Н.ПУНЦАГ: Монголчууд зөв, буруу бүхнээ улстөржүүлсээр байгаад үүрэг гэдэг юмыг ой санамжаасаа аваад хаячихсан
АН-ын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцагтай ярилцлаа.
-Сонгууль ойртлоо, хэдийгээр коронавирусын халдвараас сэргийлэх онцгой дэглэм үргэлжилж байгаа ч сонгуульд зориулсан улстөр мэдэгдэхүйц өрнөж байх шиг ....
-Коронавирус өөрөө маш олон юмны багийг хуулж байна. Попордог хүмүүсийн багийг, улс орнуудын багийг хуулж байна. Хүн ардынх нь мөн чанар, сэтгэлгээний онцлогийг илчиллээ. Чи хаан байна уу, дарга байна уу, Ерөнхий сайд байна уу, тэрбумтан байна уу, энгийн иргэн байна уу, өвчин тусвал ямар ч ялгаагүй гэдгийг ойлгууллаа.
Хүмүүст янз бүрийн юм бодогдуулж байгаа гэдэгт эргэлздэггүй. Үхэх цаг нь ирвэл хэн ч үхдэг, баян байгаад ч үхлээс зугтааж чадахгүй. Хулгай хийж хөрөнгө хураасан хүн үхэхдээ хөрөнгөө аваад явж чадахгүйгээс хойш ийм нүгэл үйлдээд хэрэггүй гэх мэт амьдралыг хардаг миний өнцөгтэй нийцэж байна гэх үү дээ. Хэт материаллаг болчихсон яваа хүн төрөлхтөнд, манай монголчуудад ч энэ өвчин хүн гэдэг амьтан хөрсөн дээрээ буух ёстойг ойлгуулж байна.
-Энэ халдвар хүмүүст, ялангуяа залуучуудад олон зүйл ойлгуулж байгаа юм биш үү?
-Тийм ээ, өвчний голомтоос ирж байгаа хүмүүс, өвчний дэгдэлт ихтэй улс орондүлдсэн залуучууд, тэдний ар гэрийнхэнд эх орон гэж ямар сайхан юм бэ гэдгийг ойлгуулж байна. Монголдоо тайван амгалан амьдарч байгаа хүмүүс ч гадаадаас ирж байгаа хүмүүсээсээ жийрхэж байна. Өвчин энд дэгдчих вий гэж. Ийм вакумлаг сэтгэлгээний цаана Монгол Улс бол диваажин, эх орон минь ийм сайхан гэсэн бахархалыг төрүүлээд байна. Хүмүүс эх оронтой байхын сайхныг яс махандаа шингэтэл ойлгож байна.
Зарим залуучууд өвчний голомттой газраас эрсдэл тээгээд эх орондоо ирэхгүй гэсэн шийдвэрийг гаргаж байна. Үнэхээр өрөвдмөөр бас баярламаар. Хэрвээ би өөрөө корона дэгдэж байгаа энэ үед гадаадад байсан бол хэзээ ч Монгол руугаа ирэхгүй. Би хэрвээ эх орондоо хайртай л юм бол гэр бүл, үр хүүхэд, найз нөхддөө эрсдэл үүрээд эх орондоо ирж болохгүй байхгүй юу. Энд би зөвхөн өөрийнхөө бодлын тухай ярьж байна шүү. Хэрвээ би гадаадад байгаад өвчин туссан бол дуусах байсан ч тэндээ л дуусна. Ирлээ гэхэд явах гэж байгаа газартаа шинжилгээ хийлгэнэ, хэрвээ ирэхээр бол төр, засгаасаа ганцхан юмыг л гуйна. Мөнгөгүй бол надад шинжилгээ хийлгэх мөнгө өгөөч гэж. Ирдэг юмаа гэхэд тусгаарлалтыг яс мөрдөнө.
-Засгийн газраас онцгой дэглэм хэрэгжүүлж байгаа. Авч хэрэгжүүлж байгаа асуудлуудтай санал нийлж байгаа юу?
-Энэ Засгийн газар COVID-19 халдвараас сэргийлэх тал дээр сайн ажиллаж байна шүү дээ. Нийгэм, иргэд рүүгээ чиглээд хийсэн сайн ажлуудыг нь магтах хэрэгтэй. Мөн би АН-ын дарга С.Эрдэнийн хөндсөн “Гаднаас ирж байгаа хүмүүст болгоомжтой ханд” гэсэн санааг ч дэмжиж байгаа. Энэ ч гэсэн зөв шүү дээ. Ерөнхийдөө ийм хүнд цаг үед манай монголчууд, ялангуяа улстөрчид бие биенийхээ үгийг мушгин гуйвуулж, нэг нэгнээ харлуулах биш бие биенийхээ зөв зүйтэй ажил, санал санаачлагыг дэмжээд явчих ёстой юм.
