Дэлхийн түүхийг өөрчилсөн тулалдаанууд ном бол эрт балар цагаас цөмийн эрин үе хүртэлх түүхэнд цуутай 90 гаруй тулааны тухай өгүүлэх онц сонирхолтой, зурагт гарын авлага юм. Газрын зураг, уран зураг, эд өлгийн дурсгал, гэрэл зургаар дамжуулан эрин үеийн гол тулалдаануудыг дүрслэн харуулж, тактикийн чухал шийдвэрүүд түүхийн хүрдийг хэрхэн өөрчилснийг үзүүлэх болно.


Дэлхийн түүхийг хэдэн тулалдаан өөрчилсөн бэ? Энэ бол тун сонирхолтой асуулт. Жишээ нь, бид өнө эрт цагт болсон тулааны талбар дахь цэргүүдийн байлдааны жагсаалын тухай уншихдаа өнөө үед хамаатай зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ илүү зүгээр л сониуч зангийнхаа үүднээс хандах нь олонтоо билээ. 

Гэвч үнэндээ түүхэн тулалдаануудын үр дүнд улс орон, эзэнт гүрэн, соёл иргэншил бий болж, тэдгээрээс бидний өвөг дээдсийн амь, амьдрал шалтгаалж, өнөөгийн та бидний үе хүрч иржээ. Европ тивд дайтагч улсуудын үнсэн нурам дундаас шинэ үндэстнүүд төрж байсан бол Дорнын элчилгүй цөл, цавчим уулсын дунд эртний сөргөлдөгч гүрнүүд хилээ тогтоож, соёлоо цогцлоосон нь тэр газарт оршин суугчдын амьдралд одоо ч нөлөөлсөөр байна. Евразийн их дайдад Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын Эзэнт гүрэн дэлхийн түүхийн урсгалыг эгнэгт өөрчилж орхисон билээ. Өмнөд Америкийн үндсэн хэл испани болсон нь Кортэс Ацтэкийн нийслэл Тэночтитланыг эзэлснээс улбаатай бол өнөөгийн АНУ-ын улс төр, соёлын өв нь голчлон Америкийн Тусгаар тогтнолын дайн болон Иргэний дайны үр дагавар билээ. Арай ойрын жишээ татвал, Хүйтэн дайны үед хөшигний ард болж байсан хэлэлцээнүүд орчин үеийн геополитик ба цэргийн урлагт онцгой нөлөө үзүүлжээ. 

Гэхдээ энэ номд зөвхөн тулалдаанаар дамжуулан түүхийн чухал үйл явдлуудыг өгүүлэхийг гол болгосонгүй. Тулалдаан бүр тухайн үеийнхээ улс төр, соёл болоод ард түмний уур хилэн, зовлон шаналал, байлдагч талуудын зэвсэг, хэрэглэл, улс төр, цэргийн зүтгэлтнүүдийн шийдвэрүүдийн тусгал байдаг билээ. Хэдий эл ном дэлхийн түүхэнд болж өнгөрсөн бүх дайн тулааны түүвэр, эс бөгөөс цэргийн урлагийн гарын авлага биш байж болох ч тулалдааныг өргөн өнцгөөс харуулахын сацуу хоромхон зуурт түүхийн хүрд хэрхэн эргэж болдгийг зурвасхан ч үзүүлэх зорилго тавьсан болно. 

Эцэст нь тэмдэглэхэд, уншигч та бидний хувьд түүхэн үйл явдлууд гэдэг улиран одсон он жилүүдийн тэртээх цуурай, уншиж таашаах нэгэн зүйл мөнболовч тэдгээрийн ард ямар их золиос гарсныг мартах учиргүй. Дайны түүх гэдэг ганц цэрэг эрсийн хатан зоригоор бус асар олон хүний амиар бичигддэг бөгөөд хүн төрөлхтөн эдгээрээс ч аймшигтай эмгэнэлтэй явдал гарахаас урьдчилан сэрэмжлэхийн тулд өнгөрсөн түүхийг эргэн харж байна.


Сэр Тони Робинсон