Сая хонины хаялга сая саяар үржинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийж цөөнгүй гэрээ хэлцэл хийсний хамгийн үр өгөөжтэй байж болох нь Монголоос тус улсад нэг сая хонины мах экспортлох асуудал байлаа. Иргэд бол Оюу толгойн гэрээг ярьж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийж цөөнгүй гэрээ хэлцэл хийсний хамгийн үр өгөөжтэй байж болох нь Монголоос тус улсад нэг сая хонины мах экспортлох асуудал байлаа. Иргэд бол Оюу толгойн гэрээг ярьж байна. Үнэндээ үүнээс дутахгүй том хэлцэл гэж нэг сая хонины мах нийлүүлэх гэрээг хэлж болно. Яагаад гэвэл ямар ч хэл амгүй, маш хурдан шуурхай хэрэгжих, зах зээлийн эргэлт сайтай хөрөнгө юм. Монголчуудын хэдэн мянганы туршид бий болгосон баялаг болохоор зах зээлд хэдэн саяар нь гаргасан ч хурдтайгаар нөхөн сэргээгдэх боломжтой.
Тэгэхээр энэхүү гэрээ хэлцлээс эдийн засгийн ямар үр ашигтай тооцоо гарахыг бүдүүн аргаар тооцож үзье. Нэг сая толгой хонь. Нэг хонины дундаж жинг 25 кг гэж тооцъё. Ингэхээр нэг сая хонь 25 мянган тонн мах болно. Нэг кг махыг яг өнөөдрийн ханшаар бол Арабын ертөнцөд 3-5 ам.доллараар зарахад 75-130 сая ам.доллар болно. Ирэх жил манай улсын малын тоо дор хаяж 60 сая-д хүрнэ. Энэ нь хонин толгойд шилжүүлбэл 100 сая орчим хонь болно гэсэн үг. Үүнээс эхний удаад ядаж таван саяыг нь гадаад зах зээлд гаргах тийм наймаа, гэрээ хэлцлүүдийг Монголын төр засгийн удирдагчид дэлхийгээр явж хийх хэрэгтэй. Төр засгийн удирдагчдын нэн тэргүүнд хийх ажил ерөөсөө энэ. Монголын ард түмний хэдэн мянганы туршид бүтээж бий болгосон ганц баялаг таван хошуу мал, эдгээр малаас гарч буй түүхий эддээ түшиглэсэн хэдэн үйлдвэртэй ийм л улс орон шүү дээ. Үүнийгээ л бид төгөлдөржүүлэн хөгжүүлж, эдийн засгийн үндсэн баазаа болгож байж хөгжинө. Сая бол уул уурхай гэж хэсэг хошуурлаа. Одоо хөрсөн дээрээ бууж төдийлөн тоож ярьдаггүй, гадаад айлчлалынх нь гэрээ хэлцлүүд дотор дагалдах хэлбэрээр явдаг байсан мах экспортлох гэрээнүүд эхнээсээ саяар тоологдох хэмжээний экспортоор яригдаж эхэллээ.
Нэгэнт махаа Олон улсын зах зээлд гаргах ажлыг хөдөлгөсөн учраас одоо бид өөрсдөөсөө шалтгаалах ажлууддаа анхаарах цаг болсон. Үүний хамгийн эхний чухал ажил бол эрүүл ахуйн олон улсын стандарт юм. Стандарт бас дахин стандарт гэсэн зарчмыг мөрдлөг болгох ёстой. Арабад хонины махаа экспортоллоо гэхэд тэдний уламжлал, ёс заншил, стандартад нь нийцүүлэх нь зүй ёсны юм. Тэдний мал нядлахдаа баримталдаг халал арга буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр арга технологиор нь мах бэлтгэн нийлүүлэх боломж бидэнд бүрэн бий. Хонины махаа зөв боловсруулж, халал мах буюу лалын шашинтнуудын шаарддаг тэр технологиор бэлтгээд гаргахад Арабын ертөнцөд Монгол Улс махны том зах зээлтэй болно гэсэн үг. Ганц Арабын ертөнц ч бус ерөөсөө дэлхий нийтийн махны хэрэглээний стандарт бол маханд ямар ч амт байхгүй байх шаардлага юм. Дэлхийн энэ стандарт Арабын ёс заншилтай нийцдэг юм билээ. Исламчууд, христүүд шашныхаа заншлаар махыг угаагаад ямар ч цусны ул мөргүй болгож хэрэглэдэг. Үүнийг нь л бид дагах ёстой. Төр засгийн бодлого шийдвэр, эрх зүйн зохицуулалт ч энд чухал үүрэгтэй.
