Mосквагийн ОУХДС-д (MГИMO) дээд курсэд 2016 оны зун суралцангаа олон улсын харилцааны залуу проф. Алексей Фененкогоос “Даян дэлхийд цэргийн томхон мөргөлдөөний хэрэгцээ байгаа” талаар санал бодлыг нь сонссон юмсан. Тэр талаар түүний ярьсан өнцгөөс харж томъёолсныг дор буулгая. Орос-Украины дайны өнгөн дээр тун чухал мэдээлэл болох юм шиг санагдлаа.

Фененко ямар үндэслэлээр ингэж ярив? Оросын хилийн ойролцоо, залгаа бүс нутгуудад түгшүүртэй байдлын голомт бүрджээ. Энэ бол глобал цэргийн мөргөлдөөний урьдчилгаа, II дайнаас хойшхи дэлхийн шинэ дэг тогтоосон Ялта-Потсдамын тогтолцоог нураах, дэлхийн санхүүгийн хямралын урьдчилсан нөхцөл болох аж. Украины хямрал царцаагдлаа, одоо «постукраины» ертөнцөд дэлхийн дэг хаашаа эргэх вэ? Гэхдээ дэлхийн дэг журмын үндсэн 4 зарчим хэвээрээ үйлчилж байна. Энэ нь 1) НҮБ-ын удирдан чиглүүлэх үүрэг хэвээрээ байна. Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь II дайнд ялагч гүрнүүд хэвээрээ байна; 2) Дэлхийн эдийн засгийг зохицуулдаг Бреттон-Вудын системд Орос, АНУ хоёр тэнцвэрийг хангаж байна; 3) Дэлхийн II дайнд ялагдсан хоёр гүрэн Япон, Германы бүрэн эрх хадгалагдсан ч хязгаарлагдсаар байна; 4) Тийм учраас дэлхий ертөнц чанарын шинэ шатанд гараагүй байна. 

Ялта-Потсдамын тогтолцоо хоёр удаа шинэчлэгдлээ. 1950-иад онд СССР, АНУ хоёр Британи, Францыг эзэнт гүрний статусаас нь салгаж дөнгөлөө. Энэ үеэс зөвлөлт-америкийн эвсэж бүлэглэсэн сөргөлдөөн эхэлсэн, гурав дахь ертөнцөд системийн өрсөлдөөнөө тулгасан. Энэ нь британи, францын өв булаацалдсан тэмцэл болж төрөл арилжсан. Хоёр дахь шинэчлэл нь 1980-аад оны сүүлчээр «социалист хамтын нөхөрлөл» ба СССР задран унаснаар хэрэгжлээ. Тэртээх 1970-аад оны СССР-тай харьцуулах аваас ОХУ-ын байр суурь үлэмж суларлаа. Гэвч радикал хэлбэрээр хүчний харьцаа огцом өөрчлөгдөөгүй. Орос нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх байнгын статусаа хадгалж байна. АНУ-тай пуужинт цөмийн зэвсгийн тэнцвэрээр хадгалсаар байна. 

Оросын төсвийн бүрдүүлэлт нь газрын тос, байгалийн хийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Ийм байдлыг эцэслүүлнэ хэмээн СССР-ийн үед Ю.Андропов оролдоод бүтэлгүйтсэн, түүнээс хойш байдал өөрчлөгдөөгүй. Орост хямд ажиллах хүчин гэж байдаггүй, дэлхийн санхүүгийн урсгалд Европын Холбоо, АНУ шиг хяналт тавих боломж байхгүй. Хэрэглээний зах зээл өндөртэй, хотуудад дундаж анги гайгүй төлөвшсөн. Ийм нөхцөлд байгалийн баялгаа бэлнээр зарж, орлогоор нь хэрэглээний зах зээлээ хангахаас аргагүй. Гэхдээ Орос эдийн засгийн хувьд сулхан байгаа, суларсан ч шинжлэх ухаан-техникийн потенциал нь АНУ-ыг юмбодуулах хэмжээнд байна. Хятад, Энэтхэгийн алин нь ч Орос шиг ийм статус эдлэхгүй байна хэмээн тэр залуу профeccop ярьж байв.

