Америкад боловсрол эзэмшсэн анхны монгол: Шилон (Чулуунгэрэл) Хурлаат
Монгол судлаач Кристофер Этвүд Хурлаатыг “Хуучин Баргын Чивчин хэмээх газрын чинээлэг малчны хүү бөгөөд Мэрсээ, Фуминтай хоёрын адилаар Чичигаарын Нэгдүгээр ахлах сургуульд суралцсан…” (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia, 272-р тал) хэмээн тодорхойлжээ. Чичигаарын ахлах сургуулиас АНУ-ын коллеж хүрсэн замыг нь тодруулах бас нэгэн баримт саяхан олдов.
Тайж Нацагдоржийн банкет
Энэхүү алдартай зургийн үүх түүхийг өдгөө хүн бүхэн мэднэ. 1931 оны 12 сарын 31-ний өдөр Барууны улс орнуудад боловсрол эзэмшсэн монгол сэхээтнүүд, ихэвчлэн орос эхнэрүүдийн хамтаар шинэ оныг угтан буйг мөнхөлсөн зураг. Нэг талаар мөнхөлсөн ачтай ч, нөгөө талаар “матсан” гайтай, зургийн ард бичсэн “Тайж Нацагдоржийн банкет” хэмээх тайлбараас болон, зураг дээрх сэхээтнүүдийг баривчилж, голлон зохион байгуулагч Дашдоржийн Нацагдоржийг дөрвөн сар гянданд хорьжээ. Зураг дээр хэн хэн буй, ерөөс зурагт ороогүй боловч шинэ оны баярт чухам хэн хэн оролцсоныг Д. Намдаг гуайн дуртгал тодорхой хэлж өгнө. Дотоодыг хамгаалахад дуудагдан байцаагдсан тухайдаа өөрөө ганцаар бус, нийт 12 хүн байсныг дурдаад, нэг бүрчлэн нэрлэсэн нь: “Д. Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн фото зургийн мэргэжилтэн Гомбожав (энэ нь Германд сурсан сурагч Гомбожав бус, харин туслах багшаар ажилласан “шилэн” хэмээгдэх Гомбожав болно), Гадаад худалдааны мэргэжилтэн Намсрай, Комбинатын инженер Хурлаат орос эхнэрийнхээ хамт (Вера Хурлат), Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Галон орос эхнэрийнхээ хамт, Германд сурч байсан Т. Нацагдорж, Гомбо бид гурав...”
Тайж Нацагдоржийн банкет. Голынх нь Хурлаат.
Энэ удаад мөнөөх зургийн яг голд суугаа, Намдаг гуайн тодорхойлсноор “Комбинатын инженер” хэмээх Хурлаатын тухайд өгүүлэх юм. Түүнийг “АНУ-д суралцсан анхны монгол”, “Охайёо мужийн Спрингфилд хотын Техникийн Коллежийг төгссөн”, “Төв Ази судлалын нийгэмлэгийн сэтгүүлийн 1945 оны дугаарт мэдээлэл нь байдаг” гэсэн эшлэлгүй, аман мэдээллүүд нэлээд тархсан билээ. Үүнийг мөшгин, мэдээллийг тодруулахыг хичээлээ.
