УИХ 2021 оны төсвийн хэлэлцүүлгийг хийж буй энэ өдрүүдэд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн байдал хийгээд түүний үр дагаврын тухай...



-Засгийн газраас өргөн барьсан 2021 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Эдийн засагч хүний хувьд ирэх оны төсвийн төслийг хэрхэн үнэлж, дүгнэж байна?

-Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болжээ. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдлыг хэт өөдрөгөөр харж. Экспортын гол бүтээгдэхүүнүүд болох нүүрс, зэсийн үнийг өөдрөгөөр тооцсон байна. Энэ нь төсвийн зарлагыг өндөр байлгах боломжийг бий болгодог. Хоёрдугаарт гадаад өрийн эдийн засагт эзлэх хувийг бага харагдуулахын тулд эдийн засгийнхаа суурь өсөлтөө хэт өөдрөгөөр харсан юм уу гэж ажиглагдсан.

Ковидоос шалтгаалаад дэлхийн улс орнуудын төсвийн орлого их хэмжээгээр буурч байгаа. Түүндээ нийцүүлээд төсвийн зарлагаа ч гэсэн бууруулж байна. Манай улсын хувьд ч төсвийн орлого буурч байгаа. Гэтэл эсрэгээрээ төсвийн зарлагаа өсгөөд явж байна. Товчхондоо орлого, зарлага нь хоёр тийшээ алцайсан тийм л төсөв болсон байна.

-Өнгөрч буй оны хувьд ч гэсэн төсвийн алдагдал маш өндөр гарсан биз дээ?

-2020 оны төсвийн тухайд Засгийн газар “Төсөвт тодотгол хийхгүй” гэж олон удаа мэдэгдэж байсан. Гэтэл сонгуулийн дараа чимээгүйхэн тодотгол хийгээд явсан. Таван их наяд төгрөг буюу Чингис бондын хэмжээний алдагдалтай, Монгол Улсын түүхэнд байгаагүй төсвийн тодотгол болсон. Ирэх онд ч гэсэн үүнийгээ үргэлжлүүлээд явах юм байна. Гадаад өр бол овоо өсөх байх. Яагаад гэвэл төсвийн энэ их алдагдлыг өрөөр л хааж байгаа шүү дээ. Уг нь төсвийн бодлогын эцсийн эзэн нь хувийн хэвшил байдаг. Тиймээс хувийн хэвшилдээ ээлгүй төсөв болсон байна.

-Тодруулбал?

-Төсвийн алдагдал ихсэхээр энэ зардлыг мөнгөжүүлэх хэрэгтэй болно. Зардлыг мөнгөжүүлэхээр ам.долларын ханш өсөөд, төгрөгийн ханш унадаг, юмны үнэ өсдөг. Энэ үед Монголбанк илүүдэл мөнгийг зах зээлээс татахын тулд бонд гаргаад зээлээ хумьчихдаг. Ингээд хувийн хэвшил мөнгөгүй болж байгаа юм. Бүх юм бартер (бараа солилцоо) руу орчихлоо шүү дээ. Хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байна. Банкнуудын зээлийн өсөлт ковидоос ч өмнө буурчихсан байсан. Одоо дахиад буурахаар болж байна. Мөн төсвийн алдагдал ба гадаад өрийн өсөлт нь манай үндэстний зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлнө. Европын холбооны хар жагсаалт ба зээлжих зэрэглэлээс болж гаднаас хөрөнгө оруулах ч хэцүү болж. Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчноо, өргөн утгаараа эдийн засгаа боомилсон, ажилгүйдлийг өсгөсөн төсөв болж байна.

-Төсвийн ба мөнгөний бодлогууд хоорондоо уялдахгүй байна гэж зарим гишүүн УИХ дээр шүүмжилж байгаа харагдсан. Энэ талаар таны бодол?

-Үндэслэлтэй шүүмж. Төсвийн алдагдлыг дагасан инфляцийг бууруулахын тулд төв банк зээлээ хумьж байна. Төв банк яаж ийж байгаад үнийн өсөлтийг барих замаар “үүргээ гүйцэтгэнэ”. Сангийн яам ч тэр, төсвийн алдагдал өндөр байх нь эдийн засагт тустай гэсэн үлгэрээ ярина. УИХ болохоор “ард түмэнд ээлтэй” гэж хэлээд хоорондоо асар зөрчилтэй бодлогууд батална. Ингээд Сангийн яам, төв банк, УИХ гурав бол ажлаа хийчихэж байгаа юм. Ийм зөрчилтэй, зах зээлийн хямраасан бодлогоос эдийн засагт учирч байгаа хор хохирлыг нь хувийн хэвшлүүд л үүрч байна.