Угтаа бол МАН-ыхан С.Эрдэнээ даргын үгийг мушгих биш, Засгийн газар бол “Таны хэлж байгаа санаа зөв шүү. Бид эх орондоо ирж байгаа хүмүүсээ сайн хянана, тусгаарлаж байгаа хүмүүсийнхээ дэглэм сахих асуудлыг нарийн болгоё” гээд зөв зүйтэй саналыг дэмжих л хэрэгтэй. Гэвч чадахгүй байна. Улстөрчид нь хоорондоо талцан хэрэлдээд иргэдээ хагалаад, бутаргаад хаячихаж байна. Улс төр гэдэг худлаа ярихын нэр биш, нэг нэгнийхээ зөвийг буруутган талцахын нэр биш шүү гэдгээ бид ойлгох болсон. Гучин жил буруугаа ч, зөвөө ч шуугиулж байгаад, нийгмээ хуваан, талцуулж байгаад улстөржлөө. Одоо болоо юм биш үү. Эндээс надад нэг зүйл харагддаг юм. Зөв, буруу бүхнээ улстөржүүлсээр байгаад монголчууд үүрэг гэдэг юмыг ой санамжаасаа аваад хаясан. Үүрэг хариуцлагаа мартсан эрх ярьж цээжээ дэлдсэнээр бид улс орондоо гай тарьж байгаагаа ойлгомоор байна.
-Үүргийг нь мартуулаад эхлэхээр нийгэм замбараагүй болдог юм биш үү?
-Би өнөөдөр өөрийнхөө бодлыг л хэлж байна. Бид одоо хаана хаанаа үүрэг гэдэг асуудлыг томоор сөхөн гаргаж ирэх цаг болжээ. Манайхан Төрийн алба хариуцлагатай байх ёстой, дарга нар хариуцлагатай байх ёстой гээд яриад байгаа ч хэрэгждэггүй нэг аймаар сул талтай улс болсон. Энэ сэдэв буруу биш ч Монгол Улсын иргэн ямар үүрэгтэй юм бэ гэдгээ бид эхэлж яримаар байна. Аль ч улс оронд иргэний үүрэг гэж нэг юм бий шүү. Эцэг эх гэртээ ямар үүрэгтэй юм, өрхийн тэргүүн гэртээ ямар үүрэгтэй юм. Эзэгтэй хүн ямар үүрэгтэй юм. Хүүхэд ч гэсэн, хүүхдийн эрх гэж яриад байгаа боловч тэр хүүхдийн үүрэг гэж бас нэг юм байх ёстой болов уу.
Хэн ч, хаана ч ерөөсөө үүргийн талаар ярихгүй, дандаа эрх чөлөөний талаар яриад байхаар үүрэг гэдэг юм чинь хаягдахгүй яахав дээ. Энэ 30 жилд монгол хүн, Монгол Улсын иргэн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн мөртлөө үүрэг нь юу юм бэ гэдгийг хэн ч хөндөхгүй орхисон. Манай намынхан ч гэсэн одоо эрх гэдэг үгний хажуугаар үүргийнхээ тухай хөндөх л ёстой. Үүнийг мартуулаад эхлэхээр л нийгэм замбараагүй болдог юм шиг байна.
-Үүрэг гэдэг үг яригдахгүй байгаа ч түүнийг орлох нийгмийн хариуцлага гэдэг үг хааяа нэг дуулдаж байгаа. Яавал энэ үүрэг гэдэг юмыг шийдвэр гаргагчид болоод бизнесийн салбарынханд бас иргэдийн толгойд хийж өгөх бол?
-Үүрэг гэдэг юмыг тодорхой хэмжээнд ойлгуулаад эхлэхээр хүн хүнтэйгээ харьцах харьцаа, нийгмийн хандлага тодорхой хэмжээгээр эвтэйхэн болоод эхэлнэ. Жишээ нь би Монгол Улсын иргэн хүн. Би иргэний хувиар улс орныхоо өмнө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдыг доромжилсон, нийгмээ талцан хуваасан, хохирол учруулсан, бусдад хор гай тарьсан, бусдыг үймээн самуунд өдөөн турхирсан зүйл хийж болохгүй. Энэ бол ганц миний үүрэг биш Монгол Улсын иргэн бүрийн үүрэг байх ёстой. Хүн болгон энэ үүрэг гэдэг юмыг л заавал бодож явмаар юм шиг. Хэвлэл мэдээллийнхэн та нар ч гэсэн мэдээлэл түгээх үүргээсээ гадна ард түмнээ айлгасан, тэднийг хуваан талцуулсан мэдээллийг түгээхгүй байх үүрэгтэй хүмүүс шүү дээ.