Волфф Хурлаатын тухай
Герман дахь Монголын худалдааны төлөөлөгчдийн тухай, монголчуудтай хэрхэн анх ажиллаж эхэлсэн тухайгаа Сэрж М. Волфф дурсан, өгүүлэл бичиж, Төв Ази судлалын нийгэмлэгийн сэтгүүлд хэвлүүлжээ. “1925 оны 12 сарын сүүлээр Ази зүстэй хоёр хүн намайг “бизнесийн яриа” байна хэмээн дуудаж билээ” хэмээн эхлэх энэхүү өгүүлэлд дурдаж буй хоёр Азийн нэг нь Даш Сампилон, нөгөө нь Хурлаат юм. Өгүүлэл дэх Хурлаатын тухай бичсэн хэсгээс толилуулбал:
“Сампилоны хамтран зүтгэгч Шилон К. Хурлатт (Hurlatt хэмээн хоёр t үсэгтэй бичжээ), миний санаж байгаагаар, баруун хойд Манжуур дахь Баргаас ирсэн, тийм ч учраас бага насанд нь Оросын гэхээсээ илүү Хятадын нөлөө туссан ажээ. Нэлээд чинээлэг айлын хүүхэд, Хятадын хаа нэгтээ боловсрол эзэмшсэнийхээ дараа АНУ-д ирж, Охайёо мужийн Спрингфилд хотын техникийн дээд сургуулийг төгсжээ. Хожим нь Тянжиньд нэг хэсэг ажилласан, их л баян залуу байсан гэх. Тэрбээр надад хувийн мотоциклоо унаж явдаг байсан, мөнгөөр бол огт дутагдаж байгаагүй хэмээн ярьсан юм. Хурлатт ч мөн тун эелдэг хүн байв (өмнө нь Сампилоныг мөн ийн дүгнэсэн юм). Анхандаа жаахан бүрэг, дуугүй боловч яг танилцаад ирэхээр итгэсэн нөхдөдөө бол их сайхан хүн. Тун бага ярьдаг нь герман хэл нь тийм ч сайн биш байсных болов уу. Хувийн зан чанараараа Сампилондоо хүрэхгүй боловч орчин үеийн иргэншил, энгийн баараг байдал, монгол нүүдэлчдийн ёс зүй бүгдийг маш өвөрмөц байдлаар хослуулсан нь сэтгэл татмаар. Нэр хүнд, мэдлэг болоод оюун ухааны хувьд Сампилондоо хүрэхгүй боловч харьцангуй залуу (28 настай л байсан байх) хүн учраас тун их нөөц бололцоотой юм. Хамт ажиллахад таатай, үргэлжид тун эелдэг байдаг хүн...”
“... 1926 оны эхээр Хурлатт манай байранд нэг хоосон өрөө буйг мэдээд тэнд сууж болох уу хэмээн асууж байна. Өглөөний цайнаас өөр хоол хэрэггүй гэсэн бөгөөд тэр үед надтай хамт амьдарч байсан эцэг эх хоёр маань ч татгалзсангүй. Гэртээ суулгахад тун таатай хүн гэдгээ Хурлатт ч баталсан юм. Юунд ч гомдол гаргахгүй, чимээгүй зожигдуухан, өөрөө өөрийгөө л болгоод байна. Хувийн амьдралаа хуваалцаад байхгүй. Үе үе намайг урьж, хоёулаа ууна, ингэсээр бид хоёрын нөхөрлөл улам батажсан билээ”
Волффын өгүүлэлдээ хавсаргасан Хурлаатын зураг. Shilon K. Hurlatt гэжээ.
Хурлаатын герман сүйт бүсгүйн тухай
Хурлаатыг герман бүсгүйтэй сүй тавин, хамт Монгол явсан тухай маш сонирхолтой түүхийг Волфф бичиж үлдээжээ. Тэр хэсгийг орчуулбаас:
“Берлиний хаа нэгтээ танилцсан, чөлөөт цагийнхаа нэлээд хэсгийг хамтдаа өнгөрүүлдэг охинтойгоо Хурлатт намайг танилцууллаа. Хатагтай Э англи хэлээр ярьдаггүй, Хурлаттын герман хэл тийм ч сайн биш, гэвч хоёул энэ хорвоод ганцаардаж асны хувьд найзалж нөхөрлөө юү дээ хэмээн би дүгнэв. Өнчин охин, бага залуу нас нь тийм ч аз жаргалтай байсангүй, тэгээд ч Берлиний кафенуудаар цагаа өнгөрөөх болжээ. Нэг тийм кафе нь Ноллендорфплазын кафе байж, тэнд Азийн оюутнууд их очдог, тэд Европ бүсгүйчүүдэд их хүндэтгэлтэй ханддаг хэмээн Э надад ярьж билээ. Ямар ч байсан Э Хурлаттад сэтгэл нь үнэнээсээ татагдсан байлаа.
