Төв Азийн том тоглогч, “битүү морь”-той бодлогын хэмжээнд тохироогоо хийчихлээ
-Түүхийн өсийг бус ирээдүйд хамт хөгжиж хаана хүрэхээ л ярьсан нь Шинэ Узбекээс олсон “үнэт олдвор” байлаа-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар тус улсад анх удаа төрийн айлчлал хийгээд ирлээ.
Юуны өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалыг шинэ шатанд гаргаж, бусад улсад айлчлахаас илүү дэлхийн улс орнуудын удирдагчдыг Монголд авчрах, бодит нөхцөл байдлаа үзүүлээд ажлаа ярих арга барилаар ажиллаад байгааг та бүхэн анзаарсан байх. Саяхан болтол бид гадаадад айлчилна гэхээр гадны орнуудаас гуйх гэж байна гэх ойлголт нэгэнт тогтсон байсан нь үнэн. Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Гадаад харилцаа” гэдэг ойлголтыг “Харилцан ашигтай хамтын ажиллагаа” болохыг шинээр харуулж байна.
Узбекийн Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, төрийн айлчлал хийх болсоны тухайд нөхцөл байдлаа сайн мэдэрснийх гэж хэлэхээр байв.
Өнөөдрийн байдлаар Төв Азийн улс орнууд эрчимтэй хөгжиж, түүний дотор Узбекстан улс бусад таван “стан” дотроо яваандаа хүчирхэг болох бүх бэлтгэлээ хангаж хөгжиж байна. Эдийн засаг, хүн амын тоо, дэд бүтэц, үндэсний ялгарал зэргээрээ Төв Азийн бүс нутагт томоохон тоглогч болох нь ойлгомжтой. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бодлогоор энэ улсад Төрийн айлчлал хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Узбекстанд ийнхүү онцгой ач холбогдол өгч Төрийн айлчлал хийснээрээ эдийн засгийн ач холбогдолтой, улс төрийн, геостратегийн болон зөөлөн хүчний бодлого гэж бидний ярьдаг соёл урлагийн талаасаа ач холбогдолтой чухал үйл явдлуудыг багтааж Монгол Улсаа илэрхийллээ.
Жишээ нь хоёр улсын Төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан Монгол Улсын Филармонийн “Морин хуур” найрал хөгжим, БНУзбекистан улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим хамтран тоглолоо. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нээж тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон монгол, узбек иргэд гэхчлэн нийт 2000 орчим хүн үзэж сонирхсон шилдэг 21 бүтээл манай хоёр орныг ямар түүхийг туулсан, ямар уламжлалаар ижилсдэг, ямар өвийг эзэмшдэг талаар маш том мессеж өгч мэдрэхүй бүхнийг баясгасан ховор нандин тоглолт, соёлын томоохон экспортын бүтээгдэхүүн боллоо.
Одоо улс төрийн талаас нь ямар бодлого байсан бол гэдэг талаас харахыг хичээе. Узбекстан улс тун онцлогтой сонирхолтой үедээ байгааг англи хэл түлхүү хэрэглэх хүсэл, хэрэглээндээ баруунжсан, өндөр үнэ, чанарыг нэвтрүүлж, ардчиллыг эрэлхийлсэн шинэлэг, бас хүчирхэг ч гэмээр бодлого баримтлах болсон нь хүүхэд залуусынх нь хандлагаас шууд харагдаж байна лээ. Төрийн тэргүүн нь, төр нь өөрөө ийм бодлого баримтлахаар ард иргэд нь зориг ордог, тэмүүлэл нь хүчирхэгжиж хандлага өөрчлөгддөг байдал таатай санагдсан.
