7+14 буюу Н.Энхбаярын эрин.

Ноднин, уржнан манай улстөрчид Казахстаныг хөгжлийн жишээ болгон ярих дуртай байсансан, Рахат Алиевын “Загалмайлсан хадам эцэг” ном гарсны дараа чимээгүй болчихов. Тухайн үедээ МАХН, АН-ынхан өөрсдийн нь дундаас хэн нэг нь дарангуйлагч болбол ч болог гэж боддог байлаа, тэгэхгүйгээр ардчилсан тогтолцоонд тэд удаан эрх барих боломжгүйгээ мэддэг болсон юм.

Н.Энхбаярыг улстөрийн орчны гадна гаргахад тав зургаан жилийг зарцуулжээ. Одоо тэд толгойгүй байна, ёстой нөгөө нэг суултэй мянган толгойтой могойн үлгэрээр оржээ. Н.Энхбаярыг унагахын тулд эхлээд 2004 онд МАХН ялагдах ёстой байсан, дараа нь ялагдлын хариуцлага үүрүүлэхээс айсан МАХН-ынхан “дэвшүүлэн зайлуулж” Ерөнхийлөгчийн сонгуульд хүндэтгэлтэйгээр дэвшүүлсэн. Хэрэв 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдсан бол буцаад намдаа шургалж, эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээх байлаа. Тиймээс ялуулахаас өөр аргагүй байсан юм. Ийм нөхцөлд АН-ынхан М.Энхсайханыг зольж, Н.Энхбаярыг дэмжсэнээрээ нэг талаас МАХН-ыг чөтгөрийн урхинаас чөлөөлөв. Н.Энхбаяр ялагдсан ч УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд давхар ялагдсаны хариуцлагыг хүлээлгэх чадвар МАХН-д байгаагүй юм. МАХН ийм болтлоо дор ороод байсан юм. 2004 оны сонгуулийн хариуцлагыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэнд үүрүүлж зольсон ба намын дарга Н.Энхбаяр Ерөнхий сайд болж чадаагүй ч УИХ-ын дарга болж “дэвшиж” байв. Парламентын засаглалтай орны хувьд Н.Энхбаяр УИХ-ын дарга болж байгаа нь гадаад ертөнцөд дэвшиж буй мэт харагдаж байлаа. Дараа энэ өндөр нэр хүндтэй улстөрч Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Ерөнхийлөгч байхдаа тэр намаа удирдан залсаар байлаа. М.Энхболдын мугуйд зүтгэл Н.Энхбаярын нам дахь байр суурийг нь сүрхий сулруулжээ. Тэр үед МАХН лидергүй болоод байсан тул хотын даргын суудалд хуучинсаг аппаратынхаа туслалцаатай удаж, тэр хирээр мөнгөний том бүлэглэл үүсгээд байсан М.Энхболд хувь зохиолоор намын дарга, Ерөнхий сайд болсон юм. Тэр зөвхөн дамжуулагч байлаа. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын ажилд уригдан ирсэн, тэртээ 20 дугаар зууны бөгсөнд Н.Энхбаяртай намын даргын төлөө өрсөлдөөд давилуун зангаасаа болж унасан С.Баяр МАХН-ын авралын од болж, дараагийн даргад бэлтгэгдэж байлаа. ОХУ-д олон жил болсон түүнд дотоодын улстөрийн нөхцөл байдлыг ойлгох, хөндлөнгөөс алдаа оноог дүгнэх хугацаа хэрэгтэй байжээ. Цаг нь болоход М.Энхболд ялагдаж С.Баяр намын дарга болж, намын дүрмээр Ерөнхий сайд болов. Дараа нь С.Баяр Н.Энхбаярын буцаж ирэх замыг хааж намаа гарцаагүй ялагдлаас аварч гарчээ. Н.Энхбаяр МАХН-ыг ялагдаасай гэж үнэн сэтгэлээсээ залбиран гуйж байсан авч бурхан нь “үй олон амлалтыг нь дарангуйлагч болтол нь хэрэгжүүлж” тус болсон ч анхиагүй тэрээр аврал өршөөлийг нь хадгалж чадаагүй түүний хүслийг энэ удаад хясчээ. Эцэст нь муу зүгийн тэнгэрт найдсан Н.Энхбаяр 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлаар С.Баярыг нэгмөсөн арчин хаяхыг оролдов. Энэ оролдлогын дүнд ард түмэн гэгч мал сүргээсээ тавыг зарлагаджээ. Гэвч С.Баяр тэсч үлдэв. Тэсч үлдэхээр барахгүй хамтарсан Засгийн газар байгуулах нэрээр Н.Энхбаярын  гадаад тулгуурыг нь эвдэн нураажээ. Үүний дараа буюу 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаярыг хамтын хүчээр унагаж нуман тулгуурт хийжээ.

