ХӨСРИЙ НЭРТИЙН ТҮҮХ
Хөсрий нэртийн түүх юуг өгүүлнэ вэ? Монголын утга зохиолын тойм түүх, олон шатны сурах бичигт 17-р зууны үеийн “Асрагч нэртийн түүх” хэмээх нэг зохиолын тухай мэдээ сурвалжууд тааралддаг. Гэтэл “Асрагч” гэдэг нь “Жамба” гэсэн Төвд нэрийн монгол орчуулга бөгөөд тэр номыг зохиогч нь Жамба ноён гэх нэгэн язгууртан байсныг түүх сурвалжид тэмдэглэжээ. Эртний утга зохиолын тэрхүү нэг уламжлалаас санаа аваад би энэ номыг “Хөсрий нэртийн түүх” хэмээн нэр өглөө.
Хөсрий нэртийн түүх юуг өгүүлнэ вэ?
Монголын утга зохиолын тойм түүх, олон шатны сурах бичигт 17-р зууны үеийн “Асрагч нэртийн түүх” хэмээх нэг зохиолын тухай мэдээ сурвалжууд тааралддаг. Гэтэл “Асрагч” гэдэг нь “Жамба” гэсэн Төвд нэрийн монгол орчуулга бөгөөд тэр номыг зохиогч нь Жамба ноён гэх нэгэн язгууртан байсныг түүх сурвалжид тэмдэглэжээ. Эртний утга зохиолын тэрхүү нэг уламжлалаас санаа аваад би энэ номыг “Хөсрий нэртийн түүх” хэмээн нэр өглөө.
Тал нутгийн малчин бүсгүй Лувсангийн Хөсрийн туулсан зам, амьдрал түүх нь хэдийгээр надтай нэг нутгийнх боловч биднийхтэй огт адилгүй өвөрмөц ялгаатай нь юуны өмнө анхаарал татна.
Хорьдугаар зууны Монголын түүхийн их хөсөг манай говь тал нутаг дундуур өргөн, нарийн түмэн замд тавхай шидлэн явж өнгөрчээ. Тэрхүү их жингийн сүүлчийн тэмээний хүзүүнээс уясан хонхон дуу хойч үеийнхний чих сонорт өнөө хүртэл уянгалан сонсогдсоор байнам.
1930 аад онд Монголын говь хязгаар нутагт хүчтэй өрнөсөн бослого хөдөлгөөн, үймээн самууны уршгаар говийн малчин өрх айлууд Өвөрлөгчийн нутаг руу дайжин гарсан нь манай түүхийн ээдрээтэй нэгэн үйл явдал болж хүмүүсийн сэтгэлд үлдсэнийг нуух аргагүй.
Гартаа бидний дэлгэн барьж байгаа энэ номыг бүтээгч Лувсангийн Хөсрий тийм цаг үед хил даван нүүж гарсан говийн малчин айлын охин нь болж хилийн чанадад эхээс төрсөн байх юм. Хүний нутагт хээрийн бутны нөмөрт тавиастай үлдсэнээс эхлээд айлд өргөгдөж Хөсрий нэртэй болсон, хөлд орон үеийн хүүхдүүдтэй эрхэлж өссөн, хонь хурга хариулж гүйсэн, эх нутагтаа буцаж ирж сургуульд орсон, их амьдралын замд хөл тавьсан, нам эвлэлийн байгууллагад ажил алба эрхэлсэн, олон нийтийн дунд орж хүмүүстэй танилцсан зэрэг олон сонирхолтой үйл явдал хөдөөгийн жирийн бүсгүйн намтар түүхийг бүрэлдүүлж байна.
Сургууль соёлоор явсан мэргэжлийн бичээч, сэтгүүлч биш хэр нь говийн хүүхэн Хөсрий амьдралыг шүүрдэж тунгаан нарийн харж ажиглаж сурсан, аливаа хууч яриа үйл явдлыг тогтоож, эргэцүүлэн бодож дүгнэж чаддаг өөрийн гэсэн үзэл бодол, үнэлгээ дүгнэлттэй, ой санамж сайтай нэгэн болох нь энэ номын бичлэгээс харагдахаар байна.
Миний санаж байгаагаар барууны алдарт эмэгтэй Маргарет Тэтчэр “Аливаа хүний намтар өөрийн гараар бичигдэхээрээ илүү үнэн бөгөөд үнэ цэнэтэй” гэж хэлсэн байдаг. Тийм учир энэ номын үнэн бөгөөд сонин баримтууд нь 1930, 1940-өөд оны Монголын нийгмийн байдал, төрх төлөвийг эргэж харахад мэдэгдэхүйц тус дөхөм үзүүлэх буй заа.