УИХ төв банкны тухай хуулийг батлахдаа “хоёр эхнэртэй хууль” адил ойлгомжгүй бантан хутгаад хаячихсан юм. Төгрөгийн дотоод ханш ба гадаад ханш хоёрыг нэгэн зэрэг тогтоон барих боломж манайх шиг нээлттэй жижиг эдийн засагт боломжгүй. Ядуу, сульдаатай нөхөр цамаан нь дэндсэн хоёр залуухан эхнэрийг зэрэг хайрлаад жаргалтай байлгаж чадах нь юу л бол. Яг үүн шиг манай УИХ-ын поп гишүүд төв банкны хуулийг анхнаасаа утгагүй баталж өгсөн. Тэгээд жил бүр мөнгөний бодлого хэлэлцэх үеэр шал худлаа попорч мэдэмхийрдэг нь инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй.

-Ажилгүйдлийг өсгөж байгаа бас нэг зүйл хавтгайрсан халамжийн бодлого гэж ярьсаар байсан мөртөө хүүхдийн 100 мянгыг үргэлжлүүлэхээр болчихлоо?

-Хүүхдийн мөнгийг их хэмжээгээр, хавтгайруулж өгч байна. Энэ нь өөрөө инфляцийг өсгөх, ажилгүйдэл, ядуурлыг өдөөх бас нэг хүчин зүйл болж байна. Аав, ээжийг нь ажилгүй болгочхоод хүүхдэд нь 100 мянгыг өгнө гэдэг бол түр зуурын аргацаасан зүйл. Тэгээд ч эх үүсвэргүй мөнгө. Энэ мэтээс болж гадаад өр маш ихээр нэмэгдэж байна. Ядаж байхад, Монголд сүүлийн үед бүтээмж их буурч байна. Бүтээмж буурахаар чанартай ажлын байрууд үгүй болдог. Залуучууд түр зуурын биш, байнгын ажлын байрыг хүсдэг. Ядаж л моргейжийн зээлд хамрагдах бололцоотой, нийгмийн даатгал төлдөг, баталгаатай ажлын байрыг сонирхоод байдаг. Гэтэл гадуур богино хугацааны, гурван сарын л ажил байна шүү дээ. Тэрийг амьдралын баталгаа гэж тооцохгүй. Тийм учраас чадалтай, боловсролтой хэд нь бүгд гадагшаа явж байна.

-Хүүхдийн 100 мянгыг энэ оны арван хоёрдугаар сараар хязгаарласан байсан биш билүү?

-Сунгаад ирэх оны зургаадугаар сар болгосон, одоо бүр ирэх оны арван хоёрдугаар сарын 30 хүртэл сунгах шинжтэй байна. Хүүхдийн мөнгө олгож байгаа нь нэг талаасаа хямралыг зөөллөж байгаа мэт боловч нөгөө талаасаа архидалтыг, гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, ажил хийх сонирхлыг үгүй хийж байна. Амьжиргаа муудах тусам архидалт өснө. Хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл ч өссөн байх шиг. Долоо хоног бүр л хүүхэд зодуулав, амиа алдав гэсэн мэдээ тасрахаа болилоо. Харамсалтай ч гэсэн “Хүүхдийн мөнгө” гэх нэрийн дор Засгийн газраас ажилгүйдэл, ядуурал, сонгуулийн хөөсрөлтийг улам өөгшүүлсэн тийм л төсвийг оруулж ирээд байна. Төсвийн алдагдал өндөр байвал инфляцй өснө. Инфляц өсөхөөр төгрөгийн ханш суларна, импортын барааны үнэ нэмэгдэнэ. Бензин, шатахуунаас аваад бүх л юмны үнэ өснө.

-Сангийн сайд “Засгийн газрын гадаад өрийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ 70 хувь байснаа 50 руу орсон гэж ярьсан байсан шүү дээ?

-Төсвийн алдагдал нэмэгдээд байхад гадаад өр өсөж л таарна. Абсолют дүнгээрээ ч Засгийн газрын өр их өссөн байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтөө хэт өөдрөгөөр хийгээд байгаа учраас өрийн хувь хэмжээ бага харагдаад байгаа юм. Ирэх жил дахиад л нөгөө 42 сая тонн нүүрсээ гаргана гэж байна. Гэтэл энэ жил гаргаж чадаагүй шүү дээ. Энэ мэтчилэн орлогоо, эдийн засгийн суурь хэмжээгээ хэт өндрөөр тооцоод, ийм арга замаар төсвийн сахилгыг зохицуулсан хууль дүрмээ тойрч гарах гэж оролдож байна. Ер нь Сангийн яам тоогоор бол тоглож байна дөө.

-Гэхдээ Засгийн газрын энэ төсвийн сахилгагүй байдлыг залруулах үүрэг нь УИХ-д байгаа биз дээ?

