Онолоороо олныг хушууруулсан цагт нам хүчирхэгжинэ. АН өнгөрөгч 27 жилд ардчилал зах зээл коммунизмээс давуутайг масст ойлгуулаагүй. Тэр ч бүү хэл хуучин шинэ талцлыг эв дүйгээр зөөлрүүлэх байтугай АН-ын сүүлчийн удирдлага сэдрээсэн. Үүнээс гайтаж, нийгмийн ухамсарт үрсэлсэн ардчилал зах зээлийн нялх үр хөврөл үхлээ. Уг нь дажгүй соёолсон юмсан. Аль ч нийгэм, ямар ч намд хамааралгүй, бие даасан сэтгэлгээгээр уншигч олондоо үйлчлэх хөтөлбөртэй зохиолч нэртэй зөнөг өвгөн би бээр ардчилалд урхагтай гамшиг нүүрлэлээ гэж харамсаж сууна. Хүн төрөлхтөний оюуны үнэт бүтээл, цаг хугацааны сорилтоор шалгарсан аж төрөх тэргүүний үзэл баримтлал, хэдхэн гайтай луйварчнаас бузартаад ард түмний тархинаас арчигдах эрсдэл айсуй. Энэ бол эд баялгаас ч ноцтой хохирол. Хүн амын оюунаас ардчилсан үзэл холдсоор өдгөө ардчилал зах зээлийг ард олон бүр жигшдэг болжээ. Энэ бол АН-ыг толгойлогчдын тарьсан гай. Хөгшин би ч ад болов. Гэхдээ ардчилал зах зээлийн онолоос гайтаагүй АН-ын удирдагч хэдэн луйварчинд л чадуулчихлаа.

Бөмбөрцгийн тал-социалист лагерийнхан коммунизмд орох итгэлээр 70 жил зүтгэсэн. Гэтэл ардчиллын доргионд соц. лагерь 1990 онд газар хөдлөх мэт нурмагц коммунизмыг бүтэшгүй утопи гэх үзлээ нууж явсангууд алга ташаад, коммунизмд үнэмшиж явсангууд гомдолтой хоцорсон. АН-ын удирдлага нэртэй баруунаар өнгөцхөн чамирхсан хэдэн ганзагачид “социалист нийгэм байгуулж явсан” гэж тунигчдын гоморхлыг басамжилснаар ардчиллын эсрэг томуу дэгдээжээ. Эрх ашиг нь хөндөгдсөндөө ардчилалд үе дамжин гонсгор яваа хэсгийн төөрөгдөл, сэтгэл зүйг судлах ухаан ганзагачин АН-д төрсөнгүй. Яс махнаас нь ардчилсан үзэл ургасан оюунлаг лидерүүд шахагдаж, луйвар хулгайгаар чөмөг суусан наймаачид азаргалав. АН-ын удирдлага ганзага нийлдэг хомхой хэдтэйгээ булагнаад, намын хамт олноо, хүн амын дийлэнхийг бүрдүүлэгч массыг дээрэлхсэний гайгаар ялагдал дарааллаа.

АН-д шургалсан увайгүй ганзагачид яван толгойд чинь асч хүчирхэгжээд, том зорилтыг чинь нурааж, нэр төрийг чинь баллав. Тэд асар их зээл авч дундаас нь өөрсдөө завшаад, улсаа өрөнд унагаж, хүн амаа хоосрууллаа. Тэднийг АН-аасаа, эсвэл АН-аа ардчиллаас зайлуул. Дийлдэшгүй ганзагачин-олигархиудыг дархлав. Ганзагачинд ард түмэн үнэгүй. Тэд лидер биш. Лидер гэх алдар ганзагачинд хүндэднэ. Би бээр зохиолч хүний араншингаар аль тэртээ социализмын үеэс ардчилал, зах зээлийг дэмжиж явснаас бус АХ-ныхон гэгч бацаануудад анхнаасаа найдаагүй. Тэдний зохицуулагч хэдээс бусад нь хоосон толгойтой амьтад болох нь эхний цуглаануудаас нь танигдсан. С.Зориг алагдаж, бусад нь адлагдан хөөгдөв. Тэдний оронд луйварчин, ганзагачин, хулгайч, эрүүгийн элемент, рекетчин гээд адгийн шаарнууд тодорсон. Ардчиллыг дэмжигч миний үзэл унаган бөгөөд аль ч намд хамаагүй, надтай хамт шороонд булагдана.