Өнөөдөр монголчууд олон сая малынхаа махыг гадаадад зарж байж л хөдөө аж ахуйн салбараа төгс эдийн засаг болгож, улсынхаа эдийн засгийн гол түшиц бааз болгоно. Тэгэхгүй бол энэ олон мал эдийн засагт нэмрээсээ нэрмээс болох баланс руугаа явж байгаа нь бэлчээр талхлалт, эсвэл зуданд бөөнөөрөө үхэж малчдын амьдрал эрсдэлтэй, эмзэг байдалд орж байгаагаас харагдана.
Ийм нөхцөлд малчдын оюун санаанд зах зээлийн наад захын танин мэдэхүйг суулгаж өгөхөөс ажил эхэлнэ. Нэг багаас 100 хонь махны экспортод бэлдье гэж бодъё. 300 гаруй сумын нийт багийн дүнг тооцвол нийтдээ хонь бэлтгэлийн 10 000 орчим цэг нэгж Монгол Улс даяар бий болох нь. Монголын нийт малчин өрхийн тоо 240 мянга. 10 000 мянган цэгээс олон улсын стандартын дагуу хонь бэлдэхэд нэг сая л байх юм билээ. Тэгэхээр гадаад зах зээлээ тэлж байгаад малчин өрх бүрийг үйлдвэрлэгч болгон хонь бэлтгэлд хамруулахад 10 сая хонь гадаад зах зээлд зарагдах боломжтой болж байгаа юм. Хонь нэг бүрийн үнэ одоохондоо Арабын ертөнцөд бол 120 ам.доллар л байна. Гэхдээ экспортын энэхүү үнийг нэмэгдүүлэх боломжтойг Монголын Махны холбооны мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Хэрэвзээ нэг хонийг наад зах нь 150 ам.доллараар олон улсад зарахад 100 хонь монгол мөнгөөр 30 сая төгрөгт хүрч байна. Энэ үнийн дүнг нэг сая хониндоо шилжүүлэхэд нэг сая хонь 300 тэрбум төгрөг болно. 10 сая хонь гурван их наяд төгрөг болох нь. Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байхад дэлхийгээр нэг шагшин гайхаж байлаа. Дэлхийн түүхэнд ийм богино хугацаанд эдийн засгийн өсөлт нь 17 хувьд хүрсэн гурван улс байдгийн нэг нь Монгол Улс боллоо гэж. Тэгвэл энэхүү 17 хувийн өсөлтийн эдийн засгийн багтаамж нь Оюу толгойгоос орсон хоёр тэрбум ам.доллар л байсан юм. Өнөөдөр Монголын зах зээлд хоёр тэрбум ам.доллар ороод ирэхэд буцаад огцом сэргэнэ, 17 хувийн өсөлт рүүгээ явна. Монголын зах зээл, эдийн засаг ийм хөнгөхөн, их бус мөнгөнд сэргэчих боломжтой билээ. Тэгвэл тэгж сэргээх баялаг нь уул уурхай, эрдэс баялаг бус хоттой мал минь байна гэдгийг одоо бид ойлгож эхэлж байна. 60 сая малынхаа 10 сая хонины махыг Олон улсад гаргахад хоёр тэрбум ам.