-Засгийн газар маань УИХ-ыг соёлтойгоор, хуулийн дагуу авлигадаж болдог нэг суваг нь энэ жил бүрийн төсөв болчихоод байна л даа. УИХ-ын гишүүн бүрт тойргийн мөнгө амладаг нь нууц биш болсон. Тойрогт нь хөрөнгө оруулалт тавиад өгчихөөр УИХ-ын гишүүн дахиж сонгогдохоо бодоод төсөвт хяналт тавих үүргээ умартдаг. Гэхдээ мэдээж камерын өмнө төсөв хэмнэдэг баатар болж жүжиг тавихаа мартахгүй л дээ. Энэ бүх хууран мэхлэлтийн эцсийн үр дүнг татвар төлөгчид, хувийн хэвшлийнхэн л үүрнэ.

-Зэс, нүүрснийхээ экспортыг их өөдрөгөөр харжээ гэж байна. Гэтэл тэр нь дэлхийн зах зээл дээр болж байгаа хөдөлгөөнтэй уялдаж байна уу?

-Коксжих нүүрсний хувьд бол манайх бас азтай байна. Жишээ нь 2017 онд Хойд Солонгосын 22 сая тонн нүүрс хоригт орсон учраас манайх нүүрсээ сайн зарсан. Одоо бол Австрали хоригт орсон учраас манай нүүрс урагшаа их хэмжээгээр гарч байна. Гэхдээ энэ бол түр зуурынх. Америкийн сонгуулийн дараа өмнөд хөрш Австралитай харьцаагаа сайн болгочихвол нүүрсний үнэ дахиад буурна.

-Энэ оны төсөвт тодотгол хийхэд хүргэсэн 5 их наядын алдагдал юунд зарцуулагдсан бэ?

-Задлаад харахаар хүүхдийн мөнгө их жин дарж байна. Дээр нь Хэнтийд овоолсон шавар хөшөө, Улаанбаатарт төв талбайн усан оргилуур, дэд бүтэцгүй газар сургууль, эмнэлэг, багийн төв дээр соёлын ордон, зарим сумын төвд хоёр соёлын ордон барьсан гээд үр ашиггүй төсвийн хөрөнгө оруулалтууд их байна. Хувийн хэвшлийнхэн нэг ч байшин барьж чадахгүй туйлдаж байхад, зарим аймгийн төвүүдэд цагдаа, прокурорын байгууллагууд гоёмсог орд харш бариулж байна даа.

-Гэтэл энэ оны төсвийн орлого хэдэн хувиар тасарсан билээ?

-Гучин хувиар тасарсан гэх мэдээ олж уншсан. Уг нь бол тэвчиж болох зардлуудаа сайн танаад алдагдлыг багасгах боломж байна. Орлогоо багаар төлөвлөөд, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөө хийгээд өгсөн бол ААН-үүдэд жинхэнэ дэмжлэг болно. Сонгуулийн популизмд хэт автахаар төсөв маань улам бүр паразитуудад ээлтэй болж хувирч байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд нарын дэмжлэгтэй компаниуд л улам бүр хүчирхэгжиж, бор зүрхээрээ яваа компаниуд нь хаалгаа барьж байна. Шударга бус байдлыг энэ төсөв улам бүр гааруулж байна. 

-Уг нь ковидын үеийн төсөв гэдэг утгаараа илүү хэмнэлттэй, зардлаа бууруулсан байдлаар оруулж ирэх байх гэдэг хүлээлт байсан. Гэтэл дэлхий нийтээр хямрааж байгаа ковид хүртэл манай төсвийн бодлогод нөлөөлөхгүй байна гэхээр яалтай вэ?

-Ковидоос болоод аялал жуулчлал байхгүй болчихлоо. Нийтийн үйлчилгээ, ресторануудын орлого буурчихлаа. Ковидын улмаас баруун Европ манай ноолууран хувцас, эдлэлийг авахаа больчихлоо. Тэгэхээр манай ноолуурын үнэ буурна. Манайх ноолууран цамцаа экспортолж чаддаггүй юм шүү дээ. Гаднаас ирсэн жуулчид аваад буцдаг. Тэр ч гэсэн экспортын бас нэг төрөл. Тэр нь байхгүй болчихлоо. Гэтэл Америк, Хятад ба Европыг хар л даа. Хэрэглээг, бас хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулж байна. Америкийн эдийн засаг 33 хувийн өсөлт үзүүлж бараг түүхэн рекорд тогтоолоо. Нууц нь их энгийн. Төсвийн зардлаа танаж, тэгээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тултал нь дэмжсэнд байна. Европ банкуудаа мөнгөжүүлж, зээлийн хүртээмжийг эрс сайжруулсан. Хятад хэрэглээг, бас ажлын байрыг урамшуулж байна. Манайд эсрэгээр, эрх мэдэлтэй улстөрчдийг дагасан бизнесийн бүлэглэлийг л тэтгэсэн зүйл хийж байна.

