2024
Харамсалтай нь сонгуулийн жил учраас тараах, түгээх, хайчлахыг эс тооцвол олигтой юм хийгдэхгүй. Харин амьдрал зугаатай байх болно.
2024.01.11.
Нэг мэдэхэд саяхан босгыг нь давсан санагдах XXI зууны бараг дөрөвний нэг өнгөрч байх юм. Үнэндээ цаг хугацаа биш бид өнгөрч байгаа, гэхдээ тэр яахав. Дахиад ийм хугацааны дараа энэ зуун тэн хагастаа хүрч очно. 2050 он.
Бидэнд Л.Оюун-Эрдэнэ гэж хүний бичсэн ном, дараа нь сонгуулийн сурталчилгааны материал байгаад эрх мэдэлтэй болмогцоо төрд шахсан “Алсын хараа 2050” бий. 400 сая жуулчин мэтийн илт доргио төсөөллөө хасч байгаад УИХ-аар батлуулж амжсан. Одоо төрийн албан хаагчдаар цээжлүүлж шалгалт авч зовоодог сурагтай. Саяхан Ерөнхий сайд гурамсан ном гаргаж сануулсан байна.
Ирээдүйг, тэр тусмаа 2050 оныг хэнбугай ч мэдэхгүй. Бид амьд байх эсэхээ барагцаална, байвал хэдэн настай байхыгаа яг хэлнэ, харин Монгол Улс ямар болох, юунд хүрэх хүрэхгүйг харж чадахгүй, хожим хэн ч шалгахгүй, санах ч үгүй.
Монгол Улс 2027, 2031, 2035 оны Ази тивийн, харин 2042, 2046, 2050 онуудын аль нэгэнд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөнө гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Швейцарт байрладаг ФИФА-гийн төв байранд зочлохдоо мэдэгдэж жижиг самбар дээр бичиж гарын үсгээ үлдээснийг санаж байна. (Ийм санааг анх би 2008 оны үед гаргаж бичсэн гэж боддог ч надаас түрүүлсэн хүмүүс гарах биз) Хэрвээ үүнийг “Алсын хараа”-нд оруулах байсан юм. Тэгвэл эрх баригчид Монгол Улсаа огцом хөгжүүлж чадна гэдэгтэй итгэж буйгаа батлах байв. Одоогоор ганц цэнгэлдэхээ устгаж байж юун дэлхий мэлхий...
Шинэ зуунаас хойш хөдөө орон нутгийн тухайд хэн юуг амалж бужигнуулсныг мэдэхгүй учраас зөвхөн төрөлх хотоороо жишээ татья. 2007-2008 онд хэдэн сар нийслэлийн Засаг даргаар ажилласан Т.Билэгт Гандангийн хойт дэнж дээр гэр хорооллын айлуудын газар дээр барих орон сууцны долдугаар хорооллын шавийг Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оролцуулж тавихдаа 2021 онд Улаанбаатар хот үнэхээр гэр хороололгүй болно гэж зарласан билээ. Бүтэхгүй гэдгийг биш юмаа гэхэд тэнд барилга бариулахаар сонгосон “Бэрэн групп” орон сууц биш МҮИС-ийнхаа барилгаа босгохыг таагаагүй. Улаанбаатар хот 2017 он гэхэд метротой болохыг Засаг дарга Г.Мөнхбаярын үед амалж байсан бол 2015 онд дараачийн Засаг дарга Э.Бат-Үүл үед 17,7 км метроны шугамыг тэмдэглэж “Драгон” төвийн өртөөний самбар босгоод 2020 онд ашиглалтанд оруулахаа зарлаж байв. 2021 оны эхээр өмнөх Засаг дарга Д.Сумъяабазар гүүрэн тулгуурт LRT галт тэрэгний эхний ээлж ашиглалтад орж зорчигч тээж эхлэх өдөр судрыг 2024 оны 6-р сар гэж товлож байв. Бараг сонгуулийн санал хураалтын урд өдөр. Одоо хэдхэн сар үлдээд байхад шугам, галт тэрэг, Сумъяабазар гурвын сураг ч алга. Одоогийн Засаг дарга Х.Нямбаатар дахин метро амалж 2028 онд (дараачийн сонгуулийн өмнө!) ашиглалтанд оруулах төсөөлөлтэй яваагаа мэдэгджээ. Хэзээ нэгэн цагт метро бүтэж болзошгүй, гэхдээ дөрвөн жилийн дотор яав ч биш. Хэрвээ Монгол Улсын авлигын нийслэл болсон Улаанбаатар хотод хот төлөвлөлтийн завхрал, газрын наймааг таслан зогсоож чадвал Улаанбаатарт метро ерөөсөө хэрэггүй, арайхийн дүр төрхөө олж буй хотынхоо төвийг ухаж төнхөх шаардлагагүй. ТЭЗҮ боловсруулах тендер зарлаж олон боть цаастай боллоо ч газар доорхи метроны асар том байгууламж, галт тэргийг тасралтгүй хангах цахилгаан эрчим хүчний нөөц Улаанбаатарт байтугай Монголд ч байхгүй.
