Мэргэжлийн өвчин
Бид улс эх орныг амжилттай хамгаалж нэгэнт дуусгаад, одоо салбар, салбараа хамгаалах дайнд орж байна. Ёстой ариун дайн.
-фельетон-
Бид улс эх орныг амжилттай хамгаалж нэгэнт дуусгаад, одоо салбар, салбараа хамгаалах дайнд орж байна. Ёстой ариун дайн.
Жишээлэхэд, Эрүүл мэндийн сайдаар Шийлэгдамба, (шийлэгжамбал ч бил үү) гуай томилогдсныг эмч нар эсэргүүцэж, энэ салбарыг эмч хүн удирдах учиртай гэж үзсэн мэдээ уншлаа. Ямар ч байсан Шийлэгдамиран (Шийлэгжаргал гэл үү) эмч биш юм байна.
Мэргэжлийн хүн л салбараа удирдах сайхан цаг (ямар, цөвүүн цаг гэлтэй биш)ирж байна. Ер нь иргэн хүн эх орноо хамгаалдаг шиг, салбарын хүн салбараа хамгаалж, харийн мэргэжилтэн ороод ирэхээс сэргийлэх нь зөв. Хүний биед гадны биет ороод ирэхээр өвддөг гэдгийг эмч хүн л хэлж өгөхгүй бол хэн хэлэх билээ. Эрүүл мэндийн яаманд орж ирсэн гадны биет-сайдыг эсэргүүцсний учир энэ ажгуу.
Харин өнөө Шийлэгсайд (нээрээ жинхэнэ нэр нь энэ байх шүү) болохоор хүний биед гадны биет л орохгүй бол үржиж, өсөхгүй гэж тайлбарлаж, дорхноо мутацид ороод өмнөхүүдийнхээ өрөөсөн болно гэж амлавч тоохгүй байгаа гэлцэнэ.
Түүнчлэн, олон түмэн маань эмч нарынхаа саналыг дэмжихийн зэрэгцээ өөрийн гэсэн хувилбарыг дэвшүүлж байна. Өвчтөнүүд болохоор салбараа сайн мэддэг эмч хүн Эрүүл мэндийн сайд болохыг дэмжихийн зэрэгцээ “10-аас доошгүй жил ужиг өвчинд нэрвэгдсэн, хоёроос багагүй тооны апираас хийлгэсэн, өвдөх туршлагатай нэгэн” байх хатуу шаардлага тавьж, чингэхгүй бол эмчилгээгээ хаяж, тарилгаа тасална хэсээн заналхийлжээ.
Энэ салбарт анхаарч үзэхээс өөр аргагүй олон санаачилга гарч байгаагийн дотор “Мооргийн даргаар салбараа сайн мэдэх, нас барж байсан туршлагатай хүн” томилуулах гэхчлэнгийн урьд хожид дуулдаагүй зүйлс бишгүй.
Мэргэжлийн өвчин ганцхан салбарт өрнөөд ч байгаа юм биш. Хөдөө аж ахуйн салбарыг хөдөөний хүн удирдах учиртай гэдэг нь буруутгах аргагүй санал. Мал аж ахуйг малчин хүн л толгойлох учиртай гээд салбарын сайдаа сүргийн бэлчээрээс сүрхий эрж байж. Гэтэл амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн “Малыг мал явж үзсэн малаар нь маллуулна” гэж зүтгээд учир замбараа алдуулчих шиг.
Дашрамд дурьдахад, манайх шиг “мал сүрэг л төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуультай улсад “малыг юу хамгаалж байна, тэр төр мөн”, “Юу төрийн хамгаалалтад байна тэр мал мөн” болж таарна. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав төрийн тусгай хамгаалалтад байдгийг юу гэж тайлбарлах болж байна.
...Архи, согтууруулах ундааны үйлдвэрийг архичин хүн толгойлох цаг ирнэ ээ гэсэн яриа эрүүлжүүлэх байранд өрнөсөн нь яавч тоглоом биш гэлтэй.
Хүчний байгууллага ч салбараа хамгаалах дайны хөлд бужигнаж байна. Сөрөг тагнуулын газрыг сөрөг талаа сайн мэдэх дайсны тагнуулаар удирдуулахаас санаачилгаас эхлээд...
Хорих байгууллагын удирдах газрын даргаар өөрийн салбарын хүнээ томилуулах гэсэн хүмүүжигчдийн хүсэл хийсвэр зүйл огт биш. Тэд “жирийн хоригдлоос шоронгийн дарга болтлоо дэвшсэн” нэгнээрээ бахархаж байхыг хүсэх нь зүй.
Тахарын алба ч энэ сайхан хөдөлгөөний гадуур үлдэмгүй. Дор хаяж хоёр ч удаа хэргийн газраас зугтааж чадсан, гурваас доошгүй ял завшсан, салбараа мэдэх хүн байх ёстой гэж оргодлууд өөрснөө ярьж байсан гэнэ.
Байгаль орчны Яамыг байгаль орчин сайтай газар лүү нүүлгэхээс эхлээд, Гадаад явдлын яамны сайдыг болж өгвөл гадаадын явдалтай хүнээр, арга ядахад гадаад хүнтэй явдаг хүнээр томилохыг оруулаад, эмэгтэйчүүдийн зүгээс хүйсийнхээ салбарыг сайн мэдэх, жирэмсэлж үзсэн хүнийг л өрхийн тэргүүнээр ажиллуулах сонирхолтойг харгалзан өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлээд явах гэхчлэнгийн шийдлүүдийг өнөө маргаашгүй эхлүүлсэн ч болмоор байна.
Бас төрийн тусгай хамгаалалтын албаны даргын гэрийг тусгай хамгаалалттай газар нутагт барихаас авахуулаад төрийн хамгаалалтад байх хуультай мал сүргээ их тэнгэрт бэлчих эрхийг нь хангах гээд хүлээгдсэн ажил ч бишгүй.
Бидний эх орноо хамгаалах нөр ажил дуусч, салбар, салбараа аврах илүү нарийн түвэгтэй дайн эхлээд амжилттай урагшилж байна. Яг л эдийн засгаа хамгаалаад дуусгасан шигээ дуусгаж таарна.
Гэвч, ганц нэг бэрхшээлтэй зүйлсийг ч нуугаад яах вэ? Ухаандаа, МИАТ-ын захирал нисдэг хүн байх ёстой, Даландавхарын чимээгүй хотын даргыг дотроос нь сонгох гэхчлэнгийн амаргүй зорилтууд мэр сэр байх нь байгаа.