-Өрийн тааз гэж юм бий. Тэрийг яаж тойроод байгаа нь бас гайхалтай?

-Түрүүн хэлсэнчлэн эдийн засгийн өсөлтөө хэт өөдрөгөөр бичээд, түүн дотроо өрийн хувь хэмжээг бага харагдуулах замаар тойрч гараад байна. Гадаад өр 4 тэрбум доллар байсныг 7 тэрбум доллар болгосон. Одоо 8 тэрбум  болгох гэж байна. Сангийн сайд “Гадаад өрийн эдийн засагт эзлэх хувь 75 хувь байснаа 55 хувь болж буурсан” гэж яриад байгаа. Орлогоо худлаа тооцоолоод, эдийн засгаа өсөлттэй гаргаад ирэхээр гадаад өрийн эзлэх харьцаа нь багасна. Тэгж өрийн таазыг тойрч гарах гэж оролцож байна. Нөгөө 42 сая тонн нүүрсээ орлого хэсэгт бичээд “эдийн засаг ингэж өснө” гэнэ. Бодитоор энэ зорилтод хүрэхгүй нь ойлгомжтой.

-Төсвийн тогтворжилтын тухай хууль гэж бий. Тэнд төсвийн алдагдлын байж болох дээд хэмжээг заагаад өгчихсөн байдаг биз дээ?

-Эдийн засгийн 2 хувиас хэтрүүлж болохгүй гэж байсныг хуулиа өөрчлөөд 5 хувь болгосон. Таван их наядын алдагдал гэдэг чинь эдийн засгийн найман хувьтай тэнцэх байх шүү. Өнөө хоёр хувиасаа ч, хямралын үеийн таван хувиасаа ч давсан байгаа байх. Сангийн яам эдийн засгаа өөрсдөө тооцоод, өрийн менежментийг өөрсдөө хийгээд байгаа. Хөндлөнгийн хяналт, аудит байхгүй учир тэдэнд итгэж огт болохгүй. Монгол төрийг өрөнд оруулчихаад намын хамгаалалт дор шургачихдаг улстөрчид бодлого тодорхойлж, хэрэгжүүлж, өөрсдийгөө хянасан болж байгаа нь тогтолцооны алдаа юм даа.

-Манай нүүрсний гол хэрэглэгч болох өмнөд хөрш бол маш олон удаа дипломат маягийн сануулга өгсөөр байсан. “Манай нүүрсний хэрэгцээ ханачихсан. Танайхаас нүүрс авах бодитой шаардлага бол байхгүй шүү” гээд?

-Хятадын коксжих нүүрсний зах зээлд импортын хэрэгцээ бол жилд 80-100 сая тонн орчим байдаг. Манайх 25-30 орчим тонныг л нийлүүлдэг. Хятад улс нүүрс, зэсийн нөөцөөрөө манайхаас хамаагүй илүү, асар их баялагтай орон. Гол нь манайх арай хямдхан л өгдөг байхгүй юу. Манай коксжих нүүрсийг хятадууд гангийн үйлдвэртээ ашигладаг. Хэрвээ ковид үргэлжлээд Хятадын экспорт буурчихвал манай экспорт дагаад буурна.

-Халамжийг танах бодит боломж жишээ нь байна уу?

-Зоригтой таналт хийгээд явах боломж байгаа. Жишээ нь, сарын хоёр сая төгрөгийн орлоготой өрхүүд маш олон байгаа. Тэдэнд хүүхдийн мөнгө өгч яах юм. Мянгат малчин хүнсний талон бариад явж байна гэж байна. Мал мянга хүрэхээрээ алж идэх мал олддоггүй гэдэг дээ. Түүн шиг мянгаас доош оруулахгүйн тулд хүнсний талон руу орж байгаа юм байлгүй дээ. Хэвлэл мэдээллээс харахад, зарим аймаг, сумын хүн амын 70 хувь нь группэд орчихсон байна гэнэ. Группэд орсон хүн сард 400 мянган төгрөг авч байгаа. Группэд орсон хүнийг асарч байгаа хүн нь бас 400 мянгыг авдаг. За тэгээд таван хүүхэдтэй бол тухайн өрх сард сая 200 мянгыг авна. Ажил хийх ямар ч шаардлага алга. Хөдөөд ургацаа хурааж чадахгүй, ноосоо авч чадахгүй байна гэж байна.

