С.Даваасүрэн: Тэгш боломж бол хөгжлийн зорилго төдийгүй чухал хэрэгсэл
МУИС-ийн дэд профессор, доктор С.Даваасүрэн бид хоёрын “нээлттэй үлдээсэн” ярилцлага үргэлжилж байна. Гурав дахь ярилцлагаас хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Хэн хэний маань тус тусын ажил төрөл, аж амьдралын завдал тааралгүй ингэтэл удсандаа уншигчдаасаа хүлцэл өчье.
МУИС-ийн дэд профессор, доктор С.Даваасүрэн бид хоёрын “нээлттэй үлдээсэн” ярилцлага үргэлжилж байна. Гурав дахь ярилцлагаас хойш яг сарын хугацаа өнгөрчээ. Хэн хэний маань тус тусын ажил төрөл, аж амьдралын завдал тааралгүй ингэтэл удсандаа уншигчдаасаа хүлцэл өчье.
-Сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоо Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн дүгнэлийг Цэц гаргаад байгаа.УИХ ч дүгнэлтийг хүлээгээд авчихлаа. Эмэгтэй гишүүд, мөн улстөрч эмэгтэйчүүд мажоритор тогтолцоонд шилжихэд тун эмзэг хандаж байна. Хоёулаа эндээс ярилцлагаа эхэлье. Энэ үнэхээр эмэгтэйчүүдийн улс төрд оролцох боломжид сөргөөр нөлөөлөх үү?
-Пропорциональ болон холимог тогтолцоонд эмэгтэйчүүд сонгогдох боломж нь бусад тогтолцооноос илүү байдгийг дэлхийн улс орнуудын туршлага харуулдаг.Дэлхийн дэвшилтэт улс орнууд өнөөдөр ардчиллын сонгодог хэлбэр болох төлөөллийн ардчиллыг сонгуульдаа зарчим болгодог. Төлөөллийн гол шинжүүр нь “эх олонлог” болох сонгож буй ард олныхоо нийтлэг, түгээмэл шинжийг хадгалах гэж ойлгож болно. Манай улсын сонгогчдын 53, хүн амын мөн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Тиймээс тэдний төлөөллийн зохистой харьцааг хадгалах асуудлыг бодолцох л учиртай. Энэ яагаад чухал вэ гэхээр шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгшбайдал, тэгш оролцоог хангах нь өөрөө хөгжлийн суурь асуудал.
-Хөгжлийн асуудал гэхээр арай хэтрүүлэгтэй, хэт өргөмжилсөн болчихгүй юү? Хүний эрхийн асуудал гэдгээр нь тайлбарлавал илүү ойлгомжтой юм биш үү?
-Хөгжлийг ДНБ-ий өсөлт ч юм уу, эсвэл, аж үйлдвэржилтийн өсөлтийн хувь хэмжээгээр, эсвэл нэг хүнд ногдох орлогоор тооцох нь явцуу хэрэг юм. Эдийн засгийн өсөлт нь хөгжлийг бий болгох зайлшгүй нөхцөл мөн ч гэлээ хүрэлцээтэй нөхцөл биш. Хөгжлийг өнөөдөр тоон өсөлтөөс илүү иргэдийн амьдралын чанарт гарч буй өөрчлөлт, цаашлаад бүх нийгмийн системийн урагш чиглэсэн хөдөлгөөнөөр тайлбарлаж байна. Тэр дундаа иргэдийн тэгш боломж, тэгш оролцоог хангах нь хөгжлийн чухал зорилго төдийгүй хөгжилд хүрэх үндсэн хэрэгсэл гэж ойлгож болно. Зөвхөн улс төрийн төдийгүй эдийн засгийн, нийгмийн тэгш боломж, ил тод байдлын тэгш боломж хүртэл хөгжилд чухал шаардлагатай байдаг. Товчхондоо, хүн төрөлхтөн юуны тулд хөгжих вэ гэхээр амар амгалан, сэтгэл тайван амьдрахын тулд. Энэ бүгдийн зангилааг тайлах цэг нь тэгш боломж, тэр дундаа жендерийн тэгш боломж гэдгийг дэлхий дахинаа тунхаглаж байна.
-Бусад улс оронтой харьцуулахад манай улс жендерийн тэгш байдлыг хангах талаар сайн үзүүлэлттэй гардаг юм биш үү? Нийгэм, эдийн засгийн аливаа үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоо ч өндөр байдаг шүү дээ.
