Ардчиллын өвөгцүүл залуустаа гай болохоор зай тавьж өгье
“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан.
“Араасаа дагуулах хойч үегүй ардчиллын өвөгцүүл өөрсдөөрөө дуусах уу”, “МАН-д дараа үеийн бүтэн арми байхад АН-д салаа цэрэг ч алга” гэсэн нийтлэлүүд арав гаруй жилийн өмнө бичиж байлаа. МАН-д тэрнээс хойш хичнээн үе гарч ирэв. Дахиад ч бэлтгэгдэж байна. Тэр үеийг бодвол Ардчилсан намд залуу үе бий болжээ. Гэвч тэдэнд сонгуульд орох боломж олддоггүй. Намаа шүүмжилвэл навсайтал нүдүүлж, гомдол тээн үлдэж, сонгуулиас сонгуулийн хооронд горьдлого тээсээр өвөгцүүлтэйгээхамт өтөлж байна. Сонгууль болоход тав аравхан залуус шийр заан өрсөлдөх боломжоо олж авдаг. Өрсөлдсөн болгон ялахгүй. Ялж гарч ирсэн ганц нэг нь хөгшчүүлийнхээ үгээр явах эсвэл тэдэнтэйгээ үзэлцэх хоёр сонголттой тулгарна. Шинэчлэл өөрчлөлт яриад салхи оруулах гэвэл бүгдээрээ нийлээд шахаад гаргана. Эсвэл дуулгавартай нэгэн болгож хувиргана. АН-д нэг ийм юм яваад удлаа. Хүүхэд байхдаа л мэддэг байсан ардчиллын алтан хараацайнууд өнөө үс нь бууралтжээ. Тэд Монголд ардчиллыг авчирсан гавьяатай. Хэн ч үгүйсгэхгүй. Тэдний тэмцлийн үр дүнд Монголд ардчилал ирсэнд талархаж явдаг. Харамсалтай нь тэдний амбиц, шунал дийлдсэнгүй. Эхэндээ тус тусдаа нэг нам байгуулсан.Бараг л адилхан үзэл баримтлалтай хэрнээ зургаа, долоон хэсэг хуваагдаад үзэж тардаг байлаа.
Эцэст нь нэг юм ардчиллын төлөөх намууд нэгдэж, Ардчилсан нам болов. Дараа нь өнөөх нэгдэл дундаа нам намаараа фракцалж, цадиггүй урт хэрүүл болдог байв. Магадгүй дотоодын тэр их хэрүүл тэмцэл байгаагүй бол Ардчилсан намд өнгөрсөн сонгуулиудаар илүү олон удаа эрх барих боломж олдох байсан биз. Угтаа өрсөлдөгч намынхантайгаа бодлогоо уралдуулж мэтгэлцэх ёстой атал дотоодын зодоон нь хэтийдэж, нэгнээ татан унагасаар ирэв. Нэг нь намын дарга, Ерөнхий сайд болмогц нөгөө нь өөр намынхантайгаа нийлээд унагаачихдаг.Өнөөх унасан нөхөр өшөө хорслоор дүүрэн үлддэг. Бас хэдэн нөхдөө энэ хорсол хэрүүлээр цэнэглээд дагуулаад явдаг. Ингээд дуусашгүй хэрүүлийн тойрог үүсч,сонгуулийн дараа цөөнхийн хувь тавилан л тэднийг угтана.
С.Эрдэнэ намын дарга болмогц фракцгүй нам болно гэж зарласан. Залуусыг намын удирдлагын бүрэлдэхүүнд орууллаа. Шинэ залуу генсектэй боллоо. Энэ ахын дүү, тэр хараацайнүндэс үргэлжлэл гэдэг ойлголтыг авч хаяж, нэр хаяг, шошго зүүсэн гэлтгүй, чадалтай залуусд 2020 оны сонгуульд нэр дэвших боломж анх удаа олдов. Ардчиллыг өмчилж, тэрүүгээрээ түрий барьж байдаг өнөөх ардчиллын өвөгцүүл намынхаа залуусыг зөвлөж чиглүүлээд явж байсан бол хичнээн аятай. “Тэрэнтэй би үзнэ, энийг нам дарна” гэсээр бие даахаар болсноо зарлалаа. 1990 оноос хойш энэ намын нэрээр аль авч болох албан тушаалыг бүгдэд хүрч, хүртэж явсан өвөө эмээ нарын сэтгэл ньханасангүй. Өнөөх нэр дэвшиж байгаа залуусын тойрогт очиж санал хуваах юм байх. 260 гаруй бие дааж нэр дэвшихээр горилогчмөрийн хөтөлбөрөө аудитын газар өглөө. Тэрнээс 60-аад нь АН-ын угшилтай хүмүүс байх юм. МАН-ынхан бол өдийд хундага тулган баярлаж байгаа. “Гомдож туньсан юм байвал одоо мартаад ирээ” гэж хаалгаа саваад гарсан хүмүүсээ АН урилаа. Өөрсдөө ирсэнгүй. Үнэхээр намаа бодсон бол дайтах хүнтэйгээ хашааны цаанаас хашгирахгүйгээр дотор нь орооддайтаж болох л байсан. Шинэчилье гэвэл болотж бололцоо байэ л байна.