Хоёрдугаарт, Засаг дарга нар санал худалдаж авахын тулд сувиллын бичгийг маш их хэмжээгээр өгдөг юм байна. Уг нь бол татвар төлөгчдийн халааснаас л гарч байгаа мөнгө. Сонгуульд орж байгаа Засаг дарга мундаг болж харагддаг, саналаа өгч байгаа хүндээ ашигтай боловч нийт дүнгээрээ макро эдийн засагтаа маш их хорлонтой зүйл.

-Банкнууд ямархуу байна?

-Маш хүнд байгаа. Зээл гарахгүй, орлого байхгүй. Төв банк бонд гаргаад 6 их наяд төгрөгийг банкнуудаас татчихсан. Банкнуудад зүгээр хүүгийн орлого өгч байгаа гэсэн үг. Төв банк зөвхөн хүүгийн зардалд жилд 500 тэрбум төгрөгийг шал дэмий үрж байна. Хэрвээ тэр 500 тэрбумыг ипотекийн зээл рүү оруулсан бол дор хаяж 60 мянган ажлын байр бий болно. Сул байгаа 30 мянган орон сууц чинь ашиглалтад орчихно шүү дээ. Тэгж байж татварынхаа суурь баазыг өсгөнө. Одоо бол татвар төлдөг хэдхэн компаниа л мөлжсөн улс болчихлоо. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой гээд ер нь манай татварын орлогын 90 гаруй хувийг хэдхэн том компани бүрдүүлдэг болсон. Жижиг компаниудаа дэмжээд тогоогоо томруулах, татварын бааз сууриа өсгөх реформ хийх хэрэгтэй байна.

-Монголбанк банкуудаас татсан зургаан их наядаа хааш нь хийсэн юм бэ?

-Төсвийн алдагдал 5 их наяд гэж түрүүнд хэлсэн. Энэ мөнгө эдийн засаг рүү орвол мөнгөжнө. Мөнгөний хэмжээ нэмэгдээд ирэхээр инфляц бий болно. Инфляцыг барих нь Монголбанкны үүрэг. Тэгээд Монголбанк инфляцыг онилох гэх шалтгаар 6 их наяд төгрөгийг банкнуудаас татаж аваад өөр дээрээ барьж байгаа. Өөр хааш нь ч хийгээгүй. Тэрэндээ хүү төлж байгаа. Тэрийг нь бодлогын хүү гэж байгаа юм.

Дээр нь зээл хумих бодлого явуулсан. Хэрэглээний зээлийг хумина гэдэг чинь хүмүүс хэрэглээгээ танана, ААН-үүд, нийлүүлэгч нар орлогогүй болно гэсэн үг. Орлогогүй болбол ажлын байр байхгүй болно. Ингээд энэ улс чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна.

-Төв банк мөнгөний хомсдол үүсгэх замаар инфляцийг барьж байна гэсэн үг үү?

-Яг тийм. Амьтан дээр жишээ аваад ярья л даа. Сангийн яам “хөрөнгө оруулалт” гээд мөнгөөр цутгаад, услаад байхаар нөгөө амьтан ус нь ихдээд үхнэ биз дээ. Үхүүлэхгүйн тулд Монголбанк шингэнийг нь юу ч үлдээлгүй сороод авчихаж байна. Тэгэхээр нөгөө амьтан чинь хатаад үхнэ биз дээ. Эдийн засагт ийм л юм болж байна. Монголбанк “Бид ажлаа хийсэн, инфляцийг барьсан” гээд сууж байна. Сангийн яам бас “Бид эдийн засгийг дэмжсэн ийм их юм хийсэн. Монголбанк сороод авчихлаа” гэнэ. ААН-үүд нь хов хоосон. Гэхдээ ерөнхийлж бас болохгүй. Ямар ААН мөнгөтэй байна гэвэл УИХ-ын гишүүнд, Сангийн яаманд ойрхон, тендер авч байгаа компани л мөнгөтэй байна. Бор зүрхээрээ явж байгаа компаниуд бүгд хатаж байна.

-Хэрвээ УИХ энэ төсөв дээр хяналт тавих хүсэлгүй, гишүүд нь тойрогтоо барьцаалагдсан байгаа юм бол эдийн засгийн энэ “аллагыг” зогсоох ямар ч боломжгүй болчихож байгаа юм биш үү? Өөрөөр төсөвт хяналт тавих байгууллага байхгүй юу?

-Төсвийн хяналтын зөвлөл гэж байх ёстой юм, уг нь. Бид ОУВС-гаас 5 тэрбум долларын зээл авсан, тэрийгээ буцааж төлнө. МАН энэ тухайгаа огт ярихгүй байгаа. Тэр 5 тэрбум долларыг өгөхийн тулд ОУВС-гаас манайд тавьсан нэг гол шаардлага бол “Төсвийн сахилга батаа барина шүү. Төсвийн хяналтын зөвлөлтэй болно шүү” гэдэг нөхцөл байсан. Манайхан алиныг нь ч биелүүлээгүй. Тал еэвэнгийн үлгэр шиг юм яриад, зальдаад өнгөрсөн. Таван тэрбум долларын өр ард түмний нэр дээр бичигдээд явж байгаа.