Монгол Улсын Төрийн шагналт зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн ДОЛГОРЫН НЯМАА
НОМЫН ХЭСГЭЭС ӨГҮҮЛРҮҮН:
Бид хоёр
Манайх Өлзийт суманд ирж суурьшаад удаагүй байхад манай сумын хоршооны нягтлан бодогчоор Ё.Намхай гэж нарийхан монхор цагаан залуу томилогдож ирсэн байв. 1956 оны зун би сумын хоршоонд ноосоо тушаачхаад нэгдсэн шуудайнд чихэж зогстол Намхай сумын зарлага Буд гэдэг хүүтэй хамт ирж, надад ноос чихэлцэж өгч анх танилцаж билээ. Тэр үед ноос тушаасан хүн 100 килограммын нэгдсэн шуудайнд тушаасан ноосоо чихэж хийгээд олсоор амыг нь шидэж орхидог байсан юм. Нягтлан залуу надад туслаад явахдаа нэг жижиг зурвас бичиж үлдээснийг үзвэл “Миний найз Буд нөгөө нүүдэлчний Хөсрий чинь ирээд ноосоо өгч байна, очиж уулз гэхээр нь бид хоёр хамт ирлээ. Чамтай танилцмаар байна, эвлэлийн хуралд ирэхээр чинь тухтай уулзъя. Намхай” гэсэн байв. Ингэж би ирээдүйн ханьтайгаа анх танилцаж байлаа.
Намхай хорин хоёртой нягтлан бодохын нэг жилийн курс төгсгөж аймагтаа буцаж ирээд, Худалдаа удирдах газрын дарга Тогоо гэдэг хүн дээр ороход “Өлзийт суманд Худалдаа бэлтгэлийн ангийн нягтлан бодогчоор томилсон, тийшээ яв” гэжээ. Манай хүн “Өндөр настай аав ээжтэй, өөр сум руу явж чадахгүй. Говь-Угтаал сум юм уу эсвэл аймгийн төвд сууна” гэж зөрж. Тэгтэл дарга “Томилсон газар явдаггүй яасан том толгойтой хүн бэ, чи. Чамайг заасан газар руу явахгүй бол шүүхэд өгнө!” гэж загнаж гэнэ. Намхай “Би явахгүй” гэж хэлээд гарч. Тэгээд хотод ирж яамны боловсон хүчин дээр орж учраа хэлэхэд “Боловсон хүчнээ хаана хуваарилахыг орон нутаг өөрөө мэднэ” гээд халгаасангүй. Тэгэхээр нь Намын төв хорооны боловсон хүчин дээр оржээ. Их сайхан зантай, эелдэг хүн байна гэнэ. Учир явдлаа ярьсанд анхааралтай сонссоны дараа:
“Чи залуу хүн байна, явж газар үзэж, хүнтэй танилцаж, ажил сурах хэрэгтэй. Говь нутаг сайхан шүү дээ, очоод ажиллаад үзэхгүй юу. Хэсэг ажилласны дараа шилжих бодол чинь хэвээр байвал хүсэлтээ тавьж болно. Бүр болохгүй бол над дээр ирээрэй” гэжээ. Ухаалаг, сэтгэлд дулаан тэр хүний үгэнд ихэд урамшиж, юутай ч Өлзийт суманд очиж ажиллая гэж шийдсэн гэдэг.
Тэгээд хотоор тэнэж хориод хоночхоод аймагт очмогцоо шууд шүүхийн дарга дээр ороод “Тогоо дарга намайг шүүхэд өгнө гэсэн, өгсөн байх гэж бодоод ирлээ” гэсэнд шүүхийн дарга инээж, “Манайд тийм юм ирээгүй, одоохон Тогоо даргатайгаа очиж уулз” гээд явуулжээ. Тогоо дарга дээр ортол дарга нэлээд зөөлөрчихсөн “Чи чинь яадаг хүүхэд вэ. Өлзийт сумаас, гэрээс чинь сураглаад, сураггүй болчихоор чинь айлаа шүү. Одоо тэгээд яадаг шүү юм билээ дээ” гэхэд нь Намхай “Би томилсон газар чинь очъё оо” гэжээ. Ингэж Өлзийт суманд томилогдон очоод байсан нь тэр байж.
Намайг арван есхөн настай жаахан бор охин байхад бид хоёр анх танилцсанаас хойш байнга холбоо харилцаатай байдаг байсан ч, нам эвлэлийн албан томилолтоор өөр өөр газар ажиллах, өөр өөрсдийн замаар сургууль соёлд суралцаж боловсрол мэргэжил эзэмшихээс эхлээд амьдралын янз бүрийн шалтгааны улмаас удаан хугацаанд тусдаа амьдарцгаасан юм. Хэдий тийм боловч бидний харилцаа олон сэжмээр холбогдож, он цагийн шалгуурыг давсан сэтгэлийн нандин холбоо бий болсноор бат бөх, өнөр өтгөн гэр бүлийн үндэс суурь болж, анх танилцсанаасаа хойш 15 жилийн дараа нэг гэртээ орж төвхнөсөн юм даа бид хоёр.