Нэг орой Хурлатт намайг өрөөндөө ороод ирээч хэмээхээр нь ортол хатагтай Э ирчихсэн байж байв. Хурлатт намайг орчуулж өгнө үү хэмээгээд, бүсгүйд ахын хайраар л ханддаг, түүнтэй найз хэвээр байхыг хүсэж буй, өөр ямар ч зүйл үгүй хэмээсэн юм. Энэ мэдээ бүсгүйн уур хилэнг ихэд хөдөлгөсөн нь тодорхой байсан боловч тэрбээр биеэ маш сайн барьж, тун нэр төртэйгээр надад хандан, “харин ч эмэгтэй дүү нь болох санаа алга шүү” гэж хэлээд өгөөч хэмээв. Ингэж хэлүүтээ босоод үүд рүү алхсан юм. Өрөөнөөс гарахаас нь өмнө Хурлатт гэнэтхэн “Э----- зогсооч!” хэмээн байдаг чангаараа хашгирдаг юм байна. Тэгээд эхнэр минь болооч гэж орчуулаад өг хэмээн надад хэлэхэд нь би их гайхав. Жаахан бодох юм биш үү гэж ятгах гэтэл Хурлатт зүгээр л орчуулаадах хэмээн бараг л тушаалаа. Би ч орчуулав, хатагтай Э ч зөвшөөрч байна.
Хожим нь харин Хурлатт надад чухам яагаад өөрийнхөө тийн үйлдсэнийг тайлбарласан юм. Тэр үед Хурлатт Монгол руу буцах дөхсөн, очоод Яамныхаа ажлыг хийнэ гэдгээ хэдийн мэдсэн байжээ. Ирээдүйн эхнэрээ Европ бүсгүй байх юм гэдгийг ч мэдэрчихсэн байж гэнэ. Тянжиньд байхдаа Польшийн еврей бүсгүйд ихэд дурласан боловч цаадах нь өөрөөс нь хавьгүй ухаантай байсан тул харьцахдаа үргэлж тэр доороос “дээшээ харах” хэрэгтэй байсан нь түвэгтэй байсан ажээ. Хатагтай Э-гийн хувьд гэвэл харин эсрэгээр, Хурлаттыг өөрөө доороос “дээш хардаг”, бас сэтгэл нь Хурлаттад үнэхээр татагдсан байсан гэнэ. Тэгээд эхэлж надаар орчуулуулсан үгээрээ шалгаж үзсэн, тэр үгэнд гаргасан хариу үйлдэл нь үнэхээр өөрт нь хайртайг нь баталсан тул боломжоо алдахыг хүсээгүй гэнэ.
1926 оны 4 сарын 10-ны өдөр Хурлатт сүй тавьснаа тэмдэглэн, найр хийж, би ч тусалдгаараа тусаллаа. Том ресторанд, сайн хоолоор дайлсан, Сампилоныхан, Колесниковынхон, бусад монголчууд, Берлинд байсан хэдэн оюутан ч бас ирэв”
Зочдын талаар товчхон
Хурлаатын сүй тавьсны найран дээр ирсэн энэ хоёр айлыг товч боловч танилцуулах нь зүйтэй юм. Сампилоныхан гэдэг нь Даш Сампилон эхнэр охины хамтаар ирснийг хэлж байна. Хурлаат, Сампилон хоёр тэр үед Баруун Европ дахь Монголын худалдааны төлөөлөгчид байжээ. Сампилон хожим хэлмэгдэлд өртөж, баривчлагдаад явахдаа эргэж ирэхгүйгээ сайн мэдэж байсан тул дотно нөхөр Бямбын Ринчендээ эхнэр хүүхдээ захин үлдээсэн түүх буй. Волффын дурссанаар энэ үед “хоёр ой дөнгөж өнгөрч байсан, герман хэлээр бага сага ярьдаг Нямаа гэж хүүхэлдэй шиг хөөрхөн амьтан” нь хожмоо Монголын алдартай нүдний эмч болсон билээ.