-Нэг талаар тийм л дээ. Жендерийн хуультай, тэгш байдлыг хангахын төлөө идэвхтэй ажилладаг орон гэж олон улсад хүлээн зөвшөөрөгддөг. Гэвч зөвхөн хууль гаргаснаар, бодлогоо зарласнаар жендерийн тэгш байдлын асуудал шийдэгдэхгүй. Хийж байгаа үйлдэл л хэлж, ярьж, тунхаглаж байгаагаас илүү хүчтэй, бодитой байдаг.Жендерийн хуулийн биелэлт хэрхэн хангагдаж байна вэ, хуулийг сахин хангахын тулд чухам юу хийсэн, юу хийх ёстой байсан, юуг хийж чадаагүй вэ гээд олон асуулт гарч ирж байгаа биз? Зарим тоон мэдээгээр Монголд боловсролын салбарын 79 хувь, эрүүл мэндийн салбарын 87 хувь, шүүх засаглалын салбарын 63 хувь нь эмэгтэйчүүд байгаа тоо гарч байна. Энэ тоон мэдээнээс жендерийн тэгш байдал эдгээр салбаруудад аль хэдийн алдагдчихсан байгааг харж болж байна. Жендерийн тэгш байдал гэдэг нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш шүү дээ. Хойч үеэ сургаж хүмүүжүүлэх, эмчлэх, эрүүлийг хамгаалах, цаашлаад хууль цаазаар шүүн тунгаах гэх мэт энэ хүнд, хариуцлагатай ажлыг эмэгтэйчүүд олноороо хийж байгааг тэд сайн байна, оролцоо нь өндөр байна гэж магтахаас илүүтэй эрэгтэйчүүдийн оролцоо тааруу байгаад анхаарах цаг болсоныг л харуулаад байгаа юм. Гэхдээ статистикаас үзэхэд, манайд эмэгтэйчүүдийн хувь оролцоо менежерийн албан тушаал хүртэл давамгайлдаг бол шийдвэр гаргах түвшинд эрс буурдаг урвуу хамаарал байна. Ийм жишээ татаж байгаадаа хүлцэл өчье, дээрх тоон мэдээ нь улс орон дайны нөхцөл байдалд орлоо гэж үзвэл командлагчид нь эрэгтэйчүүд, харин тэргүүн фронт, галын шугаман дээр, гардан тулааныг эмэгтэйчүүд хийж байгаа дүр зураг ажиглагдаж байна л даа…(инээв)
-Тэгэхээр үүнээс манай эмэгтэйчүүд гүйцэтгэх, хэрэгжүүлэх, тушаал биелүүлэх ажилдаа сайн, харин шийдвэр гаргах, бодлогын түвшинд ажиллах хэмжээнд хүрээгүй байна гэсэн дүгнэлт хийж болох нь ээ?
-Яаран дүгнэлт хийх хэрэггүй л болов уу. Би танд зарим сонирхолтой судалгааны үр дүнгээс ярья л даа. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс аливаа асуудалд хандах хандлага, шийдэж байгаа арга барилаараа ялгаатай байдаг юм байна. Эрчүүд шийдэж чадахгүй гацаанд орсон асуудлыг эмэгтэйчүүдийн дэмжлэгтэйгээр шийдэх явдал олонтаа тохиолдож байж. Яагаад гэхээр эрчүүд асуудлыг олонхоороо хүч түрэн шийдэхийг эрмэлздэг, энэ нь заримдаа гацаанд ордог байна. Харин эмэгтэйчүүд асуудлыг шийдэхдээ эв эеийг олох, зөвшилцөх, хэлцэл хийх замаар шийдэхийг чухалчилдаг. АНУ-ын гадаад бодлогыг Төрийн нарийн бичгийн дарга нь голлон авч явдаг шүү дээ. 1990-ээд оноос хойш энэ албан тушаалд ихэвчлэн эмэгтэй хүн ажилласан байдаг. Санамсаргүй тохиолдол биш. Учир нь эмэгтэйчүүд өөрийнхөө төлөө хэлэлцээ хийхдээ ч гэсэн нийтийн эрх ашгийг бодож байдгийг эрдэмтэд тогтоосон байгаа юм. Бүр байгалиас тийм өгөгдөлтэй гэх юмуу даа. Цаашлаад, үндэсний болон орон нутгийн түвшний удирдлагад эмэгтэйчүүд ажилласнаар авилгын түвшнийг хамгийн бага байлгаж, шударга байдлыг нэмэгдүүлдэг болохыг дэлхийн олон оронд хийгдсэн судалгаа харуулж байна. Ер нь эмэгтэйчүүд хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн дэд бүтцийн салбарыг маш амжилттай удирддаг байна.
-Ийм олон давуу талтай хэрнээ эмэгтэйчүүд яагаад гарч ирэхгүй байна?
