэр үед “Эрдэнэт" үйлдвэрийн үйлдвэрлэлийн горим, эдийн засгийн чадамж хэвийн, ашигтай ажиллахын төлөө эрмэлзэлтэй байсан хэдий ч хувийн компанийг дэмжиж, хэд хэдэн удаагийн үйлдлээр баталгаа гарган ихээхэн хэмжээний зээлийг удаа дараа, бүр цаашилбал зуршил болтол авч өгсөн нь нэгийг хэлээд байгаа юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоож, хариуцлага тооцох ёстой. 

-Тэр үед Эрдэнэтийн захирал хэн байлаа?

-УИХ-ын ажлын хэсгийн удирдамжинд ийм зүйл байхгүй. Та нар өөрсдөө цаг тооны хуанли эргэж харахгүй юу.

-Тэгээд тэр "Стандарт" банкнаас зээлсэн 30 сая ам.долларыг “Эрдэнэт" үйлдвэр юунд зарцуулсан байдаг юм бол?

-Би мөрдөн байцаагч биш. Санхүүгийн тайланг нь нягтлах асуудал гарах байх. Энэ чиглэлээр АТГ, Цагдаа, бусад газрууд ажиллаж байгаа юм билээ. Хариуцлага гэж бий. Ажлын хэсэг тэдний ажил руу халтирч орж бас саад учруулж болохгүй. 

-2006 онд “Эрдэнэт үйлдвэр” "Стандарт" банкнаас зээл авсан мөртлөө, өөрсдөө “Жаст" Группт зээл олгож байсан мэдээлэл байдаг. Энэ үнэн юм болов уу?

-Үнэн. 2006 онд “Эрдэнэт" үйлдвэр өөрийн хөрөнгөнөөс 20 сая ам.долларыг бас л “Жаст” команид зээлүүлсэн юм билээ. Үүнд л хэргийн учир бий. Даварсан ч юм уу, давраасан ч юм уу. Зарим хүн хуйвалдсан ч гэдэг юм билээ.

-Тэгвэл "Стандарт" банкнаас зээлсэн доллараа "Эрдэнэт" үйлдвэр “Жаст" групп руу шилжүүлдэг байсан юм байна?

-Аливаа мөнгө хөрөнгийг зуучлах, авах, хүргэх дэд бүтэц гэж байдаг. Мөнгө зөөвөрлөх арга хэрэгсэл нь энэ байсан юм биш үү. Үүнийг банкны гүйлгээнээс харах ёстой.

-"Эрдэнэт" үйлдвэр "Жаст" компанийн хоорондын бизнесийн хамтын ажиллагаа, зээл, төлбөр тооцооны талаар тодорхой мэдээлэл авмаар байна?

-Ер нь бол энэ хоёр аж ахуй нэгж бизнесийн талбарт нэлээн өргөн хамтын ажиллагаатай байсан. Хоёр компанийн хоорондын төлбөр тооцооны тодорхой хэсэг нь бартерийн хэлбэрээр явагдсан байдаг. Жишээлбэл, "Эрдэнэт" үйлдвэр нь 2006-2013 оны хооронд есөн векселээр 40.8 сая ам.долларыг “Жаст" группт олгожээ. Энэхүү векселийнхээ тодорхой хэсгийг бартерийн тооцоогоор барагдуулсан байна.

-Бартерийн ямар нөхцөлөөр вэ. “Жаст”-аас бензин, шатах тослох материалыг "Эрдэнэт" үйлдвэрт нийлүүлж байсан гэдэг нь бартерт орох уу?

-Бартерийн нөхцөлд орно. Ер нь бол энэ гурван хуулийн этгээдийг салгаж ярих боломжгүй. Эхлээд энд гурвалсан гэрээний асуудал яригдана. Тухайлбал "Эрдэнэт" үйлдвэр, "Жаст" групп, "Стандарт" банкны байгуулсан гэрээний дагуу "Стандарт" банкинд төлбөр цуглуулах тусгай данс нээлгэсэн байдаг юм. 

