Аль ч нийгэмд хүмүүсийн нэг хэсгийг эрх мэдэл, эд баялгаар тэтгээд нөгөөг нь доройтуулан эрхшээх "хүч" үйлчилж байдаг. Энэ хүчтэй тэмцсэнээс өөрийгөө нийгмээс тусгаарлан ганцаар алга болох нь хувь хүмүүст хавьгүй амар билээ. Гэсэн хэдий ч олон хувь хүн энэ амар замыг сонгохоос илүүтэйгүүр өөр хоорондоо ойлголцон нэгдэж, ашиг сонирхлыг хэрцүүлсэн дүрэм тогтоон энэхүү хүчийг хязгаарлан бүгдийг тэгш байлгах хуулийг бий болгосон. Тэдний бий болгосон тэр хууль өөрсдийнх нь эрх чөлөөг хамгаалж, засгийг хязгаарлах зорилготой.
Чезаре Беккариа
Хуульчид бүү уншаарай гэх сануулгатай "Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн" нийтлэлийг уншсанаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд уг нийтлэлийг бичигчтэй үзэл бодлын хувьд өөр байр суурьтай байгаа тухай нэг бус удаа ярилцаж билээ. Тэгэхэд миний хувьд зүгээр л үзэл бодлын яриа болоод өнгөрлөө гэж бодогдож байв. Харамсалтай нь би буруу бодож байж. Түүний насны, мэдээлэл сайтай ч хандлага нь өөрчлөгдөөгүй хүнтэй зүгээр ярилцсан гэж бодож болохгүй бололтой. Тэд асуудлын үндсийг хайхаасаа илүүтэй хэн хэлж байна гэдгээр хардаг аж. Тэгээд болоогүй өөрийгөө өндөрт өргөөд бусдын дээрээс насныхаа зангарагаар харахыг хичээхдээ, төрөхдөө л тийм төрчихсөн мэт ухаантай царайлж, би л ганцаараа бүхнийг мэдэгч гэх дүрээр өөр бусдад өширхдөг юм байна. Арга ч үгүй биз дээ суралцаж хүн болсон он жилүүд нь нэг үзэл, нэг хувь хүнийг шүтэх суртал дунд өнгөрч, мэдлэг гэдэг хүний сонголт гэхээс тулган хүлээлгэдэг гэх ойлгоц дотор байсан юм чинь. Өөрөө тэр хандлагаа шүүмжилж байна гэж бодовч үнэн чанартаа өөртөө түүнийг хадгалж яваагаа ойлгохгүй, тэгээд бас болоогүй шинэ бүхний эзэн болох гэж тэчьеэлдэх нь үнэн өрөвдөлтэй шүү.


Орчин цагт хамгийн тэнэг байж болох "хүн ёс суртахууны амьтан уу, хуулийн амьтан уу" гэх хооронд нь харьцуулж утга гаргаж боломгүй асуултыг өөртөө тавьчихаад, хариултыг нь зөвхөн хоёр туйлт сэтгэлгээгээр харж аль нэг нь байх ёстой гэж мунгинахдаа "формаль логик"-ыг туйлчлан, үүнийгээ сэтгэлгээний соёл гэж ирээд л дүрэмдэх нь ёстой л философич хүний зан байх. Бас тэгээд болоогүй түүнийгээ сониноор дамжуулаад хичээл болгоод заачихна гээч.

Би тийм мундаг философичийнх нь түвшинд маргаж, сониноор хичээл зааж чадахгүй ч "формаль логик"-оос "хувьсах логик" руу шилжчихсэн сэтгэлгээтэй, плюраль нийгэмд амьдрах гэж оролдож, энэ нь бидний чөлөөт гэж нэрлэж буй нийгмийн үндсэн тулгуур болж байгаа гэдэгт итгэдэг хуульч. Дээр нь би дан ганц үзэл санааны эргүүлэгт биш амьдралын бодит зарчмуудад үнэ цэнэ өгч "бодлого" судлах дуртай жирийн нэг судлаач. Тэр дундаа "формаль логик"-оосоо илүүтэй, "хувьсах логик" нь бидний Либертари гэх үзлийг хамгийн тууштай дэмжин үндэслэдэг гэдгийг бас ухамсарладаг нэгэн. Тиймдээ ч энэ нийтлэлийн эхэнд иш татсан Беккариагийн үг лугаа "нийгмийн гэрээний онол"-д итгэдэг эрх чөлөөт хүмүүсийн нэг.

