Монгол Улс ба олон улсын харилцаа
Монгол Улсын гадаад бодлого ардчилал шинэчлэл, шилжилтийн энэ 30 гаруй жилд ямагт прогрессоор явж, дэвшилд хүрч байсан гэх миний итгэл үнэмшил яг хэвээрээ. Гадаад бодлого маань аль ч Ерөнхийлөгч, аль ч УИХ, аль ч Засгийн газрын үед залгамж чанараа хадгалж ирсэн ба засгийн эрх ээлжлэн барьсан намуудын хувьд үндэсний эрх ашиг, гадаад харилцаа, гадаад орчны хувьсал нэг өнцгөөс тавигдаж ирснийг тэмдэглэх нь зүйтэй.
Гурван жилийн тэртээ оволзож байсан гадаад харилцаанд бодит хүчин зүйл нөлөөлж бага зэрэг саатал (улс төрийн бус техник-ложистикийн) учирсныг хүлээн зөвшөөрнө. Дэлхий нийтийг хамарсан ковид хэмээх цар тахал, түүний араас залгасан Орос-Украины дайн, глобал геополитикийн эсрэгцэл нөлөөлөх нь нөлөөлсөн. Гэвч бид энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт (онолын хувьд прагматик) гадаад бодлогоо алдаагүй явуулсаар байна. Харин ч ач холбогдол нь өсч байна.
“Манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал” хэмээн Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг тэмдэглэснийг зориуд эш татан тайлбарлая. Тэнцвэр–энэ бол юуны өмнө хоёр хөрш гүрэнтэй харилцахдаа тэнцвэр барина гэсэн үг. Тэнцвэрийг ч яг барьж ажиллаж чадаж байна. Мөн хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барина гэсэн үг. Бас тэгж чадаж байна. “Манай гадаад арга хэмжээг координатын хавтгай дээр гурван тэнхлэгт хуваан зураглаж үзвэл энэ тэнцвэр хадгалагдаж байгаа нь илэрхий харагдах байх” гэж Сайд онцолсон. Энд жишээ олныг татаж болох авч ердөө 2022 он, 2023 оны эхний хагас жилийн өндөр, дээд хэмжээнд хэрэгжүүлсэн олон айлчлалуудыг харьцуулна уу. Тэр чиглэлд, тийм улстай дутуудуулжээ гэсэн чамлахаар зүйлгүйгээр айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлжээ. Хоёр их хөрш, гуравдагч хөршүүд, дэлхийн хамтын нийгэмлэг гээд 4 чиглэлд тэнцвэрийг барьж харилцаж чаджээ.Айлчлал хоёр урсгалтай болж, харин ч манайх руу түлхүү айлчилсан дүнтэй байна.
Хатагтай Б.Батцэцэгээс дахин эшлэе. “Өнгөрсөн хугацаанд манай гадаад харилцааны практикт хоёр сонирхолтой зүйл ажиглагдлаа. Эхнийх нь дэлхий дахинд өрнөж байгаа үйл явц манай гадаад харилцааны үндсэн зарчмууд, гадаад бодлогын үзэл баримтлал эхнээсээ зөв байсныг нотлон харууллаа. Тийм болохоор тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогыг бид цаашид ч тууштай баримтлах ёстой. Нөгөөх нь сүүлийн үед улс орнуудын гадаад, дотоод бодлогын зааг ялгаа илэрхий бүдгэрч байгаа явдал” гэжээ. 1990-ээд оны эхэнд эхлэл суурийг нь зөв тавьсан гадаад бодлогодоо дүгнэлт хийжээ. Гадаад дотоод бодлогын зааг ялгаа гэдгээр даяаршсан, харилцан хамааралтай ертөнцийг нэрлэж, тийм ертөнцөд Монгол Улс зөв тоглолт хийхийн чухлыг зааж өгчээ. Учир нь гадаад бодлого дотоод бүх бодлоготойгоо уялдсан, түүнийгээ гадаад орчноор бэхжүүлэхийг зорьсон, аюулгүй байдал нь дотоодоосоо үлэмж эрсдэлтэй болсныг хэлж байна.