Өнөөдөр улс төрийн хоёр том нам гэж АН, МАН хоёрыг тодорхойлдог тийм үү. Энэ намууд тэгээд үзэл баримтлал гэж нэг юм ярьдаг. Тэгвэл тэд үзэл баримтлалаа таниулах, хамгаалах, ард иргэддээ тайлбарлах үүрэгтэй. Гэтэл барууны чиглэлийн намууд нь заримдаа зүүнийх болчихсон, зүүнийх нь барууных болчихсон давхиж явах жишээтэй. Ингээд явахаараа үүрэг гэдэг юмаа гээчихээд байгаа юм. Харин энэ үүрэг гэдэг юмыг өнөөдөр хамгийн энгийн, эгэл жирийн хүмүүс л ойлгож байна. Тэдний дунд орохоор л үүргээ маш сайн ойлгосон хүмүүс юм байна гэдэг нь мэдрэгддэг.
-УИХ-ын сонгуульд улс төрийн намууд цалингийн хэмжээг 3 сая, 5 сая болгоно гэсэн амлалт өгөөд байгаа. Ийм амлалт биелэх бололцоо бий юу?
-Цалингийн хэмжээг нэмнэ, 2 сая, 3 сая болгоно гэсэн асуудал бол яригдаж байгаа. Би бол цалингийн тухайд өөр бодолтой байдаг. Ямар ч хүний авч байгаа цалингийн хэмжээ хэд байх нь чухал биш. Цалин хамгийн чухал үндсэн үүргээ л биелүүлэх ёстой. Цалин өөрөө хэд хэдэн үүрэгтэй. Нэгдүгээрт тухайн хүний сарын хэрэгцээг бүрэн хангадаг. Хоёрдугаарт тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх чадвартай байх ёстой. Хуримтлал үүсгэх чадвар гэдэг нь жилийн цуглуулсан хадгаламжаараа орон байраа сайжруулчихдаг ч юм уу, машин аваад уначихдаг, хоёр жилд нэг удаа ч юм уу гадаадаар байг гэхэд дотоодынхоо нэг үзэсгэлэнтэй газраар аялчихдаг байх. Эцсийн утгаараа бол ажил хийж байгаа хүн бүх асуудлаа цалингаараа шийдэж чаддаг байх ийм л үүргийг цалин биелүүлдэг баймаар байгаа юм.
Харамсалтай нь манайд тийм биш. Цалингаа амьжиргааны доод түвшин гэх мэт ангилж байгаад олгодог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ойролцоогоор 420 мянга орчим. Үйлчилгээний ажилчид хамгийн бага цалин авч байгаа. Тэд элдэв татвар, хураамжаа төлөөд гар дээрээ 350 мянга орчим төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хаанаа ч хүрэлцдэггүй. Зүгээр л амь зогоож бай гэж өгч байгаа юм шиг гээд хэлчихвэл худлаа хэлсэн болохгүй байх. Бодит байдал ийм л байна. Цалин гэж ер нь нэрлээд байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ тэр гэдгээ хэлээд байгаа юм уу, элдэв татвараа суутгаад гар дээрээ авч байгаа мөнгийг хэлээд байгаа юм уу. Минийхээр бол гар дээрээ авч байгаа мөнгийг л цалин гэж хэлмээр юм шиг.
Жишээ нь, Европын орнуудын хүмүүс, өндөр хөгжилтэй орны хүмүүс, өндөр настнууд, залуучууд яаж байна. Жилдээ нэг удаа гадаададаялдаг. Цалингаа цуглуулж байгаад, цалингийнхаа хуримтлалаар хуримаа хийж, байраа авч, аялж чадаж байна. Тэнд бол цалин үүргээ гүйцэтгэж байгаа байхгүй юу. Манайхан, залуучууд яагаад гадагшаа явж ажилладаг гээч. Тэд үүргээ гүйцэтгэж чаддаг цалингийн хойноос явж байгаа юм. Цалин нь тухайн хүний хэрэгцээг хангаж, үндсэн үүргээ гүйцэтгэж байгаа улсууд руу хүнд хүчир ажил хийх гээд явж байгааг энэ шийдвэр гаргадаг хүмүүс ойлгох ёстой. Төр бол иргэддээ үүргээ гүйцэтгэж чадах хэмжээний цалин олгох боломжийг л хангаж өгөх ёстой.