Э.Бат-Үүл баатар З.Энхболдтой байлдахын тулд бие дааж нэр дэвших сонголт хийж байна гэдгээ зарлана лээ. Ингэж байлдахгүй ээ. Та хоёр саналаа хуваагаад аль нь ч гарч ирэхгүй болоход өөр нэгний завшаан болно. Тэр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч нэг залуу та нарын заазууранд хэрчүүлээд л дуусна. Гол өрсөлдөгч МАН, за тэгээд баахан эвслүүд, үй олон бие даагч өнөөх шинээр нэр дэвшиж буй залуусыг шүүрэн шанага шиг болгодог юм байгаа биз дээ. Э.Бат-Үүлийг Улсын баатар болоход хэн ч барьцаагүй. Болох ёстой юм болдгоороо л боллоо гэцгээсэн. Үүрдийн тэр гавьяагаа зуурдын нэг үзэн ядалтаасаа болж ардчилалдаа бүү гай авчир. Н.Алтанхуяг бас л намын удирдлагуудтай түнжин хагараад хөөгдөж туугдахдаа тулаад өрх тусгаарласан талаараа мэдэгдэл хийгээд байгаа. Өөрийнх нь үгийг сонсч,үйлдлийг нь дэмждэг салаа байтугай цэрэгтэй хүн. Ямар их гомдол тунирхал гэхээрээ ийм байдалд хүргэв. Эргээд уулзахгүй нүүр биш дээ. Магад маргааш Ардчилсан намдаа оръё гэхэд нүүр хийх газаргүй болох бус уу. Б.Дэлгэрмаа Ардчилсан намын дэд дарга. Намын дэд дарга нь бие дааж нэр дэвшээд намаа хорлож байдаг түүх ер нь сонссон уу. Энэ хэд намаа биш хар амиа бодож байна. Мэдээж хэн нэгэн хүн хэсэг хүн болохгүй, бүтэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тэдэнтэй тэмцэхийн тулд залуусаа дэмжээд тэмцэж болно шүү дээ. Өөрсдийг чинь дагадаг, хажуунаас чинь салдаггүй залуусаа бэлд л дээ. Тэдэнд байлдаж тоглохоос өөрөөр ялалт ирж болдгийг харуул л даа.Би л биш бол бусад нь биш гэсэн аминчхан үзэл чиньардчилалд ч, Ардчилсан намд ч гай болж байгаа юм. Монголчууд ардчилалд хайртай. Ардчиллын үр шимийг ч хүртэж яваа. Э.Бат-Үүлийг Улсын баатар болоход зарим нэг өөнтөгчийг эс тооцвол бүгд баяртайгаар хүлээн авсан. Тэгсэн атал яагаад ардчиллыг авчирсан та нарыг дэмжиж байсан иргэд чинь сүүлийн үед шүүмжлээд салахаа байв. Амиа бодон өөдгүйтэхийг чинь хараад тэсч ядаад дургүйцэж байгаа юм. Ардчилсан намын олон залуусын боломжийг хулгайлсны чинь төлөө залуус нь та нарт гомдоно уу гэхээс талархахгүй.АН-ыг эрх барих боломжбүрт өндөр албан тушаал хашиж, ардчиллын ашиг шимийг хамгийн их хүртсэнЛ.Болд УИХ-д намаа бүлэггүй болгоод нүүр буруулсан. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэгсэн дээ. Энэ удаагийн сонгуулиар шинэ хүнийг, залуусыг сонгогдоосой гэж хүсч байгаагаа иргэд илэрхийлжбайгаа. Тиймдээ ч энэ удаагийн сонгуульд урьд урьдынхаас илүү олон бие даагч нэр дэвшиж байгаа биз. Намууд ч үүнийг мэдэрч шинэ залуусыг сонгуульд сойно гэдгээ зарласан.
“Залуу үеийнхэн одоо улс орноо авч яваг ээ. Алийн болгон бид тээг болохов. Одоо бид болоо шүү дээ” гэж АН-ын хуучны хэд С.Баяр шиг хэлээд сууж болох л байсан. С.Баярын дараагийн үе У.Хүрэлсүх тэргүүтэн 1980-аад оны Л.Оюун-Эрдэнийг улс төрийн тавцан дээр гаргаж ирлээ. Тэрний дараа үеийнхэн бэлтгэгдэж байна. Гэтэл АН-д1970-аад оныхон боломжоо хүлээсээр алтан хараацайнуудтайгаахамт өтөллөө. Өвгөн ах нар нь өөд өөдөөсөө хараад ярьж чадахгүй болтлоо үзэн ядалцаж, сошиалаар ил цагаан хамаг муугаа дуудалцах болж. Нэг зорилготой явсан гэхээргүй болцгоожээ. Та нарын өш хонзонгоос болж АН хичнээн мянган дэмжигчээ алдаж байгаа бол.
Одоо та нараас бид гавьяа хүсэхгүй ээ. Хийх ёстойгоо та нар биднийг хүүхэд байхад хийчихсэн. Тэр үед хүүхэд байсан бид нас биед хүрч том хүн болоод бидний хүүхэд насанд хүрч улс орноо авч явах хэмжээнд эхнээсээ хүрч байна. Гэтэл та хэд маань байсаар л байх юм. Гэхдээ та нар Ардчилсан намыг, ардчиллыгөмчлөөгүй. Ардчилал аль хэдийнээ ард түмнийх болсон.