Айлчлалын тооны тухай Сайд маань сонин харьцуулалт гаргаж иржээ. Ардчиллын жилүүдэд жилдээ 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол 2022 онд өндөр, дээд хэмжээнд 10 гаруй айлчлал хийсэн, үүнд хоёр хөрш, гуравдагч хөршүүдийн Гадаад харилцааны 6 сайдыг эх орондоо айлчлуулжээ. 2023 оны эхний хагас жилд бүр ч бахдам дүнтэй байна. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, Киргиз yлсын Гадаад хэргийн сайд, Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга тэргүүн хамба айлчилжээ.
Сайдын харьцуулалт гэлтгүй манай уншигчид өөрсдөө харсан мэдэрсэн дээд түвшний айлчлалууд ярайж байна. Төрийн гурван өндөрлөгийн түвшинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан (Самарканд, Узбекистан), НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад (Шарм Эль-Шейх, Египет) оролцож, БНХАУ, Японд Төрийн айлчлал хийж, 2023 он гарсаар ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хаан III Чарльзийг хаан сэнтийд залах төрийн ёслолд (Лондон) оролцжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Typк, БНСУ, Япон, ОХУ-д айлчилсан бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж, “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ёслолд уригдаж, Сингапурт айлчилж, Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт (Владивосток), ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан Хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслол (Лондон), Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд (Токио) оролцож, ХБНГУ, БНСУ-д айчлан, одоо БНХАУ-д дахин айлчилж, Зуны Давосын чуулганд оролцсон дүнтэй байна.
Төрийн гурван өндөрлөгийн түвшний хариу айлчлалуудыг дурдвал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга анх удаа Ерөнхийлөгчийн урилгаар айлчилж, 2023 он гарсаар Польшийн Ерөнхийлөгч, Францын Ерөнхийлөгч, Киргизийн Ерөнхийлөгч айлчилж, Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис айлчлах тов зарлагджээ. Мөн БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга, Канадын Парламентын Сенатын танхимын дарга, Унгарын Үндэсний Ассамблейн дарга, БНЭУ-ын парламентын доод танхимын спикер манай эх оронд айлчилжээ.
Манай Гадаад харилцааны сайд нэн идэвхтэй ажиллаж, гадаад айлчлалуудыг амжилттай хэрэгжүүлсэн дүнтэй байна. Тэрээр 2022 онд Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений 58 дахь бага хурал, Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт (Швейцарь, Давос), Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Сайд нарын хурал (Азербайжан, Баку), Дэлхийн эмэгтэйчүүдийн VI чуулган (Токио), 2023 онд Аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений 59 дэх бага хурал, мөн айлчилсан нь Узбекистан, Турк, БНХАУ, БНЧехУ, Словени, Саудын Арабын Хаант Улс гэж жагсаж байна. Эдгээр айлчлалууд мэдээж Монгол Улсын гадаад харилцаанд томхон хувь нэмэр, бодит алхам болсон ба хамгийн чухал нь, бүр онцлох нь дараахи арга хэмжээ болно. Дэлхий дахины Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад 20 орчим орны төлөөлөгчид ирж байгаагийн дотор хэд хэдэн Гадаад хэргийн бүсгүй сайд нар байна. Даян дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын клуб НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, Мюнхений бага хурлын үед албан бусаар ажиллаж ирсэн ба түүнийг албажуулж албан ёсны форум–институц болгож тогтмолжуулсан анхдугаар чуулга уулзалтаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт хийж байгаа нь Монгол Төрийн гадаад бодлогын нэг том түүхэн гавьяа мөн. “Феминист гадаад бодлого” ийнхүү Монголд, Азид анх удаагаа албажлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалтай холбогдуулан тэмдэглэхэд энэ 2022, 2023 онууд нь “Монгол ба НҮБ” гэсэн хүрээнд манай улс нэн идэвхтэй олон талт бодлого явуулсан онуудаар бүртгэгдэнэ.НҮБ-ын дээд дарга нар, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал цувралдан Монголд айлчилж, энхийг сахиулагч эмэгтэй цэргийн албан хаагчдын дэлхийн анхдугаар форум НҮБ-ын мандат дор манай эх орны нийслэлд чуулж, тэр тоолонгоор олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд мэдэгдэхүйц өслөө.