Н.Энхбаяр яг 2005 онд ялагдсан бол хийх байснаа хэрэгжүүлж, УИХ дахь МАХН-ын бүлэг дэхь гар хөлөөрөө дамжуулан Ерөнхий сайд буюу Засгийн газар, цаад утгаараа нам буюу намын даргаа дарамталж байгаад УИХ-д орж ирэхийг хичээжээ. Гэвч С.Баяр түүнд өгвөл зохих хариуг нь өгч нэр дэвшүүлсэнгүй. Энэ зуур МАХН дахь Н.Энхбаярын бүлэглэлийг бутаргаж амжжээ. Н.Энхбаяр шаралхсандаа бус бодлогоор Р.Бурмааг дэмжээд  алджээ. Хэрэв Р.Бурмаа ялсан бол Ерөнхийлөгчийн сонгууль ба нөхөн сонгуульд дараалан ялагдсан гэм зэмийг С.Баярт үүрүүлж намын даргаас огцруулж, өөрийн хүнийг дэвшүүлэх бодолтой байв. Гэвч 2005 он ба 2009 онд ганцхан ялгаа байсан юм. 2005 онд тэр намдаа ганцаараа хязгааргүй эрх мэдэлтэй ноёрхож байсан бол 2009 онд С.Баяр түүний оронд тодорсон байлаа. Хэрэв 2005 онд Н.Энхбаяр ялагдвал МАХН-ынхан намаа бүрмөсөн сүйтгэхгүйн тулд Н.Энхбаярыг хүлээн авахад бэлэн байсан бол 2009 онд харин намаа сүйтгүүлэхгүйн тулд Н.Энхбаярыг адлах хэрэгтэй болжээ. Ердөө ганцхан хүнээс болж ийм том өөрчлөлт бий болсон аж. С.Баяр хийдгээ хийгээд Ерөнхий сайдаа өгөв. Тэгээд мөн л завсрын залуухан махнист Сү.Батболдыг улстөрийн гамбургерийн бяслагаар үлдээлээ.

МАХН, монголын улстөр Н.Энхбаяраас салахын тулд анхны диссидентүүдээс эхлэн тоолбол бүтэн долоон жилийг зарцуулжээ. Мөн ч их хугацаа байгаа биз? Гэтэл тэр төрийн эрхэнд гарахад мөн л өдий хэрийн хугацаа зарцуулсан. Монголын ардчиллын түүхийн гуравны хоёр нь Н.Энхбаярыг гаргаж ирэх ба сүйрүүлэхэд зарцуулагдсан байна. Энэ зуур ардчилсан хувьсгалыг гардан хийгчид юу хийж байв? Тэд хуваан идэж, хуйвалдан сүйтгэж, мөн Н.Энхбаярыг гаргах ба унагахын тодорхой заагуудад сүрхий хүүхэлдэйн үүрэг гүйцэтгэж, тайз дүүргэж байв. Тэд эхний долоон жилд тун сүрхий тэмцсэн ч туйлдан доройтсон байлаа. Одоо Ардчилсан хувьсгалын 20 жилийг тэмдэглэж байна. Хувьсгалыг гардан хийгчдийн хувьд эхний долоон жилийн алдар хүндээрээ л баримтат кино хийлгэж болох байх, сүүлийн 14 жил бол Н.Энхбаярын эрин байсан юм. Тиймээс Ардчиллын хорин жилийн хамгийн том энэ үзэгдэлд анхаарлаа хандуулаасай. Ардчилалд учирсан том гамшиг нь Н.Энхбаярын хаанчлал байсан ба бас том ололт нь түүнийг Нурсултан Намбарбаев болгочихоогүйд байгаа юм. Энэ алдагдсан 14 жилийн сургамж дараагийн улстөрийн чиг баримжаанд тун их нөлөөтэй билээ.