Төр, улс төрийн талаасаа гэвэл Узбек, Казак, Киргиз, Тажик, Туркмен таван “стан” улсын улс төрийн динамик нь их сонин. Хоорондоо бүгдээрээ бие биедээ дургүй. Гэхдээ бүгдээрээ Оросын бүрэлдэхүүн хэсэг байсан. Одоогоор эдийн засгаараа хамгийн хүчтэй нь Казахстан. Дотроо нэлээд хүндрэлтэй, нийт ард иргэдийнх нь 60-аас дээш орос гаралтай хүмүүс, нэг үндэстэн гэж хэлэхэд хэцүү. Түүхэн талаасаа Казахстан улс тусгаар тогтнолоо зарлаад 30-хан жил болж байна. Казах гэдэг үг 15 дугаар зууны үеэс өмнө хаана ч мэддэггүй байсан, узбекууд нь үүнийг мэддэг. Узбекистан тэндээ “том ах” нь гэчихвэл маргах нь юу л бол. Тэсгнээ Тажикстан, Киргиз хоорондоо дургүй. Саяхан хүртэл хоорондоо дайн хийсэн, усны маргаантай, хилийн маргаантай. Туркменистан өөрийгөө хаасан, хаалттай улс. Өндөр хөгжиж байгаа, зөвхөн ОХУ-тай бизнесээ хийгээд нефтээ зараад өөрсдийгөө болгоод байдаг, одоохондоо нээгдээгүй ч дотооддоо дэд бүтцээ айхавтар хөгжүүлээд, хэзээ томрохоо хүлээж буй энэ улс сонирхолтой бөгөөд сөрөг сэтгэгдэл төрүүлдэг сэжмүүд ч олонтой. Тэр талаар ирэх намар очиж үзэж байгаад бичнэ ээ.
Ерөнхийдөө бүгдээрээ л манайхтай адилхан далайд гарцгүй орнууд. Гэхдээ тэд ШХАБ-ын гишүүн орнууд. Хоорондоо улс төрийн маргаантай, бослого сөргөлдөөн гараад ирэхээр Казахстан нь мөнгөөр зодож тэтгэлэг, зээл өгч дарж байдаг. Дийлдэхээ болихоор нь Оросууд орж ирж зодож өгдөг сонин динамиктай.
Бас нэг сонин нь Төв Азийн энэ орнууд яаж ийгээд Оросын нөлөөнөөс гарах, орос хэлээр ярихаа багасгахыг хичээж, үндэсний бахархал, үндэсний ондоошил гэдэг юмаа одоо л бодож ярьж хийж эхэлж байна. Киргизийн үндэсний музейг Чингис хааны музейтэй харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай. Манайх үнэхээр баялаг түүхтэй. Гэхдээ сайхан мэдээ дуулгахад манай Чингис хаан үндэсний музей нь Узбекистаны Төмөр хааны музей болон Түүхийн музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулж Төв Ази дахь Монголын түүхийн дурсгалтай холбоотой дурсгалуудыг хамтарч хэвлэн нийтлэх, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, ирэх жилийн 8-р сард Төв Азийн орнуудын музейн нэгдсэн форумыг Монголд зохион байгуулахаар болсон. Мөн ирэх сарын эхээр Луврын музей Чингис хааны музейд үзмэрээ дэлгэж хамтарсан үзэсгэлэн гаргана. Гоё байгаа биз?
Түүхийн өсийг бус ирээдүйд хамт хөгжиж хаана хүрэхээ л ярьсан нь Шинэ Узбекээс олсон “үнэт олдвор” байлаа
Узбекистанд айлчилж буй өндөр ач холбогдол нь юу вэ гэхээр Төв Азийн энэ таван орноос Монголчуудад хамгийн элэгтэй нь Киргиз, Узбек. Манайхыг хүндэлдэг, түүх соёлоороо ойролцоо, танайх манайхыг түйвээж дээрэлхдэг байсан гэдэггүй, нэг ёсондоо өсөрхөг биш нөхөрсөг харилцаатай үлдэж чадсан. Энэ үнэхээр хайрлам чанар, түүх. Тэгэхэд Казахстан “Чингис хаан казах хүн байсан” гээд онигоо болсон. Зүч хааныг жинхэнэ казах хүн байсан ЮНЕСКО-д бүртгүүлнэ гээд явж байгаа гэх мэт адал сонин явдлууд ихтэй. Ямар ч байсан Чингис хааны түүх бол Монголын түүх. Үндэсний аюулгүй байдал талаасаа ч, гадаад бодлогоороо ч үүнийг чанд хатуугаар дэлхий дахинаа тунхаглах болно.