доллар өлхөн олох боломжтой байна. Цаана нь эдгээр 10 сая малын арьс шир, үс ноос, ноолуур нь өөрөө валютын маш том урсгал. Үндэсний үйлдвэрийн гол түүхий эд. Дээр нь мах гаргаж байгаа аж ахуй нэгжүүд, мах бэлтгэлийг стандартын дагуу хийж өгч буй компаниуд, малын арьс шир, үс ноос боловсруулах үйлдвэрүүд бүгдээрээ хичнээн мянган ажлын байрыг дотооддоо бий болгож, хэдэн тэрбумын татвар төлөх бол. Энэ бол бодит эдийн засаг юм. Гадагшаа зарагдаж буй эрдэс баялгийн мөнгө гаднаа л шингэдэг бол махны мөнгө валют болоод Монголын зах зээл рүү орж ирнэ. Энэ бүхэн Монголыг дэлхийд баян чинээлэг харагдуулах эдийн засгийн чадамж, хөрөнгө чинээ мөн биз дээ. Эндээс харахад малчдад, МАА-д ямар их боломж байгааг, ямар их баялаг Монголын хээр талд бэлчиж байгаа нь харагдаж байгаа юм. Монголын малчид дэлхийн хэмжээний саятнууд болох боломж ойрхон байна.
Түрүүнд хэлсэн. Нэг л зүйлд онцгой анхаарах ёстой гэж. Малынхаа махыг бид олон улсад зарахдаа үнэн зөвөөр нь, стандартад нь нийцүүлэх ёстой юм. Ар өврийн хаалганы компани, танил талын нөлөө, хуурч мэхлэх асуудал өчүүхэн ч байж болохгүй. Монгол малын махыг олон улсад ганцхан удаа авах гэж байгаа юм биш. Тэр чигээрээ монгол малын махны амт шимтэнд орсон тийм нэг зах зээлийн гинжин урвалыг бий болгомоор байгаа юм. Манай малын махыг авдаг мөнхийн хэрэглэгчид минь болох учраас үнэнч байх ёстой. Ингэж байж Монголын махны экспорт дэлхийд хүчээ авч, том эдийн засаг болно. Арабуудын араас Хятад, Вьетнам, Солонгос... гээд цувна. Япончууд ч манай адууны махыг маш их сонирхож байгаа. Нөгөө л эрүүл ахуйн стандартыг харж байна. Хаалга үүд нэгэнт нээгдсэн ийм цаг үед Монгол Улс мал махныхаа сурталчилгааг Олон улсад, дэлхийн улс орон бүрт маш сайн хиймээр байна. Бүр хөрөнгө мөнгийг зарсан шиг зараад махныхаа сурталчилгааг хийе. Харин малыг амьдаар нь олон улсад гаргаж болохгүй. Эх орондоо нэмүү өртөг шингээн бэлтгэх ёстой. Энэхүү нэмүү өртөг дотор сая хэлсэн хонины ноосоор нь олон улсад үнэ хүрэх дулаалгын материал, ноолуураар нь хувцас, арьс ширээр нь гутал гэхчлэн брэндүүдийг үйлдвэрлэх нь бидэнд нээлттэй байна. Энэ бүхнийг ажил болгож чадвал Монгол Улс 3-5 жилийн дотор хониныхоо буянаар сэв хийтэл босоод ирнэ. Тэгэхээр хонио өсгөе, бүр ноосны, махны чиглэлээр төрөлжүүлж өсгөе. Юун төлөө бидэнд дэлхийгээр нэг газар нутаг, бэлчээр байгаа билээ. Онцлог нь хониндоо суурилсан эдийн засгийн ийм бодлогыг явуулахад ямар ч “эх оронч” гарч ирж саад болохгүй, ямар ч популист нөхөр босч ирж гудамжинд жагсахгүй. Жинхэнэ зах зээлийнхээ жамаараа явчих ийм л сайн эдийн засаг байх болно.