Волффын өгүүлэлдээ хавсаргасан Раднаа, Нямаа нарын зураг
“Колесниковынхон ирлээ” гэдэг нь алдарт зураач Сергей Михайлович Колесников орос эхнэрийнхээ хамтаар ирснийг хэлж буй хэрэг. Колесников нь 1889 онд Хаалганд төрсөн, монгол ээж, орос аавтай уран бүтээлч. 1908-1914 онд Оросын Эзэн Хааны Газар зүйн нийгэмлэгийн аяллаар Монголд ирж байв. 1925 оныг хүртэл Москвад аж төрж байгаад Герман руу цагаачлан гарчээ. Уран бүтээлийнх нь гол сэдэв Монголын байгаль болон шашин, хулдаасан бараар туурвидаг, АНУ-д хэд хэдэн үзэсгэлэнгээ гаргаж байсан, Оросын гадаад дахь уран бүтээлч нарын дунд нэр хүндтэй нэгэн байв. 1952 онд Дрездений ойролцоох Вайксдорф хотноо өөд болжээ.
Зураач Колесниковын “Монголия” хэмээх номын хавтас
Хурлаат герман эхнэрийн хамтаар нутаг буцсан нь
Волфф бээр Хурлаат Э хоёр гэрлэлтээ чухам хаа батлуулсныг мэдээгүй, ямар ч байсан Э нөхрөө дагаад Монгол явсан тухай мэдээлсэн байна. Хоол ундны талаар ихэд санаа нь зовж байсан, Хурлаат ч эхнэрээ цаашлуулан, “төмс байхгүй ш дээ” гэж хэлдэг, Э-гийн хувьд төмс идэхгүй бол амьдрал гэж үгүйтэй адил байжээ. Э ер нь угаас аялж үзээгүй, Москва нэлээд дөхөөд, Хурлаатыг хоол авахаар өөр вагон руу явахад нь эргээд уулзахгүй байх вий хэмээн ихэд айж байсан гэх. Ямар ч байсан Хурлаат Э хоёр 1926 оны тавдугаар сарын 1-ний өдөр сайн явж буйгаа мэдэгдэн Москвагаас ил захидал бичсэн, дараа нь Улаанбаатараас хоёр ч захидал илгээсэн ажээ. Хурлаат Э-д зориулан Европ маягийн байшин барьж өгнө гэсэн амлалтдаа хүрсэн, Э ч сэтгэл хангалуун байсан хэмээн Волфф дурсан бичсэн байна.
Хурлаатын удаах гэр бүл
Герман бүсгүй Э-гийн Улаанбаатар дахь ахуй амьдралын талаар мэдээлэл олсонгүй. Нас барсан, салсан алин болохыг мэдэхгүй ямар ч байсан Хурлаат бага залуу насандаа польш бүсгүйд сэтгэл алдарч байхдаа Европ эмэгтэйг эхнэрээ болгоно хэмээж байсандаа хүрч, герман бүсгүй Э-гийн дараа Вера Викторовнатай гэрлэсэн, Вера багш Монголын номын сангийн түүхэнд, хүү дуучин Хурлаатын Төмөр нь Монголын эстрадын урлагт, охин Хурлаатын Карма нь Монголын барилгын салбарт гүнзгий нөлөө, ул мөрөө үлдээснийг бодоход аргагүй нэгэн элит гэр бүлийг цогцлоосон нь тодорхой байна.