Фененкод «ганц туйлт ертөнц»-ийн тухай асуулт тавьж үзлээ. Илтгэл ярианд л тийм ертөнц байхаас бус ачир дээрээ бол байхгүй ээ гэж байна. Хэрэв АНУ ба түүний холбоотнууд тэр ганц туйлт ертөнцөө ном журмаар нь босгоё гэвэл гурван нөхцлийг хангах ёстой: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өнөөгийн дүр төрхөөр нь үгүй хийх хэрэгтэй; Оросын цэрэг-аж үйлдвэрийн потенциалыг бүр үгүй хийх хэрэгтэй; бусад улс орны дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцох тэр эрхээ олон улсад хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэв. 

АНУ нь сүүлийн 25 жилд тэр «ганц туйлт ертөнц»-дөө хүрэхийн тулд урьж хожид байгаагүй жишиг тогтоолоо. «Хүмүүнлэгийн интервенц», «дэглэмүүдийг солих» гэгч концепц гаргаж мөрдлөө. Тэгээд бүрэн эрхт улсуудын лидерүүдийг үзэмжээрээ халж солих, тодорхой улс орнуудыг «албадаж зэвсгийг нь хураах» гэгч практик тогтоолоо. 

Үүнд Оросыг үл оролцуулан ингэж дураараа дургих нь өөрсдөд эрсдэл бишгүй дагууллаа. Орос ч зүгээр суугаагүй, АНУ-ын давшилтыг зогсоохоор оролдож ирлээ. Бүр 1997 онд Орос, Хятадын лидерүүд Олон туйлт дэлхийн тухай тунхаглалд гарын үсэг зурсан, түүндээ «ганц туйлт ертөнц»-ийн төслийг үл зөвшөөрч байгаагаа тов тодорхой мэдэгдсэн. 

«Ганц туйлт ертөнц»-ийн эсрэг тууштай зогсогч Орос маань ингэхэд дэлхий нийтийн олон элдэв асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцогч байх ёстойгоос өөрөө тийм ноцтой асуудлын эх сурвалж байж таарахгүй хэмээн өрнийнхөн үзэх нь бас нэгийг хэлээд байх шиг. “Орос бол мэдээж том, чухал улс. Зэвсэгт хүчин нь гэхэд л АНУ-тай ана мана үзэлцэх хэмжээний, гэхдээ тэрээр олон улсын норм хэм хэмжээг зөрчөөд хөрш Украин, Гүржээ түрэмгийлээд байж байх нь зохисгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч анхааруулсныг энд эшлүүштэй. Олон улсынхарилцаандоролцогчдын үйлдэл, үйл ажиллагаа нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, нормд зөнгөөрөө, албадлагагүй захирагдах болж, энэ үзэгдэл улам түгээмэлжсэн ба хэн ч дураараа авирлаж чадахгүй хэмээн өрнийнхөн үзэж, тэр өнцгөөсөө Орост шаардлага тавьж байгаа нь тэр юм.

Харин тийм анхааруулга, шаардлага Москвад агаарт замхарна. Замхруулахаас ч аргагүй, хэрэв оросын өнцгөөс харвал. Харин эсрэгээр G7 гэх өрнийнхний эвслийг сөргүүлээд БРИКС-ийг, НАТО-гийн альтернатив гээд ШХАБ-ыг толгойлоод илд зөрүүлэхэд бэлэн сууж байгаа нь Москвагийн өнцгөөс бол буруу биш. Болж өгдөгсөн бол Европын Холбоог өөртөө татаад, түүнийгээ хуучин СССР-ийн орон зай дээрхи интеграцын төслүүдтэй холбоодохвол АНУ далайн чанадаас яаж ч чадахгүй. Тэгж чадаж гэмээнэ 1991 онд СССР задарсны дараахи анхны маш том нөхвөр тэр болно. Крым Орост нэгдсэнээр СССР гүрэн задран салсны дараахи үр дүнг эргэж авч үзэж, залруулах гэсэн эхлэл боллоо хэмээн АНУ-ын Цагаан ордон үзэж байна.

