Мардайн ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Төв азийн уран” ХХК дахь Канадын “Хан ресурес” компанийг оросууд Монголын засгийн газраар хөөлгөх хор найруулж, “Канадын хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчиж байна” гэх худал мэдээ дэлхий дахинд цацаж, тэдний хувьцааны үнийг унагаад, өөрсдөө Торонтогийн биржээр дамжуулан Канадын нэгж хувьцаа тутмыг 0,65 ам. доллараар авах санал дэвшүүлсэн. Тэгмэгц хятад компани канад хувьцаа тутамд 0,96 ам. доллар санал болгож оросуудыг дөнгөжээ. 

ОХУ-ын улс төрийн тоймч В.Ворсобин энэ үеэр Монголд ирж бичсэн нийтлэлийнхээ оршилд “Улаанбаатар хийсэн гэрээ, байгуулсан хэлцлээсээ яаж ийгээд зальдан бултдаг тул дэлхий дээрх хамгийн хачирхалтай түншийн нэгд ордог болоод удаж байгаа. Монголд ирсэн хүн болгоныг стратегийн түнш хэмээн зарладаг нь бараг ардын уламжлал болжээ” гэж даажигнаад цааш тэр бээр “Москва “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенког Монголд илгээснийг монголчууд бас л стратегийн түнш хэмээн хүлээж авлаа. С.Кириенко монголчуудтай ярилцсаар канадуудтай байгуулсан тэдний ураны гэрээг цуцлахаар болгож чадсан юм. Цочирдсон канадууд олон улсын шүүхэд хандаж, Москва дахиад л аз нь шовойж ирлээ. Үр дүнд нь Барууны хөрөнгө оруулагчид цөөрч Монголын засгийн газрын мөнгө дуусав” гэж тохуурхан тавлав. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагааны өрөөнөөс сурвалжлагаа эхэлсэн ОХУ-ын улс төрийн тоймч худал ташаа, эндүү гоомой баримт дэлгээгүй гэдэгт эргэлзэх юун*. 

С.Кириенко Монголд урилгагүй зочилсон томилолтынхоо даалгаврыг гялалзтал биелүүлсний дүнд ядуус-бидний нуруун дээр 106 сая ам. доллар панбуув. Нуруу нугасаа нурхийхэд монголчууд “спасибо” гэж дуу алдаад л чимээ тасарч. Сураг сонсохноо 4 жил үргэлжилсэн Арбитрын зардалд 46 саяыг бэлэн тушаагаад, Канадад төлөх 70 саяыг өдрийн нэг саяар төлж эхэлсэн гэх. Хамгийн гол нь буруу шийдвэр гаргаж Арбитрын шүүхэд ялагдсан Монголын засгийн газар, тэр үеийн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж нар бус 106 сая ам. долларыг татвар төлөгч элгээрээ мөлхсөн ард түмэн төлж хохирчээ.

Канадын “Хан ресурес” компани олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, хайгуулд зарсан хөрөнгө-350 сая доллар манайхаас нэхсэн. “Хан ресурес” л монголчуудыг гэрээ хэлцлээсээ яаж ийгээд бултдаг дэлхийн хамгийн найдваргүй түнш гэдэг байх. Тэгэхээс ч яахав. Тэдний зөв. Харин буруутан нь хөөсөн бид үү, хөөлгүүлсэн оросууд уу? Оросын дарамтад өөрийн толгой мэдэлгүй дээрэлхүүлж явдаг ядмаг дорой Монголын зовлонг олон улсын арбитрын шүүх мэдэрч 350 саяам. доллароос хассан байж магад бөгөөд канадууд мөн хүлцэж 70 сая болгон бууруулав уу гэж харах өнцөг бий. Тийм аваас ойворгон монголчууд манай сангийн сайд муусайн канадуудыг мад тавчихаад ирлээ гэж сагсуурах ичгэвтэр байгууштай. Манай хэвлэл мэдээлэл баадуурч гарсан.