Харамсалтай нь хэлмэгдүүллийн хар сүүдэр Хурлаатыг тойрсонгүй, 1937 оны 11 сарын 16-ны цаазаар авах ял оноож, буудан алжээ.
Хурлаатын сурсан коллежийг сурвалжилсан минь
Сэрж Волффын бичсэнээр Хурлаат нь Springfield (Ohio) хотод technical high school төгссөн гэж буй. Үнэхээр Охайёо мужид Спрингфилд гэж хот бий, гэвч тэр хотод technical high school буюу одоогийн хэллэгээр бол коллеж ер байгаагүй ажээ. Охайёо мужийн Спрингфилд хотын их дээд сургуулиудын үүх түүх, төгсөгчдийн хэлхээсийг хэчнээн нэгжээд Хурлаатыг олсонгүй. Массачусетс мужид Спрингфилд гэж хот буй, тэр хотод харин Техникийн коллеж байдаг мэдээг аваад аанай л номын сан, архивыг нь ухаад, юу ч олж чадсангүй.
Ингээд ер нь энэ талын эрэл хайгуулаа орхин, бууж өгөх талдаа орчихсон явж байлаа. Гэтэл Конгрессын номын сан хэмээх мэдээллийн их уурхайд ажиллаж буй, бас номын санч хэмээх мэргэжлийг хожуу боловч давхар эзэмшсэний маань ач гарч, Монголын боловсролын түүхэнд нэн чухал тэрхүү мэдээллийг тун санамсаргүй олж авсан билээ.
Охайёо мужийн Еллоу Спринг (Yellow Spring, Ohio) хэмээх багашаархан хотод байдаг Антиок (Antioch) хэмээх коллежид 1857-1960 онд суралцаж байсан бүх хүмүүсийн нэрсийн жагсаалт гарт таарсанд мөнөөх л сониуч зан, арай ч тасраагүй байсан горьдлогоороо сөхөж үзтэл, Hu – үе үсгийн жагсаалт, 97-р талд Hurlatt, S. K. 1922-1923 онд суралцсан хэмээх өнөө эрээд эрээд олдошгүй эрдэнэ болсон мэдээ маань байсанд машид их баясав.
Антиок коллежид суралцагсдын жагсаалт, 1857-1960
Хурлаат Волффод Yellow Spring хот хэмээн ярьсныг Волфф бээр Springfield хэмээн андуу тогтоож үлдсэн ажээ. Муж нь бол мөн байна. Антиок коллеж нь 1850 онд байгуулагдсан, анхнаасаа либерал үзэл санаа бүхий сургууль байжээ. АНУ даяар хар арьст оюутнуудыг цагаан арьстантай адил тэгш эрхийн дагуу элсүүлж эхэлсэн дөрөв дэх дээд сургууль юм байна. 1978 онд үйл ажиллагаа нь өргөжиж коллеж бус их сургууль болжээ.
Харин оюутнуудын жагсаалт нь төгсөгчид, суралцагсад гэсэн хоёр ялгаатай, Хурлаатыг төгссөнд бус харин сурч байсанд нь оруулсан байна. Нэрийг Hurlatt S, K. хэмээн бичсэний хувьд S нь Shilon буюу Чилагун - Чулуун гэсэн үгийн барга буриад хувилбар юм. Барга аялгуунд хамжих Ч гийгүүлэгчийг шүргэх Ш-ээр дуудна. К нь харин Гэрэл гэх үгийн Г – К монгол бичигт адил хэлбэртэй байдгийн учир болов уу? Хэлмэгдэгсдийн архивт Чулуунгэрэл Хурлаат хэмээн бичсэний учир тэр.