Генсекүүдийн эрин

АН-ын генсек бол онцын ач холбогдолгүй албан тушаал л даа. Голдуу фракцуудын хүчний тэнцвэрийг хадгалах маягаар хуваарилдаг суудал. Социализмын үеийн дагуул бараа шиг гэх үү дээ. Жишээ нь М.Энхсайхан намын дарга болмогц түүний фракц буулт хийж “Алтан гадас”-ын Л.Гансүхт генсекийг өгсөн. Ц.Элбэгдорж намын дарга болоод Түвдэндоржийг, дараа нь хүндхэн тулааны ялалт болж Д.Дорлигжав ирсэн, ер нь генсек бол намын даргынхаа бөгсийг л сайтар хамгаалах ёстой, тэгэхгүй бол М.Энхсайханы үед АН-ын ҮЗХ-ны 18 хурал болоход 17 нь огцруулах асуудал хэлэлцэж байсан. Нэгд нь яасан гэж үү? Энэ хурлаар М.Энхсайханыг намын дарга болгосон юм. Ингэж л бөгсийг нь малтдаг учраас генсек фракцдаа л чухал.

Харин С.Баярын дараа МАХН-д генсек тун чухал албан тушаал болсон юм. МАХН 1996 онд ганц удаа ердөө хэдхэн сар л засгийн эрхийг алдсан, түүнээс хойш Засгийн эрхийг алдаагүй учраас намын дарга нь Ерөнхий сайд болж, намаа генсектээ үлдээхээс аргагүй болдог юм. Чухамхүү ийм шалтгаанаар С.Баяр хамгийн сүүлд Н.Энхбаярын хүслээр шоронгийн тав болонгоо алдсан У.Хүрэлсүхийг ардаа авчээ. С.Баяр Монголын улстөрийн системийн хямралыг одоо байгаа нөөцөөр гэтлэн гарах боломжгүйг мэдэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхэд намыг залуучуудаар бэхжүүлэх үүрэг өгсөн байна. Үүнд У.Хүрэлсүх нийцэх шалтгаан нь тэрээр намын залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулж, үхэл мөхлөөс нь өөрийгөө зольж байж аварсан юм. Мөн 2008 оны эцсээр болсон НИТХ-д үй олон залуучуудыг дэвшүүлсэн нь намын хойч үеэ бэлтгэж байгаа хэрэг.

Гэвч энэ бүхэн эцэстээ МАХН-д хүчтэй дотоодын бутрал бий болгож байна. Шинээр орж ирсэн залуус нь мөнгөтэй, дээрээс нь өмнөх үеэс уламжлагдсан улстөрийн соёл, бодлогын үнэт зүйлгүй агаад гагцхүү бидний үе ирж байгаа тул яасан ч яахав гэсэн байртай аж. Н.Энхбаярыг шахан гаргасан ба С.Баяр Ерөнхий сайдаа өгөөд намын ажилдаа анхаарахыг хичээж байгаа боловч биеийн байдал нь ийм зав боломж олгохгүй байгаа юм. Үүний зэрэгцээ МАХН-ын бүлэг дэхь залуучуудын идэвхжил нь хууччуулыг нь болгоомжлуулжээ. Тиймээс МАХН-ын хуучуул толгойлогчгүй нэгдээд байна. Ингэхгүй бол тэдний улстөрийн нас тун богино болчих гээд байна. Ийнхүү толгойгүй болсон МАХН үзэл санааны ч биш, сахилга батын ч биш, зүгээр инерцээрээ яваа нэгдэл болж, харин дотооддоо эвлэршгүй зөрчилдөөнд яваад орчихжээ. Энэ зөрчилдөөний үндэс нь улстөрд ч бус огт өөр зүйлд байгааг, МАХН ба АН-ын нэгдэл огт өөр түвшинд хүрч “батажсаныг” дараах бүлгээс уншаарай.