Сайдын тэмдэглэн хэлсэнчлэн гадаад бодлогын амин сүнс нь тэнцвэртэй харилцаа, энэ бол манай үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур багана, нөгөө нэг багана нь олон талт хамтын ажиллагаа бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг “энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйлсэд бидний оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг билээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд У.Хүрэлсүх оролцож, ерөнхий санал шүүмжлэлд үг хэлсэн. Даян дэлхийг хамарсан бүхий л асуудалд манай улс ямар байр суурь баримталж байна вэ гэдэгт иж бүрэн хариулт өгсөн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай явуулж ирсэн, цаашдаа ч тэгнэ гэсэн итгэлээ дахин нотолсон. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц, манай улсын цөмийн зэвсэггүй статус, Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанаас авахуулаад байгалийн гамшиг, нийгмийн халдварт өвчний эрсдэл, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хорогдол, цөлжилт, хөрсний доройтол, усны хомсдол, ган гачиг, “Тэрбум мод” гээд маш олон асуудлаар манай байр суурийг дэлхий дахинд хүргэснийг энд хэргээр тэмдэглэх зөв болов уу. НҮБ-ын 190 гаруй гишүүн улс орнууд дунд Монгол бол хүн амын тоо, эдийн засгийн нөөц бололцоогоороо жижиг улс. Гэтэл ийм жижиг улс энх тайванд ийм том санаачилга дэвшүүлж, түүнийгээ нотолж харуулна гэдэг нь өөрөө Монгол Улсын гадаад бодлогын нэг том ололт, улс орноо гадаад ертөнцөд сурталчлан таниулсан томхон алхам юм.
Жил хагасын гадаад харилцааны бүх ололтуудыг ганц нийтлэлд бүгдийг багтаах боломжгүй тул дүгнэлт хэлбэрээр нийтлэлээ дуусгая. Хоёр талын харилцааны олон айлчлалууд хэрэгжилтээ хүлээж байна. Монголын Төр гадаад бодлогоо цэгцтэй, зорилготой явуулж гадаад таатай орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны олон шинэ боломжуудыг нээж, түүнийгээ хоёр талын харилцааны эрх зүйн баримтбичгүүдээр баталгаажууллаа. Стратегийн ба Иж бүрэн стратегийн түншлэлүүдээ шинэ шатанд гаргаж байна. Стратегийн түншээ нэмэх чиглэлээр ажиллаж байна. Эдүгээ ийм статустай 6 улс гүрэн байгаагийн дотор Иж бүрэн стратегийн түнш Орос, Хятад, стратегийн түншлэлээ тусгай хэмээн шат ахиулсан Япон, мөн АНУ, Энэтхэг, БНСУ байна. Үүн дээр Франц нэмэгдэх нь 2023 оны гадаад харилцааны түүхэн алхмын нэг байх болно.
Олон улсын харилцааны амаргүй нөхцөлд, дэлхий шинэ “Хүйтэн дайн”-ыхаа хуваагдлын үед ийнхүү зовж бүтээсэн гадаад харилцаагаа эрхэмлэн зөв оновчтой ашиглан улс орныхоо хөгжил дэвшлийг хангах нь Монголын нийгэм-олон нийт, тэр дундаа бизнес-эдийн засгийн салбарынхны эрхэм зорилго байгаасай билээ.
“НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030” гэх түүхэн баримт бичгийн заалтуудыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор “Тогтвортой хөгжил 2030”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр эх орондоо нэмэр болох гадаад бодлогоо Монголын Төр тууштай явуулсаар байх болтугай!