-Өмнөх парламентуудын үед хийгдсэн төсвийн шинэчлэлийн бодлого сүүлийн хоёр парламентыг дамжаад оргүй болж байгаа юм байна. Тэгэхээр төсвийн энэ үрэлгэн байдал, хорлон сүйтгэлийг яаж таслан зогсоох болж байна?

-Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хэзээ ч бүтэхгүй. Төсвийн шинэчлэлийг бид сонгуулийн холимог системтэй байх үед хийсэн. Цөөхөн ч гэсэн хэдэн гишүүн жагсаалтаар орж ирдэг байсан. Жагсаалтаар УИХ-д орж ирж байгаа хүмүүс тойргийн сонгогчоос барьцаалагддаггүй, яг улс орны ирээдүй, макро эдийн засгаа бодож бодлогоо гаргадаг. Одоо бол тойргоо жижиглээд талын нэг тараагаад хаячихсан учраас улс орноо бодсон, төсвийн шинэчлэл ярьсан хүн тэнэг л харагдана. Хэзээ ч дахиж сонгогдохгүй. Учир нь манай сонгогчид болоогүй байна. “Өмнөх гишүүн чинь тийм юм барьчихсан байна, чи яасан юм” л гэнэ. Хүүхдийн мөнгө ярьж, хүнсний талон тарааж, тойрогт нь байгаа хамгийн олон хүнтэй компанид тендер өгч байж л гарч ирдэг байхгүй юу.

-Тэгж улсаа хорлон барин УИХ-д сонгогдох ямар хэрэг байгаа юм?

-Эрх мэдэлтэй болно. Бас зоос олно шүү дээ. Тойргийн мөнгө гээд жилд хэдэн тэрбум төгрөг бичүүлж авна. Тодорхой хувийг нь өнөө хэдтэйгээ хувааж авна биз дээ, хэрэв тэнэг л биш бол. Ядаж нэг найзынхаа компанид шилжүүлнэ. Танилынхаа төрийн бус байгууллагаар нэг жижигхээн судалгаа хийгээд л хэдэн арван сая төгрөг шилжүүлнэ. Хэдэн ч судалгаа хийж болно. Хууль санаачилна гэж мөнгө авна, сурталчилна гэж мөнгө авна. Ийм жишиг тогтчихсон байна.

-Үнэхээр мухардалд орчихлоо. Хэрвээ тийм бол төсвийн орлого зарлага, үр ашиг, тоо баримтын талаар юу ч яриад нэмэргүй юм байна?

-Юу ч яриад нэмэргүй дээ. Сонгуулийнхаа системийг өөрчилж байж л төсвийн хариуцлагын тухай ярина. Ядаж холимог систем рүү орох ёстой. Тэгвэл тойргийн энэ нэг балиар юмнаас хараат байхаа больж жинхэнээсээ төсвийн бодлого, улс орны ирээдүй, эдийн засгийн зөв бодлогын тухай ярьдаг болно. ХҮН-ын Доржханд гэж ямар шударга залуу байлаа. Одоо Ч.Хүрэлбаатарт л залбираад байна. “Та ямар мундаг юм бэ, таны зөв” л гээд байгаа биз дээ. Өмнө нь энэ их гадаад өрийг эсэргүүцэж ном бичиж байсан хүн. Одоо бол 2024 дахин сонгогдохоо бодоод, тойрогтоо ахиухан мөнгө тавиулчих гээд л зүтгэж яваа биз.  

-Ядаж УИХ-ын гишүүд нь Засгийн газраасаа арай өөр байр суурь гаргах болов уу гэж найдаж байсан юм?

-ОУВС-г хүртэл мурьчихсан улс шүү дээ. Төсвийн сахилга батыг хангана, Төсвийн хяналтын зөвлөлөө байгуулна гэж хэлээд одоо болтол сураггүй. Манайх төсвийн үр ашиггүй байдлаараа дэлхийд хамгийн сүүлд ордог. Тэрийгээ болино барина гэж бүлт бүлт үсэрч байгаад ОУВС-гаас зээл авсан. Одоо хар. Төсөв нь улам л их алдагдалтай, улам л хариуцлагагүй болоод байгаа биз дээ. Валютын сангийн нөхөд ч манайханд хэлж байсан. “Танай төсөв хэтэрхий үрэлгэн байна, эзнээ олоогүй байна. Аль ч улсын төсөвт улс төр байдаг аа. Танай төсөв бол арай хэтэрхий улс төржсөн байна аа” гэж. Энэ байдал сонгуулийн системээ өөрчилсөн цагт л зогсоно.