Орос бол түүхий эд голлосон эдийн засгийн улс биш шүү гэдгийг Крымын тэр нэгдэлт, одоо Сирид өрнөж буй дайн харуулж байна. Орос нь агаарын ба сансрын цэргийн хүчнээ тэнд байлдуулж байна. “Сансрын” гэх ийм тодотгол өөр ямар ч улс орны агаарын цэрэгт байхгүй. Орос өнөөдрийг хүртэл сансарт хүн нисгэх, тойрог замд хиймэл дагуул оруулахдаамонопол тогтоосон хэвээрээ байна. Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор нь дэлхий дээр зөвхөн АНУ-тай өрсөлдөнө. Атомын эрчим хүчний салбартФранц, Японы дараа гуравт бичигдэнэ. Суурь шинжлэх ухааны бүх спектрийг хамарч судалгаа хийдэг улс Орос, АНУ хоёр л байна. Франц ийм амжилт үзүүлнэ хэмээн ажиллаад аль 1970-аад онд бүтэлгүйтсэн. Хятад нь суурь шинжлэх ухааны өөрийн онол, сургуулийг бий болгож чадаагүй, хэрэглээний шинжлэх ухаанаа хөгжүүлж, харин америкийн ба оросын технологийг шууд хуулбарлан байна. Хятад сансрын гүрэн боллоо хэмээн2003 онд зарласан нь оросын пуужинт-сансрын технологийн ид шидээр бүтсэн ба түүнийг нь 1996 онд Орос-Хятадын Засгийн газар хоорондын протоколоор эхлүүлсэн хэмээн Алексей Фененко ярьж байлаа. 

Хятад нь цэрэг-стратегийн гүрэн болох боломжийг олж харахгүй байгаа нь түүний ярианаас тодорхой байв. Цэргийн аж үйлдвэрийн салбарт оросын технологийг шууд хуулбарласан, эсвэл худалдан авсан, зэвсэг техник худалдан авч байгаагаас бус хятад хүн өөрөө бүтээсэн нь ихгүй хэмээн тэрээр хэлж байв. Дэлхийд цэргийн гүрэн байхын тулд нисэх онгоц тээгч хөлөг бүхий, дэлхийн аль ч хэсэгт очоод саадгүй байлдчих потенциалтай байх ёстой бол Хятад тийм шалгуурыг хангаагүй байна. 

Тэгвэл Хятадын хангаагүйг Орос хангасан, харин эдийн засгийн салбарт түүхий эдийн экспорт голлосон байвал дэлхийн шинэ дэг төлөвшүүлэхэд хязгаартай оролцоно гэсэн үг болж таарна. Энд барууны нэг профессор Й.Гальтунгаас эшлэн өөр нэг өнцөг гаргахыг хичээе. Дэлхийн ноёлох хэмжээний империалист гүрэн байх 5 хэлбэр ба хэмжүүрийг тэрээр 

эдийн засаг, улс төр, цэрэг, харилцаа холбоо, соёл гэсэн 5 салбарт авч үзжээ. Тэгээд “Төвийн гүрэн ба эргэн тойрны улсуудын харьцаа (Өрнөд ба бусад)” хэмээн дараахи хуваарилалт хийжээ. Үүнд:



Хэлбэр
Төв гүрэн юу эрхлэх
Тэгвэл эргэн тойрныхон нь
1
Эдийн засаг
Үйлдвэрлэл (зөвхөн бүтээх)
Түүхий эд, зах зээл, хямд ажиллах   хүч
2
Улс төр
Шийдвэр гаргах, загварчлах
Хүлцэнгүй, даган дууриагч
3
Цэрэг
Батлан хамгаалах, бут цохих
Сахилгажуулах, шийтгэл
4
Харилцаа холбоо
Мэдээлэл өмчлөх
Мэдээллийг хэлэлцэх ёсгүй
5
Соёл
Сургах, сургамжлах
Амьдрал дээр турших, нотлох


Эргэн тойрны гэх ангиллаас салж, өмнөх хүснэгт рүү шилжин байж дэлхийн шинэ дэг журам тогтоолцоно хэмээн оросын эрдэмтэд эрхбиш хүлээн зөвшөөрөөд байгаа ч их гүрний СССР-ийн үеийн өмнөх амбицаасаа болоод өөртөө зөрчил хураагаад байх шиг.