Алхах төдийд л өвчин эдгэрэх үү? Тэгэх учиргүй шүү дээ. Хэт дөвийлгөж байна” гэсэн асуулт ирэх юм шиг санагдаж байна.

Нээрэн л “Өвчний 90 хувь эдгэрнэ гэх нотолгоо (үндэслэл)-гоо харуул л даа” гэвэл харуулж чадахгүй учраас “хэт дөвийлгөж байна” гэж хэлүүлэх нь арга ч үгүй биз. Гэлээ ч алхах гээчийг бүрмөсөн мартсан өнөө үед “алхвал өвчний 90 хувь эдгэрнэ” гэх чин итгэл үнэмшлээр алхахыг хүсье. Тиймээс л зориг гарган номдоо энэхүү нэрийг өгсөн билээ.

Миний бие Японы Хёого мужийн Амагасаки хотод эмнэлэг байгуулсан жирийн нэгэн эмч. Эмч учраас амбулаторид маань маш олон өвчтөн ханддаг.

Цусны даралт, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, чихрийн шижин болон өдөр тутмын амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин, ходоод, гэдэсний хямрал, сэтгэл гутрал, нойргүйдэл, зөнөх, хорт хавдар, өвдөг, ууц нурууны өвчтэй хүмүүс. Энэ мэт олон төрлийн өвчин туссан өвчтөнүүдэд хийх эмчилгээ өөр өөр байдаг ч бүх өвчинд нийтлэг зөвлөгөө өгөх тохиолдол ч бий. Тэр бол алхах билээ.

“Тогтмол алхдаг уу?”

“Тогтмол алхаж байгаарай. Алхвал бие тань хурдан тэнхэрнэ шүү.”

Эмнэлгийг зорин ирэх өвчтөн бүрд өдөр болгон шахуу ийн хэлдэг. Алхах төдийд лавтай биеийн байдал сайжрах бөгөөд эмчийн ч шаардлагагүй гэдгийг баттай хэлж чадна шүү. Сэтгэл гутрал, хорт хавдар, харшил, дархлалын тогтолцоотой холбоотой өвчлөл орчин үед эрс нэмэгдэж байгаа нь бид алхахаа больсонтой холбоотой. Тиймээс өвчний дийлэнх нь алхахгүй байгаагаас үүдэлтэй хэмээн үзэж болох юм.

“Алхах” гэдэг ийм чухал атал огтхон ч тоохгүй байгаа нь тун харамсалтай. Өвдлөө гэхээр эмч хүртэл эм өгөхийг урьтал болгож, өвчтөн ч “өвчнийг минь эдгээх эм өгөөч” гэцгээн авахаар ирнэ.

Угтаа эмчилгээ гэдэг нь хоол хүнс, дасгал хөдөлгөөнөөр эмчлэхийн нэр бөгөөд эм бэлдмэл гуравдугаарт тавигдах учиртай. Гэтэл сүүлийн хэдэн арван жилийн турш эм нэн тэргүүний зүйл болон хувирчээ. Энэ бүхэн хэр зөв зүйтэйг анагаах ухааны салбарт хөл тавьсан цагаасаа л эргэцүүлж ирсэн гэхэд болно.

“Яагаад эмч ийм их эм өгөх ёстой юм бэ?”

“Эм бичиж өгөөд л болчихдог юм бол компьютер ч гаргаад өгч чадах юм биш үү?”

Өвчтөний биеийн байдал, шинж тэмдэг дээр үндэслэн өвчнийг тогтоож, эм сонгож өгнө гэвэл ухаалаг компьютер хүний тусламжгүйгээр ч хийж чадах болов уу. Хэрэв эм бичиж өгөх төдийд эмчилгээ болно гэвэл эмчийн хэрэг юун? “Тухайн хүний амьдралын хэв маягийг засаж сайжруулах, үүний тулд өвчтөнд зөвлөгөө өгөх нь эмчийн үүрэг биш гэж үү” хэмээн цаг тутамд эргэцүүлнэ.

Тиймээс аль болох “Эмнээс татгалздаг эмч болъё” хэмээн сэтгэж, эмнэлэг байгуулсан цагаасаа эмнэлгийнхээ хананд “Гурваас илүү эм өгөхгүй!” гэсэн бичиг наасан билээ. Гэсэн ч өөр эмнэлгүүдээс ирэх өвчтөнүүд нэмэгдэхийн хэрээр энэ зорилго минь талаар болов. Өөр эмнэлгээс ирж буй өвчтөний өвчний түүхийг харахад дор хаяж 10, 20 төрлийн эм уудаг болж таарлаа. Өвчтөний ууж буй эмийг гэнэт тасалдуулж болохгүй, мөн гэнэт багасгавал амь насанд аюултай учир бага багаар эмийн тоог цөөлөх шаардлагатай. Ингэх явцад “ихдээ гурван эм” гэсэн зарчмаа баримталж чадахгүйд хүрсэн хэрэг л дээ.