-Энэ дансаар яг ямар нөхцөлийн төлбөр тооцоонууд хийгдсэн байдаг вэ?

-Ерөөсөө данс нь зээлийг эргэн төлөх төлбөрийг цуглуулах зорилгоор нээгдсэн гэж “Эрдэнэт" үйлдвэрийнхэн тайлбарлаж байгаа. Эндээс харахад энгийн ойлголтоор "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банкнаас зээлээд, зээлснээ "Жаст" групп рүү дамжуулан зээлдүүлсэн юм шиг харагддаг. Энэ үйлдэл нь Лондонгийн Олон улсын Арбитрийн шүүхэд "Эрдэнэт" үйлдвэр ялагдах гол шалтгаан болсон байх. Арбитрийн шүүхийн дүгнэлт дээр ч энэ байдлыг дурдсан байна лээ.

-Тэгвэл "Эрдэнэт" үйлдвэр нь "Жаст" группт зээлийн баталгаа гаргаж өгсөн нь бодитой юм байна?

-Баталгаа гаргаж өгсөн гэвэл өгсөн. Анх 2007 оны арванхоёрдугаар сарын 27-нд "Жаст" компанийн зүгээс "Стандарт" банкнаас 20 сая ам.долларын зээл авахад "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргаж өгсөн баримт нь нийгэмд нэгэнт ил болсон. Энэ зээл нь эргэн төлөгдсөн байдаг. Асуудлын гол нь энэхүү төлөгдсөн 20 сая ам.долларын зээлээс хойших зээлийн гэрээнүүд дээр л яригддаг. Яригддаг маргаан нь "Эрдэнэт" үйлдвэр Жастад баталгаа гаргаж өгсөн, өгөөгүй гэх асуудал. Үүнийг л УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг шалгаж, магадлах үүрэг хүлээсэн. 

-"Жаст"-ын Батхүү бол би хуурамчаар үйлдсэн гэдэг. "Эрдэнэт" үйлдвэр нь “Манайх баталгаа гаргаж өгөөгүй” гэж байна. Харин "Стандарт" банк шууд л “Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргаж өгсөн” гэдэг. Тэгэхээр хэн нь үнэн яриад байгаа юм бэ?

-Ер нь бол иргэн хүн наад зах нь нэг сая төгрөгийн зээл авахад түүний бүрдүүлсэн бичиг баримтыг хуулийн хүрээнд үнэн, зөв эсэхийг банк өөрөө хянаж тогтоодог. Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Стандарт” банк хувийн компанийн захирлын бүрдүүлсэн хуурамч материал, дэлхийд дээгүүрт орох улсын үйлдвэрийн хуурамч гэх баталгааг үндэслэж, ийм их хэмжээний долларыг хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлээр олгосон нь итгэхэд бэрх асуудал. Гэхдээ энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой. Ер нь бол олон улсын Арбитрийн шүүхээс “Стандарт” банкны нэхэмжлэлийн талд шийдвэрлэсэн хэдий ч Монголын хууль хяналтын байгууллага, АТГ уг хэрэг маргааныг шалгаж байгаа тул тэр нь зөв, энэ нь буруу гэж Ажлын хэсгээс хариулах боломж өнөөдөртөө алга.

-Тэгээд энэ маргаан дээр шинэ мэдээлэл, шинээр бий болсон нөхцөл байдал байна уу?

-"Эрдэнэт" үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Мөнхжаргалын сейфэнд байсан гэх 28 хуудас гэрээний эх хувилбар шинэ нөхцөл байдлыг үүсгэж болох юм. 2009 болон 2010 оны зээлийн гэрээтэй холбогдох гурван гэрээ бүртгэгдсэн боловч материал нь архивт байдаггүй, үүнийг энэ хэрэг маргааны хүрээнд мөрдөн байцаагчид хураан авсан байдаг. Энэ олдсон нотлох баримт нь нь хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Арбитрийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх хэмжээнд үнэлэгдэж байж шинэ нөхцөл байдал үүснэ. Гэхдээ энэ асуудлыг Ажлын хэсэг шийдэхгүй. Өнөөдрийн үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг Засгийн Газрын түвшинд үнэлж цэгнэн, яаралтай арга хэмжээ авах зөвлөмжийг Ажлын хэсгээс цаг алдалгүй гаргаж, Ерөнхий сайдаас эхлэн холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлсэн. Монголын төр, ажил хариуцсан хүмүүс уг хэрэгт хайхрамжгүй хандаж, цаг алдаж болохгүй. Энэ бол аж ахуй нэгж хоорондын маргаан гэхээсээ улс орны эдийн засгийн хувь заяатай холбоотой амин чухал асуудал. 