Узбекистанд манай улсын олон шилдэг сэхээтнүүд боловсрол эзэмшсэн байдаг. Ерээд оны шилжилтийн үед Ташкентад мэдлэг боловсрол эзэмшсэн олон прокурорууд, хуульчид одоо ч ид ажиллаж байна. Түүхийн хувьд энэ удаагийн төрийн айлчлалын үеэр эртний соёл иргэншлийн голомт Хоризмын хаант улсын нэг томоохон төв Үргенч, Хива мужид хүрэлцэн ирлээ. Ази, Европын торгоны замыг холбосон энэ түүхэн хот дорно дахин, өрнөдийн худалдааны гол гүүр болж байж. Эзэн Чингис хааны Дундад Азид хийсэн аян дайны томоохон тулалдаануудтай холбоотой Үргенч, Хива хотын түүх сонин байлаа. Түүхэн талаасаа манай монголчууд энэ газар нутгийг илүү сайн мэднэ. Ямартай ч 1994 онд Узбекистан улс тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байхад Францын Ерөнхийлөгч Франсуа Митеран тус улсад албан ёсны айлчлал хийж Хива хотод зочлохдоо “Хива хотыг үзээгүй Франц хүн байх боломжгүй” хэмээснээр Парис-Ташкент хоорондын шууд нислэг үйлдэх болсон гэдэг юм билээ. Манайх ч гэсэн сая шууд нислэг үйлдэхээр болсон. Лав л Самарканд хотод жилд хоёр саяас дээш тооны жуулчид тогтмол ирж сонирхдог хоёр том бунхан байдгийн нэг нь Доголон Төмөр хааны, нөгөөх нь түүний монгол хатны бунхан юм. Монгол хатны бунхан. Маш олон хатантай байсан ч монгол хатандаа бунхан барьж өгсөн гээд бодохоор бахархалтай санагдсан.
Узбекчууд хэзээ ч түүхийг гуйвуулж өөрсдөдөө таалагдахаар зохиодоггүй. Үүний илрэл болгож тус улсын Ерөнхийлөгч манай Ерөнхийлөгчийг Төрийн айлчлалынхаа хүрээнд Монголын эзэнт гүрний түүхээс огтхон ч салгаж болшгүй түүхтэй Хива Үргенч хотод очиж заавал үзээч, бидний түүхийн чухал газар гэж хүссэн юм билээ.
Шинэ Ерөнхийлөгч, Шинэ бодлого, “Төрийн эрхэмсэг оршихуй”
Ямартай ч тусгаар тогтнолоо 32-хон жилийн өмнө зарлаад, дипломат харилцаа тогтоосноос хойш “унтаж” байсан харилцаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үед сэргээлээ гээд узбекчууд тун ч хүндэтгэлтэй, талархалтай хүлээж авлаа. Нэг гараанаас эхэлсэн, “социализмаас хагацаж чөлөөт зах зээлд шилжих” зовлон маань ижил ч бидний замнал өөр. Энэ 32 жилд царцсан харилцаа 2022 оны 9 дүгээр сард Самаркандад болсон ШХАБ-ын хурлын үеэр Узбекийн шинэ Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж харилцаагаа сэргээх тохиролцоонд хүрсэн. Өмнөх ерөнхийлөгч нь одоогийн Ерөнхийлөгч Мирзиёевт халаагаа өгөх хүртэлх 16 жилийн турш Узбекистан дэлхий дахинд улс төрийн бодлогын хувьд хаалттай байсан. Энэ нь тэрбээр хувь хүнийхээ хувьд диктатор маягийн, НҮБ-ын хуралд ч суудаггүй, идэвхтэй гадаад бодлогын үйл ажиллагаа явуулдаггүй хаалттай нөхөр байсантай холбоотой гэлцдэг юм байна.