Орчин үед хүмүүс алхах нь биед сайн гэдгийг мэддэг ч байдаг л зүйл мэтээр үзэж, төдий л ойшоохоо больсон нь “Алхах” тухай ном бичих шалтгаан болсон юм. Мөн эмийг бүхний дээд хэмээн үзэх үзлийг өөрчлөхийг хүссэн билээ.

Телевизийн нэвтрүүлгээр “эрүүл мэндэд сайн” хэмээн сурталчлах хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр хоолны ширээнээ тавьж, шилбэндээ иллэг хийвэл цусны эргэлт сайжирна гэхэд хичээнгүйлэн иллэг хийдэг хэрнээ “Алхдаг уу?” гэхэд “Үгүй ээ, цаг гардаггүй юм” гэх хүн цөөнгүй.

Алхах нь биед сайн гэдгийг мэддэг ч алхдаггүй хүн олон байгаа нь алхахын ач холбогдлыг тодорхой сайн ойлгодоггүйтэй холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл, хүмүүс алхах сайн гэдгийг мэддэг ч алхсанаар өвчин эдгэрдэг гэдгийг огт мэддэггүй хэрэг.

Алхахын хэрээр амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин эдгэрнэ.

Алхсанаар булчин, яс эрүүлжиж насжилттай холбоотой өвдөг, ууц нуруу өвдөх нь багасдаг.

Түүнчлэн алхах нь Алцхаймэрийн өвчнөөс сэргийлдэг ба хэдийнээ шинж тэмдэг нь илэрсэн ч тогтмол алхсанаар бүрэн эдгэрэх боломжтой. Хоёр хүн тутмын нэг нь тусдаг хорлолын хаан гэгдэх хорт хавдрын үед ч тогтмол алхаж урьдчилан сэргийлэх боломжтой төдийгүй эмчилгээ ч болдог. Багтраа зэрэг дархлалын тогтолцооны өвчин, мигрен (толгой таллаж өвдөх өвчин) хэлбэрээр илэрдэг тархины хэт мэдрэг өвчний үед ч алхах нэн тустай.

Нойргүйдэл, сэтгэл гутралын үед сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очиж, эм авахын оронд алхвал эдгэрнэ. Урт хугацааны асаргаа, хараа хяналт шаардлагатай хүмүүс ч алхвал биеэ даах чадвартай болох боломжтой.

Харин энэ номдоо “Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ” хэмээх гарчиг өгсөн минь амбулаторид үзлэг хийж буй эмчийн мэдрэмж, чин үнэн сэтгэл дээр үндэслэсэн хэрэг юм шүү.

Алхах нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдох ихэнх өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, эмчилгээ болох хамгийн том хүчин зүйл. Хүмүүс алхах нь эрүүл мэндэд тустайг ойлгож мэдлээ гээд хүнд байдалд орох хэн нэгэн гарна гэвэл тэр нь эмч нар л байх (инээв). Бүгд алхдаг болж, өвчлөл буурвал одоогийнх шиг эмчийн хэрэгцээ багасна шүү дээ. Хүн бүр алхаж, өвчин, асаргаа шаардлагатай хүмүүсийн тоо цөөрвөл эмчилгээ болон асаргааны төлбөр ч эрс багасна. Хэдийгээр одоо үед өндөр настай хүмүүс ихсэж, эмчилгээ, асаргааны төлбөр өндөр байгаа ч бүгд алхдаг болбол төлбөрийг бууруулах боломжтой.

Гэхдээ би эрүүл мэндийг нэгдүгээрт чухалчлан үздэг амьдралыг хий хоосон амьдрал хэмээн боддог. Эрүүл мэнд чухал ч гэлээ, зөвхөн эрүүл байхын төлөө амьдарна гэвэл би ч хүсэхгүй. Хааяахан амттай зүйл идэж, согттолоо уух үе ч байх л шүү дээ.

Амьдралын утга учир нь өдөр бүрийг аз жаргалтай өнгөрүүлэхэд л оршдог болов уу даа.

“Алхаж байгаарай” гэж зөвлөхөөр “Хэцүү болохоор алхмааргүй байна” гэх өвчтөн олон байдаг ч алхана гэдэг огт хэцүү зүйл биш ээ. Хүн алхахад “серотонин” гэх аз жаргалын даавар тархинд их хэмжээгээр ялгардаг агаад цаашид энэ талаар номдоо дэлгэрэнгүй тайлбарлах болно. Алхана гэдэг угтаа аз жаргал, бас аз жаргалыг мэдрэх хамгийн хялбар арга билээ.

Энэ номд “яагаад алхах төдийд аз жаргалыг мэдэрч, хувь тавилангаа өөрчилдөг” болохыг тодорхой бичсэн учир уншаад алхахын ач тус, гайхалтай талуудыг ойлгоно хэмээн итгэж байна. Зөвхөн ойлгоод зогсолгүй ач тусыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсье. Тэгж чадвал эрүүл байж, өдөр бүр аз жаргалыг мэдэрч чадна шүү дээ.


2015 оны аравдугаар сар

Нагао Казүхиро