Нүдний булай
Аливаа улс орон, үндэстэн хөгжиж, хүчирхэг болохыг хүсэж байгаа бол эрүүл мэнд, боловсрол хоёрыг бүхнээс чухалчлах учиртай. Энэ хоёрт л хамаг хөрөнгө мөнгө, анхаарал халамжаа зарцуулах ёстой.
- Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ
- Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ?
- Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм
Манайхан нүдний булай болж ер ханахгүй юм гээч. Манайхан гэж эрх баригчид хийгээд тэднийг тойрсон хүрээллийнхнийг хэлж байгаа болохоо тодотгосу. Ичгүүртэй, шившгийн үйлдэл үйлдэж, тэр нь бусдад ил тод болохыг нүдний булай боллоо гэж монголчууд хэлдэг. Бодохоос харамсал төрж, бухимдал оволзоно. Магадгүй эл өгүүллийг минь уншаад таны ч бухимдал асах вий. Ийм байдалд оруулахыг би л лав хүсээгүй юм шүү гээд өгүүлсү. Өнгөрсөн оны хавар тодруулбал, дөрөвдүгээр сарын 1-нд манай улсын эрх баригчид жирийтэл эгнэн сууж байгаад нэгэн чухал үйл явдлын гэрч болцгоож, сүр дуулиан ихтэйгээр нээлтийн ёслол хийж байсныг нийслэлчүүд тэр тусмаа эмч, эмнэлгийн ажилтнууд сайн санаж байх ёстой. Тэр үед монгол хүн бүр машид баярлаж байсан билээ. Учир юу гэвэл, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад анх удаа дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийг барьж байгуулан бүрэн тоноглоод нээлтээ хийсэн нь тэр. Гэтэл ийнхүү нээлтээ хийснээс хойш нэг жил ч болоогүй байхад манай нөхдүүд тус эмнэлгийг булаацалдаж, өвөр хоорондоо нохой шиг хэмлэлдлээ. Үр дүнд нь эл эмнэлгийн үйл ажиллагаа бүрэн зогсож, улмаар хаагдаж байгаа юм байна. Бодоод үз дээ. Японы Засгийн газар, ард түмэн бидний төлөө санаа тавьж, 210 тэрбум төгрөг гарган хамгийн орчин үеийн, япон стандарт үйлчилгээтэй эмнэлгийг бариад өгч байхад, бид жил ч ажиллуулж чадахгүй, булаацалдан үйл ажиллагааг нь зогсоон хааж байгаа нь туйлын арчаагүй бөгөөд бусдын нүүр харамгүй шившиг тэгээд биш гэж үү. Баянзүрх дүүрэгт буюу Амгалан дахь Ботаникийн хүрээлэнгийн цэцэрлэгт баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрлөөр жилд дунджаар 11,000 гаруй хүнийг хэвтүүлэн, эмчлэх боломжтой. 4,800-5,200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24, оношилгооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь л гэхэд хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг байлаа шүү дээ. Хамгийн гол нь Японы тал тус эмнэлгийн зураг төслөөс нь эхлээд бүгдийг гардан хийсэн байдаг. Одоо тэгээд япончуудын нүүрийг манайхан хэрхэн харах юм бол оо? Байдгаараа ширэн нүүрлэж эмнэлэгтэй болгож өгөөч гэж хөсрий царайлан гуйчихаад, нэг төгрөгийн ч зарлагагүйгээр эмнэлэгтэй болонгуутаа өөр хоорондоо булаацалдан дэлхийгээр нэг булайгаа дэлгэх гэж. Үүнээс хойш гаднынхан, тэр тусмаа япончууд бидэнд тусална гэж үү, ёстой гонж биз дээ.