“Росатом”-ын захирал С.Кириенкогийн тулгалтаар унасан 106 сая ам. долларын өрийг “юу ч биш” гэж манай эрх баригачид баярхсан уу? Үгүй ээ зайлуул. Яагаад гэвэл тэдний тархин дээр дружба-найрамдал аймаар хүрхирдэг зангаргатай. Хулчгар эрх баригчдаа хүлцэнгүй иргэн та уучилмаар байна уу? Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр хулчгар эрх баригчид чинь 106 саяыг татварт даруулсан ядуустаа тоохгүй үүрүүлэх бяртайг тунгаасан хойноо уучлах эсэхээ шийдээрэй. Төсөв монжиж тэрбумтны бүрэлваад хувирах хорхойтон түмэн олноо өрөвдөх энэрлээ гээдэг. Жастын Батхүүгийн өмнөд Африкийн Стандарт банкинд тавьсан хэдэн зуун ч сая гэлээ ам. долларын өрийг ядуусын татварыг нэмэх замаар чив чимээгүй барагдуулж явна. Урвагч хулгайч нарын тавьсан өрийг ард түмэн төлдөг бичигдээгүй хуультай. Гагцхүү Төр Засаг минь Эрдэнэтийн 51 хувийг хэн хэн барьцаалсныг л хэлчих. Буруутанг зарласны тань хариуд ядуус бид тэр их өрийг чинь төлж байна хэмээн сэтгэлээ хуурч тайвширъя. Эх орноо барьцаанд тавьсан хулгайчийн нэрийг сонссондоо баярлаад жагсахаа ч больё.

Уг нь хэдэн хороолол, сургууль цэцэрлэг барьж утаа угаараасаа салахад элбэг хүрэх мөнгө. 1,3 сая нийслэлчүүдийнхээ өтгөн шингэн ялгадсыг цэвэрлэх байгууламж барьж, ертөнцийн шившиг болсон өмхий үнэрээсээ өлхөн хагацах хэмжээний аймаар тэр их өрөнд хэн хэн унагасныг ядаж мэдэж авъя. Одоо хэдийг төлөөд байна? Хэд үлдээд байна? Шилэн данстай, ил тод, нээлттэй Төр Засаг энэ тухай яагаад дуугарахгүй байна? Нэг номерын шударга гэж өөрсдийгөө магтаж, юм юм руу үсчиж цамнаад зурагтын дэлгэцээс салдаггүй Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ. Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр гэгч эх оронч догшин зайрангууд яагаад ийм их өр тавьсан этгээдүүдийг дуэльд дуудахгүй дөлөөд явна?

“Росатом”-ын С.Кириенко, Жастын Батхүү хоёрын цаана хэн хэн нуугдаж буйг, мөн Эрдэнэтийн 51 хувийг хэн хэн баталгаа гаргаж барьцаалсныг татвар төлөгч, өр барагдуулагч хүн амдаа зарлах эх оронч өчүүхэн нүнжиг Төрийн гурван өндөрлөгт байна уу? Өрөнд унагасан урвагч хулгайч нарт ял сонсгож чадахгүй нь мэдээж. Зүгээр л нэрийг нь зарлачих. Тэр чинь бидэндээ их олз. Тэр чинь төр засаг, хоёр гол намд том дэвшил. Түүнээс илүүг горьдох найдлага тасарчээ. Өрийг чинь барагдуулж, ядуурч яваа өлөн зэлмэн тэнэг мулгуу иргэдийнхээ ачийг хүндэтгээд урвагч хулгайчдыг шийтгэлгүй, тэр ч атугай, шагналын журмаар өндөр хөгжилтэй тансаг гүрэнд элчингээр илгээсэн ч хамаагүй, зөвхөн нэрийг нь зүгээр л шууд зарлачих. Зарлая гэвэл тэдний овог нэр төр засагт бэлэн байгаа. Ёс суртахуунаар ингэтлээ ялзарсан төр засаг иймхэн үйлдлээс арай ичиж худал аалгүйтэхгүй биз. 

2018-01-10

*дэлгэрэнгүй нь “Зуун дамнасан төөрөгдөл” номын 146-156-р талд.