Жагсаалтын 97-р талд Hurlatt S, K. 22-23 онд суралцсан хэмээн тэмдэглэжээ
Хурлаат хэрхэн Америкад суралцах болов
Монгол судлаач Кристофер Этвүд Хурлаатыг “Хуучин Баргын Чивчин хэмээх газрын чинээлэг малчны хүү бөгөөд Мэрсээ, Фуминтай хоёрын адилаар Чичигаарын Нэгдүгээр ахлах сургуульд суралцсан…” (Young Mongols and Vigilantes in Inner Mongolia, 272-р тал) хэмээн тодорхойлжээ. Чичигаарын ахлах сургуулиас АНУ-ын коллеж хүрсэн замыг нь тодруулах бас нэгэн баримт саяхан олдов. Дэлхий даяар Христийн шашныг хэрхэн түгээн дэлгэрүүлж буй явцыг мэдээлдэг “The Missionary Review of the World” хэмээх сэтгүүл 1888 оноос 1939 оны хооронд АНУ-д хэвлэгдэж байжээ.Энэхүү сэтгүүлийн 1924 оны Нэгдүгээр сарын дугаарт Хурлаатын тухай мэдээ “Христчин монгол” нэрээр гарчээ. Уг мэдээнд “Өдгөө Антиок коллежийн оюутан Вахи Хурлаат бол олон зуун жилийн туршид мал маллаж ирсэн монгол үндэсэн хүн юм... Хурлаатын эцэг гурван мянган хонь, таван зуун үхэр, гурван зуун адуу, арав илүү тэмээтэй, гэр бүл гэвэл өвөө эмээ, ах эгч, тэд бүгдийн гэр бүл бүгд нийлээд тавь гаруй хүн, нэг зуун майл орчим радиус бүхий нутагт бэлчээр ус бараадан нүүж аж төрдөг...” хэмээн бичжээ. Энэ мэдээнд Вахи Хурлаат хэмээн нэрлэж буй нь сонирхолтой юм. Вахи Хурлаатыг 16 настайд нь өвөө нь Бээжинд сургуульд явуулжээ. “Тэнд байхдаа YMCA (Young Men’s Christian Association = Залуучуудын Христийн Холбоо) -гийн оройн сургуульд явж, христчин болсон, түүнд бүх хүн дуртай байсан” хэмээжээ. Шашныг их сайн ойлгох болсон тул Токио руу дараагийн шатны сургуульд очихдоо YMCA-гийн Токио дахь нарийн бичгийн дарга нар болох эхнэр нөхөр Стюарттай танилцсан аж. Гэр бүлийн хоёр Хурлаатыг Токио дахь гэртээ урьж, англи хэл заахдаа Шинэ гэрээг уншлагаа болгон ашигласан байна. Стюартынхан Америк руу буцахдаа Хурлаатыг авч явснаар Антиок коллежид орж суралцах зам нь нээгджээ.
“Хурлаат Монголд зам тээвэр, сургуулийн тогтолцоо хоёр маш хэрэгтэй, түүнийг бүтээхийн төлөө би нутагтаа буцна хэмээн ярьдаг” хэмээн энэхүү сэтгүүлд бичсэн нь чухам үнэн болж, Хурлаат удалгүй Монголдоо буцаж, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яаманд инженерээр ажилласнаас гадна Герман, Францад монгол хүүхдүүдийг сургахад хувь нэмрээ оруулсан билээ.
Ийнхүү Монголын боловсролын түүхнээ Герман, Францад монгол оюутнууд явж суралцахаас өмнө Охайёо мужийн Еллоу Спринг хотын Антиок коллежид монгол оюутан Хурлаат 1922-1923 онд суралцжээ хэмээх мэдээг сураг ажиг төдий биш, албан ёсоор,эх сурвалжтай мэдээлж болохоор болж буй нь маш чухал юм.
Лхагва
хандмаа
МОНГОЛ ХҮН
Уншигч
Г. Ууганбаяр
Магнай
Ганаа
Ц. Эрдэнэбат
Ganaa
Эгч
Сайнаа
Зочин
герман бүсгүйн
Эрүүл
Tugs
Tsomo