-МакКинзийгийн 2011 оны судалгааны тайланг би үзэж байснаа санаж байна. Тэнд их сонирхолтой дүгнэлтүүд хийгдсэн байдаг. Тухайлбал, эрчүүдийг ур чадварыг нь харгалзан тушаал дэвшүүлдэг бол эмэгтэйчүүдийг ажлын туршлага, гаргасан амжилтанд тулгуурлан дэвшүүлдэг тухай тэмдэглэсэн байсан. Дээр нь амжилт олох хийгээд бусдад аятай сэтгэгдэл төрүүлэх гэсэн хоёр ойлголт эрчүүдийн хувьд шууд хамааралтай байдаг бол эмэгтэйчүүдийн хувьд урвуу хамааралтай байдаг гэсэн судалгаа ч бий. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн өрсөлдөх чадвартай бол бусдад аятайхан эмэгтэй шиг санагддаггүй, харин үнэхээр аятайхан эмэгтэй шиг санагдвал өрсөлдөх чадвартай гэж тооцогддоггүй. Дээр нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж, санхүүгийн чадамж эрчүүдтэй харьцуулбал тааруу байдаг. Тэгэхээр эмэгтэй хүн эрчүүдтэй өрсөлдөхийн тулд дор хаяж хоёр дахин илүү хичээл зүтгэл, хүчин чармайлт гаргах хэрэгтэйн дээр илүү хүнд замыг туулдаг болох нь харагдаж байна.
-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог эдийн засгийн талаас нь дүгнэж хэлээч гэвэл та юу гэх вэ?
-Энэ бол улс орны хөгжлийн тухай асуудал гэж би өмнө хэлсэн. Эмэгтэйчүүдийн оролцоог байх ёстой түвшинд байлгахгүй байгаа нь эдийн засаг утгаараа алдагдсан боломжийн өртгийг л нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө ашиглахгүй байх, эсвэл дутуу, доогуур ашиглах нь алдагдал л бий болгоно. Улмаар гацаанд орсон хөгжлийн олон асуудал шийдлээ олохгүй байх, эсвэл өндөр зардлаар үр дүн муутай шийдэлд хүрэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хөгжлийн онол ёсоор зохистой байх ёстой харьцаа алдагдах нь хөгжилд эерэг биш харин сөрөг нөлөөг авч ирдэг. Дэлхийн хөгжлийн тайланд тэмдэглэснээр,Монголд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 1990 онд 25 байсан бол 2015 онд 15 болж 40 хувиар буурсан байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувийн жин 1990 оныг 2015 онтой харьцуулахад өндөр орлоготой орнуудад хоёр дахин, харин бага болон дунд орлоготой орнуудад 60 гаруй хувь өссөн байна. Дундаас дээш орлоготой орнуудад эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн оролцоо өндөр байгаад дүгнэлт хийх л учиртай.
-Тэгэхээр зөвхөн манай улсад л энэ үзүүлэлт буурсан, бусад бүх улс оруудад өссөн болж таарч байна аа? Би хувьдаа жендерийн тэгш байдлын талаар манай улс харьцангуй давуу талтай гэж боддог байлаа.
-Азидаа манай улс Үндсэн хуулиараа эмэгтэйчүүдийнхээ эрхийг баталгаажуулсан анхны орон. Үнэн. Энэ маань улс орныхоо хөгжил дэвшилд эргэлт хийсэн томоохон амжилт болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. Дэлхий дахин бүхэлдээ, 20 дугаар зуунд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг чухлаар тавьж, шийдэж ирсэн бол одоо 21 дүгээр зуун бүх нийтийн тэгш боломж, тэр дотроо хөгжлийн асуудалд эмэгтэйчүүдийн оруулах үүргийг онцолж байгаа. Шинэ зуун гараад арав гаруй жил өнгөрч байхад энэ талаар бид юу хийв? Өнгөрсөн зууны амжилтаараа бахархаад, түүндээ сэтгэл ханаад суух нь хэр зөв бэ? Гэтэл дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төрийн нөлөөлөл маш их нэмэгдэж байна. Герман, Англи, Швейцари, Финланд, Израйль, Чили, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Бангладеш, Вьетнам, Өмнөд Солонгос зэрэг улсуудын төрийн дээд албан тушаалыг эмэгтэйчүүд хаших болсон, бас хашиж байсан.
-Улс төрийн нөлөөлөл гэж та ярилаа. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоо улс төрд нөлөөлөх хэмжээг ямар байвал зохистой гэж үздэг юм бол?
Бид Норвеги Улсыг хөгжлийн баримжаагаа болгож, жишээлэн ярьдаг. Тус улсын Ерөнхий сайдаар 1986-1996 оны хооронд хоёр ч удаа ажилласан, Хөдөлмөрийн намын дарга асан, хатагтай Гро Харлем Брундтланд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо гуравны нэг буюу 33% байх ёстой. Энэ бол бодлогод нөлөөлөх, улс төр хийх зайлшгүй нөхцөл, гэхдээ хангалттай нөхцөл биш. Эмэгтэйчүүдийн оролцоо 30 хувиас бага байх нь бодлогод нөлөөлөх бас улс төр хийх боломжийг үгүй хийдэг” гэж хэлсэн байдаг. Хатагтай Брундтланд 22 жилийн улс төрийн амьдралын туршлагаасаа ийнхүү хуваалцсан нь санамсаргүй хэрэг биш болов уу.