Саппоро-си буюу 札幌市 гэсэн дүрс үсгээр тэмдэглэгдсэн Японы 5 дахь том хотод саатлаа. 


Хоккайдо мужийн төв. Цас мөсний орон, 1972 оны Өвлийн олимпын нийслэл, Азийн өвлийн олимпын гурван удаагийн (1986,1990, 2017 он) нийслэл, халуун рашаануудын эх ундарга, цасны их наадмын төв, мөсөн хотхон, өөр янз бүрийн тодорхойлолт нэмж өгөөд байвал нэг нийтлэл дүүрчихээр юм. Энэ хотод ердөө хоёрхон сая хүн оршин суудаг боловч эдийн засаг, аж үйлдвэр, нийгэм-соёл, спортын лут хот оршиж байх шиг.  


Саппорогийн мөсөн хотхоныг үзэхээр нэг дор 2 сая зочин гийчин жуулчин цуглардаг гэхлээр туризмын нэг том төв бололтой. Олон улсын сүрлэг нисэх буудалд нь гадаадын онгоцууд минут тутам газардаж хөөрч харагдана. Зочид буудлууд нь гадаад зочдоор дүүрэн. Тэд мөсөн хотхон, хотын түүх дурсгал, умард нутгийн өвөрмөц хоол, халуун рашаан гэсгээд буцацгаана. Зарим нь цанын бааз явдаг гэж байна.  


XIX зууны дунд үеийг хүртэл энэ хавьд япон хүний хөл бараг гишгээгүй, нутгийн айна гэх үндэстэн аж төрж байсан гэх мэдээ буй. Эдогийн эрин үеийн төгсгөлд буюу 1866 онд Саппоро гэх тосгон байгуулагдсан, нэр нь айна нарынхаар бол "Хуурай их гол" буюу сат поро пет гэсэн үг аж. 


Саппоро хотын байгуулагдсан нь албан ёсоор 1868 он. 1968 онд 100 жилийнхээ ойг сүрлэг тэмдэглэсэн. 

1937 онд Саппорог Өвлийн олимпын нийслэлээр нэр дэвшүүлж, 1940 оны Өвлийн олимпыг хийхээр шийдэж байтал япон-хятадын дайнаас шалтгаалан цуцлагджээ. Өвлийн Олимпын нийслэл болох хүсэл нь 1972 онд дөнгөж хэрэгжсэн байгаа юм. Ийм нэг хотод зочлон саатсан түүхийн гэрэл зургийн цомогтой үргэлжүүлэн танилцана уу.