-Одоо тэгээд овоо ашигтай ажиллаж байгаа уул уурхайн компаниудаа бүгдийг нь төрд аваад эхэллээ? Эсэргүүцэж байгаа хүн тун цөөхөн байна?

-Гэтэл масс нь алга ташаад л байгаа биз дээ. Хэрвээ энэ уурхайнууд төрийн өмчид очвол Х.Бадамсүрэн яаж байна, “Эрдэнэс Тавантолгой” яаж байна, тэрний араас л явна. Наана нь худлаа попроод “ард түмний өмч” энэ тэр яриад байгаа болохоос үнэндээ бол өөрийнхөө хүнийг тавиад сонгуулийн мөнгөө л босгохоо бодож байгаа. Өөр юм байхгүй.

“Эрдэнэт”-эд 600 хүн ажиллахад хангалттай, гэтэл 6000 хүн ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н төв оффист 30 хүн л хангалттай, гэтэл хэдэн зуун хүн ажиллаж байна. Бүх ажиллагсад нь нийлээд бараг 1000 хүрч байгаа гэж сонссон. Бүх ажлаа гаднын гэрээлэгч компаниудаар хийлгэдэг, дугуйгаа хүртэл гаднын компаниар тавиулдаг юм шүү дээ. "Эрдэнэт"-ийн оффис ажилчид жишээ нь үдээс өмнө 10-11 цагийн хооронд, үдээс хойш 15-17 цагийн хооронд л ажилладаг. Үдийн цайны цаг нь 2 цаг үргэлжилдэг гэсэн.

-Мэдээгүй юм байна...

-Уул уурхайн бизнес бол маш эрсдэлтэй бизнес. Зэсийн үнэ гэхэд нэг өдөр 5000, нэг өдөр 3000 ам.доллар болдог, байнга хэлбэлзэж байдаг. Гэтэл зардал нь тогтмол 4500-тай байдаг юм шүү дээ. Нүүрс гэхэд нэг мэдэхэд 26 ам.доллар, нэг мэдэхэд 76 ам.доллар болдог, маргааш хэд болохыг хэн ч таахгүй. Өөрийн зардал нь гэтэл 30 доллар, тэгээд тэр нь өсөөд байгаа байхгүй юу. Ийм эрсдэлтэй бизнес рүү төр ордоггүй. Бүх улсууд хувийн хэвшлээрээ хийлгэдэг.

-Яг үнэндээ манайд барууны бодлоготой нэг ч нам үлдээгүй болохоор төсөв, эдийн засгийн бодлого нь ч гэсэн ингэж явахаас өөр замгүй байх? АН хүртэл зүүний социалист бодлого явуулж байна гэж шүүмжлэгдэх болсон...

-Уг нь АН барууны нам. Баруун төвийн нам юмаа гэж үзэл баримтлалаа тогтоосон. Гэвч сонгуульд амжилттай оролцохын тулд зүүний нам шиг амлахаас өөр аргагүйд хүрдэг.

-Намаа байг гэхэд барууны бодлоготой улстөрч манайд байна уу?

-Бараг байхгүй дээ. Уг нь байсан юм. М.Энхсайхан, Да.Ганболд хоёр бол барууны бодлоготнууд. Хоёулаа шоронд орсон. Хамгийн анхны барууны бодлоготон Солийн Данзан гэж хүн байсан. Тухайн үеийн улаан намынхан нэг хурал хийгээд л буудчихсан шүү дээ. Данзан гуай Японоос, Германаас хөрөнгө оруулалт татья, Монголчууд баян болох ёстой гэж үздэг байсан. Өөрөө Харли Дэвидсон гэдэг мотоцикл унадаг байсан гэдэг. Ингээд бодоход Монголын шинэ түүхэнд барууны бодлоготой гуравхан улстөрч байсны нэг нь буудуулсан, хоёр нь шоронд байна.

-Одоо тэгээд биднийг ямар төгсгөл хүлээж байгаа бол?

-Зүүний популизмд автсан энэ хэвээр байвал нэг бол Венесуэл шиг, үгүй бол хойд Солонгос шиг л болох байх даа.

-Манайд хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид гэж бий. Тэд нь яагаад эсэргүүцдэггүй юм бэ?

-Тэд чинь цөөдөөд байна. Хоёрдугаарт улс төрөөс залхсан, улс төр сонирхохгүй байна. Өнөөдөр арван хүний тав нь сонгуульд орж, тэдний гурав нь МАН-д өгч байна. Тэр гурван сонгогчийн эхнийх нь намын гишүүн, хоёр дахь нь хүнсний талон, гурав дахь нь хүүхдийн мөнгө авдаг. Залуучууд саналаа өгөхгүй байна. Хөгшчүүл нь мэдээж инерциэрээ МАН-д өгнө. Тэртээ тэргүй МАН ялахаас хойш... гэсэн залхалт газар авч. Манай сонгогчдын боловсролд ч учир байна. Дээр нь манай УИХ-ын гишүүд дэндүү хувиа бодож байна.