Мэдээж хэрэг хүн бүрийн эрх чөлөөтэй хамаатай хууль нь хэн нэгэн хэтийдсэн ухаантан эс бөгөөс амьдралын их туршлагатай, сайхан сэтгэлтэй, дээр нь хуульч мэргэжилтэй цөөн тооны хэдэн хүний оюун бодлын үр дүн төдий зүйл байж болохгүй гэдгийг би ойлгодог. Асуудлыг иргэнд гэхээсээ эрх мэдэлд зориулж хардаг улс төрчдийн явцуу бодлын үзүүрт энэ хууль бичигдэж бүр ч болохгүйг мэдэж байна. Түүхийг сөхвөл "угтаа чөлөөт хүмүүсийн ойлголцол, гэрээ байх ёстой хууль хэдхэн хүний хүсэл зоригийг илэрхийлж, эсхүл түрхэн зуурын шалгүй хэрэгцээнд зориулагдаж ирснийг олноор харж болно" гэдэгтэй санал нэгдэнэ. Одоо ч ийм дүр зураг Монголд бидний нүдэнд ил харагдсаар байна. Гэхдээ энэ нь хууль огт хэрэггүй гэх үзэл рүү биднийг аваачина гэдэгт би итгэдэггүй.


Хуулийг хууль шиг байлгахын тулд зохиомол, хиймэл дүрэмдэлтээс илүү амьдралын үнэн, иргэний ухаалаг байдлыг олж харах их чухал. Харамсалтай нь хуультай холбоотой хүмүүс дийлэнхдээ амьдралын хуулийг ойлгож, иргэний байдлыг хүндэтгэхээс илүүтэй "төр"-ийн хүсэл, хувийн үзэл бодлоо хууль болгон зохиож, бусдад тулгах гээд байх нь түгээмэл байгаа. Үүнээс шалтгаалж хуульчдыг, улс төрчдийг шүүмжилсэн хүмүүсийн байр суурьтай би нэгдэнэ. Гэхдээ хуулийг ор тас үгүйсгээд зогсохгүй «жаахан хүүхэд нүдээ аниад "мангаа" байхгүй» гэдэг шиг засгийг зүгээр л мартчихвал, улс төрийг зүгээр л нулимчихвал хувь хүний амьдралаас тэд алга болчихно гэж боддог хүмүүсийн хувь үзэлтэй яавч нэгдэж чадахгүй нь. Тэгээд Либертари үзлийн нэрийн дор энэ үзлээ орогнуулж, хувь хүмүүсийн эрх чөлөө, улс төрийн оролцоог хулгайлцан, төрийг "хазаар"-гүй үлдээх тэдний харалган романтизмыг мөн дуугуй хараад суумгүй байна.

Түрүүлээд хэлчихэд хуулийг үгүйсгэн цэцэрхэгчид өөрсдөө бас "романтик хортон" болж хамгаас үзэн зэвүүцдэг төрийнхөө хаанчлалд аятайхан зам тавьж өгч буйгаа ойлговол зүгээр л байх. Хязгаарлагдмал засаг тогтоох гэж ядан буй хуулийг үгүйсгэн хувь хүний эрх чөлөөг хуулийн хамгаалалтгүйгээр төрийн идүүрт үлдээж, хоосон бясалган, цэцэрхэж байхынхаа оронд олон нийтэд мэдлэгийнхээ үр шимийг хүртээн, өөртөө өмчлөөд байгаа үзэл баримтлалынхаа бас нэг зарчим болох "Өөр хүнд биш, хуульд захирагддаг хүн л эрх чөлөөтэй" гэдгийг санах хэрэгтэй л болов уу. Либертари үзэл Монголд хэн нэгний шошго нь бас бусдаас ухаантай болж харагдах гэсэн тэчьеэлийн хэрэгцээ нь, хоосон цэцэрхэл, бясалгалынх нь зугаа төдий зүйл биш байгаасаа гэж би хувьдаа хүсдэг.