Өөрчлөлт, хөгжил, дэвшил ихэнхдээ бидний төсөөллөөс өөрөөр явагддаг. Бүхэл бүтэн төр, засаг, хүрээлэн, ухаантнуудын үйлдвэрлэсэн урт хугацааны баримт бичиг, стратеги, бодлого, мөрийн хөтөлбөрүүдийн хувь заяа үүний нотолгоо. Биелээгүй гэдэг бол бүх юм сүйрсэн гэсэн үг биш, харин ихэнх асуудал өөрөөр шийдэгддэг. 1990-ээд оны эхээр Ерөнхий сайд Бямбасүрэн, би монголчуудыгаа бүсээ чангал гэхгүй, харин ханцуйгаа шамла гэж уриалсны хариуд монголчууд “гахай” зөөж Москва-Улаанбаатар-Бээжинг холбосон хэдэн мянган километр урт төмөр замыг эзэгнэсэн билээ. Шилжилтийн үеийн эдийн засгийн сүйрэл, хомсдлоос биднийг чухам төмөр зам аварсан билээ. Тэгвэл өнөөдрийн хөгжлийн гацаанаас гаргах учиртай байсан нүүрсний төмөр зам өөрөө гацчихсан. Өнгөрсөн 20 жилд төр, засгийн ямар ч бодлого, баримт бичигт дурдаагүй, уриалж дуудаагүй атал монголчууд өөрсдөө санаачилж санхүүжүүлж хэрэгжүүлсэн аварга том мега төсөл бол гадаад гарч ажиллаж, амьдарсан явдал билээ.
Өнөөдрөөр амьдарцгаа гэж Далай лам сургажээ. Одоо бид 2024 онд хийх ёстойгоо хийх учиртай. Харамсалтай нь сонгуулийн жил учраас тараах, түгээх, хайчлахыг эс тооцвол олигтой юм хийгдэхгүй. Харин амьдрал зугаатай байх болно. УИХ-ын сонгуульд өмнөхөөсөө олон худалч хулгайч, бас шинэ хүмүүс нэр дэвшин үзэж тарна. МАН ялна. АН сурснаараа Женко тэргүүтнээ гаргаж ирнэ. Гадаадад, тэгэхдээ барууны улсуудад сургууль төгсөгчдийн нэгдсэн холбоо маягийн ХҮН нам завсраар нь хэдэн суудал олж авна. Сонгуулийн дараа баахан гишүүн, дарга, захирлууд шинээр тодорно.
Улаанбаатарын түгжрэл хэмээх Дон Кихотын тулаан үргэлжилнэ. Гудамжаар багтаж ядсан олон автобусаар чихэлддэг болно. Гэтэл хотын төвд газар, зөвшөөрөл авсан 10,20,30 давхар барилгууд бүгд босно. Тэд хууль, журам, дүрэм, норм стандарт зөрчсөн боловч нэгийг ч цуцлахгүй. Эцэстээ дүндээ дүн буюу түгжрэл буурахгүй.
Ганц ёлтойх гэрэл бол 2024 оны төгсгөлөөр “Бодь”-ийн барьж байгаа Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлж ашиглалтанд орох төлөвтэй. Гэхдээ нүүрсний төмөр замыг хятадууд холбож өгөхгүй. 60 сая тонныг машинаар зөөж хэд ачиж буулгаж байж хил гаргадаг нөр их урсгалыг биширмээр ч, уур ч хүрмээр. Одоо хятадууд нүүрс авсаар байгаасай гэж сайн залбирах хэрэгтэй.
2024 онд дэлхийгээр дүүрэн сонгууль болно. Израил “Хамас”-ыг устгаж палестинчуудын газар нутгийг гүйцээж булаана. Оросууд Украинд ялж болзлоо тулгасан гэрээ байгуулж зорилгодоо хүрнэ. Хэн хүчтэй, тэр дийлэх нь хууль. Монголд Ши Жинь Пин, Путин хоёрыг айлчлуулахыг манай Ерөнхийлөгч хүсч, Гадаад яамныхан хөөцөлдөж байгаа ажээ. БНХАУ-ын даргын хувьд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жил (зууны дөрөвний гурав!), бас хамгийн сүүлд Монголд айлчилж УИХ-ын индэр дээрээс “Миний нутаг” шүлгийг бидэнд уншиж өгсний 10 жил учраас магадлалтай санагдах авч бараг үгүй биз. 2019 онд Халх голын 80 жилээр айлчилсан В.Путин тавхан жилийн дараа ирэх магадлал бүр бага, тэгээд ч тэгш ой биш учраас 85 жилийн ойг бид түүнгүйгээр тэмдэглэнэ. Тэр үеэр Халх голыг тойрсон үзэл бодлын бас нэг дайн дэгдэж маршал К.Жуковын хөшөө рүү давшлахаас эхэлнэ.
Дараа нь? Мэдээж, өвөл болно, хүйтэн болно (УИХ-ын гишүүн асан М.Билэгт). 2024 он тэгэсхийгээд өндөрлөнө.