Шинэчүүл ба хууччуул

Эхний зөрөлдөөн Сү.Батболдыг Ерөнхий сайд болгосны дараа бий болов. Гадаад хэргийн сайд Ерөнхий сайдаар дэвшсэн тул суудал нь хоосорчээ. Хоосон суудлыг залуучууд авахаар уухайлан дайрав. Тэд гадаад хэргийн яамыг АН-д өгөөд Сангийн яамыг авахыг хүсчээ. Үндэслэлээ сүрхий томъёолжээ. АН гадаадад ертөнцөд нүүр тахлах учиртай, энэ талаараа МАХН-тай харьцуулшгүй, харин Сангийн яамыг нам мэдэлдээ авахгүй бол хэдийгээр анх манай хүлэмжинд үндэслүүлээд АН-ын талбайд суулгасан авч С.Баярцогт өнөөгийн нөхцөлд хэтэрхий шунаг бөгөөд бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байна гэж үзсэн юм. Харин Ерөнхий сайд ингэж үзэхгүй байлаа. Удахгүй Таван толгойн гэрээ орж ирэх юм. “Энэржи ресурс”, Оросын эрх ашгийг бодолцох учиртай болно. Ийм нөхцөлд Сангийн яаманд бүлэглэлээс гадуурх, учир мэдэхгүй хүн тавих нь тун аюултай.

Сү.Батболд бол “Энержи ресурс”-ыг толгойлж байгаад Оросуудын шахалтаар ТУЗ-ын дарга болж, эцэст нь “Таван толгой” ордыг Засгийн газар мэдэлдээ авч “Ухаа худаг” үлдэхэд далд оржээ. Өөрөөр хэлбэл далд сонирхол бий. Харин С.Баярцогт бол Сэлэнгэ аймаг дахь 6000 га газрынхаа /энэ бол хуучин тоо гэхдээ одоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдсан байх учиргүй/ ургацыг “Спирт ба бурам” компанид нийлүүлдэгээрээ “Энержи ресурс”-тэй хүйн холбоотой юм. Харин С.Баяр намын дарга болоход шаардлагатай санхүүжилтээ мөн л “Эм Си Эс”-ээс авч байсан юм. Тиймээс Таван толгойд гадны гар дүрж болохгүй. Харин МАХН-ын залуучууд таван толгойд эрх ашгаа оруулахыг хичээсэн байж болно.

Иймээс МАХН-ынхан залуучуудаасаа далдуур АН-ынхантай албан бус уулзалт хийж, Сангийн яамнаас чинь салгахгүй гэж амлажээ. Нөгөө талаас хэрэв Засгийн газрын өмнөх бүтцийг өчүүхэн төдий эвдвэл бүрмөсөн огцруулах сонирхол МАХН, АН-д аль алинд нь байсан юм. Хэрэв Засгийн газар унавал АН-ынхан Н.Алтанхуягийн З.Энхболдоор солиод сөрөг хүчин болж гараад амлалтаас бултаж МАХН-ыг баалах учиртай байв. АН-д “Эрдэнийн хувь” фракц бий болсон ба Ерөнхийлөгч тэдэн дээр очиж өөрийн фракц гэдгийг баталжээ. Харин МАХН-ынхан АН-ын хоолны савнуудыг хөөгөөд дангаараа Засгийн газар байгуулахаар зүтгэж мэдэх байв. Ийм нөхцөлд Таван толгойн гэрээ будаа болно.

Иймээс Г.Занданшатарыг санхүүгийн мэргэжлийн хүний хувьд Сангийн сайдаар зүтгүүлснийг нь “хагас хүлээн авч гадаад хэргийн сайдаар цөлөв”, үр дүнд нь “Гадаад бодлогыг нэгдлийн ня-бо тодорхойлох болов” гэдэг онигоо гарчээ. Хонь буюу Засгийн газар бүтэн, чоно буюу МАСЗХ цатгалан үлдлээ. Засгийн газар тогтсоны дараахан нь Ухаа худгаас хил хүртэлх төмөр замын төсөл орж ирснээр бүлэглэл хоорондын дайн дэгдлээ.


Залуучууд ялагдаж, хуучуул хуйвалдаж байгаа МАХН.

