УЛС ТӨР, ТӨРИЙН ЗАХИРГАА, ЛОГИК, БУДДА, БИБЛИ Тун товчхон танилцуулга цуврал
УЛС ТӨР, ТӨРИЙН ЗАХИРГАА, ЛОГИК, БУДДА, БИБЛИ Тун товчхон танилцуулга цуврал
Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Тун товч танилцуулга цуврал бол Шашин, Социологи, Улс төр, Уран зохиолын онол, Түүх зэрэг олон сэдвийг хамарсан товч бөгөөд ончтой танилцуулга номууд юм. Эдгээр нь бөөн тодорхойлолтоор дүүрэн, байдаг л нэг сурах бичиг бус сонирхол татам, хурц боловч зохисыг барьж тал талаас нь сайтар нягтлан боловсруулсан хэлэлцүүлэг билээ. Чингэхдээ зохиогчид янз бүрийн баримт, дүгнэлт, шинэлэг санаагаар баяжуулж нэлээд нарийн мэргэжлийн сэдвүүдийг ч хэн бүхэнд ойлгомжтой, уншууртайгаар тайлбарлажээ. Та энэ цувралын алийг ч авч уншсан тухайн сэдвийн талаар товч атлаа гүнзгий ойлголт, мэдлэгтэй болж, танин мэдэхүйн их ертөнцийн хаалгыг нээх болно. Мөн хаана ч авч явахад авсаархан, та дуртай үедээ халааснаасаа юм уу, цүнхнээсээ гарган унших боломжтойгоороо онцлог билээ. Нэпко хэвлэлийн газраас тус алдарт цувралын Засаглал, Их өгөгдөл, Будда, Библи, Логик, Төрийн захиргаа, Улс төр номуудыг монгол уншигчдынхаа хүртээл болгоод байгаа бөгөөд цаашид бусад номуудыг нь орчуулан гаргахаар төлөвлөж байна.
Улс төр: Тун товчхон танилцуулга ном нь эртний сонгодог эринээсХХ зуун хүртэлх хугацаанд улс төр хэрхэн хувьсан хөгжсөнийг тэнцвэртэйгээр тайлбарлажээ. Эхлээд Герег, Ромын сонгодог эринийг авч үзэн иргэншил, эх оронч үзэл гэж юу байсныг харна. Дараа нь Христийн шашин, орчин үеийн төр, хүчний тэнцвэрийг хөндөх ба улмаар улс төрийн идэвх, намууд, номлол, ардчилал, үзэл суртлыг ч хамарна. Энэ ном бидэнд улс төрийн систем яагаад хувьсан өөрчлөгддөгийг харуулангаа манай нийгэмд эрх мэдэл, дэг журам ямар байгааг, ардчилал дандаа сайн зүйл байдаг эсэх, XXI зуунд улс төр ямар байж болох талаар эргэцүүлэхэд биднийг хүргэнэ.
Төрийн захиргаа: Төрийн захиргаа соёл иргэншлийг хадгалж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Ингэхдээ олон нийтийн аюулгүй байдлаас авхуулаад нийгмийн халамж, тээвэр, боловсрол гээд олон салбарыг хамран бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбогддог. Төрийн захиргаа:Тун товчхон танилцуулга ном нь даяаршлын эринд төрийн захиргаанд тулгамдаж буй том сорилтуудын талаарх практик үзэл хандлагуудыг танилцуулах ба төрийн үйлчилгээний хувьчлал, тагнуул, тандалт зэрэг маргаантай халуун асуудлуудыг ч хөндөнө. Мөн төрийн захиргаа ингэхэд ер нь яаж үүссэн, түүхийн явцад яаж хөгжсөн, цаашид хэрхэн хувьсан хөгжиж буйг танилцуулна.
Логик: Логикийг хүмүүс философитой тийм ч холбоотой биш, тэр тусмаа амьдралаас маш тасархай зүйл гэж боддог. Логик: Тун товчхон танилцуулга ном нь энэхүү ойлголт огт буруу гэдгийг харуулах болно. Эл ном логикийн философийн суурийг харуулахын хамт орчин үеийн логик хэрхэн Бурхан байдаг уу гэх асуултаас авхуулаад магадлалын онолын дотоод зөрчлүүд, шийдвэр гаргалтын онолуудыг ч авч үздэгийг харуулна. Тэгэхдээ логикийг хэт мэргэжлийн биш энгийнээр тайлбарлах ба логик бол орчин үеийн философийн нэг хэсэг бөгөөд асар хүчирхэг салбар гэдгийг үзүүлдэг. Басхүү алгоритм, аксиом, математикийн баталгаа гэсэн сэдвүүдийг ч хөндөх болно.
Будда: Тун товчхон танилцуулга ном нь Буддагийн амьдрал, номлолын талаарх ээдрээтэй бөгөөд зөрчилтэй судруудыг шинжилжээ. Буддаг амьд ахуй цагийн Энэтхэг орны нийгмийн байдал ямар байсан бэ? Өнөөдөр шашин болон хувирсан номлолыг Будда хэрхэн анх дэвшүүлсэн бэ? Олон зуун жил өнгөрөөд байхад буддын номлол яагаад усталгүй үлдэв зэрэг асуултад хариулт хайна. Энэтхэгийн хойгт 1500 гаруй жил оршсон энэ номлол XIII зуунаас дэлхий даяар түгэж эхэлсэн бөгөөд ХХ зуун гэхэд Будда дэлхийн хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэг болжээ.
Библи: Тун товчхон танилцуулга ном нь өөр өөр ард түмнүүдийн тэмдэглэн үлдээсэн Библийн судруудыг шинжлэн судалжээ. Библи яагаад олон янзаар ойлгогддог вэ? Хэн үүнийг бичсэн бэ, Ариун судар гэж юу вэ, Библи ямар шүүмжлэл дагуулж байсан бэ гэсэн асуудлуудыг ч хөндсөн байна. Улмаар Библи өрнөдийн соёлд хэрхэн асар их нөлөө үзүүлснийг болон үүнийг поп урлагт болон улс төрд хэрхэн ашиглаж буйг ч харуулжээ.