-Сая чуулганы эхэнд овоо нэг ганц хоёр гишүүн “халамж их байна” энэ тэр гэж байснаа бүгд амаа үдүүлчихлээ дээ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юу ч дуугарч чадахгүй. 2020 оны төсөв УИХ-ын сонгуулийн төсөв байсан бол 2021 оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах төсөв л хамгийн гайгүй гардаг юм. Дөрвөн жилийн цикл дотор ганцхан жилийн төсөв л арай нэг эрүүл гардаг. Дараа жилээс нь УИХ-ын сонгуулийн өмнөх жил гээд дахиад төсвөө задлаад, цацаад эхэлдэг.

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхаас салгасан нь төсөвт нөлөөлсөн үү?

-Сая наймдугаар сард УИХ төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг тэгж өсгөсөн нь дахиад л орон нутагт ялахын тулд шүү дээ. Хэрвээ орон нутгийн сонгуулийг УИХ-тай хамт хийчихсэн байсан бол сая төсвийн тодотголыг тэгж өндөр алдагдалтай батлах шаардлага байхгүй. АНУ-д бол орон нутаг, парламент, ерөнхийлөгчийн сонгуулиа бүгдийг нэг дор хийчихдэг. Улс төр хийж л байгаа юм чинь тэртэй тэргүй попроно. Гэхдээ нэг удаа л попроод өнгөрдөг. Манайх бол дөрвөн жилд гурван удаа попорч байна л даа.

Оюутнуудыг хар л даа. Есдүгээр сард оюутнууд цугладаг, есдүгээр сард хошин шогийн бүх тоглолт болдог. Аравдугаар сард баахан найр наадам болно. Арван нэгдүгээр сард жоохон хичээл хийж байгаад арван хоёрдугаар сард урлагийн үзлэг гээд алга болно. Он гараад цагаан сарын бэлтгэл гээд арилна, гуравдугаар сард Март, цэргийн баяр болно. Дөрөвдүгээр сард жоохон хичээл хийгээд тавдугаар сард шалгалтаа өгнө, зургаадугаар сард “амралт эхэллээ” гээд шоудаад алга болно. Жилд хоёрхон сар хичээл хийж байхад ямар чанартай мэргэжилтэн гарах нь ойлгомжтой. Манай улсын төсөв, мөнгөний бодлого ч яг үүнтэй адилхан. Дөрвөн жилд найман чуулган хийхдээ хоёрт нь л эрүүл бодлого ярьдаг. Зургаад нь дандаа улс төржилт, сонгуулийн халуурал.

-Арав гаруйхан хоногийн дараа АН-ын Их хурал болох гэж байна. Намын даргаа сонгоно гэсэн. Та хэнийг дэмжиж байгаа вэ?

-Би бол залуу хүнийг дэмжинэ. АН баруун төвийн үзэл баримтлалтай нам. Бид намынхаа дүрмийг шинэчилж, үзэл баримтлалаа тодотгосон. Хувийн өмчид халдахгүй, хүний эрх, эрх чөлөөг хамгаална гэсэн. Гэтэл одоо зарим ах нар маань “бүгдийг төрд авна, хувийн өмч гэж юу юм, битгий солиор” л гэж байна. Тэр ах нартаа хандаж "Манай намыг битгий хорлоорой. Социалист, коммунист МАН-даа элсэж ороорой" л гэж хэлнэ дээ.

-Намын гишүүд нь ядаж баруун, зүүнээ мэддэг, үзэл баримтлал, үнэт зүйлээ дагадаг баймаар. Тийм үү?

-Ер нь бол тийм. Соёлтой, иргэншсэн нийгэмд нам тийм л байдаг. Манайх бол АН, МАН-гүй зүгээр атаманууд дагасан Түгжилүүд л байгаа биз дээ. Юун үзэл баримтлал. Манай Н.Алтанхуяг дарга жишээ нь социалист үзэлтэй хүн юм байна. Тэгвэл зүүний намаа байгуулаад л яваг л дээ. Барууны намд орж ирж яах гэж байгаа юм.

-Ц.Элбэгдорж ч гэсэн намдаа эргэж ирсэн?

-Ц.Элбэгдорж дарга бол үзэл санаандаа тууштай хүн. Баруун төвийн үзлийг нулимаад байх хүн биш байх.

-Намын дарга болно гэвэл яах вэ?

-Тэр ч арай үгүй байх аа.

-Ярилцсанд баярлалаа.

inews.mn