-Нийгмийн сэтгэл зүй бол "Эрдэнэт"-ийн 49, 51 хувийн маргаан дээр айхавтар төвлөрсөн. Харин цаана нь энэ мэт асуудлууд байсан бололтой. Ер нь өөр ээдрээ түвэгтэй асуудлууд "Эрдэнэт"-ийн ард цөөнгүй нуугдаж байгаа гэж зарим эх сурвалжууд ярих юм?

-"Эрдэнэт" үйлдвэрийн нөөц дуусч байгаа, цөөхөн жил үлдсэн гэх мэт ярианууд нийгэмд явдаг. Магадгүй энэ нь "Эрдэнэт" үйлдвэрийн үнэ цэнийг бууруулж, өөртөө ашигтай болгох гэсэн хүмүүсийн зорилготойгоор дэлгэрүүлсэн яриа байсан байж ч болох. Нөөц нь 40 жил байна гэж өчигдөрхөн ярьж байсан бол өнөөдөр 60 жилийн нөөц байна гэдгийг тогтоочихлоо. Шулуухан хэлэхэд энэ үйлдвэрийн өмчлөлд байгаа, гар хүрсэн, хүрээгүй маш том үүцүүд (лиценцүүдийг нь хэлэв бололтой.сурв) бий. Үүнийг ард түмнээс нуух, далд байлгах сонирхол 49, 51 хувийнхны аль алинд нь байхыг үгүйсгэхгүй. Нэртэй том команиуд, хөрөнгөлөг хүмүүс, эрх мэдэл бүхий төрийн дээд албан тушаалтнууд, тэдний ойр дотны хүмүүс шахааны бизнес гэж олны нэрлэдэг гэрээг хийдэг. Мөн тус үйлдвэрт томилогдож очсон албан тушаалтнууд тэрбумаар үнэлэгдэх орон сууц, машин зэрэг бусад тансаг хангалтыг авдаг. Гэтэл “Эрдэнэт" үйлдвэрт насаараа ажиллаад, өөрөө өвчний үүр уурхай болоод тэтгэвэртээ гарч байгаа баялаг бүтээгч уурхайчид маань ганц өрөө байр ч үгүй байгаа нь шударга явдал мөн үү. “Эрдэнэт" үйлдвэрт энэ мэт шударга бус тогтолцоо ноёлоод олон жил болсон нь дэндүү харамсалтай. Ядаж энэ тогтолцоог яаралтай өөрчлөх хэрэгтэй байна. 

-Ингэхэд "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан шийдвэр хэвээрээ юу?

-УИХ, Засгийн газрын шийдвэр гарч "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр томилсон ч өнөөдрийг хүртэл шүүхийн маргаантай хэвээр, эргэж буцсан шинжтэй үргэлжилж байна. 49 хувийг авсан талтай төрийн зүгээс яаралтай хэлэлцээний ширээний ард суухгүй бол үйлдвэрт доголдол, хүмүүст бухимдал, Монгол Улсад хохирол ирнэ. Хэлэлцээрээр төрийн мэдлийн 51 хувь, худалдаж авсан 49 хувийн талаарх маргаануудыг яаралтай, шударгаар шийдвэрлэж дуусаад "Эрдэнэт"-ийн 30 хувийг нийтэд хувьчлах шаардлага гарч ирж байна. Хувьчлахдаа эхний удаад энэ үйлдвэрт бие сэтгэл, оюун ухаанаа дайчлан ажилласан, ухамсарт амьдралаа зориулсан үе үеийн “Эрдэнэт" үйлдвэрийн уурхайчид, ажилтан ажиллагсад, баялаг бүтээгчдийг, улмаар монголын ард түмнийг хамруулах хэрэгтэй. 