Одоогийн Ерөнхийлөгч бол нээлттэй эдийн засгийн бодлого, нээлттэй гадаад бодлого, эрчимтэй гадаад бодлогын үйл ажиллагаа явуулсны дүнд асар хурднаар, эрчимтэй хөгжиж эхэлж байна. Тус улсын Уул уурхайн салбарын сайд нь Цахим хөгжлийн сайдтай айлчлалын өмнө хамт ирээд маш олон уулзалт хийгээд явсан. Ерөнхийлөгч нь өөрөө энэ айлчлалд маш өндөр ач холбогдол өгснийг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Ерөнхийлөгч бэлтгэл хангалтгүй байна гэж чамлаад яаралтай зарлиг гаргаж нэг өдрийн дотор тусгай онгоц гаргаад 15 албаны хүнээ, 15 бизнесийн хүнээ Монгол руу явуулж бэлтгэл хангуулсан нь онцгой анхаарал тавьсных болов уу. Ингэснээр ХАА, Эрүүл мэнд, уул уурхай, цахим хөгжлийн салбаруудтай хамтын ажиллагааны шийдлүүдийг тохирсон нь сая бүгд албан ёсны яриа хэлцэл болж баталгаажлаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийнхөө урилгаар ирж буй У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг тус улсын Ерөнхий сайд нь онгоцны буудал дээр угтаж авсан нь, мөн угтах, үдэх ёслолоор үзүүлсэн хүндэтгэлүүд нь үнэхээр Монголын Ерөнхийлөгчийн анхны төрийн айлчлалд хэрхэн анхаарсныг төрийн хүндэтгэлийн хэлэмжээр харуулж байв. Узбекистан улс төрийн ёслол, “Төрийн эрхэмсэг оршихуй”-даа ямар их ач холбогдол өгдөг юм бэ. Аргагүй дээ, 37 сая иргэнийхээ нэр хүндийн өмнөөс төр нь гадаад орноос зочин угтаж байгаагаа гүнээ ухамсарлаж, ард түмнээрээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Бид ч гэсэн гаднаас зочин урихдаа энэ хандлагыг эрхэмлэвэл харилцаанд, улсын нэр хүндэд маш чухал ач холбогдолтой.
Бодлогын хувьд бид “стан”-уудтайгаа ойрхон байх ёстой. Төв Азийн нөхдийг олон улс өөрөө сонирхоод, Хятад хүртэл хүчтэй улс учраас зардлыг нь даагаад “манайд уулзчихъя” гэдэг болсон. Төв Азиуд сонирхоод эхэлсэн төдийгүй тусгайлан “Төв Азийн бодлого” гэгчийг гаргаж ирчихээд байхад бид хоцрох ёсгүй. Харин ч Узбекистаныг “хүчтэнүүдэд нэгтгэгдэж блоклогдохоос” нь өмнө “онцгой” харилцаа тогтоочихсон тохирчихсон байх учиртай. Тиймээс ч тэнд манай хэдэн иргэн байгаагаас үл шалтгаалан ЭСЯ-аа байгуулаад авлаа. Тийм ч учраас гурван жилийн өмнөөс Монгол Улс тэдэнтэйгээ ойртоод байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 26 жил ямар ч харилцаагүй болчихсон байсан Казахстанд айлчилсан. Самаркандад манай Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтаас гадна ганцхан дээд түвшний уулзалт хийсэн нь манай ГХ-ны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлал хийсэн. Тиймээс ч энэ удаагийн төрийн айлчлалын үеэр ГХ-ны сайд Б.Батцэцэг хоёр жилийн минь ажлын үр дүн гарлаа гэдгийг онцлон хэлж байсан. Венийн конвенцийн заалтад бичигдээгүй дүрэм ёсоор нэг нь ЭСЯ нээсэн бол нөгөөх нь нээх ёстой. Тэгж байж харилцааны түвшин тэгширч тэнцдэг. Бид “ах орон” учраас манайх түрүүлж нээсэн. ЭСЯ анх удаа байгуулагдаж, анхны Элчин сайдаар Д.Батбаатар томилогдсон.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг угтаж хэлсэн үгэндээ “түүхэн айлчлал” гэж давтан хэлээд байсны учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хийгдэж байгаа анхны төрийн айлчлал. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед хийж байсан айлчлалууд бол дамжин өнгөрч, түр саатсан, ШХАБ-ын болон бусад өөр хурлын үеэр Узбекистаны тухайн үеийн Ерөнхийлөгчтэй уулзаж байсан болохоос улсыг нь улс гэж хүлээн зөвшөөрөөд төрийн айлчлалын түвшинд очиж байгаа нь түүхэндээ анх удаагийнх юм. Алтан үсгээр бичигдэх түүх яах аргагүй мөн. Айлчлалын үеэр арав гаруй баримт бичигт гарын үсэг зурсандаа ч биш, түүх соёлоо сануулж, тунхаглаж, хамтдаа хөгжих замаа засаж 37 сая хүн амтай зах зээлд 3.7 сая хүнтэй Монгол Улс чухал гүүр болно шүү гэдгээ харуулж хөрөнгө оруулагчдаа хөтлөн очиж “десант” буулгаад ирлээ. Үнэхээр түүхэн айлчлал болж чадлаа. Хамгийн гол нь Монголын томоохон ААН-үүд, группуудын удирдлагууд өөрсдийн биеэр Төрийн тэргүүнийхээ “гэрэгэ”-тэйгээр хөрөнгө оруулах боломжоо онцлон зарлачихаад ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 50 орчим ААН-ээ дагуулан Узбекистанд “десант” буулгаад ирлээ
Энэ үеэр “М-Си-Эс групп”-ийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал: Бидний хувьд мэдээж манайхаас арав дахин том Узбекистаны зах зээлд хөрөнгө оруулалт хийх маш их сонирхол байна. Түүнээс гадна Монголын компаниудын хөрөнгө оруулалт хийхээс гадна шаардлагатай тохиолдолд бидний урт хугацааны итгэлцэж хамтарсан түншүүд Азийн хөрөнгө оруулагчид биднээс байнга асуудаг. Та нар хэрэв Узбекистан руу хөрөнгө оруулалт хийвэл хамтарч хөрөнгө оруулж болно шүү гэдэг. Учир нь Хонконг, Сингапурын хөрөнгө оруулагчдын маань хувьд Узбекистан улс газар нутгийн хувьд хол санагддаг. Нөгөөтэйгүүр монголчууд та нар түүх соёл, зан заншлаараа маш ойр төдийгүй орос хэлээр ярьдаг зэрэг давуу талтай учраас хамтарч хөрөнгө оруулалт хиймээр байна гэдэг хүсэлт илэрхийлдэг. Манай компанийн хувьд Узбекистаны өсөж яваа зах зээлтэй сайн ойлгох үүднээс эхний ээлжинд цахим худалдааны чиглэлээр компаниа нээгээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Мөн дижитал банк болон санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх, гуравдагч зах зээлийн Азийн хөрөнгө оруулагчид ч энэ чиглэлээр хамтарч хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж судалгааны ажлаа эхлээд явж байна. Түүнчлэн бид дотооддоо олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуйн өндөр зэрэглэлийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Үүнийгээ Узбекистаны зах зээлд гаргахыг эрмэлзэж байна. Мэдээж манайх 3 сая хүн амтай улсын зах зээл Узбекистаны хөрөнгө оруулагчдад том биш санагдаж магадгүй. Гэхдээ та бүхэн манай Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн ялангуяа урд хөрш БНХАУ-тай хамтарч ажилласан олон жилийн арвин туршлага бий гэдгийг бодолцоорой. Тиймээс бид Узбекистанд газар зүйн байрлалаар илүү ойрхон учраас текстайл, хөдөө аж ахуй, хүнсний асар их үйлдвэрлэлүүдийг бид хамтдаа хийж Хятадын зах зээл рүү гарах боломж байгаа гэж бодож байна” гэсэн юм.
Түүнчлэн “Таван богд групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Хулан энэ үеэр 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Узбекистанд салбараа нээснээ зарлаж, яаралтай нээе, цаг хугацаа хүлээхгүй гэдэг дээр Узбекистаны Ерөнхийлөгчтэй санал нийлээд зогсохгүй “Бизнесмэнүүд хэлсэн бол үнэн хэлж байгаа” гэдэг хариулт үгээ “брэнд” болгож, тус улсын Ерөнхийлөгчийг “Монголын Нура эмнэлэгт очиж шинжилгээ, оношлогоо хийлгэнэ ээ” гэж амлатал нь сэтгэлийг нь хөдөлгөж чадсан “Таванбогд групп”-ийн ТУЗ-ийн дарга Д.Хулан, шууд газар дээр нь 30 сая ам.долларын эхний хөрөнгө оруулалт хийхээ зарлаад ирсэн “Монгол базальт”, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг оролцсон бүх ААН-үүддээ баяр хүргэж амжилт хүсье.