Гурван сая монголыг сэвхийтэл босгох том төслүүдээ хоёр гурван ганзагач гадныхантай хавсайдаж эх орноо зориуд хорлосны горыг АН ч амсав. Тэд нүглээ эдэлж ялагдах зөв. Харин ард түмэн тэдний уршгаар хохирч, ардчилсан үзэл тэдний шуналаар бүдгэрэв. Нүглүүд дундаас хамгийн ужиг нь, шунал гэж Будда захьсан. АН-ын өнөөгийн хэдэн удирдагч цэвэршихгүй. Шунал нь төрмөл болох нь сүүлийн жилүүдэд батлагдсан. АН-ын маанийг ганзагачид ингэж уншив. Ганзагалаа нь “гахай”-наас хэтрээгүй наймаачдын шуналыг эрдэс баялгийн аварга ордууд галзууруулж зодолдуулсан. Харь оронд биенээ хулхидахаас хэтрээгүй ганзагач нарт төр жолоодох философи байсангүй. Тэдний өнгөн дээр ардчилалд ам муутай иргэд нэмэгдээд л байлаа. Анхнаасаа ардчилал зах зээлийн давууд итгүүлж чадсан аваас талцал тэмцэлгүй өөдлөх байсан. Итгүүлж чадаагүй нь ч буруутай биз, шүдээ зуугаад хонзонгоо тавиагүй нь ч буруутай биз.

Ард түмэнд ямар гарц үлдэв? АН найман жилдээ босохгүй. 8 жил хөгжлийн урт хугацаа. Би л лав үзэхгүй. Миний үеийнхний хувьд АН дашин шог. Гэвч ардчилсан үзэл Монголд сох унтраагүй. Одоо ганц найдвар МАН болсон. Бодоо Данзан нарын нам эх орныг минь жолоодох мөч ингээд эхэлдэг байж. Монголын түүхэнд анх үүссэн МАН нялх балчиртаа болъщевикуудад аймшигтай ниргүүлснийг санаж, МАН хуучин руугаа хургах бус ардчилал зах зээлийн замаар хурдтай давшихыг монгол хүн бүр тууштай дэмжинэ гэдэгт итгэнэм. Лидерүүд нь МАХН-ын залгамж халаа, үргэлжлэл бус, харин 1920-иод оны МАН-ын залгамж халаа, үргэлжлэл байгаасай.

Хуулиа биелүүлдэггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс иргэд залхаад шинэлэг, шударга, ухаантай Төрөөр жолоодуулахыг хүсээд буй энэ цаг үеийг МАН-ынхан нэрээ сольсон шинэчлэлдээ ашиглах алтан боломж тохиолоо. Хувьсгалаар үйлдэгдсэн сайн муу түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ хамт МАХН-д авна уу хаяна уу орхиод, МАН-ыг үндэслэгч Бодоо Данзан нарын коммунист бус цэвэр эх оронч ард үзлийг цаашид баяжуулан хөгжүүлэх зам чинь ямар ч саадгүй цэлийв. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь коммунист онолд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан түүхэн эмгэнэл та нарыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист, хэлмэгдүүлэгч хочноос чинь эгүрт салгаж, сонгогчдыг татах болно. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Хувьсгалт намын аллага нугалаанд оролцоогүй, Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын учир битүүлэг хорлогдсон жанжин.

Бодоо Данзан нарын нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал коммунистуудад буудуулсан Бодоо Данзан Шагдаржав Гэндэн Амар Догсом нарынхаа нэрийн өмнөөс няцаа. МАН-ын лидерүүд коммунист байгаагүй. Гадны түрэмгийллийн эсрэг, тусгаар тогтнол, бие даасан бүрэн бүтэн байдлынхаа төлөө тэмцсэн эх оронч-ардчилагчид явсан юм. ХХ зууны монгол эх орончдын түүх намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж, дээдлэн залгамжлах ёстой улс төрийн гол хүчин бол МАН. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид бол коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Хувьсгалт намын цус нулимстай түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш гэдгийг илэн далангүй зарлаж хатуу мөрд. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандан бадрахад Монголдоо хайртай иргэн бүхэн уухайлан дэмжих нь гарцаагүй. Та нарыг бурхан өршөөж, Монголоос коммунист-болъщевик архаг хууч эгүрт тонилго. Монголд коммунист онолыг хэн орхино би түүнтэй хамт. Монголд ардчилал, зах зээлийг аль нам хөгжил болгоно би тэдэнтэй цуг. Шанааддаг, шахдаг, нийгэмчилдэг, өөрийгөө тагнадаг, засгийн эрх хууль бусаар авдаг бузраа арилгавал Бодоо Данзан нарын нам сэргэн мандахад бүх нөхцөл бүрджээ.

2017