Аливаа улс орон, үндэстэн хөгжиж, хүчирхэг болохыг хүсэж байгаа бол эрүүл мэнд, боловсрол хоёрыг бүхнээс чухалчлах учиртай. Энэ хоёрт л хамаг хөрөнгө мөнгө, анхаарал халамжаа зарцуулах ёстой. Гэтэл Монголд эсрэгээрээ. Хамгийн бодлогогүй, төлөвлөлтгүй, жинхэнэ дампуу салбар нь эрүүл мэнд, боловсрол болсон доо. Энэ бол гүтгэлэг огт биш. Улс, үндэстний хамгийн эрхэмлэдэг энэ чухал салбар манайд өнөөдөр ямар царайтай болчихоод байгааг уншигч авхай нар маниасаа илүү мэднэ л дээ. Японы ард түмнээс бэлэг болгосон эмнэлгийн хувь заяа цаашдаа хэрхэхийг бүү мэд. Яагаад манай сайд, дарга нар ичиж эмээхээ больчихсон байдаг юм бэ? Монголын ард түмэнд зориулсан эл эмнэлгийг хувийн болгох гэж булаацалдах эрхийг тэдэнд хэн өгсөн юм бэ? Анх энэ эмнэлгийг бариулах гэж 2013 оноос эхлэн бүхий л ажлыг хөөцөлдөж нугалсан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ынхан ажлаас нь үндэслэлгүйгээр халж, (хоёр шатны шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн шийдвэр гаргасан байдаг) Ж.Цолмон гэх эмэгтэйг тус их сургуулийн захирлаар томилсноор Монгол-Японы сургалтын эмнэлгийг луйвардах ажиллагаа эхэлсэн аж. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад эмнэлгийн зориулалтаар барьсан барилга байгууламж нэг ч байдаггүй байсныг энэ асуудлаас болж мэдэж авлаа. Тэгээд анх удаа эмнэлгийн зориулалтаар барьсан эмнэлэг нь сайд дарга нарын булаацалдаад байгаа энэхүү сургалтын эмнэлэг юм байна. Аль ч улс орны Анагаахын их сургууль дэргэдээ сургалт, дадлагын эмнэлэгтэй байдаг. Энэ эмнэлэг нь тухайн улсдаа тэргүүлэгч, иргэдэд эмнэлгийн дээд зэргийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч хүнийг бэлтгэх сургалт, анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын төв-цогцолбор болж явдгаараа асар ач холбогдолтой байдаг. Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсэж оролдоод чадаагүй юм. Нэлээд хэдэн жилийн өмнө АШУҮИС-ийн харъяа сургалтын эмнэлэгтэй болохын даваан дээр аанай л улстөрчид, тухайн үеийн салбарын сайдын оролцоотойгоор эмнэлэг барих газрыг нь хувь компанид худалдаж, зараад “будаа” болгосон түүх бий. Тэрхүү эмнэлгийн суурин дээр боссон “Сонгдо” хэмээх хувийн эмнэлгийн түүхийг сөхвөл цаана нь монгол хүний эрүүл мэнд, эрх ашиг хохирсон ноцтой явдал байдаг юм. Тэгвэл энэ удаа дээрхтэй төстэй дээрэм, луйвар Монгол-Японы сургалтын эмнэлгийг зогсоож, эзэнгүй балгас болгоход хүргээд байна. Энэ эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм билээ. Гэтэл тэдний энэ нөр их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэж зүтгэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах болох нь дээ! Анх энэ эмнэлгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй Засгийн газрын тогтоол гарч, АШУҮИС-ийн эмнэлэгт зориулсан төсвийг жил бүрийн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт суулгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг болгосон юм билээ. Гэвч энэ тогтоол хэрэгжээгүй юм. Япончууд эмнэлэг бариад өглөө. Мэдээж бид үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл үйл ажиллагаанд зориулсан 19 тэрбум төгрөгийг БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн танил барилгын нэг компани аваад юунд ч юм зарцуулсан гэдэг. АШУҮИС нь Эрүүл мэндийн яаманд бус БСШУСЯ-нд харъяалагддаг билээ. Гэтэл япончууд эмнэлэг барьж өгсний дараа ЭМЯ буюу Д.Сарангэрэл сайд уг эмнэлгийг өөрийн яамны харъяанд хүчээр оруулан нэг ёсондоо “дээрэмдсэн” аж. Ингэхдээ АШУҮИС-ийн захиралд “Сургуулиа манай яамны харъяанд оруулчих. Тэгвэл төсөв санхүүжилтыг чинь шийдэж өгч чадна” хэмээн дарамталсан байдаг. Япончууд буцаад арван сар болоогүй байхад ийнхүү манайхан эмнэлгийг булаацалдан үйл ажиллагааг нь зогсоогоод байгаагийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн уг эмнэлгийг “Сонгдо” эмнэлгийн жишгээр хувьдаа завших гэсэн оролдлого байна уу гэсэн хардлага төрж байна. Дахиад анхааруулъя. Үнэхээр шившигтэй бөгөөд ичгүүртэй санагдаж байна. Япончуудын бариад өгсөн Их сургуулийн эмнэлэг нээлтээ хийгээд л хаалгаа барих дээрээ тулжээ. Яагаад эл эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, цалин, урсгал зардал зэрэг зайлшгүй төсвийг улс даачихаж чадахгүй байгаа юм бэ? Энэ байтугай төсөв мөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах ёстой биш үү. Эцсийн эцэст монгол хүн хохирч үлдэх нь байна. Монголчууд шившиглэгдэх болж байна. Эрүүл мэндийн салбар болж бүтэхгүйгээрээ дуудуулсаар байх нь салбарын удирдлагуудад нь сайхан санагддаг гэж бодож лав зүрхлэхгүй юм даа. Нүдний булай болно гэж үүнийг л хэлээд байгаа юм.