Эхлээд залуу насны шингэн тархиар бодлогогүй хөдөлсөн нийслэлийн намын хорооны дарга Мөнхбаатар мэт нам даруулжээ. Тэрээр бас л бие нь тааруу байгаа хотын дарга Мөнхбаярыг унагах хор найруулаад намын удирдлагаасаа сайн бангадуулж одоо дуу нь ч гарахаа байчихаж.

Дараа нь байнгын хороодын дарга нарыг, бүлгийн ахлагч нарыг солих явцад МАСЗХ гэнэгүй цохилтонд оржээ. Хууччуул нь бүлгэрхэж байгаад хэнд ч хэрэггүй Дондогийг дэмжиж, харин Э.Мөнх-Очирыг дэвшүүлсэн МАСЗХ ичгүүртэй байдалд оров. Э.Мөнх-Очир энэ доромжлолын бурууг хуучуулаасаа биш харин үеийнхнээсээ эржээ. Учир нь бүлэг дэхь үеийнхэн нь дэвшүүлчихээд дэмжээгүй юм. Э.Мөнх-Очир тодрох мөрөөрөө У.Хүрэлсүхэд тодрохгүй намынхаа залуучуудыг дарамталдаг хүн болж хөгөө чирсэн байна. Ингэснээр Э.Мөнх-Очир залуучуудын эгнээнээс гадуурхагдах болов. МАХН-ын боксеруудын бослогын толгойлогчид ийнхүү хоорондоо нүдэлдэж, харин хуучуул нь сайхан хагарал зохион байгуулсандаа туйлын сэтгэл хангалуун байгаа билээ.

Улстөрийн суурь нь аавынх нь үеийнхний дэмжлэгт оршиж байдаг гэж боддог тэрээр хуучуул ба залуучуудын хооронд тэлээ хурга шиг болчихож. Жа.Энхбаяр зэрэг ийм завсрынхан тус намд нэлээд олон. Алт аль нь түүнд итгэхгүй, гэхдээ аль аль нь ашиглахыг боддог ийм хүмүүсийн улстөрийн зам удалгүй балардаг, учир нь тэмцэлд аль нэг тал нь заавал ялна, энэ удаад залуучууд ялна. Үүнд хүчний харьцаа бус намынх нь нэгэнт эхэлсэн бодлого нөлөөлнө.

Ийнхүү МАХН эх толгойгүй зөрчилдөөнөө нууж ядан оршин тогтнохын төлөө үзэлцэж байна. Үүнтэй зэрэгцэн Н.Энхбаяр ч идэвхжиж байна. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлаар сонсгол зохион байгуулсан нь энэ хэргийн буруутнаар саяхан “чөлөөлөгдсөн” С.Баярыг тодруулах үзэл суртлын аян эхэлсний гэрч юм. Хятадын дэмжлэгтэй дотоодын олигархууд ба Оросын идэвхтэй суртал нэвтрүүлгийн явцад МАХН дахь хагарал дээд цэгтээ тулбал энэ нам 2012 оны сонгуулийн ялагдын дараа нэг бол нэрээ солих, эсбөгөөс нэгмөсөн бутран унах замдаа гарлаа.

Харин “Алтан гадас”-ынхан Засгийн газар ба намаас нь бэлтгэж буй хайчин галаас сугаран гарч, шинэ улстөрийн хүчин байгуулах ажилдаа оржээ. Тэд санхүүгийн нөөц ба одоо байгаа улстөрчдийнхөө хүч нөөцөнд тулгуурлан Монголын толгой улстөрийн нам байгуулна гэж тооцож байна. Ингэвэл АН-д МоАХ ба  Ерөнхийлөгчийн бүлэглэл бүлдэх ба МАХН-д С.Баяр болон хотынхон, бас МАСЗХ-ныхон үлдэж, шинэ улстөрийн хүчин санхүү-улстөрийн томоохон бүлэглэлд суурилах ба Ухаа худгийн төмөр зам тавигдвал идэж барахгүй их мөнгөтэй, дээр нь мүрхий гадаад дэмжлэгтэй болж магадгүй байна. Чухам иймээс АН дахь бүлэглэлүүд бас МАХН дахь олон бүлэглэл энэ төмөр замыг сөрж, заримдаа Оросуудын дэмжлэг авч байна.