-"Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсан нь зөв үү?

-Төр өөрийн мэдэлд 49 хувийг шууд авсан нь эрх зүйн зөрчилтэй учраас АН-ын бүлгийн гишүүд эсрэг санал өгсөн. Учир нь Оросын талаас 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг ялгаж тогтоолгүй, тодорхой болгоогүй байж төр мэдэлдээ авсан нь асуудал дагуулж байна. Монголын саалийн ганц үнээ гэгддэг, дэлхийд эхний аравт, Азидаа эхний тавд ордог энэ аварга үйлдвэр дээр шүүхийн маргаан цаашид олон янзаар үргэлжлэх төлөвтэй байгаа нь үнэхээр харамсалтай. 

-"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлыг ярихаар л шүүхийн маргаантай байгаа гэсэн ганц хариултыг бүгд өгдөг боллоо. Ийм байдалтай асуудал цааш үргэлжилсээр байх юм уу?

-Лав л "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал Шүүхийн маргаантай үргэлжилж байгаа нь бодит үнэн. “Эрдэнэт үйлдвэр” бол Таван толгойн 1072 хувьцаа, Оюу толгойн олон жилийн дараа хүртэх ашиг гэх мэт одоохондоо тэнгэрт байгаа яриануудын дэргэд ард түмэн өнөөдөр бодитой ашиг хүртэх боломжтой уурхай юм. Өдөр бүхэн саалиа хувин хувингаар өгч байгаа “Эрдэнэт" үйлдвэрийнхээ ашгаас тус үйлдвэрийн үе үеийн ажиллагсадад, цаашилбал ард иргэддээ дуслаар ч болтугай эхлээд өгье. Яг тухайлсан энэ асуудлаар миний бие УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах болно.

-Хууль гаргана гэж үү?

-Тиймээ, хууль санаачилна. Ингэх цаг болсон. Монголын эрдэс баялагийн энэ их нөөцийг социализмын үед улсын төсвийн хөрөнгө, тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө мөнгө, боловсон хүчний нөөц, ах дүү орнуудын зээл тусламжаар эрж хайж, олж тогтоосныг бүгд мэднэ. Гэтэл өнгөрсөн хугацаанд баялагын нөөцийн энэ их мэдээллийг, үе үеийн мэдээлэлд ойр байсан эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнууд, тэдний ойр тойрны хүмүүс үнэ төлбөргүй авсан нь худал зүйл биш. Энэ хүмүүсийн сав нь аль эрт дүүрсэн. Одоо хальж асгаад өөрсдөд нь гай болж мэднэ. Тийм учраас ард түмэнтэйгээ хуваалц. Үүний төлөө миний бие хууль санаачилах болно. 

-Ингэхэд "Эрдэнэт"-ийн ирээдүй ямар харагдаж байна вэ. Та энэ үйлдвэрээс ажил амьдралын гараагаа эхлүүлсэн хүмүүсийн нэг шүү дээ?

-Одоогоор түүхий эдийн 60 жилийн нөөцтэй, хүчин чадал, хөрөнгө мөнгөтэй, барьцаалах хөрөнгө ихтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэшсэн ажиллах хүчтэй энэ үйлдвэрээ бүрэн ашиглаж, эрдэс баялгийн нөөц ихтэй ордуудаа түшиглэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах “Эрдэнэт-2” үйлдвэрийг байгуулах ёстой юм. Ингэх бүрэн боломж бий. Ганцхан энэ бүхэнд эх оронч зүрх сэтгэлгүй нөхөд, их улс төржилт “гай” болж байна. Монголчуудыг олон жил тэжээсэн, одоо ч тэжээж буй, эдийн засгийн гол тулгуур багана “Эрдэнэт" үйлдвэрээ хэмлэж мэрэх, хэрүүлийн бузар хоёроос чөлөөлөх цаг нь болсон.