Хуулийн тухай

Ухамсарт эргэцүүллийнхээ ачаар хүмүүс сэтгэн бодох, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ өдөр ирэх тусам мэдэрч байна. Гэхдээ энэ нь хувь хүн ганцаар амьдрах ёстой, эрх чөлөөний хэрэгцээнд эзэнгүй арал л тохирно гэсэн хэтийдлийг зөвтгөж чадахгүй. Эзгүй арал дээрх амьдрал дарангуйлал, боолчлолын амьдралаас хавьгүй илүү аюулгүй гэдгийг би ойлгож байгаа хэдий ч энэ анархист байдал буцаад нийгмийг муйхар, хар хүчний ноёрхолд автуулах бүрэн бололцоотой гэдгийг бас төсөөлж байна. Яг үнэнийг хэлэхэд анархи байдлаар хэвийн амьдарна гэдэг тухайд би философичдоос илүүг даанч мэдэхгүй юм. Тэгээд энэ зарчим нь бүх хүнд ёс суртахууны тусламжтайгаар бэхжинэ гэдэг бүр ч ойлгомжгүй санагдаж байна. Харин ойлгож болоод байгаагаар нь Айн Рэндийн бичсэн "Анархизм бол улс төрийнхөө утгын хувьд гэнэн бөгөөд ойлголт муутай хийсвэрлэл. Төрийн удирдлагагүй нийгэм анхны таарсан гэмт хэрэгтний атганд орж, хувь хүмүүс өөртөө эрх чөлөөтэй гэж хэлж байвч бодит байдалд байнгын биеийн хүчирхийлэлд өртөх болдог" гэх үгийг энд иш татая. Ингэж бичсэнээрээ Айн Рэнд бас софт-стэйтист болчихгүй байх. Ер нь либертари үзэлтнүүд төрийг бүрэн үгүйсгэдэггүй төдийгүй тийм байгаагаараа софт-стэйтист гэж хэлэгддэггүй.

Стэйтист гэснээс төрийн жинхэнэ үүргийг хүн төрөлхтөн саяханаас мэдэж авсан билээ. Энэ бол тун саяхны, ердөө л 300 хүрэхгүй жилийн өмнөх амжилт бөгөөд үүний төлөө бид "нийгмийн гэрээний онол"-ыг боловсруулагчид болон Америкийн Үндсэн хуулийн "эцгүүдэд" баярлах учиртай. Тэд чөлөөт нийгмийн зарчим, мөн чанарыг тодорхойлоод зогсохгүй, басхүү амьдралд хэрхэн хэрэгжүүлэх аргыг боловсруулсан. Чөлөөт нийгэм лидерүүдийн "буянт зорилго"-ын ачаар, тэдний хүслээр эсхүл зүгээр л тохиолдлоор бий болчихдоггүй. Чөлөөт нийгмийн бий болгож, чөлөөт чигээр нь байлгахын тулд бодит зарчмууд дээр үндэслэгдсэн тун нарийн төвөгтэй ч эрх чөлөөнд хамгийн ойр байж чадах, гэхдээ ямарваа түшмэлийн дур зорго, хувь хүний ёс суртахууны адайрлаас хамаардаггүй, дарангуйллыг төрүүлэх ганц ч нүх сүвгүй хуулийн тогтолцоо нэн хэрэгтэй. Чухамхүү ийм шалтгаанаар төрийн үйлдэл хатуу тодорхойлогдсон, нэг бүрчлэн илэрхийлэгдсэн, чанд хязгаарлагдсан байх шаардлагатай болдог. Товчхондоо төр өөрийн гэсэн хүсэл зориггүй эрх чөлөөний "манаач" байх ёстой ба тэр манаачийг эрх чөлөөт хүмүүс хуулиар л манаж чадна.